Эрдэнэ Ресурс: Молибден-зэсийн "Зуун Мод” төсөлд өрөмдлөгийн хөтөлбөр эхлүүллээ

Гэрэл зураг: "Зуун мод" төсөл
Э.ОД

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци буюу Эрдэнэ Ресурс компани 100 хувь эзэмшлийн “Зуун Мод” молибден-зэс порфирийн төслийн өрөмдлөгийн хөтөлбөрийг эхлүүлжээ. Энэхүү төсөл нь тус компанийн “Баян Хөндий” алтны төслийн талбайгаас 35 км зайд оршдог.

“Зуун Мод” төслийн NI 43-101 тайлангийн хэсэгт эдийн засгийн судалгааг гүйцэтгэхэд зориулж хайгуул, металлургийн судалгаа, инженерчлэл болон гидрогеологийн ажлуудыг гүйцэтгэжээ. ажлуудыг үргэлжлүүлэх, мөн нэмж 4000 м алмазан өрөмдлөгийн хөтөлбөр гүйцэтгэх, техникийн судалгаанд шаардлагатай өгөгдлүүдийг шинэчлэхээр Эрдэнэ Ресурс нь энэхүү өрөмдлөгийн хөтөлбөрөөр зорьж байна. 

Эрдэнэ Ресурс компанийн ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал Петер Акерли “Ази тивийн хамгийн том хөгжүүлэлт хийгдээгүй молибден-зэсийн ордуудын нэг болох “Зуун Мод” төслийн өрөмдлөгөөр 2023 оны өрөмдлөгийн хөтөлбөрийг эхлүүлж байна. Эл орд “Зуун Мод” порфирийн цогцолборт багтдаг. Энд судлагдаагүй зэс-молибденийн хэд хэдэн бүс тодорхойлсон бѳгѳѳд эрдэсжилт бүх чиглэлд нээлттэй байгаа нь ирээдүйд нээлт хийх боломжуудыг нэмэгдүүлж байна” гэдгийг онцолжээ. Монгол Улс нь хамгийн том эрдсийн хэрэглэгч Хятадын зах зээлтэй хил залгаа, стратегийн чухал байршилд оршдог. Өндөр чанарын гангийн үйлдвэрлэлийн өсөлт, ногоон эрчим хүчний шилжилтийн үед Монголын хөгжиж буй дэд бүтэц нь урт хугацааны төсөл хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Молибденийн зах зээл дээрх нийлүүлэлт буурч, зэсийн эрэлт нэмэгдэх төсөөлөлтэй байгаа тул Эрдэнэ Ресурс-ийн голлох “Баян Хөндий” алтны төслийн зэрэгцээ “Зуун Мод” төслийг хөгжүүлэхэд тохиромжтой үе гэж Петер Акерли захирал үзэж байна.

Молибден-зэсийн “Зуун Мод” төсөл нь дэлхийн зэс, молибденийн хамгийн том хэрэглэгч болоод ган үйлдвэрлэгч Хятадын хилд ойр байрших Монголын уул уурхайн томоохон дүүрэгт оршдог давуу талтай. Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 6,041 га талбайг хамардаг. Эрдэнэ Ресурс компани 2005 онд Монгол Улсад зэсийн нөөц тодорхойлох ажлын хүрээнд Галлант Минералс Монголиа компани (“Gallant Minerals Mongolia Ltd”)-с төслийг эзэмших эрхийг худалдан авсан. “Зуун Мод” хэмээх томоохон порфирийн цогцолборыг зүүн өмнөд болон хойд хэсэгт хийгдсэн хязгаарлагдмал өрөмдлөгөөр зэс-молибден-рени хүдэржилт огтолсноор нээн илрүүлсэн.
Гэрэл зураг: Эрдэнэ Ресурс компани

Тус компани олон жилийн хайгуулын хөтөлбөрөөр молибден-зэсийн “Зуун Мод” ордын хязгаар ба зэс, молибденийн хэд хэдэн хэтийн төлөв бүхий талбайг тодорхойлсон нь 16 км радиус бүхий порфирийн цогцолборт багтдаг. 2011 онд Minarco-MineConsult (RPMGlobal) “Зуун Мод” ордыг агуулж буй порфирийн системийн 3 км талбайд NI 43-101 нөөцийн тооцооллыг боловсруулжээ. Уг төсөл 0.057 хувийн молибден, 0.069 хувийн зэс дундаж агуулга бүхий 218 сая тонн баттай ба бодитой нөөцийг тооцоолсон.