Эхний 4 сард Хятад 31.14 сая тонн коксжих нүүрс импортолжээ

Э.ОД

Хятад улс дөрөвдүгээр сард 8.39 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 97 хувиар өссөн ч өмнөх сараас 13.1 хувиар буурсан байна. Импортолсон коксжих нүүрсний дундаж үнэ 198.1 ам.доллар/тонн болж өмнөх оны мөн үеийнхээс 73.3 ам.доллароор хямдарчээ.

2023 оны эхний 4 сард Хятад 31.14 сая тонн коксжих нүүрс импортлоод буй. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 88.6 хувиар нэмэгджээ. 
Тэгвэл өнгөрсөн сард тус улсын эрчим хүчний нүүрсний импортын хэмжээ 2020 оны арванхоёрдугаар сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн байна. Дөрөвдүгээр сард Хятад 30.98 сая тонн эрчим хүчний нүүрс импортолжээ. Өмнөх оны мөн үеийнхээс 65.69 хувиар өссөн аж. 

Импортолсон эрчим хүчний нүүрсний дундаж үнэ 99.11 ам.доллар/тонн буюу өмнөх сараас 0.3 хувиар нэмэгдсэн байна. Эхний 4 сард нийтдээ 105 сая тонн эрчим хүчний нүүрс Хятад улс импортолжээ. 

Монгол Улс энэ оны эхний дөрвөн сард нийт 19.05 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 402 хувиар нэмэгдсэнийг Гаалийн ерөнхий газрын мэдээлжээ. Экспортын орлого 3.06 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 187 хувиар өссөн байна.