Зэсийн Mopani төслийг худалдаж авах хөрөнгө оруулагчдын шалгаруулалтын хураангуй жагсаалтад Хятадын Zijin Mining болон Sibanye Stillwater компаниуд багтжээ. Мөн тус жагсаалтад Хятадын Norinco групп байна. Энэ тухай Замбийн төрийн өмчит ZCCM Investment Holdings мэдээлжээ.
Mopani төслийн шалгаруулалт хоёр сарын хугацаанд өндөрлөх төлөвтэйг ZCCM компанийн Ерөнхий захирал Ндоба Вибетти мэдэгдсэн байна. Түүний мэдэгдсэнээр, уг төслийн эхний 5-6 жилд 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Олон улсын хөрөнгө оруулагчтай хамтран Mopani төслийг хэрэгжүүлснээр ирэх 10 жилд Африк тивийн хоёр дахь том зэсийн үйлдвэр болох аж.
2021 онд Швейцарын түүхий эдийн трейдер Glencore нь зэсийн Mopani төслийн 73 хувийг 1.5 тэрбум ам.доллароор Замбийн төрийн өмчит ZCCM компанид худалдсан. Тухайн үед Glencore группын 81.2 хувийн эзэмшилтэй “Carlisa Investments” корпораци Mopani төслийн 90 хувийг, үлдсэн 10 хувийг ZCCM компани эзэмшиж байсан юм. Энэхүү төслийн хувь эзэмшлийг 2000 онд Glencore худалдаж авсан бөгөөд 2014 онд 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Коронавирусын тархалтын улмаас Замби улсад карантин тогтоосонтой холбоотойгоор Glencore групп нь зэсийн уурхайн үйл ажиллагааг (2020.04.08) зогсоохдоо ашиггүй төслийг цаашид хаах асуудлыг хөндсөн билээ.
Mopani төсөл жилд 140 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэх бүрэн хүчин чадалтай ч 2019 онд ердөө 51 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ.