Устөрөгчийн эрин: Эрчим хүчээр үл шавхагдах ирээдүй

Б.ТӨГСБИЛИГ

Одоогоос 10 орчим жилийн дараанаас устөрөгчийн эрэлт эрс нэмэгдэж, 2050 он гэхэд дэлхийн эрчим хүчний нийт хэрэглээний 12 хувийг устөрөгч бүрдүүлнэ гэсэн тооцоог Олон улсын эрчим хүчний агентлаг (ОУЭХА) гаргаад байна. Түүнчлэн сэргээгдэх эх үүсвэрээс устөрөгч гарган авах зардал 2030 он гэхэд 30 хувь хүртэл буурч, хатуулаг түлштэй өрсөлдөхүйц хэмжээнд хүрнэ гэж үзэж байгаа юм. Химийн үелэх системийн хамгийн эхэнд орших, хамгийн хөнгөн бөгөөд шатамхай элемент болох устөрөгч нь дэлхий хийгээд сансарт хамгийн элбэг оршдог бодис. Хорвоод хамгийн баялаг буй энэ элементийг эрчим хүчний эх үүсвэр болгон ашиглах боломж өдгөө бий болж, эрчим хүчний зах зээл нь нүүрс, газрын тос зэрэг байгальд халтай, хязгаарлагдмал эх үүсвэрээс зайлсхийж, устөрөгчийг сэргээгдэх эрчим хүчтэй хослуулан ашиглах боломжийг эрэлхийлж байна.

Монгол Улс ч гэсэн 2021 оны арванхоёр дугаар сарын 30-нд УИХ-аас баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын эрчим хүчний салбарын шинэчлэлийн хүрээнд устөрөгчийн эрчим хүчний эх үүсвэр барьж байгуулах төрийн бодлогыг цаг алдалгүй тодорхойлно гэчихээд байгаа.

Тэгвэл энэхүү устөрөгч бидний ирээдүйг хэрхэн өөрчлөх вэ? БНХАУ 2060 он гэхэд нүүрстөрөгч ялгаруулдаггүй улс болохоор зорилт тавьж, цэнэг хураагуур, устөрөгчийн судалгаанд ихээхэн мөнгө төсөвлөөд байна. Өөрөөр хэлбэл эрчим хүч, металлургийн салбарт нүүрсийг орлуулах боломжийг судалж буй нь Монголын эдийн засагт томоохон байр суурьтай нүүрсний экспортын хэтийн төлөвт нөлөөгөө үзүүлэх нь дамжиггүй юм. Ямархуу нөлөөлөл үзүүлэхийг өнөө тодорхой хэлэхэд бэрх ч нүүрсийг устөрөгч болгох хувилбар байгааг бас анхаарахгүй өнгөрч болохгүй билээ. 
УСТӨРӨГЧИЙН “ӨНГӨ”

Устөрөгчийг гарган авч буй арга барилаас хамаарч үйлдвэрлэлийн зардал нь эрс тэс ялгаатай байдаг байна. Өнгө, үнэргүй энэхүү элементийг одоогоор гарган авч буй эх үүсвэрээр нь ялгаж, дөрвөн “өнгө”-өөр нэрлээд буй. Одоогийн үйлдвэрлэлийн дундаж зардлыг харвал:
Сэргээгдэх эрчим хүчнээс гарган авах устөрөгчийн үйлдвэрлэлийн зардал 2060 он гэхэд хоёр дахин буурна гэж Олон улсын эрчим хүчний агентлаг тооцоолж байна. Үүний гол шалтгаан нь үйлдвэрлэлд ашиглах электролизын үнэ одоогоор өндөр байгаа ч өртгийг нь бууруулах судалгаа эрчимтэй явагдаж байгаа юм. Харин нүүрс, байгалийн хийн хувьд зардал нь одоогийн түвшиндээ тогтвортой хэвээр байна гэж үзэж байна. Устөрөгчийн эрэлтийг бий болгож, үйлдвэрлэлийг нэмэхэд Засгийн газруудын бодлого, хууль эрх зүйн дэмжлэг хэрэгтэйг ОУЭХА 2021 оны устөрөгчийн ерөнхий тайландаа зөвлөжээ.

ЭРХ ЗҮЙН ОРЧИН

2020 оны байдлаар ОХУ, ЕХ, Канад, Чили, Франц, Герман, Нидерланд, Норвеги, Португали, Испани зэрэг 10 улсын Засгийн газар устөрөгчийн стратегийг батлаад байсан юм. Өнгөрсөн оны есүгээр сард Чех, Колумб, Унгар, Их Британи улс устөрөгчийн стратегийг баталж, эрх зүйн орчныг бий болгохоор идэвхтэй ажиллаж эхлээд байна.

Монгол Улсын хувьд “Шинэ сэргэлтийн бодлого”-д ногоон устөрөгч үйлдвэрлэх технологийн шийдлийг судалж, байгальд ээлтэй, шинжлэх ухаан, дэвшилтэт технологид суурилсан эрчим хүчний төслүүд хэрэгжүүлэхээр тусгасныг дээр дурдсан билээ. Нэг ёсондоо Засгийн газраас энэ чиглэлд эхний алхмаа эхлүүлээд байна. Мөн сүүлийн жилүүдэд устөрөгчийн судалгаа шинжилгээ үйлдвэрлэлээр тэргүүлэх байр суурьтай байгаа Япон улсын Ерөнхий сайд манайд устөрөгчийн үйлдвэр санал болгосон мэдээ байгаа.

Устөрөгчийн бодлогыг дараах хэрэгцээ шаардлагад суурилан гаргах хэрэгтэй гэж ОУЭХА зөвлөжээ:

- Эрчим хүчний тогтолцоонд устөрөгчийн хэрэглээг тодорхойлох стратеги, замын зураглалыг боловсруулах.
- Хатуу түлшийн хэрэглээг нүүрстөрөгч бага ялгаруулдаг эх үүсвэрээс гарган авсан устөрөгчөөр орлуулахад идэвхтэй дэмжлэг үзүүлэх.
- Үйлдвэрлэлийн холбогдох барилга байгууламж, технологи, дэд бүтцэд хөрөнгө зарцуулах.
- Шаардлагатай технологийг хурдан хугацаанд худалдаанд гаргахын тулд инновацийг эрчтэй дэмжих.
- Гэрчилгээ, зөвшөөрөл олголт, стандартчилал, зохицуулалтын зохих журам бий болгох.
- Урт хугацаандаа эрэлтийг дагасан хөрөнгө оруулалт бий болох ч тэрхүү эрэлтийг бий болгохын тулд хөрөнгө оруулалт татах олон төрлийн аргыг бодлого тодорхойлогчид хөшүүрэгдэх шаардлагатай болно.
- Түүнчлэн устөрөгчийн шинэхэн технологийг ашиглах, ажиллуулах, хэрэглээнд нэвтрүүлэх чадварлаг ажиллах хүчнийг эртнээс бэлдэх хэрэгтэйг ОУЭХА тайландаа онцолсон байна.
ЭДИЙН ЗАСГИЙН ҮР АШИГ

Устөрөгчийн хэрэглээг мэдэхгүйгээр үйлдвэрлэлийн зардлыг бусад түүхий эдтэй шууд харьцуулаад нэмэргүй. Тухайлбал нүүрсийг шатаахад 8 кВт/ц эрчим хүч ялгардаг. Харин устөрөгчийнх үүнээс 4.1 дахин их буюу 33.33 кВт/ц. Харин хэрэглээг нь задалж харуулбал:
Үйлдвэрлэлийн зардлын хувьд эрчим хүчний бусад эх үүсвэртэй харьцуулахад устөрөгч одоогоор хэд дахин үнэтэй байгаа. АНУ-д гэхэд нэг кг нүүрс олборлох зардал дунджаар 0.036 ам.доллар буюу 1 кг устөрөгчтэй ижил хэмжээний эрчим хүч гарган авахад 0.13 ам.доллар зарцуулж байгаа бол хамгийн хямд саарал устөрөгчийнх 0.5 ам.доллар буюу дөрөв дахин их байгаа юм. Монгол Улсын хувьд ажиллах хүчний өртөг, татвар бага зэргээс нүүрс олборлолтын зардал бүр ч бага байдаг. Тухайлбал “Mongolia Mining Corporation”-ийн 2021 оны гуравдугаар улирлын санхүүгийн тайланд олборлолтын зардал нь 0.016 ам.доллар/кг, “SouthGobi Resource”-ийнх ижил хугацаанд 0.021 ам.доллар/кг гарчээ.

Устөрөгчийн үйлдвэрлэлийн зардал одоогоор хэт өндөр байгаа ч 15 жилийн өмнөхтэй харьцуулахад 2 дахин буураад байгаа аж. Үүний голлох нэг шалтгаан нь устөрөгчийн технологид дэвшил гарч, дэд бүтэц нь нэгэнт тогтсон тул улам хямд болсоор байгаа явдал.

Тэр дундаа сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх зардал эрс буурч байгаа тул 2050 он гэхэд 1 кг ногоон устөрөгч үйлдвэрлэх зардал 1 ам.доллараас хямд болно гэж Bloomberg NEF тооцсон байна. Харин эсрэгээрээ уул уурхайн нөөц шавхагдах хэрээр зардал нь нэмэгдэх тул урт хугацаандаа устөрөгч нүүрснээс хямд болох боломжтой болж эхэлж байгаа юм.

Mайнинг Инсайт Сэтгүүл, гуравдугаар сар 2022