Teck Resources-ийг худалдаж авах Glencore-ийн саналаас татгалзжээ

Г.БААТАР

Швейцарын түүхий эдийн худалдаа, уул уурхайн Glencore нь 23 тэрбум ам.долароор Teck Resources-ийг худалдаж авах, нэгдэн нийлэх саналаас Канадын компанийн удирдлагууд татгалзжээ. Энэхүү нэгдэл нь хувьцаа эзэмшигчдэд геополитикийн эрсдэлийг нэмэгдүүлнэ хэмээн Ванкуверт төвтэй компани мэдэгдсэн байна.

Glencore нь БНАКонго зэрэг эсэргүүцэл, эрсдэл өндөр улсад үйл ажиллагаа явуулдгаас гадна газрын тосны худалдааг металлын үйл ажиллагаатай хамтатгаснаар хөрөнгө оруулагчдын сонирхлыг бууруулна гэж Teck Resources үзжээ. Teck Resources-ийн Гүйцэтгэх захирал Жонатан Прайс "Энэ нь манай компанийн бизнесийн үнэ цэн, чадавхад сөргөөр нөлөөлж, бидний ESG-ийн амлалтад нийцэхгүй" гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.

Өнгөрсөн хоёрдугаар сард тус компани нүүрсний үндсэн бизнесээ тусад нь удирдах болсноо зарлаж бие даасан хоёр компанид хуваагдахаар төлөвлөж буй юм. Ингэхдээ зэс, цайр гэх мэт металлын үйлдвэрлэлд Teck Metals төвлөрнө, харин Elk Valley Resources-ийн хувьд металлургийн нүүрс олборлоход чиглэнэ.

Teck Resources-ийн хувьд Өмнөд Америк, Канад дахь зэсийн дөрвөн уурхайг эзэмшдэг. Өнгөрсөн жил нийлээд 270 мянган тонн зэс олборложээ. Чилид хэрэгжүүлж буй Quebrada Blanca төслийн хоёр дахь үе шат энэ оны эцэс гэхэд бүрэн хүчин чадлаараа ажилласнаар Teck-ийн зэсийн гарц хоёр дахин нэмэгдэх төлөвтэй.

Металлын эрэлт хурдацтай нэмэгдэж, дэлхийн зах зээлд хомсдол нүүрлэж байгаа тул BHP, Rio Tinto, Glencore зэрэг уул уурхайн томоохон компаниуд зэсийн нөөцөө нэмэгдүүлэхээр идэвхтэй ажиллаж буйн нэг жишээ энэ.