Геополитикийн зөрчилдөөн, олон улсын байдал, технологийн өрсөлдөөн, түүхий эдийн зах зээлийн чиг хандлагаар Монгол Улсад үүссэн боломж болон эрсдэл, критикал минералын хөрөнгө оруулалтын талаар ССХ-ийн судлаач, эдийн засагч Н.Энхбаяртай Mining Insight-ийн Э.Оджаргал ярилцлаа.
Геополитикийн асуудал ихээхэн хурцадмал байна. Глобал хэмжээний хувьсал өрнөх болов уу?
Аливаа улсын эдийн засгийн гол хүчин зүйлс бол далайн тээвэр, хөрөнгө санхүү, цэрэг армийн технологи юм. Технологиор давамгай улс дэлхийн дэг журамд шийдвэр гаргаж байна. АНУ-ын Ньюхэмшир муж дахь Bretton Woods цанын баазад 30 гаруй орон чуулахдаа Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг байгуулахаар тогтсон. Үүнийг “Bretton Woods-ийн хэлэлцээр” гэж нэрийддэг. 1945 оны хавар ОУВС-гийн үйл ажиллагаа эхэлж, дараа жил нь Дэлхийн банк нээгдсэн. Хоёр жилийн хойно умард Атлантын цэргийн эвсэл болох НАТО байгуулагдсан. Ингэж өнөөгийн яриад буй Дэлхийн дэг журам (Global order) бүрэлдэн тогтсон. Хэдий 70 гаруй жил өнгөрсөн ч одоогийн тогтолцоо хүчтэй хэвээр байна. Энэ нь Орос, Украйны дайн дээр тодорхой харагдлаа. ОХУ-ын эсрэг хамгийн түрүүнд хориг тогтоож, санаачилж оролцсон 50 гаруй улс байна. Эдгээр орныг дэлхийн эдийн засагт эзлэх хувийн жингээр авч үзвэл 60 хувь юм. Зөвхөн Европын холбоо, АНУ, НАТО биш. Энэ чинь дэлхийн дэг журам. Нөгөө талд мөнгө, цэрэг армийн “бяр” суусан Хятад, Орос улс 2015 оноос дэлхийн шинэ дэг журам (Global New order) гэж ярих болсон. Эндээс геополитикийн өнөөгийн хурцадмал байдал үүдсэн. Орос, Украйны зэвсэгт мөргөлдөөнийг дэлхийн геополитикийн судлаачид “Супер гүрнүүдийн тэмцэл”-тэй (Superpower Struggle) зүйрлэж байна. Түүхийн явцаараа өрнөх л зүйл гэсэн санаа юм. Харин геополитикийн өнөөгийн зөрчилдөөн нь эдийн засгийн хүрээнийх тул глобал хэмжээнд өөрчлөлт гарахгүй гэж хувьдаа үзэж байна. Дэлхийн дэг журмын цаана өрнөдийн орнуудад эдийн засаг, банк санхүү, цэрэг армийн хүч байна. Хамгийн гол нь технологи бий. Эдүгээ улс төрийн гэхээс илүүтэй технологийн өрсөлдөөн явж байна.
Цэрэг армийн технологийн өрсөлдөөн гэсэн үг үү?
Чип буюу хагас дамжуулагч бол орчин үед зөвхөн ахуйн хэрэглээ бус арми, шинжлэх ухаан гээд бүх юмны үндэс болж байна. Цаг уурын мэдээний сансрын хиймэл дагуулаар өндөр нарийвчлалтай зураг авч, тооцоолол хийх нь хагас дамжуулагчаас хамаарна. Дэлхийн хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн 70-80 хувийг бүрдүүлдэг Тайванийн TCMC компани 10 нано мм-ийн хагас дамжуулагч үйлдвэрлэж байгаа бөгөөд 3 нано мм-ийн чип үйлдвэрлэх зорилттой. 2025 оноос Intel компани 2 нано мм-ийн хагас дамжуулагч үйлдвэрлэхээр бэлтгэж байна. Ойрын 5 жилд 1 нано ммээс дооших хагас дамжуулагч үйлдвэрлэхээр технологио шийдсэн. АНУ-ын технологийг дэмжих бодлогоор хагас дамжуулагчийн үйлдвэрүүдийг TCMC, Intel, Samsung барьж буй. Саяхан Япон, Өмнөд Солонгос, Тайван, Голланд хамтраад хагас дамжуулагчийг хэвлэх технологийн машиныг Хятадад худалдах хориг тогтоолоо. Мөн тус улсад бага мм нано бүхий хагас дамжуулагч импортлохгүй. Цаашаа Орост дамжуулах магадлалтай гэж үзэж байна. Хагас дамжуулагч бол цэрэг армийн зориулалттай технологи юм. Нөгөөтэйгүүр худалдааны өрсөлдөөн өрнөж байна. Хятадын цэрэг арми, сансрын пуужин хүчтэй хөгжиж буй нэг шалтгаан хагас дамжуулагчийн технологи юм. 10-2 нано мм хагас дамжуулагч гэдэг нь асар нарийвчлал. Өрсөлдөөний нэг шалтгаан энэ. Өрнөдийн орнууд илүү давамгай байх сууриа технологиор шийдэж байна. Ирэх жилүүдэд өрнөдийн орнууд технологийн давуу талаа хадгална.
ТҮҮХИЙ ЭДИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОМ ӨӨРЧЛӨЛТ 2-3 ЖИЛ ӨРНӨНӨ
Дайны хажуугаар олон улсын түүхий эдийн худалдаа, эрэлт нийлүүлэлтийн сүлжээний шинэ хэлбэржилт, эрчим хүчний хямрал, үнэ, инфляц гээд дэлхий дахины өнөөгийн нөхцөлд Та ямар дүгнэлт хийж байна вэ?
Хүйтэн дайн дуусаж дэлхийн эдийн засагт тааламжтай үе үүссэн. Дэлхийн худалдааны байгууллага идэвхэжсэн цаг. Улс орнууд чөлөөтэй худалдаа явуулах, харилцан татвараа бууруулж, худалдааны хориг саадыг багасгах хандлага бий болсон. Тухайн мөчлөгт Хятадын эдийн засаг хүчээ авч 2020 он хүртэл тасралтгүй 8-10 хувиар өсөж ирлээ. Эдийн засаг талаасаа дэлхийн хөгжлийн 3 төв нь Европ, Хойд Америк болон Хятад болсон. Эргээд Хятадын эдийн засгийн өсөлт аажмаар удааширч байна. Дотоодын үл хөдлөх хөрөнгийн хямрал, хүн амын өсөлт нь саарч байна. Дээр нь АНУ-тай худалдааны маргаантай. Украйн дахь дайнтай холбоотойгоор өрнөдийн орнууд Оросын эсрэг хориг тогтоолоо. Дэлхийн түүхий эд, хүнсний томоохон нийлүүлэгч Орос орон хоригийн улмаас нүүрс, газрын тос болон шатдаг хийгээ Европын зах зээлд нийлүүлэх боломжгүй болсон. Үндсэндээ Оросоос хамааралгүй болсноо Европын Холбоо зарлачихлаа. ОПЕК+Орос дэлхийн газрын тосны үнэ тогтоож, чиг хандлагыг тодорхойлж ирсэн. Хоригт орсноор Оросын нефть дэлхийн зах зээл дээр хязгаарлагдсан тул чөлөөт зах зээлийн бодит үнэ тогтохгүй гэсэн үг. Дэлхийн эдийн засгийг тодорхойлдог нефть ОПЕК-ийн, Оросын гэсэн хоёр өөр үнэтэй болж байна. Улмаар дэлхийн түүхий эдийн зах зээл дээр маш том өөрчлөлт гарч байна. Энэ хандлага удаан өрнөх төлөвтэй. Украйнд дайны гал зогссон ч Оросын эсрэг тогтоосон хориг 2-3 жил үргэлжилнэ гэдгийг Өрнөдийн орнуудын банк санхүүгийн байгууллагууд мэдэгдэж байна. ОХУ-ын төр засаг илүү ардчилсан, дайныг дэмждэггүй өөр засаглал тогтоох хүртэл өрнөдийн орнуудын хориг үйлчилсэн хэвээр байх нь. Хойд хөрш Орос орны байдал тун ойлгомжгүй, хаашаа ч эргэж болзошгүй эгзэгтэй байна. Украйн дахь дайн байлдаан хоёр дахь жилдээ өрнөж буй. Дахиад хоёр, гурван жил үргэлжилнэ гэж олон улсын судлаачид үзэж байна. Дайны төгсгөлд юу болох вэ гэдэгт маш олон хувилбар дэвшүүлж байгаа. Тухайлбал Орос хэд хэдэн улсад задарч магадгүй. Тус улсын “Вагнер” цэргийн бүлэглэлийн эзэн Е.В.Пригожин хүртэл Оросын байдал удаан сунжирвал хувьсгал гарч болзошгүйг ярилцлагадаа дурдана лээ. Оросууд өөрсдөө хүлээн зөвшөөрөх боллоо. Инженер, техникч, мэргэжилтнүүд зэрэг оюуны цөм болсон иргэд нь гадаад орнууд руу дүрвэж байна. Үүнийг зогсоохын тулд төрийн алба, цэргийн албан хаагч, өндөр албан тушаалтныг хил давахын хориглож паспортыг нь хурааж эхэллээ. Ийм байдлаар удаан тэсэхгүй. Ийм байдлыг оюунлаг иргэд хүлээн зөвшөөрөхгүй. Дунд хугацаандаа Орос улс тогтолцооны хувьд өөрчлөгдөж болзошгүй гэж олон судлаачид үзэж байна.
Одоо Орос, Хятадын эдийн засгийн ашиг сонирхол юун дээр нэгдэж байгаа бол?
Өрнөдийн орнуудын эсрэг ашиг сонирхол дээр нэгддэг. Дараагийн ашиг сонирхол нь худалдаа эдийн засаг. Орос түүхий эдийн томоохон нийлүүлэгч, Хятад гол хэрэглэгч болоод том зах зээл. Хятадын хувьд өндөр дүнтэй гэрээ байгуулж Оросоос түүхий эд авах нь зарим тохиолдолд ашигтай. Харин цаашдаа стратегийн хувьд Оросын талтай хэлэлцээр хийх нь Хятадын компаниудад илүү түвэг, дарамттай болно. Хятад НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орон.
Монголын нутгаар татахаар Оросын талтай өндөр түвшинд олон удаа яригдсан “Сибирийн хүч 2” хоолойгоор бус Туркменистанаас байгалийн хийн хоолой байгуулж, шатдаг хий худалдан авахаар Хятад улс үндсэндээ шийдчихлээ.
Хятад улс 2021 оны байдлаар жилдээ 32.0-35.0 тэрбум шоо метр шатдаг хийг Туркменистанаас, 10.0 гаруй тэрбум шоо метр шатдаг хийг ОХУ-аас импортолж байна. Миний ойлгож буйгаар, дэлхийн бүхий л улс оронтой худалдаа хийдэг хоёрхон улс бол Хятад, Америк. Хятадын гаалийн худалдааны статистикийг үзвэл Номхон далайн бүх оронтой, арлын улсуудтай худалдаа хийж байна. Асар их сонголттой гэсэн үг. Нүүрсний худалдаан дээр гэхэд л Монголоос гадна Индонези, Канад, Австрали, Орос, Америкаас импортолдог. Орос, Хятадын худалдаа гэдэг манайх шиг компанийн түвшнийх биш, төрийн дээд түвшиндээ нүүрс, хий нийлүүлэх хэмжээгээ тохиролцдог. Өнгөрсөн тавдугаар сард ОХУ-ын Ерөнхий сайд М.Мишустин БНХАУ-д айлчлах явцдаа хоёр улсын хооронд нүүрс нийлүүлэлтийн шинэ хэлэлцээр байгуулахаар ярилцсан.
Оросын түүхий эдийн компаниуд бүгд эдийн засгийн хүндрэлд орж, татварын хүнд дарамтад байгаа. Учир нь тус улс өнгөрсөн жил төсвөө батлахдаа дайны санхүүжилт гээд уул уурхайн компаниуддаа ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт татвар тогтоосон. Компаниудынх нь ашгийн түвшин буурсан, шинэ хөрөнгө оруулалтын бололцоо байхгүй тул гадагшаа түүхий эдийн худалдаа хийх бүх боломжийг ашиглаж байна. Түүхий эдийн үнэ ханшаа ч нэлээд хямдруулсан, энэ нь ч Хятад улсад ашигтай байгаа. Орос түүхий эдийн дэд бүтэцдээ төрөөс түлхүү хөрөнгө зарцуулдаг тул манай дэд бүтцийн бүтээн байгуулалтаас илүү шуурхай шийдэгддэг давуу талтай. Одоо Якутын Эльга ордоос Номхон далайн Агнуурын тэнгисийн зүгт шинэ төмөр замыг өнгөрсөн жилээс барьж эхэлсэн. Эльгийнскийн ордоос Номхон далай руу 486 км төмөр замыг шинээр барьж үндсэндээ 2 жил хагасын дараа дуусгах зорилт тавьж байна. Төмөр зам, дэд бүтэц нь стратегийн хувьд маш чухал гэдгийг Орос улс сайн мэддэг.
МОНГОЛЫН ГАДААД ХУДАЛДААНЫ СТРАТЕГИЙН НЭГ ЧУХАЛ ГАРЦ БОЛ ШИВЭЭХҮРЭН-СЭХЭ БООМТ
Геополитикийн өнцгөөс Украин дахь мөргөлдөөн дуусахгүй үргэлжилсээр байх нь манай улсад ямар хамаарал, алсын үр дагавартай вэ?
Газар зүйн байршлын хувьд хоригт орсон улстай хил залгаа, мөн манай худалдааны томоохон түнш учир Монголд бас л хохиролтой тусаж байна. Манай улсын агаарын орон зайгаар нислэг эрс буурсан. Европоос ирдэг худалдааг авах бололцоогүй. Хамгийн эрсдэлтэй нь Монгол дэлхийн зах зээлтэй холбогдох ганц гарцтай үлдэж байна. Тэр гарц бол Тянжинь боомт юм. Экспортынхоо 84 хувийг бид Хятад улсад гаргаж байна. Харин импортын тухайд Тянжинь боомтын тээвэрлэлт ямар нэг шалтгаанаар тасалдах, саатахад манай улсын бараа бүтээгдэхүүний үнэ хурдтай өсөж, эдийн засаг бүхэлдээ хямралд орох эрсдэл өндөр гэдгийг бид өнгөрсөн 2 жилд тодорхой мэдэрсэн. Өнгөрсөн жил Тайваньтай холбоотой асуудал үүсээд намжлаа. Хятад улс байгуулагдсаны 100 жилийн ой тохиох 2049 онд улсаа нэгтгэх зорилт тавьж байна. Гуравдугаар сард Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлаар “Тайвань бол манай нутаг мөн. Бид улсаа нэгтгэнэ” гэдгээ зарласан. Тиймээс Номхон далайн бүс нутагт энэ хурцадмал асуудал оршсоор байна. АНУ-аас Тайваньд зэвсэглэл нийлүүлж байгаа. Филиппин улсад цэргийн баазуудын үйл ажиллагааг өргөжүүлэх гэрээ байгууллаа. Япон, Өмнөд Солонгосоос эхлээд тоолбол тухайн бүс нутагт АНУ-ын маш олон цэргийн бааз байрлаж байна. Дээр нь нисэх онгоц тээгч далайн тээвэрлэгч бүр нь дагалдагч хөлөг онгоцуудын хамт бүхэл бүтэн нэг флот гэсэн үг юм. Нэг нисэх онгоц тээгч дээр сөнөөгч 70 гаруй нисэх онгоцыг тээвэрлэдэг. Бидний нүдэнд харагдахгүй боловч цэрэг армийн асар их хүч тэнд аль хэдийн байршаад байна. Хятад улс Тайванийг нэгтгэх зорилттой бол нөгөө талд Америкийн цэргийн эвсэл байна. Цаашид Номхон далайн бүс нутагт геополитик хурцдах нь Монгол Улсын хувьд тулгарч болзошгүй томоохон эрсдэлийн нэг гэдгийг бид онцгой анхаарч байх ёстой.
Өөрчлөгдөж буй нөхцөл байдалд манай улс ямар бэлтгэлтэй байх хэрэгтэй вэ? Ер нь Монгол Улсын хувьд цаашдаа дэлхий дахины шинэ чиг хандлагад ямар бодлого чиглэл, байр сууринаас хандах нь зүйтэй гэж Та үзэж байна?
Монгол Улсын экспортын 80 гаруй хувийг бүрдүүлдэг өмнөд хөрш одоогоор манай гадаад зах зээлийн ганц гарц. Геополитикийн аливаа зөрчилдөөнтэй нөхцөлд бид худалдааны түншийн бодлогоор Хятадыг харах ёстой. Мэдээж, төрийн хар хайрцагны бодлогын зэрэгцээ анхаарах асуудал бол эдийн засгийн харилцаа юм. Геополитикийн ямар нэгэн зөрчилдөөн үүсэхэд Монголын эдийн засгийн хохирохгүй байх. Үүнтэй холбоотой өнгөрсөн хавар яригдсан асуудал бол манай улс импортын хоёр дахь гарцтай болох. Энэ нь Шивээхүрэн-Сэхэ боомт юм. Тус боомтыг ихэнх нь нүүрсний экспортын гарц гэж ойлгодог. Сэхэ боомтоос 100 гаруй км-ийн цаана Ази, Европыг холбосон төмөр зам өнгөрдөг. Дэлхийн эдийн засгийн 3 төвийг холбосон төмөр зам. Оросын нутгаар Транссбирийн төмөр замаар транзит ачаа 14 хоног явдаг. Төв Азийн газраар Казахстаны Хоргос боомтоор 10-12 хоногт хүрэхээс гадна олон орноор дайрдаг учир илүү үр ашигтай. Уг дэд бүтцэд Монгол Улс хурдан холбогдож, сул талаа нөхөх нь зүйтэй. Тянжинд асуудал үүсэхэд манай улс Төв Азийн орнууд, Туркээс импортын ачаа бараагаа Сэхэ боомтоор оруулж ирэх боломжтой болно. Стратегийн ач холбогдол талаас Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замыг нарийн царигаар байгуулахаар Засгийн газраас шийдвэрлэсний учир энэ. Хятадын тээвэр логистикийн компаниудтай хамтраад манай экспорт, импортын аж ахуйн нэгжүүд ШивээхүрэнСэхэ боомтын гарц, төмөр замыг маш сайн ашиглах хэрэгтэй.
Баруун босоо тэнхлэгийн төмөр замын ач холбогдол яах вэ? Цаашид ач холбогдол нь буурах болов уу...
Өнөөгийн байдлаар Оросын нөхцөл байдал амаргүй, тогтворгүй байна. Тиймээс Монгол Улс аюулгүй байдал, стратегийн талаасаа дэлхийн эдийн засаг, олон улсын худалдааны Төв Азийн төмөр замд аль болох түргэн холбогдох нь чухал.
“МАНАЙ ӨМЧ” ГЭЖ ЗҮТГЭЭД БИД ТӨМӨР ЗАМ ДЭЭР Ч, ОЮУТОЛГОЙД Ч ӨРТЭЙ ҮЛДСЭН
2022 онд Монгол Улсын хувьд хоёр хөршийн өндөр дээд айлчлалууд болсон бол 2023 онд Европын Холбооны орнуудаас төрийн айлчлалууд цөөн бус товлогдон эхнээсээ хийгдэж байна. Францын Ерөнхийлөгч (2023.05.21) айлчиллаа. Зургаадугаар сард ХБНГУ-ын Эдийн засаг, цаг уурын яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга, Бундэстагийн гишүүн айлчилна. Эдгээр айлчлалууд манай улсад улс төрийн болон эдийн засгийн агуулгаараа ямар ач холбогдолтой вэ? Эдийн засгийн талаас нь харвал хөрөнгө оруулалт татах шинэ нөхцөл, боломжууд үүсэх үү?
“Их 7”-гийн гишүүн орнуудаас Америк, Япон, Германы төрийн удирдлагууд өмнө нь Монголд айлчилсан. Дөрөв дэх нь Франц сая ирлээ. Ялангуяа геополитикийн хурцадмал цаг үед Монголд чухал ач холбогдолтой айлчлал. Нэн тэргүүний манай улсын боломж бол эрчим хүчний хувьд хараат бус болох. Үүнийг шийдвэрлэхэд бидэнд “Их 7” маш чухал. Нүүрсний бус эрчим хүчний эх үүсвэрийг шийдвэрлэхэд өрнөдийн орнуудын технологи, хөрөнгө оруулалт зайлшгүй хэрэгтэй. Оросын талтай ямар нэгэн хил маргаангүйгээр Эгийн голын УЦС-тай адил байгууламжийг манай улс шийдэх боломжтой. Энэ нь Зүүн Өмнөд Азид, урд хөршид өргөнөөр ашиглагддаг усан цэнэгт цахилгаан станцын (pumped storage hydropower) технологи юм. Жишээ нь, Тэрэлжийн сав газарт уулын оройд хиймэл нуур байгуулж, зуны улиралд Туул голын үерээр хиймэл нууранд ус хуримтлуулахад усан цэнэгт цахилгаан станц болно. Өвлийн 17.00-22.00 цагийн оргил ачааллын үед усан цэнэгт цахилгаан станцыг ашиглахад хангалттай хүрнэ. Яг ийм Усан цэнэгт цахилгаан станцыг Японд үзэж танилцах боломж олдож байсан. Токио хотоос 50 гаруй км зайд уулын дунд хиймэл нуур үүсгэсэн усан цэнэгт цахилгаан станцыг барьж ашиглаж байгаа. Энэхүү УЦЦС нь маш богино хугацаанд генаторыг ажиллагаанд оруулах боломжтой тул газар хөдлөлт зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн үед чухал үүрэг гүйцэтгэх боломжтой. “Их 7”-гийн гишүүн орон, манайд хамгийн ойр Японы талтай усан цэнэгт цахилгаан станцын технологийг шийдэх бүрэн бололцоотой. Ийм байдлаар бид эрчим хүчний хараат бус байдлыг бий болгож чадна. 2000 оны эхээр Канадын бизнесмен Роберт Фрийдланд Оюутолгой ордын нээлтээр Монгол Улсын уул уурхайн салбарыг дэлхийд сурталчилж өгсөн. Өнгөрсөн хугацаанд гадны хөрөнгө оруулалтыг манай улс татсан. Ази дайн дажинтай 1920 оны үед Америкийн иргэн Рой Чэпмэн говьд хайгуул хийсэн бүтээлээрээ ном, кино гаргаж дэлхийн палеонтологич, түүх судлаачдад Монголыг шинээр таниулсан. Аль аль нь барууныхан. Өнгөрсөн 100 жилд дэлхийд танигдсан Монголын хоёр брэнд бол үлэг гүрвэл, уул уурхайн салбар. Дэлхийд гаргах дараагийн ямар нэгэн брэндийг монголчууд дангаараа хийж чадахгүй. Тэрийг олж нээх, тогтоох, магад үйлдвэрлэхэд асар их хөрөнгө оруулалт шаардлагатай. Санхүүжилт, технологи, худалдааны сүлжээ, таниулан түгээх, хөрөнгө оруулалт татдаг бүх менежментийн чадавх барууны орнуудад бий. Ойрын 20-30 жилдээ “Их 7”-гийн хүч нөлөөлөл суларна гэж бодохгүй байна. Мөнгө санхүү, технологийн давуу тал, мэргэжилтнүүдийн ур чадвар гээд бүгд байна.
Япон Улсад болсон “Их 7” бүлгийн уулзалтын дараа Францын Ерөнхийлөгч Монголд айлчилж, ураны “Зөөвч Овоо” төсөлд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах товыг бараг тохиролцчихлоо. Энэхүү айлчлалыг янз бүрийн өнцөг, агуулгаар тайлбарлаж байна. Таны хувьд айлчлалын ач холбогдол, үр дүнг хэрхэн ажиглаж байна вэ?
“Их 7”-гийн гишүүн Франц улсын Төрийн тэргүүн 5 цаг манай улсад саатна гэдэг бидэнд ховор боломж. Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад төрийн айлчлал хийхэд Элчин сайд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн болов уу. Мөн “Орано” группын хүчин чармайлт ч бий байх. Монгол дахь Францын Элчин сайд Сэбастиен Сүрүн хэмээх тун чадварлаг мэргэжилтэн манай улсад ажиллаж байгаад олзуурхууштай. Өндөр хөгжилтэй орнуудын өндөр боловсролтой дипломатчид хэр баргийн тоож ирдэггүй. Дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, Франц улсдаа нэр хүндтэй “Орано” групп Монголд ураны “Зөөвч Овоо” төслийг хэрэгжүүлж байгаа нь тун чухал. Саяхан ураны дуулиант төслийг газар дээр нь очиж үзлээ. Тэнд одоогоор үйлдвэр байхгүй. Хоёр кампусын нэг нь ажилчдын орон сууц, нөгөө нь туршилтын үйлдвэрлэлийн жижиг оврын лаборатори байна. Туршилтын үйлдвэрлэл амжилттай өндөрлөөд тайлангаа гаргасан байна. Ураны нөөцийн хэмжээгээр дэлхийд дээгүүрт орох орд байж болохыг тогтоочихсон. Засгийн газар Хөрөнгө оруулалтын гэрээ үзэглэлээ гэхэд уран боловсруулах үйлдвэрийг 4 жилийн хугацаанд барина гэж байна. Энэ үйлдвэр баригдлаа гэхэд Францын “Орано” группын шошготой бүтээгдэхүүн болж гарна. Дэлхийн ураны худалдаа, нийлүүлэлтийн сүлжээний гишүүн “Орано” групп өөрсдөө худалдаагаа хийдэг. Шар нунтаг нь дэлхийн зах зээл дээр чөлөөтэй худалддаг түүхий эд биш. Биржээр ил тод арилжаалдаггүй, хаалттай хүрээнд арилжаалагддаг түүхий эд юм байна. Экспортлоход олон улсын хэлэлцээрээр өөр орны нутгаар дамжин тээвэрлэх нь түвэгтэй. Аюулгүй байдал талаасаа ОУАЭА-т урьдчилж мэдэгдэхээс эхлээд нарийн төвөгтэй үйл ажиллагаа. Онгоцоор зөөж болдоггүй, зөвхөн авто болон төмөр замаар тээвэрлэдэг. Хаагуур тээвэрлэхээс хамаарч Монгол Улс юуны өмнө хөрш орнуудтайгаа гэрээ хэлэлцээрт нэгдэнэ. Зах зээлийн чиг хандлагаас үзэхэд Хятадад шар нунтгийн хэрэглээ улам бүр өсөх төлөвтэй байна. Өнөөгийн байдлаар тус улс атомын цахилгаан станцын 24 реактор шинээр барьж байна. Газар зүйн талаасаа мөн л манай улсад энэ нь таатай боломж болох юм.
Оюутолгойн дараах хоёр дахь том хэлэлцээр боловч “уран” гэхээр нийгмийн эсэргүүцэлтэй тулгарч ирлээ?
Өнгөрсөн түүхээ эргээд нэг анхааралтай харцгаая. Манай улс хамтарсан төмөр замын компани байгуулах гэрээг 1949 онд ЗХУ-тай үзэглэсэн. Хувь нийлүүлсэн нийгэмлэг байгуулж, Монголын тал 49 хувийг эзэмшсэн 368 сая төгрөг (тухайн үеийн ханшаар) нь Оросын талаас 50 жилийн хугацаатай, 1 хувийн хүүтэй рублийн зээл. Оросын их өрийг монголчууд 2003 он хүртэл төлсөн.
Гэтэл дайны цагт Зөвлөлтийн армид Монгол Улс тусламж үзүүлэхдээ хоол хүнс, эд бараанаас гадна 300 кг алтаа өгсөн байдаг. Төмөр замын хэлэлцээрийн зээлийг алтанд шилжүүлээд тооцвол бараг 800 кг. Бид тусламжаар үнэгүй өгсөн алтнаасаа ч бага өрийг 50 жил төлж байж барагдуулсан нь харамсалтай.
Төмөр замын хэлэлцээр, Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ яг адил. Оюутолгой төслийг 34 хувийг эзэмшихдээ зээл авч, тэр нь өр үүсгэчихлээ гээд бөөн хэрүүл боллоо. Аливаа төсөлд төр хувь эзэмших нь ямар үр дагавартай байж болохыг тодорхой харуулсан ийм бодит жишээ, сургамж бидэнд цөөнгүй байна.
Гурав дахь том хэлэлцээрт орохоор болвол “Зөөвч Овоо” төсөлд Монголын тал хувь эзэмших хэрэггүй л болов уу. Хэрэв хувь эзэмших бол 3 хүртэл хувь байхад хангалттай. 3 болон 34 хувийн хооронд чанарын ялгаа үндсэндээ үгүй.
Уран боловсруулах үйлдвэр байгууллаа гэхэд технологийн шийдэл, бүтээгдэхүүний худалдаанд Монголын талаас оролцох төдийлөн шаардлагагүй гэдгээ бид сайтар ойлгоё. Харин байгаль орчны нөлөөлөл, усны нөөц, газраа хэрхэн ашиглуулах, үүнийхээ төлөө ямар төлбөр авах зэрэг гэрээ хэлцэлдээ онцгой анхаарч, эзэмших хувиа зээлээр биш хөрөнгө оруулах хэмжээнд өөрсдөө төлж чаддаг байх хэрэгтэй. Технологи эзэмшсэн, худалдаанд оролцдог мэдлэг, туршлага нь Францын талд байна. Менежментийг хэрэгжүүлэгч тал шийдэг. Ингэж өрнөдийн орнууд хөрөнгө оруулалт татдаг. “Манай төрийн өмч” гэж зүтгээд бид төмөр зам дээр, Эрдэнэт үйлдвэр, Монросцветмет үйлдвэр, Оюутолгойн төсөлд ч ихээхэн өр төлбөртэй үлдэж байсан. Тиймээс олон нийтэд эхлээд зөв ойлголт өгөх ёстой. Шар нунтаг нь АЦС байгуулахтай холбоогүй, технологи Монголд нутагшина, татвар хураамж авна. Гадаад худалдаа, экспорт, валютын урсгал нэмэгдэх зэрэг эдийн засгийн эерэг үр дагавартай болно гэдгээ сайтар ойлголцох хэрэгтэй байна.
Манай улс Атомын цахилгаан станцтай болох талаар Та үзэл бодлоо хуваалцана уу?
Манай улсын хувьд АЦС-тай болох нь хэтийн асуудал. Сүүлийн үед дэлхийд шийдэгдсэн технологи нь цөмийн жижиг капсул хэлбэртэй реактор юм. 20 жилд нэг удаад цэнэглэдэг ганц жижиг реакторыг хожим говийн бүсэд барихад бүх үйлдвэрлэлийг эрчим хүчийг бүрэн хангах боломжтой. Говийн бүс дангаараа эрчим хүчний хангамжаа шийдчих юм бол төвийн сүлжээний өнөөгийн хүчин чадлаараа ч гурван бүсийнхээ эрчим хүчинд хүрэлцээтэй. Хятад, Турктэй адил эрчим хүчний асар их хэрэглээ манайд байхгүй. Хэтдээ Монгол эрчим хүчний асуудлаа шийдэх зарчим нь бичил реактор бүхий АЦС юм. Гэхдээ үүнд урт хугацаа орно.
КРИТИКАЛ МИНЕРАЛ, УРАН, НЭН ЧУХАЛ ТҮҮХИЙ ЭДИЙН САЛБАРТАА
БАРУУНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ ТААТАЙ ҮЕ ИРЭЭД БАЙНА
Өндөр дээд хэмжээний айлчлалуудын гол сэдэвт цэвэр эрчим хүчний шилжилт, тэр дундаа критикал минерал, газрын ховор элементийн чиглэлд хамтран ажиллах асуудлууд хөндөгдөж байна. Монголын ГХЭ хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж чадах уу?
Геополитикийн тогтворгүй өнөө үед Монголын түүхий эдийн нөөц боломжийг барууны орнууд сонирхож байна. Тэд Хятадын критикал минералаас хараат бус болох эрмэлзэлтэй. Үүнийгээ бодлогоор тодорхойлж Европын Холбооны эрчим хүчний болон технологийн талаарх стратегийн баримт бичигтээ тусгаж баталсан. Өрнөдийн орнууд дотооддоо критикал минералын эрэл хайгуулд асар их хөрөнгө зарцуулж байна. Угтуулан манай улс тэр хөрөнгө оруулалтыг татах таатай боломжийг нээж, татвар хураамжаа авч, хамтарсан төсөл хэрэгжүүлж технологи нутагшуулах нэн таатай үе юм. Монголчуудын том боломж нь нөөц тогтоож нээн илрүүлсэн ГХЭ-ийн хэд хэдэн ордтой. Хөрөнгө оруулалт татсанаар нэмэлт хайгуул, өрөмдлөгөөр дэлхийн хэмжээний нээлт хийж юуны магад. Манай оронд илэрсэн эрдэсжилт, ордуудад үргэлжлүүлэн нөөц тогтоох, нэмэгдүүлэх сонирхол өрнөдийн орнуудад бий. Тэгэхээр хоёр талын ашиг сонирхол байна. Критикал минерал, уран, нэн чухал түүхий эдийн салбартаа барууны хөрөнгө оруулагчдыг үргээчихэлгүйгээр манай улс урт хугацааны бодлогоор хамтран ажиллах таатай боломж ирээд байна.
Монгол Улс критикал минералын түүхий эдийн нийлүүлэлтийн сүлжээнд өөрийн байр суурьтай болох боломжтой юу?
Болно. Технологи нь байвал бүрэн боломжтой. Газрын ховор элементийн хувьд Монголд холыг харсан бодлого хэрэгтэй. Манайд илэрсэн газрын ховор элементийн ордууд металлын хольц ихтэй. Хүдэрт 7-8 төрлийн элемент агуулагддаг гэж мэргэжлийн геологчид, эрдэмтэд тайлбарлаж байна. Элемент тус бүрийг салгаж авахад шат шатанд нь боловсруулах технологи нь нарийн, өртөг зардал өндөртэй гэдгийг салбарын мэргэжилтнүүд хэлдэг. Газрын ховор элементийг хүдрээс ялгаж авах, боловсруулах өндөр технологийг өрнөдийн орнууд эзэмшдэг. Нөгөөтэйгүүр, газрын ховор элемент бүрийн эрэлт харилцан адилгүй. Технологийн шинэчлэл, хувьсал нь ГХЭ-ийн эрэлт хэрэгцээг өөрчилж байна. Эхний ээлжинд манайх илрүүлсэн ховор элементүүдээс аль нь ирээдүйд эрэлттэй болох, ямар салбарт ашиглагдах талаар нарийвчлан судлах шаардлагатай.
Голлох 2-3 төрлийн элементийг олборлоно гэж тооцож одоогийн ордуудаа бодитой үнэлэх хэрэгтэй.
Эхэлж ашиглах ордоо сонгож, эдийн засгийн эргэлтэд ээлж дараалалтай оруулъя гэж манай эрдэмтэд, геологичид хэлж байгаа нь зөв юм.
Хөрөнгө оруулалт татахын тулд юунд анхаарах хэрэгтэй вэ?
Монгол Улсын харилцдаг, худалдаа хийж буй Хятад улс дэлхийн хоёр дахь, Орос орон 11 дэх эдийн засаг. Манайхан “Их 7”-гийн орнуудтай том том асуудал ярилцдаг. Тэгсэн хэрнээ хэлснээ хэрэгжүүлдэггүй, хэлэлцсэнээсээ буцдаг. 2011 онд Германы канцлер Ангела Меркел Монгол Улсад айлчлахад газрын ховор элементийг хамтран судлах асуудал яригдсан. Өнөөдрийг хүртэл энэ хэлэлцээнд тусгагдсан асуудлууд үндсэндээ ажил хэрэг болоогүй. Төр засгийн тогтворгүй байдал, мэргэжлийн бус хүмүүс томилогдон ажиллаж буйн улмаас хөрөнгө оруулагчдыг үргээж байна. Хэнэггүй, хайнга, үл тоомсорлосон ийм байдлаа үргэлжлүүлсээр байвал Монгол Улс цаашид олон улсын худалдааны харилцаанд түлхүү оролцож чадахгүй. Ирэх жил УИХ-ын сонгууль тохионо. Ямар ч үр дүн гарсан бай Монголын төр засаг ой санамжтай байж хэлсэн ярьсандаа тууштай байхгүй бол өндөр дээд хэмжээний айлчлалуудын ач холбогдол буурна. Одоогоор Монгол Улсад хөрөнгө оруулах харьцангуй давуу талтай ганц салбар нь уул уурхайн салбар л байна. Эрчим хүчний салбарт багахан боломж байж мэднэ. Хөрөнгө оруулагч бүтээгдэхүүнээ Хятадын зах зээлд гаргахад хил залгаа, дөт талаас нь Монголыг сонирхдог. Манай улсын Хятадтай хийдэг худалдаа хэвийн, тогтвортой, тээврийн үр ашиг өндөртэй, хил боомтын гацаа саадгүй байх ёстой. Дэд бүтцийн таатай нөхцөлийг бүрдүүлж чадах юм бол Монголд хөрөнгө оруулалт орж ирнэ.
ДЭД БҮТЭЦ БОЛ ӨРГӨН ЦАР ХҮРЭЭГЭЭР ХАРАХ ЁСТОЙ ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА, ГАДААД ХУДАЛДААНЫ БОДЛОГО ЮМ
Олон жил яригдсан төмөр замыг 3 чиглэлд барьж, төмөр замуудыг хоёр улсын хилээр холбох ажил хүлээгдэж байна. Төмөр замтай болсноор Монгол, Хятад улсын худалдааны хэтийн төлөвийг Та яаж төсөөлж байгаа вэ?
Үнэндээ, бидэнд их муухай асуудлууд байгаа. 2008 оны үед анхнаасаа нарийн царигийн төмөр зам барихаар хувийн хэвшилд тусгай зөвшөөрөл олгосноо гэнэт эргэж буцаж цуцлаад, өргөн царигаар барихаар шийдсэн. Хилийн бүх л боомтуудаа төмөр замаар холбох асуудлыг өчнөөн жил Хятадын талтай ярьж явсаар ШивээхүрэнСэхэ боомт дээр хоёр улсын Засгийн газрын протоколтой үлдсэн. Өнгөрсөн 10 гаруй жил “ноцолдсоны” эцэст энэ намар Шивээхүрэн-Сэхэ боомтоор холбох гэж байна. Хамгийн дөт, гол боомт ГашуунсухайтГанцмодны боомтын төмөр зам холбогдоогүй. Хоёр улсын Засгийн газар тохиролцож, үзэглэсэн протоколыг манайхан огт хэрэгжүүлдэггүй, дураар зөрчдөг. Ганцмод боомттой холбох Хятадын талын саналыг үл ойшоон, ТТ-ГС төмөр замаа өөрсдийнхөөрөө тавьсан нь газар зүйн байршил болон өндөршилтийн хувьд зөрсөн. Ингэхдээ бүр өргөн царигаар барьчихсан. Нарийн төмөр зам аюултай гээд сууж байх зуур ОХУ нь Алс Дорнодын чиглэлд хоёр ч боомтоороо нарийн царигийн төмөр замаар Хятадтай холбогдоод байна. 10 жил өнгөрсний дараа л бид дэд бүтэц, төмөр зам үр ашигтай байх ёстой, стандартын хувьд харилцан нийцсэн байх ёстойг ойлгож ЗүүнбаянХангийн төмөр замыг хилийн боомт хэсэгт өргөн, нарийн хос царигаар тавилаа. Ерөөс олон улсын жишигт төмөр замын шийдэл, шийдвэрийг улстөрчид гаргадаггүй. Аль нам төрийн эрх барихаас хамааран улсын урт хугацааны стратегийн бодлогогүй явснаар асуудал компанийн “жижиг” эрх ашигт хүрч унасан. Төмөр замын хөгжил бол аль нэг компанийн ашиг сонирхол бус, Монгол Улсын эрх ашиг. Урт хугацаанд хямд өртөгтэй, ачиж буулгах илүү зардал чирэгдэлгүй, өрсөлдөх чадвартай, найдвартай тээврийн дэд бүтэц байх учиртай. Дэд бүтэц нь манай дотоодын гэхээс илүүтэй олон улсын харилцаа, худалдааны асуудал. Цаана нь геополитик, эрчим хүчний хараат бус байдлаас эхлээд өргөн цар хүрээгээр харж сайтар бодож байж шийдэх ёстой бодлого юм.
Өмнөд хөрштэй худалдаагаа ахиулах, тухайлбал манай улс 40-50 сая тонн нүүрс зах зээлд нийлүүлэх зорилтдоо хүрч чадах болов уу?
Хятадын олон сонголттой өрсөлдөөн дунд Монгол Улс 8-9 тэрбум ам.долларын түүхий эдийн худалдаагаа хадгалж чадвал том амжилт. Өнгөрсөн онд Хятад 4.4 тэрбум тонн нүүрс олборлосон. Энэ жил мөн хэмжээнд хүрэх төлөвтэй. Дотоодын олборлолт хангалттай нөхцөлд импорт нь өсөхгүй. Хятадын Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос тогтоодог квотоор Монголоос авах нүүрсний хэмжээ нэмэгдэхгүй байх. Монгол Улс 35 сая тонн нүүрсний нийлүүлэлтээ ойрын 3 жилд хадгалах, ялангуяа Орос эдийн засгийн хоригтой нөхцөлд бид экспортын нүүрсний хэмжээгээ бууруулахгүй байх нь чухал.
Нүүрсний экспортын хувьд жилд 40-50 сая тоннд хүрэх боломж харагдахгүй байна, хүрэх ч боломжгүй.
Гадаад худалдаандаа болгоомжтой хандахгүй бол манай зарим сайд нар байр сууриа илэрхийлэхдээ болгоомжгүй, эвгүй үгсийг хэлж байна. Тэр бүрийг худалдан авагч улс анзаарна. Үнэндээ Монголын нүүрсний худалдааг компаниуд, тэнд ажилладаг цөөн мэргэжилтнүүд хийдэг. Тухайн мэргэжилтнүүд компанийн түвшинд бодохоос улсын хэмжээнд урт хугацаанд асуудлыг төдийлөн мэдэхгүй, алсыг харж чадахгүй. Гадаад худалдааны бодлого, энэ чиглэлийн мэргэжилтэн манайд үнэхээр байхгүй нь өнөөгийн нүүрсний экспортын худалдаа, арилжааны явцаас тодорхой харагдаж байна.
Нүүрсний цахим арилжааг худалдан авагч талаас шүүмжлэх хандлага байх шиг. Асуудал нь юундаа байна вэ?
Манай улсын гадаад худалдаа тун хүнд байдалд орж мэдэхээр байна. Өнгөрсөн жил “нүүрсний хулгай” гэх асуудал нийгмийг цочроосон үед Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг (2022.12.23) баталсан.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг 20 хоног хэлэлцсэн бололтой. Энэ нь түүхий эдийн биржийн үйл ажиллагааг зохицуулсан хууль. Гэтэл тус хуулиар гадаад худалдааг зохицуулах гэж оролдоод, хагас дутуу зүйл хийгээд байна.
Тухайлбал Уул уурхайн бүтэгдэхүүний биржийн тухай хуулийн 14.1-д “Биржийн арилжааны үнийг хил залгаа улсын хилийн боомтын үнээр зарлана”, 14.2 ”Биржийн арилжааны үнэ нь олон улсын зах зээлийн үнэд нийцсэн, тэгш, шударга, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зарчимд үндэслэнэ”, мөн 14.3 “Биржийн арилжааны явцад талууд биржээс зарласан үнийг зөвшөөрснөөр гэрээний үнэ тогтоно” гэсэн нь гадаад худалдааг зохицуулах заалтууд юм. Тэр тусмаа 14.1 зүйл нь Монгол Улсын хуульд байж болохгүйг би удаа дараа анхааруулж байгаа. Гадаад худалдааны нөхцөл нь дэлхий нийтээр олон зуун жилийн туршид хэдийнэ ойлгоод, тогтчихсон жишиг, дүрэм журамтай. Худалдан авагчид бүтээгдэхүүнийг хүргэх худалдагч талын тээвэрлэх нөхцөл юм. Монголын нүүрсний худалдаа хийгддэг “худалдагчийн гаднаас авах”, “хилийн бус тодорхой цэг дээр хүргэх”, “хил дээр хүргэх” нөхцөлүүдийг олон улсад тодорхой заачихсан. Бүгдэд нээлттэй байдаг сонголтыг гадаад худалдааны бодлого талаасаа хуулиар хязгаарлах маш буруу. “Манай нөхцөлөөр ав, авахгүй бол боль” гэсэн утгаар худалдан авагч талыг “дорд” үзэж байгаа хэрэг. Аливаа улс дангаараа хуулиар зохицуулж байсан туршлага дэлхийд байдаггүй. Монгол, Хятад хоёул Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн улс. Олон улсын худалдаанд тогтсон нөхцөл, гэрээ хэлэлцээрээр худалдаагаа явуулна. Монголын нүүрсний хэдэн удаагийн цахим арилжааны ихэнх нь амжилтгүй боллоо. Монголын хөрөнгийн биржийн мэдээллээр 1.3 сая тонн нүүрсний арилжаа хийсэн гэж бичсэн ч хил дээр хүргэсэн нь 600 орчим мянган тонн. Сая хилийн боомтод биднийг томилолтоор очиход, биржээр арилжаалсан нүүрсийг Хятадын тал буулгах талбайгүй гээд хүлээж авахгүй байна. Яагаад? Худалдан авагч талын ашиг сонирхлыг зөрчсөн. Зургаадугаар сарын 30-ны өдрөөс хууль мөрдөгдөж эхэлнэ. Манай улсын гадаад худалдааг Уул уурхай, Сангийн яам, Эдийн засгийн яам хийж ирсэн. Жилд 40 сая тонн нүүрс экспортлохоор төсөвт тооцдог ч хүрдэггүй. Бусад орнууд ийм хэмжээнд хүрэхийн тулд замын зураг гаргаж, өндөр түвшинд айлчилж тохиролцдог, дэд бүтцээ шийдвэрлээд шат дараатай гэрээ хэлэлцээр хийдэг. Гэтэл бид улс дотроо шийдэх гэж оролдоод байна. Гадаад худалдаа гэдэг ганц манай улсын хууль тогтоомжоос хамаарахгүй. Уул уурхайн бүтэгдэхүүний биржийн тухай хуулийг батлахдаа гол зах зээлээ сайтар тооцоолох ёстой. Монгол Улс эрдэс бүтээгдэхүүнээ ганц зах зээлд нийлүүлдэг. Өмнөд хөрш хилээ нэг сар хаахад бид хуулиа хүчингүй болгоё гэхэд хүрэх байх. Өрсөлдөөнтэй зах зээл дээр худалдаа хийж буйгаа бид аль ч түвшиндээ ойлгомоор байна.
Хятадын нийт 27 мужийн 24 нь нүүрсний арвин нөөцтэй. Улсынхаа хэмжээнд нүүрсний 5800 уурхайтай. Дотооддоо хангалттай нүүрс олборлодог, дээрээс нь Оростой төрийн түвшинд нүүрсний нийлүүлэлтийг тохиролцдог, нийлүүлэгч орнуудын өргөн сонголттой зах зээл.
Хятадын хамгийн их нүүрсний уурхайтай, жилд 200 сая тонноос дээш олборлодог мужууд нь Монголтой хил залгадаг. Ингээд үзэхээр манай улс нүүрсээр тийм ч давуу талтай биш. Монгол Улс нүүрсний экспортын хэмжээг 40-50 сая тоннд хүргэх хоёр, гуравхан жил л байна.
МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ЭРЧИМ ХҮЧ ХЯЗГААРЛАЖ БАЙНА
Нүүрсний арвин нөөцтэй хэр нь манай улс цахилгаан станц барьж чадахгүй явсаар өдгөө дотоодын эрчим хүчний салбар хүнд байдалд орлоо. Ахуйн хэрэглээгээ арайхийн импортын цахилгаанаар хангаж байж хэрхэн аж үйлдвэржилтийг сэргээх вэ?
Нарийнсухайтын нүүрсний уурхайд цахилгаан тасалддаг. Бүтээгдэхүүнээ тээвэрлэх гэхээр зам байхгүй. Ийм байдалд бизнес яаж хөгжиж тэлэх вэ. Алтанширээд Газрын тос боловсруулах үйлдвэр барьж байна. Нефть нэрэх үйлдвэр ажиллаад эхэлбэл зогсоох боломжгүй. Дараагийн засвар үйлчилгээ хийгдтэл 365 хоног асаалттай байна. Манай улс газрын тосны бүтээгдэхүүн импортолдог Ангарскийн нефтийн үйлдвэр жилдээ нэг удаа засвар үйлчилгээ хийдэгтэй адил. Өнөөдөр Өмнөговь аймгийн хилийн 3 сум эрчим хүч импортоор авч байна. Баянхонгор аймгийн захын 3 сум мөн адил. Говийн бүсэд ирэх 10 жилд газрын тос, уран, шингэрүүлсэн шатдаг хий боловсруулах, Тавантолгойн нүүрс угааж баяжуулах, хар төмөрлөгийн цогцолбор зэрэг нүсэр үйлдвэрүүд босно. Үйлдвэрлэлийн эрчим хүчийг тасалдалгүй, өндөр хүчдэл унахгүйгээр хангах нөхцөлүүдээ бид бүрдүүлж чадаагүй байна. “Аж үйлдвэржилтийн сэргэлт”-ийн бодлого бодитой хэрэгжих эсэх нь манай улсын эрчим хүчний чадавхаас хамаарна. Монголын эдийн засгийн өсөлт эрчим хүчээр хязгаарлагдсан. Манай улс анх ахуйн хэрэглээний эрчим хүчээ шийдвэрлэхдээ бүх бүс нутгаа хамруулсан систем байгуулсан. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт дэх үйлдвэрлэгчээс 1000 км зайд эрчим хүч дамжуулж байна. Ийм зайд дамжуулсан цахилгааны хүчдэл буурсаар суманд очихдоо гэрэл ч асааж хүчрэхгүй. Бүгд хувьсах гүйдлийн цахилгаан учир алсад дамжуулахад алдагдал их. Эрчим хүчний салбарын технологи хоцрогдсон. Хамгийн түрүүнд хийж чадах шийдэл бол эрчим хүчний системийг төвийн, хойд гэсэн 2 хэсэгт хуваах. Тог цахилгаан нөөцөлж хуримтлуулах, сэргээгдэх эрчим хүчээр дутагдал нөхдөг, оргил цагийн ачааллыг шийддэг технологийн шинэчлэл хэрэгтэй. Манай улсын эдийн засагт уул уурхайн давамгай байдал 2030 он хүртэл хэвээр байх нь тодорхой.
Гэрэл зураг: "Монголын төмөр зам" ТӨҮК, 2023 он
Монголчуудыг тэжээх орд газар, ашигт малтмал говийн бүсэд бий. Гэвч үр ашигтай болгох дэд бүтэц алга. 2009 онд Дэлхийн банкнаас Монголын говийн бүсийн дэд бүтцийн судалгаа тооцоог хийсэн. Яг ийм ажлыг одоо хийх шаардлагатай байна. Тавантолгой орчим өрнөсөн ажлууд ямар ч төлөвлөлтгүй, эмх замбараагүй байна. Төслийн ТЭЗҮ-ийг дутуу хийж уурхайгаас Цагаанхад төмөр зам барьж тууз хайчилсан. Гашуунсухайт боомт хүртэлх хэсгийн төмөр замын ТЭЗҮ-ийг сая ЗТХЯ-наас зарласан. ТЭЗҮ-ийг энэ жил багтааж боловсруулж дуусаж, байгуулахад 2-3 жил зарцуулна. Төмөр замын Тавантолгой өртөөгөө уурхай дотроо барьжээ. Уг нь цаашаа үргэлжлүүлээд Даланзадгад-ШивээхүрэнСэхэ хүртэл холбох төмөр зам шүү дээ. Цаана нь Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замыг холбох ажил эхэллээ. Ийм л уялдаагүй бодлого явж байна.
Дэд бүтцийг уялдаатай, зөв төлөвлөхгүй бол бусад төслүүдийн хэрэгжилтэд саад тээг болно гэж Та хэлж байна уу?
Яг тийм.
Уул уурхай нь зөвхөн ухдаг биш зам тээвэр, гадаад худалдаа, эрчим хүч, боловсон хүчин, технологи, үйлдвэрлэл гэсэн иж бүрдэл. Салбартаа хамааралтай асуудалдаа сайд бүр амбицлаад, төслүүд талын нэг тарамдчихаад байна.
Японы Засгийн газрын зээлээр барьсан шинэ нисэх буудал бол бас л сургамжтай төсөл. Нисэж буух зурвас, терминалыг япончууд барьсан. Бусад дэд бүтцийн байгууламжийг Монголын тал барьсан, бүгд 2-3 жил хугацаанаасаа хоцорсон. Цогцолбор төсөл иж бүрэн байж, нэгэн зэрэг хэрэгжих учиртайг монголчууд бид ойлгодоггүй. Газрын тос боловсруулах үйлдвэрийг бид эхнээс нь зөв ойлгохгүй бол маш онцгой, инженерийн нарийн түвэгтэй төсөл. Түүхий тос дамжуулах хоолой, боловсруулах үйлдвэрлэл, тээвэрлэлт, борлуулалт гэсэн цогц ажил. Өнөөгийн байдлаар эхний хоёрыг шийдэж байна. 1 тэрбум тонн хүчин чадалтай үйлдвэрлэлийг хангах түүхий тос байхгүй. Одоогийн илэрсэн нөөцөөр 30-40 хувийг хангах юм шиг байна. Үйлдвэрийн хүчин чадлыг бүрэн ашиглана гэвэл ОХУ-аас нэмэлтээр түүхий тос авна. Ихээхэн нарийн түвэгтэй инженерийн байгууламж учир үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн хямд гарахгүй. Нэгд, Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй боловч хүүтэй зээлээр барьж байна. Хоёрт, түүхий тос дамжуулах хоолой өндөр өртөг зардалтай. Газрын гүнд булна, цахилгаанаар халаана, насос ажиллана гэх мэт. Шинэ үйлдвэр учир өртөг зардлаа нөхнө, зээлээ төлнө. Үүнээс үзвэл үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнэ нь одоогийн бензин шатахууны үнээс төдийлөн хямдрахгүй, буурахгүй л болов уу. Үүнд төр засаг анхаараад Энэтхэгийн Засгийн газрын зээлийг Сангийн яам дээр бүртгэж, зээлийг эргэн төлөх хувилбар бий. Зээлийн өргүй болж байж Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүний үнэ хямдарна. Тээвэрлэлт, борлуулалтын асуудал төдий л тодорхойгүй байна. Үйлдвэрээс боловсруулан гаргасан түлш, шатахууны ихээхэн хэсгийг төмөр замаар тээвэрлэнэ, түлш шатахууныг тээвэрлэх тусгай вагон цестерн УБТЗ-д одоогоор байхгүй. Борлуулалтын шатанд нефтийн бүтээгдэхүүний төмөр замын суурь бүтцийн асуудал дахиад яригдана. Тээвэрлэлтийн дэд бүтэц нь бэлэн бус байна. Ийм асуудал цаашдаа үйлдвэрлэлийн бүх төслүүдэд тулгарна. Томоохон төслийг иж бүрдлээр нь, цогцоор харж төлөвлөж, бүх талын оролцоотойгоор асуудлаа шийдэж байж л төсөл амжилттай хэрэгжинэ.
Ярилцсанд баярлалаа.
Mining Insight Magazine, Тавдугаар сар 2023