Монгол Улс өнгөрсөн онд 18.5 их наяд төгрөгийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэснээс 70 хувь нь уул уурхай, олборлох салбарынх бөгөөд 95 хувийг түүхийгээр экспортолсон, 5 хувийг дотооддоо нэмүү өртөг болгож боловсруулжээ. Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”- ын үндсэн 6 багцын нэг нь “Аж үйлдвэржилтийн сэргэлт” юм. Уул уурхайн олборлолтоос боловсруулалтын шатанд шилжсэнээр Монгол Улсад аж үйлдвэржилтийг эрчимжүүлэхийг зорьж байгаа. Үндэсний статистикийн хороо, Сангийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар аж үйлдвэр гэх нэр томьёонд уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрлэл, эрчим хүч цахилгаан дулааны, ус хангамжийн гэсэн 4 салбарын 34 дэд салбар орно.
Монголын аж үйлдвэрийн 74 хувийг олборлох, 23 хувийг боловсруулах үйлдвэр, 7 хувийг цахилгаан дулаан эрчим хүч, 0.9 хувийг ус хангамжийн салбар бүрдүүлж байна. Эхний ээлжинд экспортын гол орлого бүрдүүлдэг зэс, нүүрс, газрын тос, төмрийн хүдэр боловсруулах үйлдвэр байгуулах төлөвлөгөөтэй. Үүнээс Дорноговь аймагт Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл Энэтхэг Улсын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж байна. Мөн аймагт хувийн хөрөнгө оруулалтаар Хар төмөрлөгийн цогцолборын барилгын ажил үргэлжилж байгаа.
Тавантолгой ордод нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхээр төрийн “Эрдэнэс Тавантолгой” компани бэлтгэж байна. Эрдэнэт үйлдвэр өөрийн санхүүжилтээр Үйлдвэр технологийн парк, үүн дотроо боловсруулах шатны 2 үйлдвэр байгуулж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Дэлхий дахин зэсийн хэрэглээгээ 2025 оноос хангаж чадахааргүй болно. Олон улсад 700 төсөл хэрэгжих шатандаа яваа бөгөөд нийт 68.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай. Үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Чили улс 120 төсөлд 18 тэрбум ам.доллар зарцуулна. Хятад 100 төсөлд 13 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна. Монгол Улсад нийт 2.2 тэрбум ам.доллар бүхий 8 төсөл байна. Үүнд Эрдэнэт, Оюутолгой, Цагаансуварга, Хармагтай багтана.
УУХҮЯ-ны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Г.Даваадорж “Манай улс өнгөрсөн онд зэсийн баяжмалын экспортоос 3 тэрбум ам.долларын орлого олсон. Эрдэнэтийн шинэ үйлдвэрүүд болон Оюутолгойн гэсэн 3 төслийг хэрэгжүүлснээр 2026 онд зэсийн экспортын орлого 5 тэрбум ам.долларт хүрнэ. Бараг 60 хувиар нэмэгдүүлэх боломж харагдаж байгаа” гэсэн байр суурьтай байна. Уул уурхайн салбарын хувьд, тэр дундаа шинээр боловсруулах шатны үйлдвэрүүдийн төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах тусгай зөвшөөрлөөс авхуулаад олон бичиг баримт бүрдүүлэх хэрэгцээ аж ахуйн нэгжүүдэд бий болох юм. Ашигт малтмалын тухай хуулийн 10.1.10 дахь “Ашигт малтмал олборлох, ашиглах, боловсруулах, борлуулах үйл ажиллагаанд ил тод байдлыг бүрдүүлэх” заалтыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх үүднээс “E Mongolia” төрийн мэдээлэл солилцооны системээр дамжуулан уул уурхайн салбарын төрийн үйлчилгээг цахимаар хүргэх тал дээр ажиллана гэж Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдэгдсэн юм. Тэрээр уул уурхайн салбарт бичиг цаас нэхдэг, хүнээс хамааралтай механик ажиллагаа ихтэй, хүнд суртал үүсгэдэг тогтолцоо хэвээр бөгөөд төрийн байгууллагуудын мэдээллийн сан өөр хоорондоо холбогдоогүй, мэдээлэл нь шуурхай шинэчлэгддэггүй, дундын мэдээллийн нэгдсэн сан байхгүйгээс холбогдох байгууллагуудаас гарч байгаа шийдвэр хоорондоо зөрчилддөгийг ч шүүмжиллээ. Тиймээс цахимд шилжсэнээр өргөдөл, хүсэлт, тайлан, төлөвлөгөөний эцсийн шийдвэр шуурхай болох нь бизнес эрхлэгчдэд тун чухал болохыг тодотгов.
ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭРИЙН ГОЛ ХЭРЭГЛЭГЧИД ГОВИЙН БҮС НУТГИЙН УУЛ УУРХАЙН ҮЙЛДВЭРЛЭЛ
Салбар дамнасан, олон яамдын шийдвэрээс хамаарсан нүсэр бүтээн байгуулалт учир төсөл хэрэгжиж дуусах хүртэл түр хугацаатай Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийг баталсан. 2017 оноос хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг БНЭУ-ын Экспорт импортын банкны 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж байна. Үйлдвэрийг орд түшиглэж бариагүй гэсэн асуудал яригддаг. Нэг төрлийн түүхий эд татаж, олон төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрээс янз бүрийн чиглэлд нийлүүлэх тээвэрлэлт талаасаа дэд бүтэц хөгжсөн бүс нутгийг сонгожээ. Нөгөөтэйгүүр, үйлдвэрийн гол хэрэглэгчид нь говийн бүс нутгийн уул уурхайн үйлдвэрлэл гэж тодорхойлсон байна. Жилд 1.5 сая тонн тос боловсруулах хүчин чадалтай. Нийт үйлдвэрлэлийн 62-64 хувьд дизель, үлдсэнд АИ-95 бензин, онгоцны болон зуухны евро стандартын түлшнүүд үйлдвэрлэнэ. Эзгүй газар цоо шинээр барьж байгаа өндөр технологийн үйлдвэрийн цогцолбор гэж болно. 5 үе шат бүхий төслийн гүйцэтгэлийн явц 60 хувьтай байна. Төслийн талбайгаас 40 км зайтай Бор хөөврийн говиос ус татдаг. Монголд анх удаа 30 мянган куб метр багтаамжтай цэвэр усны нөөцийн газар доорх байгууламж барьжээ. Түүхий тос, засварын болон эцсийн бүтээгдэхүүний 43 сав бүхий парк байгуулна. Бөхийн өргөөний дайтай 3 агуулахад түүхий тос 19 хоног хадгална. Ажилчдын кемп барихад илүү хөрөнгө зарцуулахгүйн тулд Эрдэнэт, Багануурын туршлагаар үйлдвэр дагасан хот босох эхлэл тавигдаж байна. Үйлдвэрийн үйл ажиллагаа явуулахад чухал төсөл нь түүхий эд дамжуулах хоолой юм. Ерөнхий гүйцэтгэгчээр Хятадын “Норинко интернэйшнл кооперэйшн” компани шалгарсан. Үйлдвэр болон XIX талбайг холбох 530 км хоолойгоор жилд 1.5- 2.4 сая тонн газрын тос шахна. Системийн насжилт 25 жил. Түүхий эдийн хомсдолоос сэргийлж 2025 оноос газрын тос олборлохоор Давст XXXI талбайг эзэмшжээ. Монголд өнөөг хүртэл газрын тосны геологи хайгуул, өрөмдлөгийн ажлуудыг бие даан явуулах чадавх байхгүйг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг тодотгосон юм. Тиймээс энэ чиглэлийн ажлыг МГТБҮ компани хөгжүүлэхээр зорьж байна.
ТАВАНТОЛГОЙН ТӨСЛҮҮД 2025 ОНД АШИГТ АЖИЛЛАГААНД ХҮРНЭ
Засгийн газрын шийдвэрээр шинээр эмхлэн байгуулсан төрийн өмчит “Эрдэнэс Монгол“ компанийн нүүрс, эрчим хүчний группын стратегийн бодлого, хөрөнгө оруулалтын төслүүд, хөрөнгө оруулалт, ногоон бизнесийн талаар анх удаа олон нийтэд танилцууллаа. Группын хэмжээнд нүүрсний, тээвэр логистикийн, эрчим хүчний 16 компани, хэрэгжилтийн шатны 4 төсөлтэй. Хөгжлийн гол суурь “Эрдэнэс Тавантолгой” компанид төвлөрч буй. ЭТТ одоо 14 их наяд төгрөгийн өмчтэй. Группын бизнес төлөвлөлтөөр ЭТТ гурван жилийн дараа 12.1 тэрбум ам.долларын хэмжээний бүтэцтэй, санхүүгийн том платформ болно. ЭТТ өөрийн болоод шууд бусаар 27 төслийг санхүүжүүлж байна. Тэр дунд Газрын тос боловсруулах үйлдвэрийн дамжуулах хоолойн төсөл ч бий. Бүх төслөө 2025 он гэхэд үр ашигт ажиллагаанд хүргэхээр тооцжээ. Нүүрсний олборлогч “Багануур”, “Шивээ-Овоо”, “Тавантолгой түлш” компаниуд санхүүгийн сөрөг үзүүлэлттэй, өр ихтэй тул төлбөрийг барагдуулж бие даасан орлого ашигт хүргэх төслүүд хэрэгжүүлэх юм. Шивээ-Овоогийн дэргэд 200МВт цахилгаан станц, Нүүрс-химийн үйлдвэрийн ТЭЗҮийн судалгаа хийж байна. Нийт 2-2.5 тэрбум ам.долларын өртөгтэй Нүүрс-химийн үйлдвэр нь уурын цахилгаан станцаас эхлээд дотоодын шингэрүүлсэн болон бусад бүтээгдэхүүнээр хангах том төсөл болно. “Багануур”-ыг түшиглэсэн Нүүрсхимийн цогцолборын ТЭЗҮ-ийг батлах шатандаа явж байна. Үйлдвэрийн үндсэн бүтээгдэхүүн нь хагас коксжих шахмал түлш бөгөөд 800 мянган тонныг Улаанбаатар хотын хэрэглээнд, 400 мянган тонныг экспортолно. Түүнчлэн 61 мянган тонн дизель үйлдвэрлэнэ, 20МВт хийн цахилгаан станц байгуулна. Улаанбаатар хотын утааг бууруулах үндсэн чиг үүргээр өр төлбөр үүссэн “Тавантолгой түлш”-ний хувьд 2 сая тонн нүүрс нойтон аргаар угаах, баяжуулах шинэ үйлдвэрийн бүтээн байгуулалт ирэх онд эхэлнэ. Жилд 1.4 сая тонн хагас боловсруулсан коксжих нүүрс үйлдвэрлэж, экспортлох замаар ЭТТ авлагаа тооцно. Түүнчлэн тээвэр логистикийн “Тавантолгой төмөр зам”, ”Зүүнбаян төмөр зам” болон “Гашуунсухайт авто зам” компаниудтай. ТавантолгойГашуунсухайт төмөр замыг ирэх 2 жилдээ улсын хилээр холбож дуусна. Зүгшрүүлэх тээвэр хийгдэж буй Зүүнбаян-Тавантолгой төмөр замыг бүрэн ашиглалтад оруулахад УБТЗ-ын үндсэн магистралыг хүчитгэх шаардлагатай тул Богдхан төмөр замын төслийг ЭТТ-гоос санхүүжүүлж байна.
2023 онд Гашуунсухайт авто зам хоёр урсгалтай болж хагас боловсруулсан бүтээгдэхүүн тээвэрлэнэ. Бүтээгдэхүүнийг ангилах, ялгах, агуулах, төрөлжүүлэх 5 терминалыг Гашуунсухайт, Ханги, Замын-Үүд, мөн хилийн бүс буюу дамжин өнгөрөх терминал Тавантолгойн үйлдвэрлэл технологийн парк дээр, Цагаансуварга, Зүүнбаянд байгуулна. 51 мянган хүн амтай Эрдэнэс хотын бүтээн байгуулалтын 360 сая ам.долларыг ЭТТ санхүүжүүлэхээс эхний 60 сая ам.долларыг ирэх онд зарцуулна. 10 жилийн хугацаанд ЭТТ нүүрсний бизнесээс “ногоон” үйлдвэрлэл рүү шилжинэ. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой цаашид цөмийн эрчим хүч, шингэрүүлсэн хий метан руу ороход хөрөнгө санхүүжилт хэрэгтэй. Багадаа 2-4 тэрбум ам.доллар шаардлагатай бөгөөд үүнийг нүүрсээрээ босгоно гэж үзэж байна. Хагас, гүн боловсруулж эрчим хүчний дараагийн шатанд шилжинэ. Манай улсын ДНБий 6 хувийг бүрдүүлж байна. Өдгөө группын бүтцийн компаниуд нийлээд 23.8 сая ам.долларын эцсийн бүтээгдэхүүн боловсруулдаг. 2025 он гэхэд улсын ДНБ-ий 16 хувийг эзэлнэ. Жилд 1.5 тэрбум ам.долларын татвар хураамж төлөх, эцсийн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүний орлого 2.1 тэрбум ам.долларт хүрэх стратегийг Нүүрс, эрчим хүчний групп боловсруулжээ. Нүүрс, эрчим хүчний группын дарга Б.Ганхуяг “Өнөөдөртөө манай улс “гуйсан” маягтай, ханган нийлүүлэгч байдалтай байна. Санхүүжилтийг богино хугацаанд босгож болдог. Дэлхийн тогтсон санхүүгийн системийн хаанаас ч хөрөнгө олдоно. Харин төслийн хэрэгжүүлэх цаг хугацаа гэдэг хөрөнгө оруулалт, үйл ажиллагаанаас ч илүү чухал. Цар тахлын хүнд нөхцөлтэй байсан хэдий ч том төсөл, үйлдвэрүүдээ хөдөлгөж чадсан нь өрсөлдөх чадвараа ахиулах чухал алхам юм. Зөвхөн төслүүдээ эхлүүлэхэд 2.9 их наяд төгрөгийг ЭТТ санхүүжүүлсэн. Эхлүүлсэн байхад үр дүн үзүүлдгийг Монголын бизнесийн талбар дээр харж байна. ЭТТ 12 настай, 6 жилд нь боломжоо алдсан. Харин алдсан боломжоо одоо богино хугацаанд нөхнө. Санхүүгийн, улс төрийн асуудал байхгүй гэж ойлгож болно. Өмнө нь улс төрийн оролцоо их байсан бол одоо төрийн, хувийнх гэсэн ялгаагүй бизнесийн зарчмаараа явж байна” гэлээ.
ЭРДЭНЭТ НӨӨЦӨӨ ӨСГӨХӨД ХАЙГУУЛЫН ЛИЦЕНЗ ХЭРЭГТЭЙ
Эдүгээ 44 дэх жилдээ ажиллаж буй Эрдэнэт үйлдвэрийн ил уурхайн тогоо 400 метр гүн болсон бөгөөд 710 метрт хүрнэ. Уурхай гүнзгийрэх тусам хүдрийн агуулга буурч, зардал өссөөр байгаа. Өнгөрсөн онд Эрдэнэтийн овоо ордын төв, баруун хойд хэсэгт нэмэлт 3 тэрбум тонн хүдрийн нөөц ЭБМЗ-өөр батлуулжээ. Ингэснээр уурхайг 2081 он хүртэл ашиглана. Нөөц ахиулах төлөв бүхий Хужир, Могой, Цагаанчулуут, Оюут, Шанд гэсэн талбайтай. ОХУ-ын “Россгеологи”-той хамтран эрэл болон эрэл үнэлгээний ажил хийж байгаа тул нөөц, үйлдвэрлэл тогтвортойг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон хэлж байна. Гэсэн хэдий ч эрх зүйн цоо шинэ зохицуулалттай Эрдэнэт үйлдвэр тулгарсныг Ерөнхий геологич Д.Алтанхуяг тайлбарлалаа. Учир нь 2017 онд Засгийн газраас стратегийн ордын хил хязгаарыг тогтоосон. Энэ нь Эрдэнэтийн хувьд ойролцоогоор 100 км радиуст багтаж буй бөгөөд тухайн талбайд геологийн ажил явуулахын тулд хайгуулын тусгай зөвшөөрөл авах асуудал үүсжээ. Гэтэл Ашигт малтмалын тухай хуулиар зөвхөн сонгон шалгаруулалтаар тусгай зөвшөөрлийг олгоно. Стратегийн орд гэж хил хязгаар тогтоосон тул улсаас зарлах сонгон шалгаруулалтын талбайд багтахгүй. Иймд тодорхой шийдвэр гаргаж өгөөч хэмээн салбарын яам, сайдад хүсэлт гаргажээ. Шийдэлд хүрвэл Эрдэнэт үйлдвэр өөрийн хөрөнгөөр нөөцөө өсгөх геологийн ажлаа үргэлжлүүлж, Ашигт малтмалын тухай хуулиар газрын хэвлий хөндөхгүйгээр гадаргуугаас зураглах, зайнаас судлахад бэлэн аж. Засгийн газрын 129 дүгээр тогтоолоор “Үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай Эрдэнэт үйлдвэрт олгосон. Тухайн кластер дотроо Зэсийн баяжмал боловсруулах, мөн Исэлдсэн хүдрээс нуруулдан уусгах SX/EW технологиор катодын зэсийн хоёр үйлдвэрийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж, ашиглалтад оруулна. Гаднах дэд бүтцийн тендерүүд зарласан, хавраас үйлдвэрийн бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болжээ. Орхон аймгийн 1217 га газарт байгуулах Үйлдвэрлэл технологийн паркийн өртөг 136.6 тэрбум төгрөг. ТЭЗҮ-ийг баталсан, байгаль орчны үнэлгээ хийх ажил үлджээ. Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах металлургихимийн үйлдвэр байгуулахад 762 сая ам.долларын хөрөнгө оруулна. Жилд 560 мянган тонн баяжмал боловсруулж 124 мянган тонн катодын зэсээс гадна алт, мөнгөн гулдмай үйлдвэрлэнэ. Исэлдсэн хүдрээс нуруулдан уусгах технологиор катодын зэсийн үйлдвэрийн ТЭЗҮ, байгаль орчны үнэлгээг хийжээ. 60 сая ам.долларын хөрөнгөөр үйлдвэрийг байгуулна. Эндээс жилд 10 мянган тонн катодын зэс үйлдвэрлэх юм.
“ЦАГААНСУВАРГА”-ЫН БЭРХШЭЭЛҮҮД
Анх алтны олборлолтоос эхэлж нүүрсний чиглэлд бизнесээ өргөтгөсөн “Монголын Алт” компани эрдсийн экспортын орлогоороо эргээд дотоодын аж үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулж байна. Евро стандартыг нэвтрүүлсэн блок, цемент, цонх хаалга, агааржуулалтын хоолой гээд импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Нарийнсухайтын бүлэг ордоос хагас коксжих, эрчим хүчний нүүрс Хятадын зах зээлд нийлүүлдэг. Хятадын нүүрсний чанарт тавьж буй шаардлагыг хангах үүднээс 2018 онд нойтон баяжуулах үйлдвэр ашиглалтад оруулсан. Тус компани Цагаансуваргын зэс-молибдений төслийг хөгжүүлж байгаа. Улсын хэмжээнд гуравт тооцогдох эл орд 1.7 сая тонн зэс, 61 мянган тонн молибдений нөөцтэй. 15-20 жил уурхайлна. Ил уурхайн аргаар жилд 14.6 сая тонн сульфидын хүдэр олборлож 300 мянган тонн зэсийн баяжмал, 5000 тонн молибдений баяжмал экспортлох зорилттой. Өнөөгийн байдлаар төслийн явц 46 хувийн гүйцэтгэлтэй байна. Зэсийн үнийг 7500 ам.доллар гэж тооцвол жилд 600 сая ам.долларын борлуулалтын орлого олох зэсийн үйлдвэрлэл болох юм. Нийт 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай. Компани 400 сая ам.доллар оруулсан ба үлдэгдэл 800 сая ам.долларын санхүүжилтийг олоход хугацаа зарцуулж байгааг “Монголын Алт” компанийн Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд Ерөнхийлөгч Ц.Ариунтөгс ярилаа. Төсөлд тулгамдсан хэд хэдэн бэрхшээл буйгаас хамгийн хүндрэлтэй нь АМНАТ. Татвар өндөр байснаар шинэ төсөл хэрэгжих үүд хаалттай байна. Санхүүжилтэд банкууд барьцаа хөрөнгө шаарддаг. Цагаансуварга стратегийн ордод хамаардаг учир төсөл болон лиценз, тоног төхөөрөмжийг барьцаалах боломжгүй. Стратегийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад эрх зүйн орчин, төрийн бодлого тодорхой бус болохоор хөрөнгө оруулагчид болгоомжилж байна гэв. Эцэст нь Монголд үйлдвэр хөгжүүлнэ гэж төр засгийн зүгээс тунхагладаг ч хувийн хэвшлийнхэн ярвигтай, амаргүй бизнесийн орчинд ажиллаж буйг компаниуд нээлттэйгээр илэрхийлсэн. Аж үйлдвэр бий болгож нүсэр төслүүдийг хэрэгжүүлэхэд манай орны цаг уурын нөхцөлтэй холбоотой хугацаа их шаардагддаг. Барилга угсралтын ажил өвлийн улиралд бүрэн зогсдог. Зөвхөн бүтээн байгуулалт багадаа 2-3 жил үргэлжилдэг. Гэтэл техник, тоног төхөөрөмжийн импортын татварыг төсөл ашиглалтад ороогүй, борлуулалтын орлого олоогүй байхад төлөх үүрэгтэй. Технологийн үйлдвэрлэлийн барилга угсралтыг Монгол аж ахуйн нэгж гүйцэтгэх боломжгүй, ноу хау, мэргэжлийн боловсон хүчин байдаггүй. Гаднаас ажиллах хүч оруулж ирж барилгыг гүйцэтгүүлдэг. Энэ квотыг жил болгон холбогдох байгууллагаар батлуулах шаардлагатай хэмээн өч төчнөөн бэрхшээл тулгардгийг тоочсон. Үйлдвэрийн нэмүү өртгийг гуравдагч, дундын талд биш өөрийн улсдаа шингээх бодлого Монгол Улс барьж байгаа. Үйлдвэрлэлийн цаана ашиг орлого, үр өгөөж, боловсон хүчин, ажлын байр, дагалдах бизнесийн ханган нийлүүлэлт гээд бүгд л Монголд үлдэх тул асуудал бэрхшээлээ шийдэн урагшлах хэрэгтэй байгааг салбар хуралдаанаар хөндлөө.