Критикал минералыг чухалчлахын учир

Э.МИШЭЭЛ
misheel@mininginsight.mn

Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл олон нийтийн хэлэлцүүлэгт ороод багагүй хугацаа өнгөрч байна. Төсөлтэй холбоотой саналыг Ажлын хэсэг байнга авч байгаа бөгөөд тавдугаар сарын дунд үеийн байдлаар 1200 гаруй санал ирсэн гэж мэдээлэв. Хуулийн төсөлд “Чухал ашигт малтмал” гэсэн шинэ бүлэг орсон нь хэлэлцүүлгүүдийн үеэр критикал минерал гэх ойлголтыг тайлбарлах шаардлагатай гэсэн байр суурь цөөнгүй гарч байсан юм. Тухайлбал, дөрөвдүгээр сарын 5-нд болсон хуулийн төслийн хэлэлцүүлэгт компаниудын төлөөлөл критикал минерал гэж юу болохыг тайлбарлаж өгөхийг, критикал минералын жагсаалтыг Засгийн газар батлахын учрыг тодруулахыг хүсэж байв. Түүнээс хойш сар гаруйн дараа АМТХ-ийн шинэчилсэн найруулгын төслийн өөр нэг хэлэлцүүлгийн үеэр мөн л дээрх асуулт давтан тавигдаж байсан. Монгол Улс анх удаа критикал минералаа тодорхойлох гэж байгаа энэ үед критикал минерал гэх ойлголт анх бий болсон нөхцөл хийгээд, өнөөгийн дэлхий ертөнцөд улс орнуудын чухал гэж үзэж буй ашигт малтмал тойрсон мэдээллийг хүргэж байна. 

АНУ, БНСУ, Япон улсын хувьд...

Олон улсын энергийн агентлаг критикал буюу критикал минерал гэдэгт зэс, лити, никель, кобальт, манган, бал чулуу болон газрын ховор элементийг оруулан авч үзсэн. Ингэж үзэхийн шалтгаан нь нүүрстөрөгч ялгаруулдаггүй технологи буюу сэргээгдэх эрчим хүч, цахилгаан машинд шаардлагатай эрдэс, түүхий эд, ашигт малтмалууд болж байна.

Үндсэндээ критикал минерал гэдэгт нүүрс ашигладаггүй болон ирээдүйн гэгдэж буй бүхий л технологид шаардлагатай ашигт малтмал, элементүүдийг нэрлэж байна. Гэсэн хэдий ч улс орон бүр эрэлт нийлүүлэлтийн нөхцөл байдлаас шалтгаалан, критикал минералыг өөр өөрөөр авч үзэж байна.

Хамгийн анх АНУ критикал минерал гэдэг нэр томьёог Дэлхийн I дайны үед гаргаж иржээ. Үүнд цагаан тугалга, никель, цагаан алт, нитрат, кали гэсэн таван эрдэс баялгийг нэрлэсэн байдаг. Эдгээр нь АНУ-ын газар нутагт ховор байснаас үүдэн, чухалчилж байж. Тэгвэл өнгөрсөн онд АНУ-ын Засгийн газрын агентлаг болох Геологийн албанаас критикал минералын шинэчилсэн жагсаалтыг гаргасан бөгөөд калиг хасаж, никелийг дахин критикал минерал гэж үзсэн бол цагаан алт, цагаан тугалга жагсаалтад хэвээр үлджээ. Бордоо болон тэсрэх бодист голлон ашиглаж ирсэн нитрат өдгөө критикал минерал байхаа больсон байна. Харин никелийг дахин жагсаалтад оруулсан нь эрчим хүчний шилжилтэд тус металлын ач холбогдол цагаан тугалганы адил өндөр байгаатай холбоотой. Хоёул салхины эрчим хүчний турбины түүхий эдэд шаардлагатай. Никелийн нийт хэрэглээний 60 гаруй хувийг металлургийн үйлдвэрлэлд хэрэглэдэг.

2021 онд 2.8 сая тонн никелийн 10 хувь нь цахилгаан машины түүхий эдэд оржээ. Цаашид цахилгааны машины эрэлт хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр ач холбогдол нь улам өндөр болно гэсэн үг. Хэрэв нэг тээврийн хэрэгсэлд 40-50 кг никель орно гэж тооцвол 2030 он гэхэд 3.8 сая тонн, зарим судлаачид никелийн эрэлт 6.2 сая тоннд хүрнэ гэж үзэж байна. Энэхүү өөдрөг төсөөллийг Бразилын судлаачид гаргажээ. Бразилын хувьд никелийн нөөцөөрөө Австрали, Индонезийн дараа гуравт, үйлдвэрлэлээр наймд ордог. Никелийн зах зээл дэх АНУ, БНХАУ-ын давамгайллыг бууруулах стратегийн хүрээнд Бразилын ТechMet компанид 30 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм. Монгол Улсын хувьд никелиэр баялаг гэдэг боловч батлагдсан нөөцтэй холбоотой тодорхой мэдээлэл хомс. Өнгөрсөн хоёрдугаар сард БНСУ-тай никель, цагаан тугалга болон бусад ховор металлыг нийлүүлэх сүлжээнд хамтрах хороог байгуулахаар тохиролцсон. Уг үйл явдалтай зэрэгцэн Өмнөд Солонгос лити, никель, кобальт, манган, бал чулуу болон газрын ховор элементүүдийн Хятадаас хамаарах хамаарлаа бууруулах төлөвлөгөөгөө танилцуулсан юм. Дээрх төлөвлөгөөгөөр Хятадаас 80 хувийн хамааралтай буйгаа 2030 он гэхэд 50 хүртэл хувь болгож бууруулахаар төлөвлөсөн байна. Үүний тулд критикал минералын аюулгүй байдлыг хангах стратегид байгалийн баялгийн нөөцтэй улс орнуудтай өндөр түвшний дипломат харилцаа тогтоож, критикал минералын салбарт хөрөнгө оруулалт хийх компаниуддаа туслах зорилгоор зээл, даатгал зэрэг санхүүгийн тусламжийг төрөөс батлан даана гэж тусгажээ. Критикал минерал гэдэгт 33 ашигт малтмалыг тодорхойлох ба стратегийн чухал түүхий эдэд 10-ыг нэрлэж байна. Үүнд лити, никель, кобальт, манган, бал чулуу болон газрын ховор элементээс таван эрдсийг оруулахаар болжээ.
АНУ-ын хувьд цагаан тугалганы нөөц хомс тул чухалд тооцсоор байна. Дэлхийд нийт илэрсэн цагаан тугалганы нөөцийн талаас илүү нь Ази тив, тэр дундаа БНХАУ, Индонезид хамаардаг. Гэхдээ экспортын хувьд Индонез бусад улсаас хол тэргүүлдэг. Хятадын хувьд тавдугаарт оржээ. Харин 2022 онд АНУ нийт цагаан тугалганы хэрэглээ бараг тал хувийг Америк тивийн Болив, Перу улсаас импортолсон байна. Манай улсын хувьд цагаан тугалганы нөөцийг 106 мянган тонн гэж үзэж буй. Энэ нь Азид 6, дэлхийд 17-д орох үзүүлэлт юм. Гэвч тодорхой судлагдаагүй, ашиглах боломжтой ямар ордууд байгаа болон ямар замаар ашиглах тухайд тодорхойгүй байна. Багавтар нөөцтэй хэд хэдэн жижиг ордыг уурхайлж эхлэх талаар яригдаж байна. 2030 оноос эхлэн дэлхийд 50 мянган тонн цагаан тугалганы хомстол үүсэхээр байгааг Олон улсын цагаан тугалганы холбооноос мэдээлжээ. Үүнийг шийдэхийн тулд 1.4 тэрбум ам.доллар шаардлагатай. Япон Улсын хувьд цагаан тугалгыг критикал минералд тооцдоггүй. Гэсэн хэдий ч Туркийн компанитай хамтран, 200 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг тус улсын өмнөд хэсгийн Османие дахь гангийн үйлдвэрт цагаан тугалганы үйлдвэрлэлд хийжээ. Ингэснээр Туркийн дотоодын төдийгүй бүс нутгийн эрэлт хэрэгцээг хангана хэмээн төлөвлөж байна. Гэхдээ Япон дотоодын хэрэгцээгээ хангахын тулд 2021 онд 847 сая ам.долларын түүхий цагаан тугалгыг Индонез, Малайз, Тайланд, Сингапур, Перу зэрэг улсаас голлон импортолжээ. Япон улс Туркт хөрөнгө оруулалт хийсэн нь хоёр улсын цагаан тугалга, төмөрлөгийн үйлдвэрлэлд дэвшил авчрахаас гадна Орос-Украины хэрэг явдалтай холбоотойгоор барьж буй бодлоготой нь холбоотой юм. ОХУ 2020 онд цагаан тугалганы батлагдаагүй нөөцөөрөө тавд орж, цагаан тугалганы экспортын үнийн дүнгийн 2.2 хувийг эзэлж байсан билээ. Япон Улсын хувьд 32 ашигт малтмалыг чухал гэж үзсэн бөгөөд үүнээс гянтболд, кобальт, ванади зэрэг 7 ашигт малтмалын нөөцийг 60- 180 хоногоор нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна.

1984 онд анх критикал минералын жагсаалт гаргаж байсан бөгөөд Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны дэргэдэх Уул уурхайн зөвлөлийн хорооноос гаргажээ. Түүнээс хойш паллади жагсаалтаас хасагдаж, фтор, цахиурын металл зэрэг эрдэс нэмэгджээ.

Эндээс харвал критикал минералд юуг оруулах вэ гэдгийг улс орнуудын Засгийн газар, яам болон хэрэгжүүлэгч агентлагийн түвшинд төрийн бодлогын дагуу шийдэгдэж ирсэн байна. Олон улсын энергийн агентлаг нь АНУ, БНСУ, Япон Улс зэрэг 31 орны Засгийн газар хоорондын байгууллага юм. Иймээс ОУЭА-ын гаргасан критикал минерал гэдгийг 31 орны Засгийн газраас гаргасан шийдвэр гэж зарим талаар үзэж болох ч гишүүн орнууд нь өөр өөрийн онцлог, нөхцөл байдлаас шалтгаалан критикал минерал гэдэгт юуг оруулахаа шийдэж байна. Тус байгууллагын албан ёсны гишүүнчлэлд ОХУ, БНХАУ багтдаггүй.

Анхандаа улс орнууд батлан хамгаалахын болон нөөц, нийлүүлэлт хомсдолтой зарим ашигт малтмалыг нэн чухалд тооцох хандлагатай байсан бол өнөөдөр эрчим хүчний шилжилт, технологийн хувьслаас үүдэн шинэ эрдэс, түүхий эдийн эрэлт нь критикал минералын цар хүрээг улам бүр өргөн болгож байна.

Анх АНУ Дэлхийн I дайны үе, Япон Улс 1984 онд технологийн хөгжлөөс шалтгаалан нөөцийг хомстол бий болохоос урьдчилан сэргийлж, сүүлд БНСУ БНХАУ-ын ихээхэн хамаарлаас гарахын тулд критикал минерал болон стратегийн критикал минералаа тодорхойлж байгаагаас харж болно.

Монгол Улсын хувьд ямар ашигт малтмалууд чухал вэ?

Монгол Улс анх удаа “Чухал ашигт малтмал”- ыг хуульчлах гэж байна. Дээрх улсуудын адил дотоодод нөөц нь хомс боловч хэрэгцээ шаардлагатай ашигт малтмал, эсвэл эдийн засагт чухал нөлөөтэй гэж үзэж критикал минералыг тодорхойлох нь манай улсын хувьд тийм ч оновчтой биш байж мэднэ. Учир нь нүүрс, зэс, алт гэсэн гурван ашигт малтмал экспортын мөнгөн дүнгийн ихэнх хувийг эзэлж, эдийн засгийг бүрдүүлдэг. Мөн хангалттай сайн нөөцтэй. Харин манай улсын хувьд хөрөнгө оруулалт татах үүднээс ойрын хугацаанд ашиглаж болох нөөц нь тогтоогдсон, бүс нутгийн улсуудад чухал гэж үзэж байгаа ашигт малтмалыг оруулж болохоор байна. Ингэхдээ хоёр хөрш, гуравдагч хөрш, хамгийн чухал нь улс орныхоо эрх ашгийн талаас нь харж ашигт малтмалаа тодорхойлох ёстой юм.

Майнинг Инсайт сэтгүүл, тавдугаар сар 2023