ЭТТ: Эхний 7 сард нийт 14.4 сая тонн нүүрс экспортолсон

2023 оны эхний 7 сарын байдлаар "Эрдэнэс Тавантолгой” компани 14.4 сая тонн нүүрс экспортолжээ. Нийтдээ 1.4 тэрбум ам.долларын борлуулалт хийж 2022 оны бүтэн жилийн борлуулалтыг 125 хувиар, орлогыг 131 хувиар давуулан биелүүлсэн байна. Энэ үзүүлэлт нь компанийн түүхэн дэх хагас жилийн хамгийн өндөр борлуулалтад тооцогджээ.

Мөн хугацаанд улс болон орон нутгийн төсөвт 1 наяд 486.5 тэрбум төгрөгийн татвар, төлбөр, хураамж төлсөн байна. Үүнээс АМНАТ-т 936 тэрбум, аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 501.2 тэрбум, бусад төрлийн татварт 49.3 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүлээд байна.

“Эрдэнэс Тавантолгой” компани (2023.02.09) Монголын хөрөнгийн биржээр 38 удаагийн цахим арилжаагаар 298.6 сая ам. доллар бүхий 2.69 сая тонн хатуу коксжих, сул коксжих, эрчим хүчний нүүрс борлуулжээ.


Биржийн цахим арилжаанаас 70 орчим сая ам.долларын нэмэлт орлого олж, коксжих нүүрсний үнийг 119-182 ам.долларт болон эрчим хүчний нүүрсний үнийг 58.7-73.3 ам доллар хүргэж борлуулсан байна.

2022 оны аравдугаар сард онцгой дэглэм тогтоосноос хойш “ Эрдэнэс Тавантолгой” компаний борлуулалт 4.1 дахин, нүүрс тээвэр 3.9 дахин, экспорт 2 дахин, олборлолт 2.7 дахин иус тус нэмэгджээ. Өнгөрсөн жил 11.5 сая тонн нүүрс экспортолж, 1.1 тэрбум ам.долларын борлуулалттай ажилласан.