Дэлхийд ашиглаагүй хамгийн том ордуудын нэг болох La Granja зэсийн төслийг хэрэгжүүлэх хамтарсан компани байгуулахаар Rio Tinto, First Quantum Minerals тохиролцоонд хүрснээ мэдээллээ. La Granja бол Перу улсын хойд хэсэгт Кахамарад уулын өндөрлөгт орших орд бөгөөд 0.51 хувийн дундаж зэсийн агуулгатай 4.32 тэрбум тонн хүдрийн нөөцтэй буюу ойролцоогоор 22 сая тонн зэсийн нөөцтэй, удаан хугацааны уурхай байх боломжтойг Rio Tinto мэдэгджээ.
First Quantum Minerals нь уг төслийн 55 хувийг 105 сая ам.доллароор худалдан авч, төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн болон үйл ажиллагааны зардлыг дангаар санхүүжүүлэх зорилгоор хамтарсан компанид 546 сая ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалт хийх үүрэг хүлээнэ. Энэхүү хэлэлцээр энэ оны гуравдугаар улиралд багтаж дуусах төлөвтэй байна.
Rio Tinto компани 2006 онд Перугийн Засгийн газрын зөвшөөрлөөр La Granja төслийг эзэмшсэнээс хойш эл ордын хүдрийн нөөцийг тогтоох өргөн цар хүрээтэй өрөмдлөгийн хөтөлбөр хэрэгжүүлжээ. Өнөөгийн байдлаар La Granja төсөл нь дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байна. Перу улсын хувьд дэлхийн зэсийн хоёр дахь том үйлдвэрлэгч орон.
Rio Tinto компанийн Зэсийн группын Гүйцэтгэх захирал Б.Болд "La Granja бол эрчим хүчний шилжилтэд шаардлагатай зэсийн чухал шинэ эх үүсвэр болох боломжтой, сэтгэл хөдөлгөм боловч сорилттой төсөл. Бид энэхүү төслийг хэрэгжүүлэх гэрээг First Quantum Minerals-тай байгуулж байгаадаа баяртай байна. Бид өөр өөрийн боломж болоод туршлага, мэдлэгээ нэгтгэж төслийг урагшлуулах болно. Мөн La Granja төслийн бүтээн байгуулалт нь Turquoise Hill Resources-ийг худалдан авч, Монголын Оюутолгойн далд уурхайн олборлолтыг эхлүүлсэн Rio Tinto компанийн зэсийн багцыг улам бэхжүүлнэ” хэмээн онцолжээ.
Харин First Quantum Minerals компанийн Гүйцэтгэх захирал Тристан Паскал "Бид хамтран зэсийн La Granja төслийг I зэрэглэлийн уурхай болгох боломжтой гэсэн Rio Tinto түншийнхээ үзэл бодолтой санал нэг байна. Төслийг дараагийн шатанд гаргахын тулд бид уурхайн дизайн, төсөл боловсруулах, олон нийтийн оролцоо зэрэгт First Quantum Minerals-ийн гол давуу талыг ашиглан хамтран ажиллах болсонд таатай байна" хэмээн байр сууриа илэрхийлэв.