“Эрдэнэс Монгол” компанийн дүрмийг шинэчлэн баталжээ

Засгийн газрын (2023.03.29)хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталж, толгой компанийн дүрэмд нийцүүлэн нэгдлийн охин, хараат компани, харьяа хуулийн этгээдийн дүрэмд өөрчлөлт оруулахаар болсон байна.


Монгол Улсын Засгийн газраас олон улсын уул уурхайн компаниудыг нэгдэл, группийн хэлбэрээр ажиллуулснаар илүү үр дүнтэй, амжилттай ажилладаг сайн туршлага, чиг хандлагыг нэвтрүүлэх зорилгоор “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нэгдлийн охин, хараат компани, харьяа хуулийн этгээдийг группийн зарчмаар ажиллуулахаар шийдвэрлэж, бүрэлдэхүүнд нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК, “Монголросцветмент” ТӨҮГ, “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК-г нэгтгэн өргөтгөөд буй.

Энэхүү олон улсын чиг хандлагыг хэлбэрийн төдий биш үйл ажиллагаандаа бодит агуулгаар нь хэрэгжүүлэхийн тулд олон улсын групп компанийн сайн засаглалын туршлагыг нэвтрүүлэх, Олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас гаргасан зарчмаас Монгол Улсын хууль эрх зүй, холбогдох дүрэм журамд нийцүүлэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрэмд өөрчлөлтүүдийг үе шаттайгаар оруулах шаардлагатай. Иймд Компанийн дүрэмд өөрчлөлт орсноор нэгдлийн компаниудын засаглалын тогтолцоонд олон улсын сайн туршлага нэвтэрч, нэгдсэн тогтолцоо, нэгдлийн үйл ажиллагааны уялдаа сайжирна гэж үзжээ.

Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба