Зам тээврийн хөгжлийн яамнаас "Шинэ сэргэлтийн бодлого-Зам тээврийн сэргэлт" хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг МҮХАҮТ-д зохион байгуулагдаж байна. Чуулганыг нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч О.Амартүвшин, ОХУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Сергей Николаевич, БНХАУ-ын Худалдааг дэмжих хорооны орлогч дарга Жан Шао Ган нар оролцлоо.
ЗТХ-ийн сайд С.Бямбацогт “Хая онгойлгодог салхивч төдий боомтуудаа хөгжүүлж, байнгын нээлттэй үүд хаалга болгон өргөжүүлэхийг зорьж байна. Хилийн боомтуудаа төмөр зам, авто замаар холбохыг нэн тэргүүнд чухалчилж байна. Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд 300 гаруй км хатуу хучилттай авто зам, 3400 км төмөр зам барьж байгуулах, мөн 11 боомтыг авто замаар, 4 боомтыг төмөр замаар холбоно. Уул уурхайн бүтээгдэхүүн экспортолдог томоохон боомтуудад чингэлэг тээврийн терминал байгуулна. Баруун, зүүн босоо тэнхлэгийн төмөр замын төслүүдийг эрчимжүүлж, дамжин өнгөрөх ачаа тээврийг нэмэгдүүлэх бодлого дэвшүүлсэн. Эдгээр төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр, дотоод гадаадын хөрөнгө оруулалтаар хамтран хэрэгжүүлэх зорилгоор энэхүү чуулганы зохион байгуулж байна.
Гашуунсухайт-Тавантолгой, Тавантолгой-Зүүнбаян болон Зүүнбаян- Ханги чиглэлийн 900 гаруй км төмөр замыг монголчууд барьж байгуулаад буй. Зүүн коридорын төмөр замын хүрээнд Монгол, Оросын хилээс Эрээнцав-Баянтүмэн чиглэлийн төмөр замыг шинэчлэн засварлана. Чойбалсан- Хөөт, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замыг энэ зургаадугаар сард эхлүүлэх гэж байна. Монгол, Орос, Хятад улсыг холбосон ганц төмөр камын коридор Алтанбулаг-Замын Үүд байсан бол хоёр дахь коридор Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Бичигт байх болно. Богдхан төмөр замын төслийг хэрэгжүүлэх төлөвлөлт “Улаанбаатар төмөр зам 2030” хөтөлбөрт багтсан. УБТЗ-ын өнөөгийн 30 сая тонн хүчин чадлыг 60 сая тоннд хүргэж, хоёр дахин нэмэгдүүлэх зорилттой.
Баруун босоо тэнхлэгийн 1250 км урттай Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, хөндлөн чиглэлд Сайншанд-Баруун Урт төмөр замуудыг байгуулахаар ажлаа эхэлж байна. Шинэ сэргэлтийн бодлогоор Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч гэсэн хоёр улсын боомтыг төмөр замаар холбоно. Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн 7 км бүхий нарийн царигийн төмөр замын ажил эхлээд арваад хонож байна. Төмөр замын салбарт 7 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалттай төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнд Хятад, Орос болон гуравдагч хөрш орнуудын компаниудад хамтран ажиллахад нээлттэй”-г онцоллоо.
Авто замын салбарт, Европын гол транзит орны нэг Польш улстай авто тээврийн хэлэлцээрийг Монгол Улс байгуулжээ. Ойрын үед ХБНГУ-тай авто тээврийн хэлэлцээрийг байгуулах аж. Монгол, Хятадын хилийн Ханги боомтыг хатуу хучилттай авто замаар холбох Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн 500 орчим км авто замын төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжиж байгаа төслийг 2023 онд дуусгах бол төр, хувийн хэвшлийн түншлэлээр Тавантолгойгоос Цагаан дэл уул боомт хүртэл 270 км хатуу хучилттай авто замаар холбохоор төлөвлөжээ.
Монгол Улс нэгдэн орсон Олон улсын хуурай боомтын концвенцийн хүрээнд Замын-Үүд, Улаанбаатар, Алтанбулаг, Цагаан нуур, Ховд, Чойбалсан, Сайншанд гэсэн цэгүүдэд хуурай боомт байгуулах ТЭЗҮ-ийн судалгааг НҮБ-ийн Ази, Номхон далайн бүс нутгийн Эдийн Засаг-Нийгмийн комисс, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банктай хамтран хийж байна.
Гэрэл зураг: "Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн төмөр зам" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээг
Монголын төмөр зам ТӨҮХК болон "Эссэнз сайплайз" компани үзэглэв
Шинэ сэргэлтийн бодлого-Зам тээврийн сэргэлт" хөрөнгө оруулалтын чуулганаар "Түншлэл-Ирээдүйтэй хөрөнгө оруулалт", "Хөгжлийн түүчээ-Төмөр зам", "Хөгжлийн хөтөч-Зам, тээвэр", "Дэлхийд гарцтай-Агаарын тээвэр" зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнөлөө. Арга хэмжээний үеэр "Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн төмөр зам" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээнд Монголын төмөр зам ТӨҮХК болон "Эссэнз сайплайз" компани, 3000 вагон худалдан авах гэрээнд "Монголиан транслайн"ХХК болон БНХАУ-ын төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний үйлдвэр гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо.