“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт тэргүүтэй удирдлагын баг, Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн Эрдэнэт үйлдвэрт ажиллаж, тус үйлдвэрийн 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайланг хэлэлцжээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайланг Ерөнхий захирал Г.Ёндон танилцуулсан байна.
Энэ хугацаанд Эрдэнэт үйлдвэр 19.5 сая тонн хүдэр боловсруулж, 302.7 мянган тонн зэсийн баяжмал болон 2.97 мянган тонн молибдений баяжмал үйлдвэрлэжээ. Нийт 2.87 их наяд төгрөгийн орлого бүрдүүлсэн бол төлөвлөсөн нийт зардлыг 3.1 тэрбум төгрөгөөр бууруулсан байна. Улмаар 548.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улс, орон нутгийн төсөвт нийт 858.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ.
Жилийн хоёрдугаар хагаст 20 сая тонн хүдэр олборлож, 18.3 сая тонн хүдэр боловсруулах зорилттой. Энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 3.9 их наяд төгрөгийн орлоготой ажиллаж төлөвлөгөөг 102.2 хувиар биелүүлэх, улс орон нутгийн төсөвт 1.7 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.
Ерөнхий захирал Г.Ёндон танилцуулагдаа, Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд, төсөл хөтөлбөрийг тойрсон олон асуудал тулгамдаж байгааг онцолжээ. Тухайлбал үйлдвэрлэсэн зэс, молибдений баяжмалын дагалдах элементэд АМНАТ тооцож буй нь “үндэслэлгүй нэмэлт зардал” бий болгодог, АМНАТ-ийн төлбөр их хэмжээний зөрүүтэй тооцогдож буй. Цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэх. Үйлдвэрлэж буй эрчим хүчээ өөрийн өртгөөс бага үнээр нийлүүлж, өндөр үнээр худалдан авч байгаа зэрэг асуудлыг хөндсөн байна.