Газрын тос дамжуулах хоолойн барилга угсралт эхэллээ

Б.МИШЭЭЛ

Дорноговь аймгийн Алтанширээ суман дахь Газрын тос боловсруулах үйлдвэрийн анхдагч процессын болон дагалдах байгууламжууд (EPC 2), дулааны цахилгаан станц (EPC 3), мөн газрын тос дамжуулах хоолойн барилга угсралтын ажлыг өнөөдөр (2023.04.28)эхэлж байна.
Гэрэл зураг: Б.Мишээл

Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын зарим гишүүд, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг болон төсөлд хамтран ажиллаж байгаа компаниудын төлөөлөгчид оролцож байна.
Газрын тос дамжуулах хоолой. Дорнод аймгийн Матад, Халхгол сумдын нутагт орших Тамсагийн сав газраас түүхий нефть тасралтгүй дамжуулах хоолойг 530 км зайд Дорноговь аймаг хүртэл барих юм.

Ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан БНХАУ-ын төрийн өмчит “Norinco International Cooperation” компани 2022 оны зургаадугаар сараас ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд тус компани инженерчлэл, судалгаа шинжилгээ, технологийн зам зэрэг дэд бүтэц байгуулах ажлыг дуусгаснаар дамжуулах хоолойн барилга угсралтыг эхлүүлэхэд бэлэн болжээ. “Norinco International Cooperation” компани 3 жилийн хугацаанд буюу үйлдвэр ашиглалтад орохоос өмнө нефть дамжуулах хоолойг барьж гүйцэтгэхээр гэрээлжээ. Газрын тос дамжуулах хоолойг газрын гүнд байгуулна. Энэ нь Монгол Улсад анх удаа баригдах газрын тос тээвэрлэх томоохон хэмжээний магистраль шугам хоолой болох юм. Түүхий тос дамжуулах хоолойн ажлын нарийвчилсан зургийг Канадын “Worley Parsons” компани хийж байна.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн байгууламж тус бүрийн төвөгшил, инженерчлэлийн ажилд зарцуулагдах хугацааг харгалзан, бүтээн байгуулалтын ажил 4 үе шаттай хэрэгжиж байгаа билээ. Эхний багц ажил буюу Технологийн бус барилга байгууламжийн (EPC 1) барилга угсралт 2021 онд эхэлсэн бөгөөд энэ жилийн гуравдугаар улиралд дуусгахаар төлөвлөжээ.

EPC 2. Энэ багц ажлын хүрээнд атмосфер, вакум нэрлэгийн, ханасан хий ялгах, хэрэглээний, дагалдах гэсэн бүх төрлийн байгууламж, түүний дотор 49 агуулах сав резервуар, бүтээгдэхүүн ачих буулгах вагон, авто эстакад зэрэг үндсэн технологийн, дагалдах, туслах олон төрлийн байгууламжийг барина.
EPC 3. Багц ажлын хувьд үйлдвэрийг цахилгаан, дулаан уураар хангах 35 МВт хүчин чадалтай ДЦС байгуулах юм. Тус 2 багц ажлын Ерөнхий гүйцэтгэгчээр БНЭУ-ын "Megha Engineering Infrastructure Limited" компани шалгарч 2022 оны аравдугаар сард гэрээ байгуулан ажлаа эхэлжээ. Зургийн ажилд Испанийн “Intecsa”, Италийн “STF Termotechnica” компаниуд оролцож байна. EPC 2, 3 багц ажлыг хамтад нь гүйцэтгэх “Megha Engineering & Infrastructure Limited” компани нь 2025 оны сүүлийн улиралд бүтээн байгуулалтын ажлыг дуусгах үүрэг хүлээж байгаа юм.
EPC 4. Үйлдвэрийн лицензтэй технологийн байгууламжуудын инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажлын Ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах тендер дуусаж, шалгарсан компанитай гэрээ байгуулах бэлтгэлийг хангаж байгаа юм. 

Монгол Улсад Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд Энэтхэг, БНХАУ, Итали, Франц, АНУ, Нидерланд, Испани, Канад зэрэг улс орнуудын өндөр мэргэжлийн инженер, мэргэжилтнүүд хамтран ажиллаж байна.