"Баян хөндий" төслийн бүтээн байгуулалтыг угтуулан Баянхонгор аймагт мэдээллийн төв нээсэн байна. Орон нутгийн иргэдэд төслөө танилцуулах, төслийн явц болон ач холбогдлын талаар цаг тухайд мэдээлэх, нутгийн иргэд болон уул уурхайн компаниудын хооронд эргэх холбоотой ажиллахад Мэдээллийн төв нэн чухал юм. Баянхонгор аймагт Мэдээллийн төв нээхэд “Эрдэнэ Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Петер Акерли, ММС-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл нар оролцжээ.
Эрдэнэ Ресурс Девелопмент корпораци “Баян хөндий” төсөлдөө Монголиан Майнинг Корпорацтай (ММС) Стратегийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын гэрээ (2023.01.11) байгуулсан билээ. Энэ хүрээнд ММС нь гурван үе шаттайгаар Эрдэнэ Ресурс Девелопмент-ийн Монгол дахь охин компани “Эрдэнэ Монгол”-д 40 сая ам.долларын хөрөнгө оруулна. Гурван үе шаттай 40 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж дуусмагц “Эрдэнэ Монгол” компани нэмэлт хувьцаа гаргах байдлаар нийт хувьцааныхаа 50 хувийг MMC-д эзэмшүүлэх юм байна.
Монголын болон Торонтогийн хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй Эрдэнэ Ресурс Девелопмент корпорацийн охин компани “Эрдэнэ Монгол” нь Баянхонгор аймагт өндөр агуулга бүхий алтны дүүргийн хөгжүүлэлт төвлөрч байгаа юм. Энэхүү дүүрэгт багтах “Баян хөндий” төслийг ашиглалтад бэлтгэж байгаа бол “Алтан нар”, “Зүүн өмнөд Улаан”, “Хар морь” зэрэг шинээр нээсэн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Үүнээс гадна тус компанийн 100 хувь эзэмшилтэй зэс-молибденийн “Зуун мод”, “Хөвийн хар” орд бий. Алтны дүүргийн анхдагч “Баян хөндий” төсөл нь дэлхийд хамгийн өндөр алтны агуулгатай (3 гр/тонн)ордын нэгд тооцогдож байна. Эрдэнэ Ресурс Девелопмент нь Монгол Улсад хайгуулаас ашиглалтын шат хүртэл 20 дахь жилдээ ажиллаж буй.