М.Дагва: Критикал минерал бол гадаад харилцаа, дипломат бодлогын асуудал

Монголын критикал минерал ассоциацийн тэргүүн, ШУТИС-ийн багш М.Дагвын “Чухал ашигт малтмал: Монгол болон глобал чиг хандлага, бодлого, практик” анхдугаар семинарын үеэр тавьсан илтгэлийн зарим хэсгээс хүргэе.

Критикал минералыг АНУ-д анх батлан хамгаалах зорилгоор гаргаж ирсэн бол 1980-аад оны дунд үеэс өндөр хөгжилтэй орнуудад ашигт малтмал дутагдах хандлагатай байгааг ажиглаж, Япон, Европын Холбооны улсуудад батлан хамгаалахаас гадна сэргээгдэх эрчим хүч, өндөр технологи, харин өнгөрсөн арваад жилд ногоон эрчим хүч, тогтвортой хөгжил гэсэн ойлголтоор агуулга нь баяжигдаж ирсэн. Сүүлийн үед анзаарч байхад критикал минерал тухайн нэг улсын асуудал бус глобал асуудал болж байна.

Критикал минералын түлхүүр үг нь орчин үеийн технологид зайлшгүй шаардлагатай, ногоон эдийн засгийн шилжилт, ханган нийлүүлэлтэд тасалдал үүсэх, үүнээс болж зарим улсын эдийн засаг уналтад орж магадгүй, зогсонги болж магадгүй үед ийм үгийг ашиглаж тэрний эсрэг авах арга хэмжээ болгож чухал ашигт малтмалын тодорхойлолтыг гаргаж ирж байна.

Критикал минералын яриа олон улсад эрчимжих болсон шалтгаан нь 2021 оноос хойш чухал ашигт малтмалын жагсаалтыг томоохон улсууд шинэчилсэнтэй холбоотой. Шинэ критикал минералыг стратегидаа оруулах нь “моод” болчихоод байгаа. Ингэж зарлахгүй бол хоцрогдсон болж харагдах гээд байх шиг байна. Критикал минералын олборлолт, баяжуулалт, салгалт, ангижруулалтад БНХАУ, Австрали, АНУ гэсэн гуравхан улс байна. Үүнийг хамгийн том эрсдэл гэж үзэж байна. Үүний эсрэг улс орнууд өөрийн бололцоонд тааруулж арга хэмжээ авч байна. Японы хувьд дипломат маягаар критикал минералыг нөөцөлье гэсэн арга хэмжээ авч байна. Харин АНУ цөөн тоглогчтой энэ байдлыг задлахыг зорьж байна. Үүнийг Төрийн департментын түвшинд дотоодын эдийн засгийн хөгжилтэй холбон хийж байна. Өнгөрсөн жил Инфляц бууруулах хуулийг гаргасан. Энэ хууль АНУ-д ажлын байрыг нэмэгдүүлэхдээ ногоон эрчим хүч рүү шилжих үйлдвэр рүү чиглэсэн. Үүнд шаардлагатай түүхий эдийг дотоодоос болон эсвэл АНУ-тай Чөлөөт худалдааны гэрээтэй орнуудаас хангана. Дээр нь Чөлөөт худалдааны гэрээ байгуулаагүй Японтой өнгөрсөн гуравдугаар сард зөвхөн критикал минералын тухай худалдааны гэрээ байгууллаа.

АНУ-ын хувьд ийм зүйл хийж байна. Энэ нь өөрөө Япон, Өмнөд Солонгос зэрэг бусад оронд болгоомжлол төрүүлж байгаа. Яагаад гэхээр инфляцыг хязгаарлах хуульд цахилгаан автомашин АНУ-ын иргэн худалдаж авсан тохиолдолд 7500 ам.долларын хөнгөлөлттэй. Гэхдээ цахилгааны машины эд анги, тэр дундаа батарей нь 2027 оноос өмнө бол 40 хувь нь АНУ-ын нутаг дэвсгэр эсвэл АНУ-тай гэрээтэй орнуудаас байх, цаашлаад 2030 гэхэд илүү өндөр байх хатуу заалттай болсон. Нарны батарей, салхин сэнс гэхэд АНУ-д үйлдвэрлэсэн болон гэрээтэй орнуудаас авсан бүтээгдэхүүнээр хийсэн тохиолдолд татварын хөнгөлөлттэй. Том гүрний ийм бодлого нь өөрөө дэлхийн биржийг өөрчлөхөөр харагдаж байна. АНУ критикал минералын зах зээлийг задална гэдгээ PDAC-2022 хурал дээр илэрхий зарласан. АНУ-ыг олон улс харж байна. Ингэхээр Монгол Улс критикал минералын жагсаалтыг зарлах уу. Хөгжилтэй улсуудын хийдэг зүйл биш юм уу гэдэг асуулт гарна. 2020 оноос өмнө бол үнэн. Өнөөдөр байдал өөрчлөгдсөн.

Өнгөрсөн жил гэхэд Канад критикал минералд юуг оруулахаа зарласан. Зэсийг хүртэл оруулсан. Австрали бас зарласан. Энэ нь асуудал болж байгааг харуулж байна. Нөгөө талаас АНУ-ын талд байгаа гэдгээ харуулж зоригтой зарласан. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Япон, АНУ, ЕХ, Хятад, Их Британи, Өмнөд Солонгос өөрсөд рүүгээ Австрали, Канад, Конго зэрэг улсуудын баялгийг чиглүүлэх байдлаар хандаж байна. Харин эсрэгээрээ олборлолт хийдэг улсууд үйлдвэрлэл явуулж болох юм биш үү гэсэн байдлаар хандаж байна. Тиймээс Конго, Замби зэрэг улсууд батарей үйлдвэрлэе гэж яриад эхэлсэн. Тиймээс эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орнууд нөөцтэй улсуудыг алдчихгүйн тулд тэднийг анхаарч байна. Критикал минералын зах зээлд Монгол Улс оролцож тоглох боломжтой гэж харагдаж байгаа.

Монгол Улс хэрхэн тоглох вэ гэхээр бид геологийн боломжтой гэдэг. Энэ яриаг сүүлийн 15 жил ярьж байна. Хоосон ярианаас цаашаа хөгжихгүй байна.

Японы гаргасан судалгаагаар хайгуулын салбарт, тэр дотроо лити хайгуулын салбар Чили, Аргентин, никель бол Индонез, Австрали, Бразил, кобальт бол Конго, Австрали, Куба, манган бол Өмнөд Африк, Бразил, газрын ховор элемент бол Хятад, Бразил, Вьетнам гээд хандаж болох улсуудыг нэрлэсэн. Гэтэл Монгол байхгүй. Хайгуул, олборлолт, салгалт, боловсруулалтад ч тэр. Ингэж нэрлээгүй шалтгаан нь Япон, ЕХ, АНУ, Хятад аль ч улсад санаатайгаар Монголыг энэ тоглоомд оруулахгүй гэсэн санаа байхгүй. Зүгээр л бид нар байхгүй байна. Иймээс энэ жагсаалт руу орох алхмуудаа хийх хэрэгтэй. Алхмаа 2030 оноос өмнө хийх үү, хойно хийх үү гэдэг асуултад хариулах шаардлагатай. Өмнө нь критикал минералын түлхүүр үгэнд гарсан ногоон эдийн засагт шилжих шилжилттэй холбоотой. Дэлхий ногоон эдийн засаг руу 2030 он, 2040 он, 2050 он, 2060 он гээд дөрөв алхаж орно гэж байна. Өндөр хөгжил, технологитой, мөнгөтэй орнууд 2030 оноос өмнө хийж чадах зүйлээ хийнэ. 2050 онд хүрэх стратегийн том хөрөнгө оруулалтуудаа 2030 онд амжиж хийнэ гэж байгаа. Тэгэхээр тэд нарын хөрөнгө оруулалтыг татах дипломат яриа хэлэлцээрийн ажлыг 2030 оноос өмнө уралдаж гүйж байгаад хиймээр байгаа.

Бялууны хамгийн том зүсмийг хувааж байсан 2015- 2020 оныг бид анзаараагүй өнгөрсөн. Ядаж 2025 оноос өмнө тэр хуваарилалт руу орчих боломжтой юу гэдэг асуудал бий. Бидний хамгийн эхэнд хийх ажил бол энэ жилээс эхлээд улсын хэмжээний критикал минералын мэдээллийн санг дижитал болгох ажлыг эхлүүлмээр байна.

Дараагийн ажил бол, Япон, АНУ-ын хувьд критикал минерал гадаад яамных нь асуудал болчихсон. Тэгэхээр дипломатуудаа критикал минералын асуудлаар цэнэглэж өгөх хэрэгтэй байна. Манай улс өөрөө Австрали, Канад шиг шууд АНУын талд гэдгээ зарлах боломжгүй. Манай улсын гадаад бодлого улс орнуудын эвийг олоод байж чаддаг. Яг энэ уламжлалт гадаад бодлогын суурин дээрээ критикал минералын гадаад бодлогыг боловсруулж, улс орнуудтай ярих ёстой. Критикал минералын дипломат бодлогыг хэрэгжүүлж чадахгүй бол критикал минералын салбар ахихгүй. Яагаад гэхээр Халзан Бүрэгтэй, Мушгиа худаг, Лугийн голын лицензүүд 2000-аад оноос хойш нэг ч ахиагүй нь дипломат хариулт байгаагүйтэй холбоотой. Ганц, хоёрхон ордын төлөө томоохон улсууд гео стратегиа өөрчилж орж ирье гэж хэлэхгүй. Харин дижитал болгочихсон тэр датагаа харуулбал өөр хэрэг. Тэгэхээр критикал минералын асуудал Монгол Улсын гадаад харилцааны эхний асуудал болж хувираад байна. 

Майнинг Инсайт сэтгүүл, тавдугаар сар 2023