Хятад, Конго улс иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд хүрэхээр тохиролцжээ

БНАКонго улсын Ерөнхийлөгч Феликс Цисекеди БНХАУ-ад төрийн айлчлал хийж, тус улсын дарга Си Жинпинтэй Бээжин хотноо уулзалт хийжээ. Энэхүү айлчлал нь хоёр улсын компаниудын хамтарсан төсөл зэс, кобальтын Sicomines-ийн хөрөнгө оруулалт, хувь эзэмшлийн маргаантай үед болж буйгаараа анхаарал татаж байна. Тиймээс Хятад, Конго улс уул уурхайн салбарын хамтын ажиллагаандаа тогтмол дүн шинжилгээ хийж, холбогдох маргааныг нөхөрсөг яриа хэлэлцээр шийдвэрлэхээр тохиролцсон гэж Төрийн тэргүүн нарын хамтарсан мэдэгдлийн талаар Хятадын CCTV телевиз мэдээлжээ. Мөн хоёр улсын харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэхээр тохиролцсон байна.

Конго улсын ашигт малтмалын гол импортлогч орон Хятад юм. Төв Африкийн энэ улс нь дэлхийн кобальтын хамгийн том үйлдвэрлэгч төдийгүй зэсийн ихээхэн нөөцтэй. Хятадын China Railway, CMOC болон Zijin Mining зэрэг уул уурхайн том компаниуд үйл ажиллагаа явуулдаг.

Ашигт малтмалын дэд бүтцийн 6.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг 2008 онд хоёр улсын байгуулсан. Энэхүү хэлэлцээрийн дагуу 3.2 тэрбум ам.долларын өртөгтэй зэс, кобальтын Sicomines уурхайн ашгаар Хятадын компаниуд 3 тэрбум ам.доллароор дэд бүтцийг бүтээн байгуулах үүрэг хүлээжээ. Уурхайн ашиглалт олон жил болж байгаа ч хөрөнгө оруулалтын 1/3 хүрэхгүй хувийг зарцуулсан гэж Конго улсын Засгийн газар үзэж байгаа юм. Дэд бүтэц байгуулахдаа төлбөрт нь ашигт малтмал импортлох уг гэрээг талууд дахин хэлэлцэж буй.

Ерөнхийлөгч Феликс Цисекедийн айлчлалын үеэр Хятадын тал мэдэгдэлдээ, хэлэлцээрээр хүлээсэн үүргээр компаниудаа дэд бүтцийн бүтээн байгуулалтыг түргэтгэхэд анхаарч, түүнчлэн Конго улсад эрчим хүчний батарейны нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх санаачилгад хөрөнгө оруулах компаниудыг урамшуулан дэмжинэ гэжээ.

Айлчлалаар Хятад, Конго улс хамтын ажиллагааны зургаан гэрээг үзэглэсэн байна. Тэр дунд байгалийн баялгийг ашиглах, дижитал эдийн засгийг хөгжүүлэх, ногоон хөгжлийг дэмжих хэлэлцээрүүд багтжээ.