Дэлхийн уул уурхайн ТОП 50 компанийн үнэлгээ 1.4 их наяд ам.доллар болжээ

Э.ОД

2023 оны эхний улиралд дэлхийн уул уурхайн тэргүүлэх 50 компанийн зах зээлийн нийт үнэлгээ өмнөх оны мөн үеийнхээс доогуур хэвээр байна. Өнгөрсөн жилийн энэ үед цар тахлын дараа Хятадын эдийн засаг сэргэх хүлээлт, Орос Украйны дайн түр зуур үргэлжилнэ гэсэн итгэл найдвар уул уурхайн компаниудад байсан. Тухайн жилийн эхний улиралд зэс, алтнаас эхлээд уран, нүүрс, цагаан тугалга хүртэл түүхий эдийн үнэ өсөхөд дэлхийн уул уурхайн TOP 50 компаниудын үнэлгээ нийтдээ 1.75 их наяд ам.долларт хүрч дээд амжилт тогтоосон. Гэвч оны хагас гэхэд Хятад улс “0 ковид” бодлогоор хорио хязгаарлалтаа хэвээр үлдээж, олон улсад инфляцын дарамт нэмэгдэн, Украин дахь дайн эрчим хүчний хямралыг дэгдээснээр 2022 оны туршид уул уурхайн 50 компани нийт 600 тэрбум ам.долларын үнэ цэнээ алдаад буй.
Mining.com-оос эрэмбэлдэг дэлхийн уул уурхайн ТОП 50 компанийн зах зээлийн нийт үнэлгээ 1.4 их наяд ам.доллар болжээ. Компаниудын дунд нэгдэн нийлэх, худалдаж авах хэлэлцээр идэвхийлэн өрнөж байна.

Энэ жилийн эхний улирлын үзүүлэлтээр металлын компаниуд өндөр өсөлтийг үзүүлжээ. Зэс, алтны компаниудтай уран эн зэрэгцжээ. Геополитикийн хурцадмал байдал, дэлхийн эдийн засаг суларсан өнөө цагт  алтны ханш өсөж буйгаар ТОП 50-ийн шилдэг гүйцэтгэлтэй компаниудын тал хувь нь алтны компаниуд аж.

Newcrest Mining ашиг орлогоороо тэргүүлж байна. Австралийн Newcrest Mining-ийг 19.5 тэрбум ам.доллароор худалдаж авах саналаа энэ долоо хоногт зарласан Newcrest Mining-ийн зах зээлийн өнөөгийн үнэлгээ 55 тэрбум ам.доллар юм. Тэгвэл дотоод болон гадаадад хэд хэдэн худалдан авалт хийсний дараа хурдацтай хөгжиж буй Zijin Mining нь 46 тэрбум ам.долларын үнэлгээнд хүрч эхний улиралд 21 хувийн өсөлтөөр First Quantum-ийн урд гарав. Улмаар Zijin Mining зэсийн үйлдвэрлэлээр дэлхийд тавдугаарт эрэмбэлэгдлээ. Тус компанийн хувьд литийн салбарт ч томоохон амбицтай.

Glencore өнгөрсөн жилийн гуравдугаар сарын өсөлтөө бүтэн жилийн турш хадгалж дэлхийд гутгаар байраа “атгасаар” байна. Хэдийгээр эхний улираалд 16 хувийн үнэ цэн алдсан ч Швейцарын түүхий эдийн трейдер нь Teck Resources-ийг худалдан авч чадвал бараг 100 тэрбум ам.долларын үнэлгээтэй болох юм. Teck-ийн хувьд 2022 оны гуравдугаар сарын оргил үеэс хойш өсөлтөө мөн бүтэн жилийн турш хадгалж уул уурхайн компаниудын эхний 20-д орж иржээ. Teck үндсэн бизнес нүүрсний үйл ажиллагааг тусад нь явуулж, мөн металл чиглэлийн охин компаниуд байгуулахаар төлөвлөж байгаа юм.

Түүхий эдийн зах зээл дээр нүүрсний үнэ бага зэрэг буурч эхэлсэн. Гэвч ОХУ-ын газрын тос, байгалийн хийн хоригийн улмаас дэлхийн ихэнх улс орнууд уламжлалт эрчим хүчний эх үүсвэр рүү эргэн шилжиж буй тул нүүрс олборлогч компаниуд өсөлтөө хадгалсаар байна.

Олон улсын эрчим хүчний зах зээл тогтворгүй энэ үед уран хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсаар байгаа бөгөөд хэгэс хугацаанд “эзгүй” байсан Казатомпром эхний 50-д эргэн багтав. Японы Фүкүшима АЦС-ын ослын дараагаас хойш анх удаа Cameco гурван сарын хамгийн сайн гүйцэтгэлтэй компаниудын жагсаалтад байр ахиж явна. Эрчим хүчний хямралын улмаас цагаан алтны үнэ суларч Өмнөд Африкийн үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааны хүндрэлээс үүдэн Impala Platinum анх удаагаа эхний 50-д байр ухарсан байна. Тус компани хоёр жилийн өмнө жагсаалтын 30-д эгнэж байв. Тэгвэл Anglo American эхний улирлын хамгийн муу үзүүлэлттэй компаниар тодорчээ.

2023 он гармагц литийн үнэ огцом унасан хэдий ч ТОП 50-д багтсан литийн таван компанийн хувьцаа нийт 97 тэрбум ам.долларт хүрч сайн хэвээр байна.

Дэлхийн литийн томоохон нийлүүлэгч улс болох стратегитай Австралийн Pilbara Minerals болон IGO нь шилдэг 50-ийн жагсалтад багтаагүй байна. Энэ удаад 52, 53-т эрэмбэлэгджээ.