Папуа Шинэ Гвиней дахь алтны Porgera төсөл сэргэх төлөвтэй байна. Учир нь уг төслийг дахин хэрэгжүүлэх шинэ гэрээг тус улсын Засгийн газар, орон нутгийн New Porgera болон Barrick Gold компаниуд байгуулжээ.
Porgera 680 тонн алтны нөөцтэй орд нь Папуа Шинэ Гвинейн хоёр дахь том уурхай бөгөөд дэлхийн алтны тэргүүлэх арван уурхайн нэгд тооцогддог.
Barrick Gold компанийн Гүйцэтгэх захирал Марк Бристоу "Энэ бол урт удаан хугацааны хүлээлт байсан ч бүх оролцогч талууд нэгдсэн тохиролцоонд хүрч чадлаа. Porgera уурхайг дахин нээх болсон нь Пакистан дахь зэс-алтны Reko Diq төсөл хэрэгжүүлж эхэлсэн манай компанийн хувьд том амжилт юм” гэжээ. Эхний ээлжинд ил уурхайн үйл ажиллагааг нээж жилд 19 тонн алт олборлохоор төлөвлөжээ.
2020 онд төслийг хамтран эзэмшигч Barrick Gold, Zijin Mining компаниуд Porgera уурхайн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдөл гаргахдаа ашгийн хувь хэмжээг Папуа Шинэ Гвинейн Засгийн газар, нутгийн иргэдтэй тохиролцож чадаагүйгээс төсөл зогсоход хүрсэн. Энэ нь маргаантай хэлэлцээр 2021 оны дөрөвдүгээр сард шийдвэрлэгдэж Porgera уурхайн 51 хувийг Папуа Шинэ Гвинейн Засгийн газар буюу төрийн New Porgera компани эзэмшиж, харин Barrick Gold болон Zijin Mining компаниуд төслийн хувь эзэмшлээ хоёр дахин бууруулахаар тохиролцсон байдаг.