Xanadu Mines урьдчилсан байдлаар жилд 37 мянган тонн зэс үйлдвэрлэнэ

Э.МИШЭЭЛ

"Xanadu Mines" компанийн хэрэгжүүлж байгаа Хармагтай ордын зэсийн төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийн хүрээнд өрмийн томоохон ажлыг дөрвөн машинаар эхлүүлээд байна. Үүгээр ил уурхайн нөөцийн талбайг шинэчлэх, анхны ашиглалтын хүдрийн нөөцийн тооцоог гаргана.

Хармагтай ордод 3 сая тонн зэс, 220 гаруй тонн алтны нөөцийг тогтоосон билээ. Эхний таван жилд хийсэн судалгаагаар 0.29 хувийн зэсийн агуулга бүхий 37 мянган тонн зэс жилд үйлдвэрлэх төлөвтэй байна. Оны сүүлчээр шинэчилсэн нөөц, харин урьдчилсан ТЭЗҮ-ийг ирэх оны хоёр дугаар хагаст хийж дуусгахаар төлөвлөжээ. 

Өнгөрсөн жил "Xanadu Mines" компани Хятадын Zijin Mining-тай стратегийн түншлэлийг гэрээ байгуулснаар урьдчилсан ТЭЗҮ боловсруулах 35 сая ам.долларын санхүүжилттэй болсон. Хоёр компани 50, 50 хувиар хувь нийлүүлсэн хамтарсан компани байгуулж, оператораар Xanadu ажиллаж байна.