ariun@mininginsight.mn
Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн найруулах ажил гурван он дамнан үргэлжилж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн А-332 дугаар тушаалаар Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хугацаагаар тооцвол шинэчилсэн найруулгыг үндсэндээ бүтэн 3 жил боловсруулж байна. Хуулийн төсөл нийтэд ил болоогүй ч оны сүүлийн сараас эхлэн салбарынханд хаалттай хүрээнд танилцуулж эхэлсэн юм.
Яг жилийн өмнө уг шинэчилсэн найруулга дахь зарчмын томоохон өөрчлөлтүүдийн талаар Mining Insight нийтэлж байв. Тэгвэл боловсруулагдаад хоёроос илүү жил болж буй хуулийн төсөлд оны сүүлийн сард томоохон суурь өөрчлөлтүүд оруулжээ. Өөрчлөгдөхдөө асар өндөр хариуцлага үүрүүлсэн зарчим зарим талаар суларч, ухарсан гэхүйц харагдав. Түүний нэг нь уурхайн хаалтын концепци. Нэг ёсондоо хариуцлагагүй уул уурхайг нээхгүй байх босго гэхэд л хамаагүй суларч, анхны зорилгоо гээсэн шинжтэй байна. Уг нь ийм уурхайнууд нээгдэхгүй бол уул уурхайн салбарын хамгийн том зовлон нимгэрнэ гэсэн найдвар өндөр байсан юм. Гэвч тэр бүгдийг үл өгүүлэн энд зөвхөн нэг л өөрчлөлтийг онцолж байна.
Юуны өмнө, стратегийн ач холбогдол бүхий ордын тоог цаашид нэмэхгүй гэх хандлага Ажлын хэсгийн эхний хувилбарт явж байсан нь өөрчлөгджээ.“Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.”
2019 онд өөрчлөн найруулсан энэхүү заалтаар Үндсэн хуулийн дагуу стратегийн ордтой байна гэсэн үзэл баримтлал хэрэгжиж байгаа. Тиймээс стратегийн орд гэсэн агуулгыг салбарын гол хуульд авч үлдэхдээ УИХын тогтоолд заасан 16 орд болон цацраг идэвхт ашигт малтмалын ордуудаар хязгаарлах, цаашид нэмэхгүй гэсэн нь зарчмын том өөрчлөлт байсан юм. Уг санааг уул уурхайн хөрөнгө оруулагчид хийгээд салбарынхан хамгийн дэвшилтэт алхам хэмээн үзэж байв. Ингэхдээ дэлхийн уул уурхайн салбарын хөгжлийн хандлагад нийцүүлэн, стратегийн чухал ашигт малтмал гэсэн нэр томьёог шинээр оруулж, стратегийн чухал ашигт малтмал дээр орд ашиглах гэрээ байгуулан, төслийн 15 хувийг төр үнэ төлбөргүй эзэмших саналыг Ажлын хэсгээс боловсруулаад байлаа. Байлаа гэсний учир нь Ажлын хэсгийн энэ санал шинэчилсэн найруулгын хамгийн сүүлийн хувилбараас бүрэн хасагджээ. Харин оронд нь одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Ашигт малтмалын тухай хууль дахь стратегийн ач холбогдол бүхий ордын тодорхойлолт үг үсгийн зөрүүгүй өмнөх янзаараа, холбогдох заалтуудыг бүгдийг хуучин хэвээр нь оруулж ирсэн хувилбар хамгийн сүүлд танилцуулагдаад байна.
Хуульд байгаагүй цоо шинэ заалт гэвэл стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд ашиглах үйл ажиллагаанд хяналт тавих журмыг Засгийн газраас батлах, Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналтыг хэрэгжүүлнэ гэсэн агуулга нэмэгджээ. Эндээс стратегийн ордыг нэмэхгүй гэчихсэн байснаа нэмэгдэх боломжийг яагаад хэвээр үлдээх болов гэх асуулт зүй ёсоор гарч ирнэ.
Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын гол үзэл баримтлал нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулах, Эрдэс баялгийн салбарт үйлчилж байгаа хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (шинэчилсэн найруулга) батлагдсантай холбогдуулан уг хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэхийн сацуу хамгийн чухал нь салбарын шинэчлэлийг зайлшгүй хийх асуудал багтаж байгаа. Тодруулбал уул уурхайн салбарыг урагш чирэх ухаалаг реформыг хүсэж байгаа. Тэр тусмаа ойлгомжгүй, тодорхойгүй байдлууд үүсгэж, салбарын хөгжлийг тушиж буй асуудлаа зохицуулж, мухардлаас гаргах нь хуулийн шинэчлэл хийхийн амин чухал зорилго юм. 2007 онд стратегийн орд гэх ойлголтыг Ашигт малтмалын тухай хуульд оруулж ирсэн цагаас эхлэн УИХ-аас тогтоол гаргаж, үе үеийн Засгийн газрууд стратегийн ордуудыг эргэлтэд оруулна хэмээх мөрөөдлийн зорилтыг мөрийн хөтөлбөртөө тунхаглаж ирлээ.
Гэвч мөрөөдөөд ч, мөрийн хөтөлбөрт суулгаад ч хэрэгждэггүй стратегийн нэртэй, эдийн засгийн эргэлтэд ордоггүй царцмал хэдэн ордтой болж хувирсан нь эдүгээгийн уул уурхайн салбарын нэг том тээг гацаа юм.
Стратегийн ач холбогдол бүхий ордын хувьд улс орны хөгжилд ихэд чухал гэж үзсэний улмаас хууль эрх зүйн орчинд оруулсан байж таарна. Эдгээр ордыг ард түмний нэрийн өмнөөс төр зохицуулж, ашиг шимийг нь хүртээх агуулга цаана нь яваа. Гэвч Монгол Улсын хамгийн чухал шийдвэрүүд стратегийн гэх үндэслэлээр гардаг ч эргээд эдийн засагтаа сөргөөр нөлөөлөх нь цөөнгүй, түүний нэг нь стратегийн орд.
Ингэж хэлэхийн үндэс нь 2007 оноос хойш Оюутолгойг эс тооцвол стратегийн 16 ордод гадны хөрөнгө оруулалт орж ирсэнгүй. Дотоодынхоо хүчин чадлаар ашиглалтад оруулсан нь цор ганц Тавантолгой. Харамсалтай нь төр ажиллуулж буй энэ чухал орд дээр богино хугацаанд ямар их завхрал гажуудал гарсныг “Нүүрсний хулгай” гэх асуудлаар улсаараа мэдэж авлаа.
Стратегийн ордууд хөдөлдөгггүй, эргэлтэд ордоггүйд шалтгаан мэдээж олон. Хөгжлийн стратегитэйгээ огт уялдуулаагүй стратегийн 16 ордын өнгөрсөн түүхийг харахад л ихээхэн адармаатай. Ашиглая гэхэд түмэн асуудал бэрхшээлтэй нь ч байна. Бас ашиглалтад бэлнээс бэлэн орд дээр хүртэл арав гаруй жил хувь эзэмшлийн тохиролцоо хийж чадахгүй явсаар сүүлдээ хөрөнгө оруулагч нь Монголыг орхиод гарсан ч тохиолдол байна. Нэг ёсондоо боломжтой нь ч явдаггүй, боломжгүй нь ч өөрчлөгддөггүй ийм хэдэн ордыг стратегийн гэж тодорхойлохоор болчихоод байгаа. Улс орныг хөгжүүлэх нөөц боломжтой гэж үзээд, стратегийн гэж зарлан тунхаглаад байхад таг зогсчихоод, байрнаасаа огт хөдлөхгүй байгаа нь бодлого асуудалтайнх юм. Тиймээс ч Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн найруулах асуудал хөндөгдөх бүрд уул уурхайн салбарынхан стратегийн орд нэртэй гацааг арилгах, ордын тодорхойлолтыг оновчлох, зохицуулалтыг тодорхой болгох, бүр цаашлаад хуулийн зохицуулалтаас авч хаях хүртэл санал дэвшүүлсээр арваад жил болж байна.
Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн найруулж буй үйл явцтай зэрэгцэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэн найруулж байгаа. Удахгүй Засгийн газарт танилцуулан, УИХ-д мэдүүлэх товтой байна. Уг хуулийн төслийн үзэл баримтлал, үндэслэл хийгээд Засгийн газраас явуулж буй бодлогыг харахад гадаадын хөрөнгө оруулалт татах, Улаанбаатарыг орхиод явсан хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх гээд байдаг чадлаараа хичээж байна гэхээр. Олон улсын тавцанд манай улсыг харагдуулах нэг үзүүлэлт бол яах аргагүй Монголын байгалийн баялаг. Дэлхийн өнцөг булан бүрээс сонирхолтой хөрөнгө оруулагчдыг татах хамгийн том бололцоо маань. Тиймээс ч Монголын уул уурхайнхан суурь судалгаа, хайгуул руу гадаадын хөрөнгө оруулалт татах гээд хөрөнгө оруулалтын хамаг л уулзалт, экспо болгоныг зорьж байна.
Ингэж хичээж зүтгэж байгаа мөртлөө салбарын хөгжлийг тодорхойлох чухал хуульдаа стратегийн орд гэх ойлгомжгүй зохицуулалтаа яг тэр хэвээр үлдээж, нэмэгдэх боломжийг нээлттэй үлдээснээрээ эргээд хөрөнгө оруулалтаа хязгаарлах эрсдэлтэйг мартаж болохгүй юм.
Төрийн зохицуулалт өндөр байх заалтуудын үр дагавар нь гадны хөрөнгө оруулалт орж ирэх сонирхлыг хаадаг. Гадаад бүү хэл дотоодын ч хөрөнгө оруулалтыг ихээхэн айдасд автуулдаг, итгэлгүй болгодог зүйл. Яг төсөлд томъёолсон байдлаараа хууль гарсан тохиолдолд, томоохон орд олчихвол төрийн мэдэлд авчихна гэх болгоомжлол хөрөнгө оруулагчдад төрүүлсээр байгаа цагт хөрөнгө оруулалт татна гэх нь биелүүлэхэд амаргүй зорилт болно.
Нөгөө талаар манай улсын хөгжлийн хамгийн чухал ашигт малтмал, эрдсийг тодорхойлох бодлого гарна гэсэн хүлээлтээр салбарынхан гурван он дамнан шинэчилсэн найруулгыг хүлээж байгаа. Ямар ч байсан хуулийн тодорхойлолт бол байна. “Стратегийн чухал ашигт малтмал” гэж өндөр технологийн болон дотоодын боловсруулах үйлдвэрлэлд хэрэглэгддэг, геополитикийн болон худалдааны бодлогоос шалтгаалан эрэлт, нийлүүлэлт нь эрсдэлд орж болзошгүй ашигт малтмалыг хэлнэ”. Гэвч тодорхойлолт болон стратегийн чухал ашигт малтмалын жагсаалтыг Засгийн газар батална гэсэн заалтаас өөр тоймтой зохицуулалт алга. Ямар бодлого баримтлах талаар өгүүлбэр битгий хэл үсэг ч хайгаад олсонгүй. Уншигч Та санаж буй бол Mining Insight сэтгүүлийн танилцуулж байсан анхны хувилбарт энэ чиглэлд илүү дэлгэрэнгүй зохицуулалт тусгагдаад байсан юм. Тухайлбал чухал ашигт малтмалын нөөцийг өсгөхийн тулд геологи, хайгуулын судалгааг төрөөс дэмжинэ. Улсын төсвөөс геологийн судалгаанд жил бүр зарцуулах санхүүжилтийн 30-аас доошгүй хувь чухал ашигт малтмалд зориулагдана.
Ашигт малтмалын алив үйл ажиллагааг хориглосон газруудад чухал ашигт малтмал хайх, ашиглахыг зөвшөөрнө гэсэн төрөөс дэмжих бодлого сүүлийн хувилбараас хасагдсан байна. Нэмээд стратегийн чухал ашигт малтмалын ордыг ашиглавал төслийн 15 хувийг Төр эзэмших заалтыг мөн хасжээ.
Энэ нь стратегийн ач холбогдол бүхий ордын зохицуулалт хуучин хэвээр үлдэж байгаатай холбоотой биз. Гол нь манай улсын өөрийн гэсэн тодорхойлох элементүүд буюу критикал минералын бодлого яаж явах, тэр жагсаалтад багтсан эрдэс минералын судалгаа, эрэл хайгуул, ашиглалт ямар бодлого, зарчмаар хэрэгжих, бусад ашигт малтмалаас юугаараа өөр байх юм гэдэг хамгийн чухал асуултууд ямар ч хариултгүй үлдэж байна.
Өмнө дурдсанчлан мухардлаас гаргана, дараагийн урт хугацааны байр байдлыг тодруулна гэсэн өндөр хүлээлттэй салбарын гол хуулийг шинэчлэх төсөл бүхэл бүтэн 3 жил шахам боловсруулсны эцэст зөвхөн нэг л асуудал дээр гэхэд иймэрхүү түүхий, зорилго үйлдлийн зөрүүтэй байна. Илүү боловсронгуй, илүү үр ашиг авчрах зохицуулалт гарган тавьж байж байрандаа таг гацсан уул уурхайн салбар урагшлах нь зүйн хэрэг. Түүний тулд хуулиа шинэчлэхээр 3 жил нухаж байгаа билээ. Харин одоо төслөө ил болгож, салбарын хэлэлцүүлгийг өргөн хүрээнд хийх шаардлага тулгамдаж байна. Ажлын хэсгийнхний 3 жил боловсруулсан төсөлтэй танилцаж, ул үндэстэй шинжилгээ хийж, санал дүгнэлт гаргахад хугацаа хэрэгтэй. Бултаараа хэлэлцвэл буруугүй гэдэг. Тэгвэл алдаа мадаг багатайхан хууль гаргахын бултаар хэлэлцэх тэр боломжийг ахиухан хугацаанд олгох хэрэгтэй юм.