Монгол Улсын хөгжил, дэвшлийн нэг том хүчин зүйл болсон хувийн бизнесүүд хөгжин цэцэглээд 30-аад жилийн нүүр үзэж байна. Тэдгээр бизнесийн тэргүүн эгнээнд МАК зүй ёсоор багтана. Өнөөдрийн МАК-ийг бүтээсэн Б.Нямтайшир захирлыг Mining Insight сэтгүүл тэргүүн зочноороо урьж, Н.Ариунтуяа, С.Болд-Эрдэнэ, Э.Мишээл нар (2024.04.03) ярилцсан юм. Сэтгүүлч бид бизнесийн гайхалтай түүхийг сонсож, бүтээх эрмэлзэл дүүрэн ярианаас нь ихээхэн урам зориг авсан билээ. Уншигч та ч бас улс орны хөгжлийн олон талт асуудлыг хөндсөн энэхүү ярилцлагын дараа бидний бодол мэдрэмжийг хуваалцах биз ээ. Ингээд ярилцлагаа мэлмийд тань өргөн барьж байна.
БИД СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖҮҮЛЭХЭЭР ТӨСӨЛ ЭХЛҮҮЛСЭН
MАК 30 жилийн ойгоороо стратегиэ шинэчилснээ зарласан. Стратегиэ шинэчилсэн нь юутай холбоотой байв? Шинэ стратегийн амин сүнс юу вэ?
Ардчилал, зах зээлийн нийгэм дөнгөж эхэлсний дараа бид бизнесээ эхлүүлсэн. Шинэ тутам тул эргэлтийн тодорхой хөрөнгө бий болгох үүднээс олон улсын худалдаа хийж, түүнээс олсон ашгаараа уул уурхайд хөрөнгө оруулсан. Бага багаар үйлдвэрлэл эхлүүлж, өргөжин хөгжих байдлаар явж ирлээ. Анх алтны чиглэлээр үйл ажиллагаа явуулж, дараа нь канадуудтай хамтарч алтны үндсэн ордын үйлдвэр байгуулсан. 1995-1997 он бол алтны үнэ хамгийн доод цэгтээ хүрсэн үе. Нэг унц алт 250 ам.доллар хавьцаа бараг өртгийн хэмжээнд очсон. Нэг төрлийн ашигт малтмалын үйлдвэрлэл эрхлэх ийм өндөр эрсдэлтэй тул эрэлт хэрэгцээт бусад төрлийн ашигт малтмалын хайгуул, олборлолт руу бодлогоо чиглүүлсэн. Тухайн үед Эрдэнэт үйлдвэр хэрэгцээт нүүрсээ маш өндөр үнээр, доллароор ОХУ-аас авдаг байв. Гэтэл Монголд нүүрсний ордууд нь байдаг. Иймд бид Эрдэнэт үйлдвэрт дотоодоос хямд нүүрс нийлүүлэх эхлэл тавьснаар нүүрсний үйлдвэрлэл рүү орсон. Дотоодын сайн чанарын хямд нүүрсээр хангаж эхэлснээр Оросоос авдаг импорт зогссон. Цаашлаад Дарханы цахилгаан станц, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Улаанбаатар төмөр замын суудлын вагоны нүүрсийг нийлүүлж эхэлсэн. Энэ бол 1998 оны үйл явдал. Дараа нь бизнесээ өргөжүүлэх үүднээс 2000 оноос Элдэвийн уурхайгаас Замын-Үүд - Эрээнээр дамжин Хятад руу нүүрсний анхны экпортыг эхлүүлж байв. Дотоодын зах зээлийн хязгаарлагдмал орчинд үйлдвэрлэлээ хөгжүүлэх, олборлолтоо нэмэгдүүлэх үүднээс экспортын боломжийг судалж үзээд эхэлсэн. 2003 оноос Нарийнсухайтаас экспорт хийсэн. Тэр үеэс МАК эрхэм зорилгоо эрдэс түүхий эддээ тулгуурлан, нэн тэргүүнд шаардлагатай аж үйлдвэрийг хөгжүүлэх гэж тодорхойлсон юм. Бид тав, таван жилээр ямар салбар чиглэл рүү хөгжих үндсэн чиглэлээ тодорхойлдог. Мэдээж бизнест өөрчлөлт орно, төлөвлөсөн зүйлс хэрэгжихгүй нөхцөл үүснэ. Үүнтэй холбоотойгоор жил бүр тодотгол хийж, хамт олноороо хэлэлцүүлэн баталж, жилийн төлөвлөгөөндөө суулгаад явдаг. Энэ бол МАК-ийн хөгжилд хүрсэн нэг хүчин зүйл.
Монголд барилгын материалын үйлдвэрлэл Хятадаас 100 хувь хамааралтай байна. Манайд барилгын ажлын улирал маш богино. Хавар болохоор л Хятадаас цемент импортлох асуудал босдог. Вагон хүрэлцээ муу, өндөр өртөгтэй. Гэтэл цемент үйлдвэрлэхэд ордог 5 төрлийн эрдэс түүхий эд болох шохойн чулуу, гөлтгөнө, хөнгөн цагааны исэлтэй шавар, төмрийн хүдэр, нүүрс бүгд Монголд байгаа. Тиймээс түүнийг эрж хайх, хайгуул хийх лиценз авах, хайгуулын ажил хийх, нөөц батлуулах, түүний үндсэн дээр чанартай цементийн үйлдвэрлэлийг Монголд хөгжүүлье гэх мэтээр улс орондоо, ард иргэддээ хэрэгтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх байдлаар үндсэн чиглэлээ тодорхойлж ирсэн. Өнгөрсөн 30 жилд бид барууны технологийг Монголдоо хөгжүүлэх, монгол залуучууд эзэмшээд явах нөхцөл бололцоог бүрдүүлэхийн төлөө зүтгэсэн. Өөрөөр хэлбэл, түүхий эдийн олборлолтоос нэмүү өртөг шингэсэн аж үйлдвэрлэл рүү шилжсэн 30 жил юм. Тэгвэл өнөө үед дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлт, дулаарлаас үүдэн, нүүрсхүчлийн хийн их үйлдвэрлэлээс татгалзаж, ногоон эдийн засаг руу хандаад байна. Тэр байтугай дэлхийн банк санхүүгийн байгууллагын санхүүжилт өгөх үндсэн үзүүлэлт нь нүүрсхүчлийн хий ялгаруулахгүй байх, ногоон эдийн засагт нийцэх шалгуур болчихлоо. Тиймээс МАК дараагийн 30 жилийн зорилтоо дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх, түүнийг дагасан стандарт шаардлагад нийцүүлж, өөрсдөө хөгжих гэж тодорхойлсон. Нүүрсийг сайжруулж, брикет үйлдвэрлэснээр Улаанбаатарын агаарын бохирдол буурахгүйг өнгөрсөн жилүүдэд харлаа.
Нүүрсийг орлох хийн түлш үйлдвэрлэх боломж байна. Тэгвэл нүүрсхүчлийн хийг багасгах, агаарын бохирдлыг бууруулах зорилго аль аль нь хангагдана.
Монгол Улсад эрчим хүч, нефть бүтээгдэхүүний асуудал ямар их хүндэрснийг улс орон даяараа харлаа. Дутагдаж байгаа эрчим хүчний эх үүсвэрээ нөхөх, аж үйлдвэрийг хэвийн тогтвортой явуулах үүднээс сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэхээр бид төсөл эхлүүлж байна. Мөн ирээдүйд нефть бүтээгдэхүүний хараат байдлаас гарах том зорилт тавьж, устөрөгчийн үйлдвэрлэлийн туршилт судалгаа явуулж байна. Гэхдээ том зорилтууд учраас нэг жилд хийчихгүй, үе шаттайгаар олон жил явах асуудлууд.
МАК нь бидний мэдэхээр 2010-аад оны үеэс л судалгаа хөгжүүлэлт дээр хөрөнгө хүч зардаг байсан. Тухайн үед CTL технологийн судалгаа хийж, нүүрсийг гүн боловсруулах чиглэлээр ажиллаж байсан компаниудын нэг?
Нүүрсийг гүн боловсруулах ёстой гэсэн сэдэл 2000-аад оны үеэс л эхэлсэн. Монгол Улс нүүрсний арвин их нөөцтэй. Гэхдээ ирээдүйд нүүрсний хэрэглээ багасна гэсэн олон улсын судалгаануудыг үндэс болгон, энэ их нүүрсэндээ тулгуурлан хэрхэн нэмүү өртөг шингэсэн нүүрс химийн аж үйлдвэр хөгжүүлэх талаар судалгааны ажил хийсэн. Судалгааны ажил эхлүүлээд Япон, Герман зэрэг өндөр хөгжилтэй орнууд руу залуучуудаа явуулж сургасан, эрдмийн зэрэг хамгаалсан, тодорхой сэдвүүдээр ажилласан. Нүүрснээс нефть бүтээгдэхүүн гаргах, А92, CTL чиглэлийн нүүрс хийжүүлэх төсөл дээр Америкийн компани урьдчилсан ТЭЗҮ боловсруулах хүртэл явсан. Агаарын бохирдлыг бууруулахын тулд хүрэн нүүрсийг Германы технологиор брикетжүүлэх туршилт хийсэн. Нүүрсэнд ямар нэг барьцалдуулагч холихгүйгээр дулааны аргаар өндөр даралтаар цохиж химийн урвал явагдсанаар барьцалдах, хатуу түлш болгох энэ технологийг Европт өргөн дэлгэр ашигладаг. Энэ технологиор Монголын нүүрсэн дээр туршилт явуулахад амжилттай болсон. Гагцхүү өртөг өндөр учраас Монголд хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалт өндөр, ашиггүй төсөл гэсэн тооцоо гарсан. Нүүрсийг гүн боловсруулах туршилт, судалгааны ажлууддаа тулгуурлан, барилгын материал болон нүүрсний чиглэлээр судалгаа хөгжүүлэлтийн газар байгуулж, эрдэмтэн судлаачид, ялангуяа химийн чиглэлийн мэргэжилтнүүдийг түлхүү авсан. Одоо МАК-ийн тусдаа бие даасан охин компани болж, цар хүрээгээ өргөжүүлэн, мэргэжлийн өндөр түвшинд судалгаа, туршилт хийдэг технологийн компани болоод байна. Барилгын материалын чиглэлээр төрөл бүрийн туршиц, судалгаанууд хийж байна. Хүрэн нүүрснээс гуматын бордоо гарган авах туршилт судалгааны ажил хийсэн. Гуматын бордоо гэдэг нь хөрсийг нөхөн төлжүүлж, сэргээдэг ач холбогдолтой органик бордоо. Цаашид үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиглэлээр туршилт, судалгааг үргэлжлүүлж байна. Энэ компани маань тодорхой бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхтэй холбоотойгоор Япон улсаас олон улсын консорциумд оролцох санал аваад байгаа.
2000 оноос хойших энэ бүх судалгаа хөгжүүлэлтэд хэр их хөрөнгө зарсан бэ? Манай улсын хувьд хувийн хэвшлийн компаниуд тэр бүр судалгаа хөгжүүлэлт хийгээд байдаггүй?
Мөнгөн дүнгээр яг таг тодорхой хэлж мэдэхгүй байна. Технологи, судалгаа хөгжүүлэлтгүйгээр үйлдвэрлэл хөгжихгүй. Дэлхийн том компаниуд борлуулалтынхаа нийт орлогын тодорхой хувийг судалгаа хөгжүүлэлтэд зарцуулдаг. Huawei гэхэд жилийн 100 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой. Жил бүр түүнийхээ 10 орчим хувийг судалгаа хөгжүүлэлтэд зарцуулж байна. Ингэж технологи хөгжүүлдэг. Миний мэдэхийн компани болгон дэргэдээ судалгаа хөгжүүлэлтийн нэгжтэй. Энэ бол хөгжлийн процесс. Аливааг болчихлоо гээд ханаж болохгүй. Цементийн үйлдвэр болчихлоо, евро блокийн үйлдвэр болчихлоо гэх биш, цааш нь яаж төгөлдөржүүлэн хөгжүүлэх вэ, яаж нэмүү өртөг шингэсэн бусад төрлийн үйлдвэрлэл хөгжүүлэх вэ гэдэг судалгаа хөгжүүлэлт байнга явж байх ёстой.
Уур амьсгалын өөрчлөлт, технологийн хөгжил, геополитикийн асуудлаас үүдээд уул уурхайн салбарын чиг хандлага өөрчлөгдөж байна. МАК-ийн хувьд энэхүү чиг хандлагатай хөгжлийн бодлогоо хэрхэн уялдуулж байгаа бол?
Дэлхий нийтийн чиг хандлагаас түрүүлэхгүй юм гэхэд хоцорчихгүйхэн шиг хөгжих ёстой.
Уул уурхайн салбарт нэвтэрч байгаа дэвшилтэт техник технологийг Монголдоо нутагшуулаад явахсан гэдэгт амьдралынхаа цаг хугацаа, хүч хөдөлмөр, оюун ухаанаа зарцуулж ирлээ.
Өөдрөгөөр хараагүй бол тэгж хөдөлмөрлөх утгагүй. Бид өнгөрсөн 30 жил үргэлж дардан замаар яваагүй. Биднээс шалтгаалах, шалтгаалахгүй бэрхшээл байнга гарна. Хөрөнгө мөнгө санхүүжилт дутна, банкны өндөр хүүтэй зээл авна. Эргээд төлөх хариуцлага үүрнэ. Хэдий тийм ч дараа дараагийн хөгжлийн үндэс болсон төслүүдийн бэлтгэл ажлыг хийж, суурийг тавих үүднээс тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг зоригтой хийж явсаар өнөөдрийг хүрсэн. 2022 оноос Орос, Украины дайнаас болоод дэлхий дахинаараа геополитикийн маш том хүндрэлтэй учирлаа. Нэн тэргүүнд тээвэр логистикийн асуудал тулгамдаж байна. Дайнаас өмнө дэлхийн бүх л улс орон даяаршихын төлөө явж байлаа. Өндөр хөгжилтэй улс орнууд эрдэс түүхий эдэд нь түшиглээд үйлдвэрлэлийнхээ бүтээгдэхүүнийг тухайн улс оронд нь үйлдвэрлэх нь түгээмэл байсан. Жишээ нь, Германы машин үйлдвэрлэлийнхэн Украинд автомашиныхаа цахилгаан утсыг хийлгэдэг байсан бол одоо дайны улмаас хэцүүдэж байна. Өөрсдөө үйлдвэрлэх гэхээр тодорхой хугацаа, хөрөнгө мөнгө шаардана. Тиймээс бүх л улс орон эргээд бие даасан хөгжлийн бодлого руу явж эхэллээ. Даяаршил гэдэг зүйл байхгүй болж эхэлж байна. Манай улс ч гэсэн аль болох бусдаас хамааралгүй, бие дааж хөгжих боломжоо бий болгох, үндэсний үйлдвэрлэлээ түлхүү хөгжүүлэх хэрэгтэй юм. Өөрийн хүнсний үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэрлэл, аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх бүрэн боломж манай улсад байгаа.
Хараат бус байдал гэснээс Монголд үйлдвэрлэл өргөжин тэлэхэд хамгийн том бэрхшээл болсон эрчим хүчний хараат байдлаас гарах арга зам юу вэ?
Монгол Улс эрчим хүчний хараат байдлаас гарах бүрэн бололцоотой. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд үүнийг гол бодлогоо болгож хэрэгжүүлсэнгүй. Эрчим хүчний хязгаарлалтыг улсаараа мэдэрлээ. Дундговь аймгийн Засаг даргатай уулзахад, хороо, хороогоор нь ээлжлэн тасалж байж Цагаан сараа өнгөрөөлөө гэж ярихыг сонсоод үнэхээр харамссан. Өвөг дээдсээс уламжилсан, ахан дүүсээрээ цугладаг үндэсний ийм сайхан баяраа эрчим хүчээс хамаарч чөлөөтэй хийх бололцоогүй болно гэдэг маш харамсалтай. Эрчим хүчний хараат байдлаас гарахын тулд сэргээгдэх эрчим хүчээ хөгжүүлэх хэрэгтэй. Сэргээгдэхээр үйлдвэрлэсэн эрчим хүчийг төвийн системд холбох тохируулгын асуудал учир дутагдалтайгаас үүдээд сэргээгдэх эрчим хүчийг дэмжихгүй байна. Нөгөө талаар нүүрсний энэ их баялаг нөөцдөө түшиглээд, цахилгаан станцын хамгийн шилдэг технологи болох супер ультра критикалийг хөгжүүлэх боломжтой. Дэлхийн хөгжилтэй улс орнууд бүгд хөгжүүлж байна. Герман улс байгаль орчинд маш өндөр шаардлага тавьдаг хэрнээ 1000 МВт-ын нүүрсний цахилгаан станц ажиллаж л байна. Гагцхүү нүүрс түлж эрчим хүч үйлдвэрлэхэд ялгардаг нүүрсхүчлийн хийгээ шохойн сүүний уусмалд уусгаад гипс буюу барилгын материал үйлдвэрлээд гаргачихаж байна. Ингэж байгаль орчинд үзүүлэх хор нөлөөг арилгаж байна. Яагаад бид ийм технологийг Монголдоо нутагшуулаад, 1000 МВт-ын цахилгаан станц байгуулж болохгүй гэж. Боломж байна шүү дээ. Сүүлийн үеийн мэдээлэл харж байхад өнгөрсөн жил Хятадын Анхай мужид 2200 МВт-ын яг ийм технологийн цахилгаан станц ашиглалтад орсон. Ашигт үйлийн коэффициентийг нэмэгдүүлэх замаар нүүрсхүчлийн хийг бууруулж, бууруулсан нүүрсхүчлийн хийгээ янз бүрийн аргаар буцаагаад боловсруулаад гаргаж байна. Аж үйлдвэр бүү хэл айл өрх, хувь хүний цахилгаан эрчим хүчний хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Тэр хэрэглээгээ дагаад, төрийн бодлогоор эрчим хүчний хөгжүүлэлтийг нэн даруй хийх ёстой. Тийм боломж, эрдэс түүхий эдийн нөөц нь Монголд байна. Өнөөдрийн хэрэгцээт эрчим хүчний эх үүсвэрийг төр засаг шийдэж чадахгүй бол МАК өөрсдийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, эрчим хүчийг шийдэх арга замаа олно.
Боломж бий гэж олон жил ярилаа. Гэхдээ яагаад хийдэггүй юм бэ? Арав гаруй жилийн өмнө л Оюутолгойд, Цагаансуварга тийм хэмжээний эрчим хүч хэрэгтэй гэж бүгд ярьж байсан ч өнөөдөр бахь байдгаараа?
Сонгууль болгоноор намууд амьдрал хөгжөөд цэцэглэчихээр мөрийн хөтөлбөрүүд амладаг. Гэхдээ олонх болж засаг төрөө байгуулсны дараа ард иргэддээ танилцуулж сонгогдсон мөрийн хөтөлбөрийг Засгийн газар ёсчлон биелүүлдэг тогтолцоо манайд алга. УИХ-аар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагддаг ч мөрийн хөтөлбөр 100 хувь тусгагддаггүй. Зарим нь орно, зарим нь орохгүй. УИХ-аас баталсан Засгийн газрын хөтөлбөр ёсчлон биелэгдэж байна уу гэвэл бас л үгүй. Тайлагнадаг механизм алга. Засгийн эрх барих хугацаанд өөр зүйл рүү халиад явах асуудал байнга гарч байна. Улс орны амин чухал асуудлын нэг нь эрчим хүч. Ямар ч Засгийн газар үүнийг хатуу бодлогоор хэрэгжүүлэх ёстой. Төсөвт тодорхой хэмжээний мөнгө суулгаж, барьж байгуулах эхлэлийг тавиад, үргэлжлүүлэн гадаадын зээл тусламжид хамруулаад явсан бол аль хэзээний хэрэгжчих байсан. Гэхдээ манайд зовлон бас байна. Усан цахилгаан станцуудыг ямархуу замаар зогсоов. Аль М.Энхсайханы Засгийн газрын үед Эгийн голын УЦС-ыг Малайзийн хөрөнгө оруулалтаар барих маш бодитой төсөл бут цохигдсон. Оросын тал Чехэд хуурамч компани байгуулан, хамгийн хямд үнийн санал өгч, Малайзийн хөрөнгө оруулалтыг хөөж гаргаснаар төсөл зогссон. Барьчихсан бол өнөөдөр эрчим хүчний хязгаарлалтад орохгүй байлаа. Гадны оролцоотой, эрчим хүчний хараат байлгах иймэрхүү ашиг сонирхолд манайхан автаж алдаад байна. Ганц нэг хуурамч эх оронч дүр эсгэсэн хүмүүс ард түмний төлөөлөл болчихоод буруу зөрүү ойлголт түгээдэг зовлон бас байна. Гэхдээ одоо ийм хүмүүсээ зах зухаас нь таньж эхэлж байгаа нь сайн хэрэг. Энэ жил дэлхийн маш олон оронд сонгууль явагдах нь байна. Улс үндэстнээ гэсэн зорилго, үзэл баримтлалтай улс төрийн нам, хүчин сонгогдох магадлал өндөр болж эхэлж байна. Бид ч гэсэн Монгол Улс, үндэстнийхээ эрх ашгийг дээдэлсэн улс төрийн нам, эвслийг дэмжиж зөв сонголт хийгээсэй гэх хүсэл байна.
МОНГОЛЧУУДДАА ҮЗҮҮЛЖ БАЙГААГҮЙ ХӨНГӨЛӨЛТИЙГ ГАДНЫХАНД ҮЗҮҮЛСЭН ҮЕ БИЙ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Аж үйлдвэржилтийн үндэсний хороонд хүлээн зөвшөөрөгдсөн том бизнесменүүдээ татан оруулж, тодорхой дэд хороонуудыг хариуцуулахад хувийн хэвшлийнхний зүгээс ихээхэн хүлээлт үүссэн. Засаг төр, хувийн хэвшлийнхэндээ итгэл найдвар, эрх мэдэл өгч байна гэж харсан. Гэвч сүртэй зарлаад л нам гүм болчихлоо?
Эрдэмтэн мэргэд, мэдлэг туршлагатай хүмүүсээ ашиглан хөгжлийн асуудлаа шийдвэрлэнэ гэвэл хэн ч гэсэн мэдлэг туршлагаа улс орныхоо төлөө зориулах нь нэр төрийн хэрэг. Би тэгж л хүлээж авсан. Гэхдээ сайхан санаа дэвшүүлж чадаж байна. Харин ажил хэрэг болгож хэрэгжүүлэхдээ саарчихдаг. Гоё эхлээд бодит биеллээ олохгүй унтардаг учраас улс хөгжихгүй байгаа юм. Монгол хүнийхээ хувьд улс орныхоо хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулах үзэл бодол байлгүй яахав. Ийм санал санаачилга маань бодитоор биелээд хэрэгжээд явбал хэнд ч сайхан. Харамсалтай нь тийм биш байна. Миний хувьд төр засагтаа янз бүрийн санал дэвшүүлэх нь бишгүй байсан. Хэрэгжихгүй болохоор өөрсдөө л хэрэгжүүлэхийн төлөө явъя гэсэн хандлагатай болсон. Түүх ярихад 1997 онд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль гарсан. Тухайн үед гадаадын хөрөнгө оруулалт татах нь маш чухал байсан. Гэхдээ хуульд нэг асуудал байлаа. Гадаадын хөрөнгө оруулалт татахын тулд ААНОАТ-аас эхний 5 жилд 100 хувь чөлөөлөх, дараагийн 5 жилд 50 хувь хөнгөлөх нөхцөлтэй. Тэр үед би Төрийн тэргүүн дээр орж, монголчуудаа битгий ялгаварлаач. Монгол Улсаа хөгжилд хүргэхийн төлөө монголчууд бид хөдөлмөрлөх ёстой. Хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байна. Аливаа улс орны бодлого үндэстнийхээ эрх ашиг, өөрийн хүнээ нэн тэргүүнд тавьдаг, дараа нь гадныхан тавигддаг биз дээ гэж хэлсэн юм. Гадны нэлээд хэдэн улс орны хуулийг судалж үзсэн. Тайландын хуульд 51 хувийн хувьцааг тухайн улсын иргэн, компани эзэмшиж, гадаадынхан 49 хувьд нь ордог. Гадныхан татварын хөнгөлөлт эдлэх бол дотоодынхон адил эдлээд явдаг зохицуулалттай. Гэтэл монголчууддаа үзүүлж байгаагүй хөнгөлөлтийг гадныханд үзүүлсэн. Энэ 10 жилд гадны нөхөд маш их орж ирсэн. Бүгдээрээ шахам хөрөнгөжиж мөнгөжөөд гарсан. Гэтэл дотоодын компаниуд ийм тэнцвэргүй орчинд бизнесээ хийсэн. Монголын шинэ залуу бизнесүүдийн хувьд маш хүнд байсан үе. Банкны систем хөгжиж амжаагүй, төслийн санхүүжилт маш өндөр хүүтэй, сарын 3 хувь, жилийн 36 хувийн хүүтэй зээл авч санхүүжилт хийдэг байлаа. Жишээ болгож ярихад ийм л нөхцөл байдлыг Монголын бизнесүүд даван туулж хөгжсөн. Үүнийг мэдэхгүй тул зарим хүмүүс их хялбар аргаар хөлжсөн, зарим нь ч бүр хулгайн аргаар, хууль бусаар хөрөнгөжсөн мэтээр тайлбарлах нь бий. Зарим хүн ч өөрийн үйлдэлтэй адилтгаж, дүгнэлт хийх нь бас байдаг шиг байна.
Таныг Нарийнсухайт, Цагаансуварга зэрэг ордыг мэдээллийн давуу байдлаа ашиглаж авсан гэх ойлголт түгээмэл явдаг. Та энэ талаар нэг их яриад байдаггүй болохоор хүмүүс яригдаж байгаа мэдээлэлд итгэхээс аргагүй?
Тийм технологи Монголд яваад байна. Харамсалтай нь Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүн ийм ярианы эх үүсвэрийг гаргасан юм. Надад янз бүрийн санал тавиад, түүнийг нь хүлээж аваагүй учраас миний эсрэг гаргасан яриа. Хувь хүний асуудлыг би энд яриад яахав. Нямтайшир тагнуулд ажиллаж байхдаа Монголын бүх баялгийг мэдэж аваад өөртөө авсан гэж ярьсан. Үүнд үнэмших хүн ч байна, үнэмшихгүй нь ч байна. Би хэвлэл мэдээллээр нэг их яриад байх биш. Ганц нэг удаа ярихдаа бодит байдлыг хэлсэн. Би 1980 онд тагнуулд ажилд ороод, 1984 онд халагдсан хүн. Тухайн үед Монголын геологи, уул уурхайн мэдээлэлтэй танил байгаагүй. Өөр төрлийн ажил хийдэг байсан. Тэр үед арваад жилийн дараахыг харж, 1990 онд нийгэм өөрчлөгдөж, ардчилал чөлөөт зах зээлийн нийгэмд шилжих юм байна. Би тэр үед ийм ийм зүйлийг авах ёстой юм байна гэж хэн бодож сэтгэж чадах вэ. Ийм барьцгүй, ямар ч логикгүй зүйлийг Ерөнхий сайд байсан хүн ярихад итгээд байдагт харамсдаг. Лицензийг яаж авсныг асууж тодруулж болно. Шалгаад үзэж болно. Бүх мэдээлэл нь нээлттэй байгаа. 2000 оны үед Өмнөговийн Тунгалаг гэж залуу нүүрс олборлож экспортлох гэж яваад маш их хүнд байдалд орчихоод надтай ирж уулзсан юм. Өвөр Монголоос 1 сая гаруй ам.долларын техник тоног төхөөрөмж авчихсан, эргэн төлөх хугацаа нь тулчихсан. Хятад руу дэд бүтэц, зам харилцаа, эрчим хүч байхгүй тул юун экспорт хийх. Татварын байгууллагуудад өчнөөн өр шир үүсээд, цалингаа ч тавьж чадахаа байсан, цалингаа өгөхгүй болохоор ажилтнууд нь уул уурхайн техникүүдийг нь өмчлөөд аваад явчихсан үедээ надад лицензийг аваач гэж санал тавьсан. Нэлээд сайн судалж үзээд, боломж харагдсан тул Нарийнсухайтын лицензийг авсан. Бүхнийг тэгээс эхэлсэн. Нарийнсухайт дээр МАК ганцаараа ч бизнес явуулдаггүй. Энд олон аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. Нүүрсээ зөв зохистойгоор олборлож, экспортлохын ач холбогдлыг манайхан төдий л ойлгодоггүй байсан үе бий. Одооноос л эдийн засагт, улсын төсөв бүрдүүлэхэд ямар жинтэй хувь нэмэр оруулдгийг төр засаг ч тэр, ард иргэд ч тэр ойлгодог болж байна. Ялангуяа Ковидын үед хил гааль хаагдахад нүүрсний экспорт ямар чухал байсан нь ой тойнд ортол мэдрэгдсэн байх. 2012-2015 оны эдийн засгийн хямралын үеэр нүүрсний ихэнх уурхай хаагдсан. Бидний хувьд зах зээлээ алдахгүйн тулд өртгөө боломжийн хэрээр бууруулахаар зүтгэсэн. Зах зээлээ алдчихвал эргээд маш өндөр өртгөөр олж авахад хүрнэ. Цаана нь үйлдвэрлэл явагдаж байгаа учраас хэн нэгнийг хүлээгээд байхгүй, адил чанарын нүүрс худалдаж аваад, үйлдвэрийнхээ горимыг тохируулаад явчихна. Эдийн засаг сайжрах үед бид эргэж очоод нийлүүлье гэхэд бараг л боломжгүй. Тиймээс хямралын үед манай хамт олон зах зээлээ алдахгүй гэж чадлаараа зүтгэсэн. Саналаараа цалингүй чөлөө аваад, сурч боловсроод ирье гээд гадагшаа явсан хүмүүс зөндөө бий. Бид өртгийг хамгийн доод цэгт, ашиг гээд байх юмгүй байхад ажиллуулсан. Тийм үедээ Гурвантэс сум, Өмнөговь аймагт татвараа төлсөөр байсан. Олборлолт, экспорт багасаад ирэхээр ард иргэд хүртэл ойлгоод ирдэг. Бид хориод хязгаарлаад байсан чинь бидний амьдралтай хамааралтай, хэрэгтэй байсан байна гэдгийг тэгэхэд зах зухаасаа ойлгож эхэлсэн. Харин Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар боомтын сэргэлт гэж маш зөв асуудлыг дэвшүүлж, багагүй ажил хийлээ. Боомтын сэргэлт хариуцсан сайд, ажлын албатай болж, бодлого, хууль эрхзүйн хувьд дэмжин ажилласны үр дүн нь өнгөрсөн жилийн 69 сая тонн нүүрсний экспорт.
МОНГОЛ УЛС УСТӨРӨГЧИЙН СТРАТЕГИЙГ ХОЖИМДОЛГҮЙ БАТАЛЧИХ ХЭРЭГТЭЙ
Та нэг төрлийн ашигт малтмалаас хамааралтай байхгүйн тулд алтнаас нүүрс рүү орсон гэлээ. МАК одоо нүүрсний бизнес, зэсийн төсөлтэй. Барилгын материалын салбарт импортыг орлох үйлдвэрүүд байгуулж байна. Дэлхий даяараа критикал минерал ярьж, батарейн түүхий эд рүү хошуурч байгаа энэ үед МАК тренд болж буй буй ашигт малтмалын чиглэлд ямар байр суурьтай байгаа вэ?
Уул уурхайн компанийн хувьд дэлхий дахинд эрэлт хэрэгцээтэй чухал байгаа критикал металл, ашигт малтмалын төрлүүдээс Монголд байна уу гэдгийг судалж байна. Газрын ховор ч юм уу, алтны илрэл байх магадлалтай гэсэн газруудад анхан шатны судалгаа мэдээлэлд үндэслэн орж байгаа. Хэд хэдэн лиценз дээр юу ч байхгүй тохиолдол гарсан. Энэ бол байх л ёстой асуудал, эрсдэлээ хүлээгээд орж байгаа. Байгаа хууль журмын хүрээнд хэний ч албадлагагүйгээр өөрсдөө зөвшөөрөөд, сонгон шалгаруулалтад ороод, хэдэн зуун саяас хэдэн тэрбумаар орж байгаа үйл явц. Гэхдээ өнөөгийн нөхцөлд лиценз авах түвэгтэй болсон. Харин өнөөдөр л жинхэнэ утгаараа мэдээлэлд ойр хүмүүс сонгон шалгаруулалтаар лиценз авч байгаа. Нэг лиценз 4-5 тэрбум төгрөгт хүрч байгаа сураг дуулдаж байна. Гадныхан, ялангуяа урд зүгийнхэн голчлон анхаарлаа хандуулж байх шиг байна. Биднийг баахан лиценз эзэмшдэг гэсэн ойлголт нийгэмд өгч, балбаад байдаг. Тооны хойноос хөөцөлдөхөөс илүү тэр лицензээр ашигт малтмалын орд илэрсэн бол эдийн засгийн эргэлтэд орж, нэмүү өртөг шингэж байна уу гэдэг талаас нь дүгнээсэй. Харамсалтай нь тэгж үйлдвэрлэл эрхэлж байгаа нь маш цөөн байна. Ихэнх нь арилжааны байдлаар лиценз зарах чиглэлд явж байна. Лицензтэй талбай дээр хайгуул хийгээд, нөөцдөө түшиглэн жижиг, том үйлдвэрүүд байгуулаад явсан бол өнөөдөр маш олон хүн ажлын байраар хангагдаж, эдийн засагт том түлхэц болсон байх байлаа.
МАК дараагийн 30 жилд уурхайнуудаа цахилгаанжуулна хэмээн төсөөлж, Huawei-тэй хамтарсан судалгаа хөгжүүлэлтийн төслүүд яригдаж байна. Цагаансуваргын орд ашиглалтад орлоо гэхэд цахилгаанжуулалтын үр дүнд ямархуу уурхай болох бол? Мөн уурхайнуудаа ухаалаг болгон өөрчлөхөд хэр хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах вэ?
Тийм нарийн тооцооллыг одоо хэлэхэд хэцүү. Дэлхий нийтийн хөгжлөөс хоцрохгүй, ухаалаг уул уурхай хөгжүүлэхэд эхний ээлжинд хөрөнгө оруулалт өндөр боловч яваандаа өртөг буурах талтай. Уул уурхайд аюулгүй ажиллагаа эн тэргүүнд тавигддаг. Ухаалаг уул уурхай хөгжүүлснээр хүний хүчин зүйлийн алдаа гарахгүй, янз бүрийн осол гарахгүй. Дээрээс нь техникийн бүтээл сайжирч, өртөг буурах талтай. Энэ бүхнийг тооцон, эдийн засгийн хувьд хөрөнгө оруулалтаа ямар хугацаанд нөхөж чадахаар байна, хэрэгжүүлэх үү, үгүй юу гэдгийг тухайн үедээ шийднэ. Гэхдээ үүний төлөө зорьж байна. Цахилгаанжуулалт, ухаалаг уул уурхай, цахилгаанжуулалтаас гадна дараагийн үе шат болох нүүрсний гүн боловсруулалтын чиглэлээр ажиллана гэдгээ өмнө хэлсэн. Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах үүднээс диметилийн эфирийг эхний бүтээгдэхүүн болгож гаргахаар төлөвлөж байна. Хийгээр дулаанаа хангаснаар Улаанбаатарын агаарын бохирдол эрс буурна гэсэн зорилттой яваа. Мөн диметилийн эфирийг уул уурхайн хүнд машин механизмд түлш байдлаар ашиглаж болно гэдгийг хамтарч ажиллаж байгаа Японы судлаачид хэлдэг. Магадгүй цахилгаан гэхээс илүү хийн түлшинд шилжих асуудал ч байж болох юм. Бас дэлхий нийтээр зорьж байгаа устөрөгчийн хөгжлөөс хоцрохгүй байх эхлэлийг бид тавих ёстой. Саяхан чулуун нүүрснээс устөрөгч гаргаж байгаа евро үйлдвэртэй танилцаад ирлээ. Устөрөгч үйлдвэрлэн, амони гаргаж байна. Амони бол химийн үйлдвэрийн гол түүхий эд. Амонигоос нийлэг мяндсан эд үйлдвэрлэж, хувцасны даавуу хүртэл гаргаж байна. Нүүрсийг гүн боловсруулан, нэмүү өртөг шингэсэн маш олон үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжтой.
Та ОХУ-д сургууль төгссөн, орос боловсролтой, БНХАУ-тай гол бизнесээ хийдэг, гэхдээ таны үйлдвэрүүд бүгд барууны стандарт, технологи байдаг. Энэ ямар учиртай вэ?
Хүмүүс гол төлөв төгссөн сургууль, тухайн улс орныхоо бизнесийн түншүүдтэй хамтран бизнесээ хөгжүүлэх чиг баримжаа барьдаг тал бий. Гэхдээ Монгол Улсын хувьд хоёр том гүрэнтэй хиллэдэг, далайд гарцгүй улс. Түүхээрээ бол энэ хоёр гүрнийг нэгтгэж том гүрэн болгох үндэс суурийг монголчууд тавьсан. Тэгэхээр монголчуудыг энэ хоёр гүрэн хөгжүүлэхгүй байх үндэстэй. Ялангуяа Хятад улсын хувьд ирээдүйд эдийн засгийн хараат байдалд байлгах зорилготой байхыг үгүйсгэхгүй. Нөгөө талаас энэ хоёр гүрэн бол ёроолгүй гэхээр асар том зах зээл. Тиймээс Монгол Улсын тусгаар тогтнолыг бэхжүүлэх үндэс суурь нь өндөр хөгжилтэй улсыг бий болгох юм. Үүний тулд барууны өндөр хөгжилтэй орны техник, технологийг Монголд нутагшуулж, монгол залуус чадварлаг эзэмшиж, Монголдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн олон улсын стандарт шаардлагыг хангасан, зах зээлээ тэлсэн ийм улс орон болох ёстой. Үүний төлөө л зорьж тэмүүлж, үйл ажлаараа ч давхар нотлоод явж байна. Барууны технологийг импортлох нь хоёр талтай. Барууны техник технологийн хөрөнгө оруулалт өндөр зардалтай ч давуу тал нь бүтээл сайтай, шууд төслийн хэмжээнд хүчин чадал хүрдэг, сул зогсолт бага, ашиг орлого өндөр. Хятадын техник технологийн хувьд хөрөнгө оруулалтын зардал бага ч гангийн чанар нь муу учир техник технологийн эвдрэл ихтэй. Энэ хэмжээгээр төслийн хэмжээнд хүчин чадалдаа хүрэхгүй, ашиг бага, сул зогсолт ихтэй. Түүний хэрээр байнга сэлбэг хэрэгслийн хараат байдалд орох талтай. Ийм нөхцөлөөс сэргийлэх гэсэн далд санаа. Энэ нь ч амьдрал дээр батлагдаад явж байна. МАК-ийн цементийн үйлдвэрийг та бүхэн үзсэн. 1 сая тоннын хүчин чадалд ямар ч асуудалгүй хүрч байгаа. Бүрэн автомат, робот хүртэл ажиллаж байгаа. Тиймээс өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүн гаргаж байна. Гол асуудал нь дэд бүтцийн, борлуулалт байдаг. Үүнийг боловсронгуй болгох чиглэлээр ажиллаж байна. Хөрш зэргэлдээ Буриад, Эрхүү мужийнхнаас биднээс цемент худалдаж авъя гэсэн хүсэлт маш их ирсэн. Гагцхүү квот тогтоочихсон, Москвагаас шийддэг, тарифын өндөр татвартай тул бид экспортолж чаддаггүй. Гэхдээ дотооддоо 1 сая тн-ын өндөр чанартай цементийн зах зээл байна. Товчхондоо ийм агуулгаар аль болох барууны өндөр технологийг Монголдоо нутагшуулснаар, аажимдаа гаргаж байгаа бүтээгдэхүүн маань олон улсын зах зээлийн шаардлагад нийцнэ. Нөгөө талаар Монгол Улсын барилгын материал, бусад бүтээгдэхүүн чанартай байх хэрэгтэй. Чанаргүй цементээр барилга барьснаас болж газар хөдлөлтөд нэрвэгдсэн жишээ дэлхий дахинд гарсаар байна шүү дээ.
МАК-ийн компаниуд Хятадаас капитал, хөрөнгөө босгож байна. Иймээс Хятадын талаас танай нүүрсийг авч байхад манайхаас ийм бүтээгдэхүүн аваач, ийм технологи оруулаач гэсэн санал хүсэлт ирэх тохиолдол байдаг уу?
Тийм асуудал гардаггүй. Ямар нэг байдлаар манай зүйлийг аваач, ингээч тэгээч, тэгвэл ингэнэ тэгнэ гэсэн хариу сөрөг асуудал манай бизнесийн үйл ажиллагаанд огт байгаагүй. МАК компани Huawei-тай хамтарч ажиллахаар болж байгаа нь МАК-ийн ирээдүйн 30 жилийн ногоон эдийн засаг, дэлхийн агаар мандал, цаг уурын өөрчлөлт, нүүрсхүчлийн хийг бууруулах гэсэн том эрхэм зорилгын төлөө. Энэ бол нэг компани, нэг улс орны асуудал биш. Дэлхийн нийт хүн төрөлхтний асуудал болчихлоо. Хүн төрөлхтөн эрүүл орчинд амьдрах ёстой. Үүний дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан Ажлын хэсгийг ахалж байгаагийн хувьд ногоон эдийн засаг руу өөрсдөө үйл ажиллагаагаа чиглүүлэх ёстой. Устөрөгчийн үйлдвэрлэл хөгжүүлэх, нүүрсхүчлийн хийг бууруулах зорилт бүхий том төсөл удирдаж байгаа мөртлөө өөрсдийн бизнесийн үйл ажиллагааг нүүрсхүчлийн хий үйлдвэрлэгч хэвээр явуулаад байвал хоорондоо авцалдахгүй. Тиймээс Монголдоо ногоон эдийн засаг хөгжүүлэх санаачилга руу бид зүтгээд байгаа юм. Нэг улсаас хараат байна гэхэд тухайн улсын эдийн засаг, нийгэм, хүн амд ямар хүндээр тусаж байна. Өнгөрсөн оны эрчим хүчний тасалдал, үнэ тарифын өсөлт, нефтийн бүтээгдэхүүний хангалтын асуудал нийт монголчууд бидэнд маш ихээр мэдрэгдсэн, хүн болгоны санаа зовдог зүйл боллоо. Тиймээс аль болох эрчим хүч, эдийн засгийн хараат байдалд орохгүй байх гэдэг нь монголчууд бидний эрхэмлэх гол зорилго байх ёстой. Аль болох нефтийн бүтээгдэхүүний хамаарлыг багасгах үүднээс одоогийн нүүрсхүчлийн хий бага ялгаруулах ухаалаг уул уурхайг хөгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг дорвитой хөгжүүлэх гэх зэргээр олон талаас, алсаа харах хэрэгтэй байна.
Газрын тосны үйлдвэрийн талаар дэмжсэн, шүүмжилсэн янз бүрийн байр суурь явдаг. Найдвартай түүхий эдийн нөөцгүй үйлдвэр яаж ажиллах вэ гэх хүмүүс бий. Таны хувьд үйлдвэрийн түүхий эдийн эх үүсвэрийг баталгаажуулах талаар сонирхолтой шийдэл дэвшүүлж байсан?
Нефть боловсруулах үйлдвэр Монгол Улсад маш чухал гэж санал нэгдээд, барихаар шийдвэрлэн, бүтээн байгуулаад явж байна. Энэтхэгийн Засгийн газрын 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт аваад, үйл ажиллагааг эхлүүлсэн. Нэгэнт зөв гэж шийдсэнээсээ эргэж буцалгүй, харин ч цаг хугацааг шахаж амжилттай хэрэгжүүлэх ёстой юм. Түүхий эдийн хувьд бидэнд байгаа боломж бүрийг харах хэрэгтэй. Дорноговь, Өмнөговийн урд хэсэг, Сүхбаатар аймаг ороод, нийтдээ 13 газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ (БХГ) байдаг гэдэг. Монголын үндэсний компани 1-2 байгаа байх. Бусад нь Австрали, Канад, Хятад зэрэг орны компаниуд байна. Засгийн газрын зүгээс эдгээр гэрээ хэрэгжүүлэгчидтэй нэг бүрчлэн уулзаж, газрын тосны үйлдвэрийнхээ түүхий эдийн хангалтыг баталгаажуулах бодлого явуулах ёстой. Улс орны эрх ашиг, нефть бүтээгдэхүүний хангалтыг хийх үүднээс асуудлыг онцгойлон авч үзээд хуульдаа өөрчлөлт оруулж, татварын дарамтыг зөөлрүүлэн, аль болох уян хатан болгох хэрэгтэй. БХГ-тэй 13 компани тус бүртэй Засгийн газар гэрээ байгуулж, хайгуулын ажлыг эрчимжүүлэх хамгийн таатай нөхцөл бүрдүүлж өглөө, газрын тос илэрвэл газрын тосны боловсруулах үйлдвэрт нийлүүлэх хатуу гэрээтэй явна гэж тохирох юм бол заавал Тамсагаас 400 гаруй км газар хоолой татаж тээвэрлэхээс илүү боломжтой. Манай газрын тосыг жаахан зуурамтгай өтгөн гэдэг. Тийм бол шингэн төрлийн нефть бүтээгдэхүүнтэй холих байдлаар боловсруулалтаа хийх асуудал бий. Би мэргэжлийн хүн биш ч бизнесийн зарчмаар бодоход тэгж байж нефть бүтээгдэхүүний чанар илүү сайжрах болов уу. Гэхдээ технологийн сонголт хийхээс өмнө тухайн түүхий эд дээр технологийн туршилт хийдэг тул үүнийг хийсэн байх. Мэдээж газрын тос дуусаж дундрахгүй зүйл биш. Нөөц дуусаж шавхагдах асуудал гарна. “Петро Чайна”-гийн зарим цооногийн нөөц дуусаж хаасан гээд байдаг. Үүний дараагийн асуудал нь устөрөгч. Зэрэг хөгжүүлээд явах ёстой. Устөрөгчийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратегийг хамгийн анх 2017 онд Япон улс баталсан. Одоогоор дэлхийн 36 улс батлуулаад байна. Монгол Улс хожимдолгүй устөрөгчийн стратеги боловсруулаад баталчих хэрэгтэй. Хөгжлийн зорилтот түвшингүүд, хөрөнгө оруулалт, татварын таатай нөхцөл, гадны хөрөнгө оруулалт татах бодлого зэргээ стратегидээ оруулаад хуульчлаад явбал энэ их нүүрсний нөөц баялаг дээр гадны хөрөнгө оруулалт орж ирж, устөрөгчийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудалд таатай хандана. Гол нь биднээс бүх зүйл шалтгаална. Хууль эрх зүйн орчин зөв, бодлого тогтвортой байвал алтан боломж гарна гэж харж байна.
МИНИЙ ХУВЬД ТӨР ӨӨРӨӨ БИЗНЕС ЭРХЛЭГЧ БАЙХ ЁСГҮЙ ГЭСЭН ХАТУУ БОДОЛТОЙ БАЙДАГ
“Эрдэнэс Монгол” нэгдэл эрх мэдэлдээ байгаа ордуудад түшиглэн, аж үйлдвэр технологийн 6 парк байгуулна гэсэн төлөвлөгөө танилцуулсан. Үүнийг та хэрхэн харж байгаа вэ?
“Эрдэнэс Монгол”-ын аж үйлдвэрийн паркуудын талаар би тодорхой мэдээлэлгүй байна. Бидний ярьж байгаа асуудал бол төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулах ёстой гэдэг зарчим. Монголын хувийн хэвшлийнхэн хөгжөөд, хөл дээрээ босож эхэлж байна. Ийм үед төр заавал өөртөө ачаа үүрэх шаардлагагүй. Төрийн гол зорилго бол аж үйлдвэрлэлийг хөгжүүлж, татвар хураамж авах, ажлын байр бий болгох, ард түмнийхээ амьжиргааны түвшинг сайжруулах. Миний хувьд төр өөрөө бизнес эрхлэгч байх ёсгүй гэсэн хатуу бодолтой байдаг. Манай улсад төрийн өмчит 110 гаруй аж ахуйн нэгж байдаг. Голдуу алдагдалтай баланс гардаг гэх яриа бий. Нөгөө талаар төрийн өмчит компаниас ялсан нам улс төрийн мөнгөө босгодог. Янз бүрийн шахааны бизнесийн асуудал яригддаг. Дэмжигчдээ мэргэжил харгалзахгүйгээр томилдог асуудал бий. Аливаа аж ахуйн нэгж, үйлдвэрийг мэргэжлийн ур чадвартай боловсон хүчин удирдлагыг хангаж байж эдийн засгийн хувьд үр ашигтай байна. Гэтэл Төр яагаад үүнээсээ ангижрах дургүй байна вэ? Миний мэдэхээр төрийн өмчит үйлдвэрийн газруудыг хувьчлах шийдвэр олон жилийн өмнө УИХ-аас гарчихсан. Гэвч хэрэгжүүлэхгүй байна. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг улс төрийн нам хүчин өөрсдийн мөнгөний эх үүсвэр болгох, намын харьяалал бүхий боловсон хүчнээ байршуулах газар болгон хувиргаж байна. Ний нуугүй хэлэхэд тэд нар нь янз бүрийн аргаар хувийн орлогоо нэмэгдүүлэх зорилгыг л агуулж байна. Тиймээс төрийн өмчит газруудыг хувьчлах сонирхолгүй байна гэж би харддаг. Нэгэнт чөлөөт зах зээлийн нийгмийг хөгжүүлж байгаа бол бид төрийн зөв менежментийг системтэй хийх ёстой. Манайд хувьчлал буруу хийгдсэн. Жишээ нь Хятадад төрийн өмчийн үйлдвэр, аж ахуйн нэгжийн хажууд хувийн хөрөнгө оруулалтаар үйлдвэр байгуулах асуудлыг төрийн бодлогоор дэмждэг. Хамгийн шилдэг техник, технологийг нутагшуулахын тулд. Ийм бодлогоор барууны зарим технологийг улам боловсронгуй болгочихсон нь ч байдаг. Тийм аж ахуйн нэгжид алдагдалтай, технологийн хоцрогдолтой улсын үйлдвэрээ өгчихдөг. Үйлдвэрийн чиглэл зорилгыг өөрчлөхгүйгээр технологийг нь шинэчлээд, хөгжүүлээд ирсэн туршлагууд байна. Манайд өнгөрсөн хугацаанд баахан хувьчлал хийсэн. Яг үндсэн чиг үүргийг нь хэвээр хадгалсан уу. Үндсэн чиглэлээ өөрчлөөгүй нь Дарханы нэхий эдлэлийн үйлдвэр, гурилын хэдэн үйлдвэр байх. Гурилын зарим үйлдвэр технологийн дэвшил хийгээд нэлээд боловсронгуй үйлдвэрүүд болчихлоо. Гэтэл аж үйлдвэрийн комбинат яалаа. Байрыг нь түрээсэлж, тоног төхөөрөмжийг нь зараад дуусгасан. Бид өөрсдөө социализмын үед байгуулсан үйлдвэрлэлээ технологийг нь шинэчилж сайжруулаад, хөгжүүлээд явах боломжийг алдсан. Эдгээр үйлдвэрээ яг чиглэлийнх нь гадны хөрөнгө оруулагч, технологи эзэмшигч нарт хувьчлаад Монголын иргэд, компани тэдээс доошгүй хувийн хувьцаа эзэмшсэн байх ёстой гээд хуульчлаад явсан бол өдийд бүх салбар чиглэлээр аж үйлдвэр гайгүй хөгжчих байсан. Ялангуяа хөдөө аж ахуй, малын түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийг устгасан. Дээрээс нь хятадуудын бодлогоор ч устгасан. Бид түүхий эдээ хятадуудад өндөр үнээр өгөөд үндэсний үйлдвэрүүдээ түүхий эдгүй болгосон. Монголчууд өөрсдийн гараар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах ноос, арьс шир боловсруулах, ноос угаах үйлдвэр, сүлжмэлийн үйлдвэрүүдийг дээд зэргийн түвшинд хөгжүүлэх боломжийг үгүй хийсэн. Төрийн бодлого төр, хувийн хэвшлийн түншлэлийг чухалчилж байгаа бол үүнийгээ хөгжүүлэх ёстой. Түүнд нь хувийн хэвшил давамгайлсан байдлаар явах бол төр саад хийхгүй байх хэрэгтэй. Тэгж байж аж үйлдвэрийн парк хөгжинө. Түүнээс биш “Эрдэнэс Монгол” энд тэнд баахан аж үйлдвэрийн парк байгуулна гэвэл хөрөнгө оруулалтаа яаж шийдэх вэ. Төр нуруун дээрээ үүрэх үү. Парк байгууллаа гэхэд менежментийг зөв зохистой аваад явж чадах уу, технологийн сайн шийдлүүд байна уу гээд олон асуудал бий. Дээр нь зөв засаглалтай, зөв менежмент удирдлагатай байх ёстой. Английн Ерөнхий сайд асан төмөр хатагтай Маргарет Тэтчер “Улстөрчдийг өмчөөс холдуулах хэрэгтэй юм байна. Тэгж байж авилга, хээл хахууль арилна. Төрийн өмчөөр дамжиж ашиг орлого олдог улстөрчдийн замыг хаахын тулд төрийн өмчийн аж ахуйн нэгж газруудыг хувьчлах нь зүйтэй” гэсэн байдаг. Хувьчилснаар олон нийтийн хяналтад орж, засаглал сайжирна. Манайд хувьчлахгүй байх сонирхол нь өөрсдөдөө хөрөнгө мөнгөө олох тэр боломжийг гаргахын тулд. Харамсалтай нь тэрийг манай ард түмэн ойлгохгүй байна. 2020 оны сонгуулиар хүүгийнхээ сонгуулийн нэг уулзалтад оролцоход, уурхай, үйлдвэрүүдээ төрд өг гэж байна. Би ч, өгч болноо, өгснөөр та нар юу хүртэх вэ. Тодорхой нэг бүлэглэлийн хөрөнгө мөнгө болоод явна гэдгийг та бүхэн мэдэж байгаа шүү дээ гэхэд тийм гэж байгаа юм. “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцааны ногдол ашиг гээд 100, 200-гаад мянган төгрөг иргэдэд өгөөд ямар ахиц дэвшил гарах юм, гарахгүй шүү дээ. Улс төрийн сонгууль болохоор жаахан амсуулаад л орхичихдог. Ийм л байдлаар төрийн өмч явж байна.
МАК дээр хоёр ч томоохон аж үйлдвэрийн паркийн төсөл яригдаж байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгч болох уу?
Аж үйлдвэрийн паркийг маш их тооцоо судалгаатай зохистой хийх ёстой. МАК-ийн хувьд Аж үйлдвэрийн паркийн тухай хуулийн дагуу парк байгуулна гээд онцгойлон зөвшөөрөл, лиценз аваагүй. Хуулийг уншиж үзэхэд их дарамттай хууль байна лээ. Бид эрдэс, түүхий эдийн нөөц, үйлдвэрүүдийн уялдаа холбоог бодолцон, аж үйлдвэрийн паркийн хэмжээний хоёр том үйлдвэр байгуулахыг зорьж байгаа. Эхнийх нь Хийт бетоны үйлдвэрийн дэргэд. Тэнд хаалга цонхны үйлдвэр барьсан. Хаалга, цонхны хамгийн сүүлийн үеийн боловсруулалт хийдэг бүх тоног төхөөрөмжийг тэнд хийнэ.
Шилийг ганжуулах, нүхлэх, шилээр хийж болох тэр бүх бүтээгдэхүүнийг үйлдвэр дээрээ хийнэ.
Бид Монголын цаг уурын нөхцөлд зохицсон цонхны хуванцар хүрээний түүхий эдийг Орос, Украины дайнаас өмнө Германаас авдаг байсан юм. Дайны улмаас тээвэрлэлтийн өртөг маш өндөр болсон. Хятадынх хэт хүйтэн болон хэт дулааны нөхцөлд гажилт үүсдэг, дулаанаа алддаг тул манай цаг уурын нөхцөлд зохимжгүй. Тиймээс Австрийн хуванцар профиль буюу цонхны хүрээ хийх 100 хувь автомат үйлдвэрийг Монголдоо байгуулахаар шийдсэн. Долоо, наймдугаар сард үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд иж бүрнээр ирчихнэ. Монголын цаг уурын нөхцөлд зохицсон хуванцар шугам орж ирнэ. Ковидын үеэр хил хаагдахад шуудай байхгүйгээс болоод бид цементээ зарж борлуулж чадахгүйд хүрсэн. Цементээ савлахгүй бол барилгын ажлууд явахгүй. Хэдэн мянган километр тээвэрлэж байж шуудай авахад хүрсэн. Хятадуудаас шуудайны хамааралтай байж болохгүй нь гэдэг нь Ковидын өгсөн нэг сургамж. Судалгаа хийж үзэхэд Монголд шуудайны үйлдвэр байгаагүй. Гурил, сайжруулсан түлш, зэсийн баяжмалаас эхлээд бүгд уут шуудайгаа Хятадаас авдаг. Бид Монгол Улсынхаа хэрэгцээг тооцож үзсэний үндсэн дээр Австриас шуудайны үйлдвэрлэл, технологийг нэвтрүүлэх гэж байгаа. Нийлэг утас үйлдвэрлээд, утсаараа сүлжмэл даавуу гарган, даавуугаараа шуудай оёх технологитой. Европын стандартаар хаягдлыг зайлшгүй дахин ашиглах ёстой тул тэдгээр дахин боловсруулалт хийх тоног төхөөрөмжүүд бүгд гэрээндээ тусгагдсан. Урагдсан, хэрэглэх боломжгүйг нь дахин боловсруулаад шинэ бүтээгдэхүүн гаргана. Энэ бол бид өөрсдөө зайлшгүй үйлдвэрлэх хэрэгцээтэй түүхий эдийн шаардлага хангасан үйлдвэр байна. Нэгэнт энэ чиглэл рүү орж байгаа болохоор цэвэр, бохир усны магистралын 1200 мм хүртэл эсвэл 630 мм диаметртай хуванцар хоолой үйлдвэрлэнэ. Насжилт, хүний эрүүл ахуйн шаардлага хангах гээд бүх талаараа ган хоолойноос илүү болсон байна. Хуванцар чиглэлийн үйлдвэр, эдлэлийн үйлдвэр нь дотроо дөрвөн цехтэй нэг үйлдвэр болчихож байгаа юм. Боловсон хүчнээ харилцан бүх шугамууд дээр ажиллах чадвартайгаар сургана. Цемент, блок дээр поддон буюу тавцанг модоор хийснийг нь ашиглаж байна. Модон тавцан эдэлгээ муутай, насжилт бага, эвдрэл их гардаг. Тиймээс бид хуванцарыг зөвхөн түүхий эд үрэл хэлбэрээр оруулж ирж боловсруулах юм. Хуванцарын үйлдвэр маань Аж үйлдвэрийн паркийн нэг л үйлдвэр нь. Одоогийн байдлаар бид өөрсдийн хэрэгцээний поддонуудыг хуванцараар хийж байгаа. Цаашлаад дэлгүүрийн хуванцар сагснаас эхлээд юу л байна, бүгдийг үйлдвэрлэнэ. Барилгын материалыг нийслэлийнхэндээ ойртуулах үүднээс задгай болон ууттай цементийн агуулах, зуурмагийн үйлдвэр байгуулна. Зуурмагийн үйлдвэрийн хувьд Японы технологийг Монголд нутагшуулах үүднээс япончуудад менежментийг нь өгнө. Маш өндөр чанарын бетоноор барилга байгууламж баригдах ёстой гэдэг зарчмаар явна. Монгол Улс газар хөдлөлийн идэвхтэй бүсэд байдаг. Аюулгүй орчинд монголчууд маань амьдраасай гэдэг үүднээс хамгийн өндөр чанарын цемент, өндөр чанарын бетоныг Японы технологиор гаргахыг зорьж байна. Хоёр дахь аж үйлдвэрийн цогцолборыг Дорноговь аймгийн нутаг дахь “Мак Евро Цемент”-ийн үйлдвэрийг түшиглэн байгуулна. Тэнд цементээр хийж болох бүх л төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Шохой, технологийн шохой, гипсэн хавтан, шохойн чулуунаас PVC буюу хуванцар гарган авна. Инженерчилсэн чулуун хавтангийн үйлдвэр байгуулна. Гантиг, боржин чулуун дээр түшиглэн Италийн орчин үеийн үйлдвэрийн технологиор байгуулахаар харьцуулсан судалгаа хийж байна. Бид Монголынхоо боржин чулууны олон дээж явуулсан. Гайхалтай чулуун хавтангууд гарсан. Барилгын материалд хамгийн эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүн бол гипсэн хавтан. Дулаан хадгалах чадвар өндөртэй, хүний эрүүл мэндэд ямар ч сөрөг нөлөөгүй, дуу чимээ тусгаарладаг гипсэн хавтанг Хятадаас зөөж байна. Үүнд гөлтгөнө болон ганц нэг өөр эрдэс ордог. Бид Монголдоо гипсэн хавтан хийх үйлдвэрийн судалгаа хийж байгаа. Шил үйлдвэрлэхтэй холбоотой судалгаа хийгдэж байна. Замын бордюр, зам, гүүрний төмөр бетон хийц, төмөр замын дэр бетон, эрчим хүчний шонгуудыг Япон, Австралийн тенологи, тоног төхөөрөмжүүдээр хийхээр судалж байна. Мөн Даланжаргалан суманд ажиллагсдын орон сууц барихаар төлөвлөж байна.
МОНГОЛ УЛСЫН ДАРААГИЙН 30 ЖИЛИЙН ГОЛ ТҮҮХИЙ ЭД БОЛ ЗЭС
Энэ бүхнийг цогцоор нь харвал валютын гадагшлах урсгалд хэр нөлөөтэй вэ?
Манайхан ойролцоогоор тооцоо хийж үзсэн. Цементийн үйлдвэр байгуулаагүй бол Хятад руу л мөнгөө бариад явна. Энэ нь 250 гаруй сая ам.долларын урсгалыг хаасан гэсэн тооцоо бий.
Үндэсний үйлдвэрлэл гэж бидний зориод байгаа зүйл бол импортыг хаах, өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх асуудал юм.
Ингэж байж л төгрөгийн ханш чангарна, валютын ханш суларна. Цагаансуваргын үйлдвэрийг ашиглалтад орууллаа гэхэд энэ үйлдвэр валютын нэг гол эх үүсвэр болно. Монголбанкны валютын нөөц бүрдэлтэд тодорхой хэмжээгээр эерэгээр нөлөөлнө. Тэр хэмжээгээр төгрөгийн ханш чангарах нөхцөл бүрдэнэ. Энэ мэтээр нийгэмд ач тустай, улс оронд хэрэгцээтэй зүйлсийг хийхийг зорьдог. Миний хүсэл бол Монгол Улсынхаа хөгжилд тустай хэдэн сайхан аж үйлдвэр байгуулах. Хүний нас үнэхээр богино. Юм хийж бүтээхэд маш их цаг хугацаа ордог. Миний баримталдаг нэг зарчим бий. Аливааг тооцоо судалгааны үндсэн дээр яаж хөгжүүлэх вэ гэдгээ бодоод тооцчихсон бол хэлэлцэх биш хэрэгжүүлье гэдэг зарчим. Бага ярь гэсэн үг. Нэгэнт үүрэг чиглэл өгсөн бол өөрөө байнгын хяналтаа сайжруул. Араас нь нэхэл дагал бол. Байнгын нэхэл дагал болж байж аливаа юм хэрэгждэг. Үүрэг даалгавар өгсөн бол эргээд хяналт шалгалт хийхгүй бол ямар ч үр дүнгүй хоосон үг болоод дуусна. Энэ технологи МАК-ийн удирдах түвшинд маш сайн суусан. Хэн нэг дарга захирал үүрэг өгсөн бол өөрөө эргээд шалгана. Тэгж байж заавал хэрэгждэг. Хэрэв өгсөн үүрэг даалгавраа эргэж шалгадаггүй бол хэн ч гэсэн эргээд шалгах биш, хийсэн ч яалаа, байсан ч яалаа гэж л хандана. Манай төрийнхөнд ийм чанар дутаад байх шиг. Дарга нар хөдөө орон нутаг, энд тэнд явахаараа хүндлүүлж, дайлуулахад л анхаараад байдаг. Асуудал руу гүнзгий ороод яг хэрэгжих бодит боломж байна уу, алдаа дутагдал юу байна гэдгийг өөрсдийн биеэр нягталж, түүнийгээ төрийн бодлого болгож дэмждэг байсан бол өдийд зөндөө сайхан хөгжөөд явчих боломж бололцоо их байлаа. Дарханы зам дээр гэхэд л яаж будилав. Дөнгөж эхэлж байхад нь л харамссан. Хуучин замынхаа хажуугаар шинэ эгнээг маш хурдан тавьж, ашиглалтад оруулчихаад дараагийнхаа эгнээ рүү орох ёстой. Ийм шийдвэр гаргахад нэг их боловсрол шаардагдаад байхгүй. Орос жолооч нар бидний энэ байдлыг хараад инээж ханиаж шоолон, толгой сэгсэрч байгаа юм чинь. Хэчнээн жил болов, хэчнээн хүний амь авав. Төр өөрсдөө хийхээр асуудал ийм л болоод байна.
Зэс хайлуулах үйлдвэрийн технологийн ажлын хэсэгт МАК-ийн төлөөлөл ажиллаж байгаа. Ажлын хэсэг ямар сонголт хийж байна вэ? Зэс хайлуулах үйлдвэр барихын ач холбогдол юунд байна вэ?
Монгол Улсын Засгийн газраас Аж үйлдвэржилтийн үндэсний хороог 2023 оны гуравдугаар сард байгуулсан. Үндэсний хороо Нүүрсний гүн боловсруулалт, хөнгөн үйлдвэр, төмөрлөгийн үйлдвэрлэл, зэсийн гэсэн 4 дэд хороотой. Зэсийн дэд хороонд МАК-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Цогт ажилладаг. Зэсийн дэд хорооны зорилго нь Монгол Улсад зэс хайлуулах үйлдвэр барих чиглэлд ерөнхий дүр зургийг гаргах үүрэгтэй. Манай улс зэсийн нөөцөөр дэлхийд 5 дугаарт орж байгаа. Зэс, нүүрс хоёр улсын төсвийн орлогын гол хэсгийг бүрдүүлж байна. Дэлхий нийтийн чиг хандлага нүүрснэээс татгалзах чиглэл рүү явж байна. Монгол Улсын хувьд хөгжлийн дараагийн 30 жил, гол түүхий эд юу байх вэ гэдэг асуудал зайлшгүй тулгарч байгаа. Хариулт нь зэс. Дэлхийд зэсийн эрэлт хэрэгцээ өдрөөс өдөрт нэмэгдэж байна, түүнийг дагаад үнэ ч тогтвортой байх юм шиг байна. Өнөөдөр Монгол Улсад зэсийн хэдэн том орд бий. Оюутолгой, Эрдэнэт, Цагаансуваргаас гадна Хармагтай, баруун тийшээ Зуунмод, Алтан нар гээд зэс-алтны ордууд илэрч байна. Нөгөө талаас манай улс зэсийн эрэл хайгуулд хаалттай шахуу байгаад байна. Шалтгаан нь ердөө АМНАТ. АМНАТ өндөр байгаа болохоор бусад ашигт малтмалтай харьцуулахад хайгуул бараг хийгдэхгүй байна. Гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэхгүй байна. Дотоодын хөрөнгө оруулагчид хайгуул хийж зэс оллоо ч эдийн засгийн өгөөж муу гээд эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй байна.
Дэлхийн практикт аливаа улс нэг сая тонноос дээш зэсийн баяжмал үйлдвэрлэж байгаа бол зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр эдийн засгийн үр ашигтай гэсэн жишиг бий. Өнөөдөр Эрдэнэт 560 мянган тонн, Оюутолгой 780 орчим мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж байна. Оюутолгой цаашид 2 сая тонн хүртэл зэсийн баяжмал үйлдвэрлэх төлөвтэй. Цагаансуварга 300-320 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэнэ. Ингээд бодохоор Монгол Улс 2-3 сая тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх боломжтой гэсэн үг. Энэ их хэмжээний зэсийн баяжмалыг баяжмал хэвээр нь экспортлох, эсвэл дотооддоо хайлуулж, цэвэр зэс экспортлох уу гэсэн сонголттой тулж байна. Зэс хайлуулах үйлдвэр баривал цэвэр зэс гаргах, дагалдах алт, мөнгө зэрэг бусад эрдсийг ялгаж авах боломжтой. Тухайн улсын валютын нөөц, эрдэнэсийн сан арвижина. Хоёрдугаарт цэвэр зэс гаргавал түүнийг дагасан жижиг дунд үйлдвэрлэл хөгжих боломжтой. Одоо үед зэсээр хийсэн маш олон бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж байна. Гуравдугаарт, зэсийн баяжмалын худалдаа трэйдэр компаниудаар дамждаг. Манай улсыг тойроод Хятад, Япон, Солонгос гээд зэс хайлуулах үйлдвэр олон бий. Тэдний зүгээс манай улсад зэс хайлуулах үйлдвэр барихыг төдийлөн дэмждэггүй. Тэд баяжмалаар нь аваад өөрсдөө хайлуулж, дагалдах элемент зэргийг нь ялгаж авах сонирхолтой байдаг. Гэхдээ Монголын төр зэс хайлуулах үйлдвэр байгуулах шийдвэр гаргаж, хэрэгжүүлж чадвал сонирхох худалдан авагчид бий. Бид зарим харилцагч, гадны хөрөнгө оруулагчдыг тандаж үзэж байсан. Хятадын Баяннуурт маш том зэс хайлуулах үйлдвэрүүд байгаа. Түүнийг баяжмалаар хангаад байхад болно гэх утгатай зүйл хэлдэг. Гэвч Монголын зорилго бол өөрсдөө зэс хайлуулах үйлдвэр байгуулж, түүнийг дагасан кластерийг хөгжүүлэх. Ийм зорилгоор л Дэд хороо ажиллаж байгаа гэж ойлгодог. Өнөөдөр нөхцөл байдал ямар байна гэхээр Эрдэнэт үйлдвэр өөрийнхөө дэргэд 560 мянган тонн баяжмал хайлуулах үйлдвэр бүхий Үйлдвэр технологийн парк байгуулахаар ажиллаж байна. Шаардлагатай дэд бүтцээ барьж байгуулах ажил явж байгаа. ТЭЗҮ бэлэн болсон, хүхэрлэг хийг элементийн хүхэр болгох туршилт хийж байна. Зэсийн дэд хороо 15 гишүүнтэй. Тус хороон дээр ярилцаад Аж үйлдвэржилтийн үндэсний хороонд Эрдэнэтийн үйлдвэрийн танилцуулгыг оруулсан юм билээ. Үндэсний хороонд ажиллаж байгаа манай Г.Цогт ерөнхийлөгчийн хувьд бид ганц Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмал гэхгүйгээр илүү том зургаар нь харъя. Оюутолгой, Цагаансуваргын баяжмал яах юм. Зэс хайлуулах үйлдвэр хөрөнгө оруулалт өндөртэй, дагалдах хорт элементийн асуудал байдаг болохоор олон газар зэс хайлуулах үйлдвэр барина гэхгүйгээр нэг л газар нэг том үйлдвэр баръя гэдэг саналаа хэлсэн. Зэс хайлуулах үйлдвэр хүчин чадал бага байх тусам эдийн засгийн үр өгөөж бага, хүчин чадал өндөр байх тусам ашиг нь өндөр байдаг.
Үндэсний баялгийн сангийн талаар таны байр суурийг сонирхмоор байна?
Хуулийн төслийг нь хараагүй болохоор би нарийн мэдээлэлгүй байна. (2021.04.03) Монголын ард түмний баялаг Баялгийн сангаараа дамжиж хүртэгдэх ёстой. Сангаа АМНАТ-өөр арвижуулах ёстой. Түүнээс биш орд бүхэн ард түмний өмч, бүгдийг ард түмэнд өг гэснээр энэ сан хөгжихгүй. Хэн хөрөнгө оруулж, хайгуул хийж газрын хэвлийд байгаа зүйлийг олох юм. Хэн ТЭЗҮ хийх, хэн үйлдвэр байгуулж, түүхий эдийг боловсруулах юм. Хэдэн тэрбум долларыг хэн нь босгох юм. Хэн нэгэн хийх л ёстой. Ингэж үйлдвэрлэл явж байж, АМНАТ-ийг Баялгийн санд төвлөрүүлж, түүнд төр хамгийн зохистой менежмент хийж, ард түмэндээ түгээх асуудал юм. Баялгийн санг арвижуулж, баяжуулах боломжууд бий. Нэгдүгээрт, зөв зохистой, хариуцлагатай уул уурхайг төр бодлогоор түлхүү хөгжүүлэх ёстой. Ашигт малтмалын нөөц ашиглаж байгаа болгоноос АМНАТ авч байгаа. Түүнийг Баялгийн санд төвлөрүүлбэл маш хурдан арвижина. Төсвийн цоорхойг нөхдөггүй, хөрөнгө оруулалт хийдэггүй байх ёстой. Монголын нөхцөл байдалд зориулан, тодорхой хэсгийг буюу 20-30 хувиар эрүүл мэнд, боловсролыг үнэгүй болгох, ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх, эмзэг бүлгийн хүмүүсийнхээ тэтгэмжийн асуудлыг шийдчихдэг. Дийлэнх хувийг гадны маш өндөр ур чадвар бүхий баг өсгөх зорилгоор ажиллуулах ёстой. Сангийн мөнгө АМНАТ болон төрийн мэдлийн өмчөөс бүрдэх ёстой.
Төрийн өмч гэдэг нэг талдаа ард түмний өмч. Захиран зарцуулах эрх Үндсэн хуулиараа УИХ-д байх ёстой. Бүрэн эрхийнхээ хүрээнд төрийн өмчийг зөв зохистой хувьчилж, хувьчлалаас олсон орлогыг Баялгийн санд төвлөрүүлэх. Ийм хоёр эх үүсвэрээс Баялгийн санг бүрдүүлээд явах нь хамгийн зөв гэсэн байр суурьтай байдаг. Ийм байдлаар хуулийн төсөл ч хийж байлаа. Уул уурхайн компануд Баялгийн санд 4 их наяд төгрөг төвлөрүүллээ гэвэл ард түмэнд ч гэсэн өөрөөр сонсогдоно. Баялгийн сан хэрхэн өсөж, ямар зориулалтаар зөрцуулагдаж байгааг хэн ч хараад мэдэхээр шилэн байх ёстой. Тэгвэл уул уурхайн салбар зөв хөгжлийн гольдрол руугаа орж, улам тэлж хөгжих зам руугаа орно. Хамгийн гол нь мэргэжлийн боловсон хүчин бүрдсэн уул уурхайн компанид лицензийг өндөр шалгуураар олгодог, тэр нь зөв зохистой технологийн дагуу хөгжүүлээд, эргээд нөхөн сэргээлтээ өндөр түвшинд хийгээд явбал байгаль орчинд сөрөг нөлөө багатай, ард иргэд ч дэмждэг болох асуудал юм.
2013 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан. Тухайн үед уул уурхайн салбарынхан ихээхэн шүүмжилж эсэргүүцсэн тул хуулийн төслийг буцаан татсан. Хуулийн төслийг эргүүлэн татахад таны нөлөө байсан гэдэг үнэн үү?
Тэр хууль ерөнхийдөө Австралийн хуулийг хуулбарласан байсан. Австралийн уул уурхайн хөгжил ямар түвшинд билээ, бид ямар түвшинд яваа билээ. Шууд тийм хуулийг аваад ирэхээр салбар унах эрсдэл их. Хууль хийхийн үндсэн санаа нь хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх асуудал. Тэр нь Байгаль орчны тухай хуулиуд болон Ашигт малтмалын тухай хуулийн аль алинд нь байгаа. Гол нь төрийн байгууллага хяналт шалгалтыг өндөр түвшинд хийхгүй, нэхэл дагал болж хариуцлага тооцдоггүйтэй холбоотой. Нөгөө талаар лицензийг анх хэн өргөдөл өгсөн нь авдаг байлаа. Уул уурхай бол зөв аюулгүй олборлох, шинэ технологи хөгжүүлэх, байгаль орчныг нөхөн сэргээх мэргэжлийн өндөр түвшний ажил. 1996 оны хуульд ийм зүйл байгаагүй. Хариуцлагатай уул уурхай явуулах мэргэжлийн багаас бүрдсэн, байгаль орчныг нөхөн сэргээж чадахуйц уул уурхайн компаниудад өндөр шалгуураар лиценз олгодог байсан бол өнөөдрийнх шиг байдалд хүрэхгүй байсан. 2000-аад оны эхээр нэг удаа Ашигт малтмалын газарт очиход, үүдээр нь дүүрэн хятадууд суухыг хараад их эвгүй сэтгэгдэл төрсөн. Хайгуулын компаниуд эрсдэлээ үүрээд лиценз авах нь зүй ёсны асуудал. Тэгэхгүйгээр арилжааны хэрэгсэл болгочихоор иргэд байр саваа хүртэл барьцаанд тавьж байгаад лиценз авчихдаг. Хайгуул хийж чадахгүй болохоор уул уурхайн компаниуд дээр очоод, лицензээ заръя гэх явдал газар авсан. Компаниуд хоосон юм авахгүй, өрөм тавьж үзээд юу ч алга гэчихээр ямар нэг аргаар хятадуудад зардаг. Тэр л санаагаа 2013 онд Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байх үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хэлсэн. “Ашигт малтмалын тухай хуульд тодорхой нэмэлт өөрчлөлтүүд хийгээд, шалгуур өндөр, мэргэжлийн болгоод явах юм бол байгаль орчиндоо ч сөрөг нөлөөгүй, улсын төсөв бүрдүүлэхэд ч маш их ахиц гарна. Хуулийг бүхэлд нь өөрчлөх гэхээсээ илүү одоо байгаа хуулийнхаа болохгүй байгаа ганц нэг зүйлсийг засаад, орчин үетэйгээ нийцүүлээд урагшилъя” гэж хэлсэн. Ашигт малтмалын тухай хуульд лиценз олголтын асуудлыг боловсронгуй болгосон нэмэлт өөрчлөлт хийгээд цааш явчих байсан юм, гэхдээ тэрийг хийгээгүй.
Ярилцсанд баярлалаа.
Майнинг Инсайт сэтгүүл, Тавдугаар сар 2024 №5 (030)
5 Сэтгэгдэл