Л.Баярмандал: Стратегийн орд гэдэг ойлголтыг халж, шинээр стратегийн ашигт малтмалын зохицуулалт орж ирж байгаа

Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандалтай Mining insight сэтгүүлийн Б.Баяртогтох ярилцлаа.

Орчин цагийн уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Салбарын 100 жилийн түүхэн хөгжлийг хэрхэн үнэлж дүгнэж байна вэ?

100 жил гэдэг том тоо. Хүний амьдралын мөчлөгөөр тооцвол бараг хоёр үеийн амьдрал дуусах хугацаа. Уул уурхайн салбарт энэ цаг үеийг хоёр хувааж ярих хэрэгтэй болов уу. Сүүлийн 30 жилд хувийн аж ахуй, хувийн өмч давамгайлсан бол өмнөх үе нь улсын өмчийн 70 жил байлаа. Зөвхөн гар аргаар ахуйн хэрэгцээний нүүрсээ олборлодог байсан бол 70 жилийн хугацаанд улсынхаа эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгож чадсан. Дэлхийн том орнуудтай харьцуулахгүй ч бүхий л техник технологийг нэвтрүүлж, суурьшуулсан 70 жил байсан. Энэ 70 жилийн үргэлжлэл нь сүүлийн 30 жил байлаа. Гэхдээ өмчийн хувьд том ялгаа гарч ирсэн. Хувийн хэвшил уул уурхайн салбарт бий болсон. Гаднын хөрөнгө оруулалт орж ирсэн. Техник технологийн тал дээр хараахан том үсрэлт хийж чадаагүй ч үүнд тэмүүлж, зорьж байна. Социализмын үед босгож бүтээсэн бүхэн өнөөдрийн байгаа бүхний залгамж халаа болоод явсан. Монголчуудын өөрсдийн суурьшуулсан хүний нөөц, нээсэн эрдэс баялаг, хайгуул, ашиглалтын үр дүнд уул уурхайн салбар хөгжиж ирсэн гэж хэлнэ.

Энэхүү 100 жилд АМГТГ-ын гүйцэтгэсэн үүрэг, оролцоог Та хэрхэн үнэлж, дүгнэх вэ? Ямар ололт, дэвшил энэ хугацаанд гарсан бэ?

АМГТГ байгуулагдаад 26 дахь жилдээ ажиллаж байна. Манай газар тусгай зөвшөөрөлтэй холбоотой харилцааг зохицуулах үндсэн үүрэгтэй. Уул уурхай гэдэг өөрөө систем. Өөрийн кадастртай, хөдөлмөрийн аюулгүй байдал талаасаа ч онцгой объект учир социализмын үед мэдээж энэ үүрэг нь байсан. Гэхдээ бүгд 100 хувь төрөөс хамааралтай байлаа. Шууд зохицуулах, хэмжих, хянах үүрэг нь байсан ч тусгай зөвшөөрлийг олгодог, цуцалдаг гэсэн ойлголт бол байгаагүй юм. АМГТГ байгуулагдаад хэний өмчид тухайн тусгай зөвшөөрөл очих эсэхийг дүрэм журмаар зохицуулж, хэрэгжилтийг хангаж, зохион байгуулдаг гэж ойлгож болно. Кадастрын системийг Монголд үүсгэсэн, Оросын системээс барууны систем рүү шилжих, гар аргаар тооцдог байсныг цахимжуулах зэргээр цаг үетэйгээ хөл нийлүүлэх шинэчлэлийг хийгээд явж байгаа. Тусгай зөвшөөрлүүд гарснаас хойш зохицуулах бүх ажиллагааг хариуцаж ирлээ. Тусгай зөвшөөрлүүд ихээр нэмэгдсэнээс хяналт алдах үе гарсныг үгүйсгэхгүй. Дараа нь цэгцлээд явсан. Энэ бол манай нийгмийн өөрчлөлт, сүүлийн 30 жилийн бидний алдаж оносон түүхийн дунд өрнөсөн үйл явц. Энэ 30 жилд бүх зүйл сайн сайхан байсангүй, бас муу ч байсангүй. Дэвшилттэй зүйлс ч их бий. Алдаан дээрээ суралцаад явж байна. Газрын тосны салбартай салж, нийлээд явсан удаатай. Газрын тос бол их том салбар. Маш их хөрөнгө оруулалт шаарддаг төдийгүй XX зууны эдийн засгийг авч явсан гол салбар. Одоо ч энэ нөлөө нь буураагүй байна.

Ирээдүйн уул уурхайн салбарын хөгжлийг Та хэрхэн харж байна вэ? Бид юунд илүү анхаарах, илүү хөгжүүлэх шаардлагатай вэ?

Өнгөрсөн, ялангуяа сүүлийн 30 жилээ авч үзвэл, эдийн засаг тэлэхэд уул уурхайн салбар чухал үүрэг гүйцэтгэлээ. Сууриараа өсөлт гарсан. Харин байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө их байсныг үгүйсгэхгүй. Аль болох ихийг гаргаж, ашиг олохын төлөөх хандлага давамгайлсан. Тиймээс ирэх 100 жилд нэгдүгээрт, бид илүү, судалгаанд суурилж ажиллах ёстой. Хоёрдугаарт, боловсруулах түвшинд ахиц гаргах. Өнгөрсөн хугацаанд баяжуулж, эсвэл түүхийгээр гаргаж ирсэн бол үүнийг дараагийн түвшинд гаргах цаг болсон. Баяжуулахаас гадна боловсруулах, дараагийн шат руу ахисан, нэмүү өртөг шингээх гээд зах зээлийн болон хөгжлийн шаардлага үүсэж байна. Өнгөрсөн цаг үед хэчнээн сая тонныг гаргав гэдгийг түлхүү ярьж, байгаль орчинд хэр хэмжээний хохирол учруулав гэдгийг орхигдуулан хойш тавьж ирлээ. Энэ байдал ирэх жилүүдэд өөрчлөгдөнө. Дараагийн 100 жилд усаа ариг гамтай ашиглаж, байгалиа хамгаалах асуудлыг нэн тэргүүнд тавих болно. Үүнд нийцсэн хариуцлагатай уул уурхайн хөгжил, стандарт тавигдана гэсэн үг. Зах зээл, хөрөнгө оруулагчид, нийгмийн зүгээс байгаль орчин, хариуцлагатай уул уурхайн шаардлага, шахалт өндөрсөж байна. Энэ нь ганц манай ч асуудал биш, дэлхий даяараа үүнд анхаарч, ач холбогдол өгч байна. Мэдээж хүний хүчин зүйл багасах тусам түүнийг орлох илүү ухаалаг, хиймэл оюун ухаанд суурилсан технологийн дэвшил гарах нь дамжиггүй. Илүү ч хөгжих байх. Хамгийн гол нь байгаль орчинд уул уурхайн сөрөг нөлөөллийг аль болох багасгахад салбарын бодлого, алсын хараа чиглэнэ гэж харж байна.

ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛӨӨ ОДООГИЙН ТООНООС БУУРУУЛАХГҮЙ, АХИУЛААД ОЛГОХ ЗАРЧИМ БАРИНА

АМГТГ уул уурхай, орон нутгийн харилцааг хөгжүүлэх, шинэ түвшинд гаргахад ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ?

Миний хувьд 2022 оны нэгдүгээр сарын 12-нд ажлаа аваад жилийн хугацаанд хамгийн түрүүнд сонгон шалгаруулалтыг үйл явцыг сайжруулахад чиглэж ажиллалаа. Энэ хүрээнд тодорхой үр дүнд хүрсэн гэж бодож байна. УУХҮЯ-тай хамтран 18 аймагт хэлэлцүүлэг зохион байгуулж, салбарт тулгамдаж буй асуудлыг орон нутаг бүрийн онцлог, талуудын оролцоонд түшиглэн хэлэлцсэн. Томилолтоор явж байхдаа нэг зүйлийг анзаарсан. Манай агентлаг байгуулагдаад 26 жил болохдоо агентлагийн дарга аймаг, орон нутгаар явж байгаагүй юм билээ. Агентлаг орон нутагтайгаа зөв харилцаа үүсгэж, мэдээллийг тогтмол өгч явсан бол магадгүй өнөөдрийнх шиг орон нутагт байгаа ойлголтын зөрүү арай өөр түвшинд байх байсан болов уу гэх бодол төрсөн. Сүүлийн жилүүдэд төрийн байгууллагуудын хэмжээнд хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж, төсөв орон тоо цомхон болж байгаа ч манай агентлагийн хувьд эсрэгээр орон тоогоо нэмэгдүүлж, орон нутагт салбаруудаа байгуулахаар яамтайгаа хамтран Засгийн газрын тогтоол гаргуулсан. Тогтоолын дагуу санхүүжилт шийдэгдээд явж байна. Эхний ээлжинд бүсчилж Дорнод, Дорноговь, Өмнөговь, Ховд, Сэлэнгэ аймагт АМГТГ-ын салбарыг байгуулахаар болж, аж ахуйн ажлууд хийгдэж байна. Эдгээр аймгийг сонгосон нь нэгдүгээрт газар зүйн байршил, хоёрт аймгуудын тусгай зөвшөөрлийн ачааллыг харгалзаж үзсэнтэй холбоотой. Салбаруудын үйл ажиллагаа цэгцрээд, жишиг болохуйц үр дүнд хүрвэл ирэх жилээс салбаруудаа нэмээд байгуулна. Яваандаа 18 аймагт салбартай болох төсөөлөл бий. Ингэснээр орон нутагтай илүү ойрхон ажиллах, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх, байнгын мэдээлэл харилцаатай байх зэрэг давуу тал бүрдэнэ. Ард иргэдтэй байнгын харилцаатай байж, нээлттэй, хийх ажлаа урьдчилж мэдээлдэг, мэдэгддэг болоход их дөхөмтэй гэж үзэж байгаа.

ТЭЗҮ болон нөөц хүлээн авах заавар, жилийн ажлын тайлан төлөвлөгөө хүлээн авдаг журмууд өөрчлөгдсөн. Заавар, журамд өөрчлөлт оруулснаар ямар дэвшил, давуу тал гарч байгаа вэ?

Судалгаа хийж үзэхэд сүүлийн 3 жилд 400 тайланг 3000 удаа буцаасан байдаг. Нэг тайланг ашигт малтмал болон эдийн засгийн талаас нь холбогдох мэргэжилтнүүд бүгд үздэг. Жишээлэхэд уулын ажлын тайланг 8 мэргэжилтэн авч үздэг, мэргэжилтэн бүр буцаах эрхтэй байсан. Энэ нь аж ахуйн нэгж талдаа ихээхэн хүндрэл учруулдаг. Иймээс 8 мэргэжилтнийг 5 болгож цөөлсөн. Ингэхдээ мэргэжилтэн буцаах эрхгүй, саналаа хэлдэг болгож өөрчлөлт оруулсан. 3 мэргэжилтэн ахлахтайгаа хамт үзэж танилцаад, хэлтсийн дарга 1 удаа хэлэлцээд буцаах эсэхээ шийддэг болж өөрчлөгдсөн. Нөөцийг буруу тооцоолсон, нөөцийн хөдөлгөөнийг буруу хийсэн зэрэг шалтгаанаар л буцаана. Өмнө бол хуудсаа буруу дугаарласан шалтгаанаар хүртэл буцаадаг байсан. Мөн мэргэжилтэнд ажлын 3 хоног заасан тул өмнөхөөс харьцангуй шуурхай болж байгаа. 2020 онд нэг тайлан 58 хонодог байсан бол энэ жилийн судалгаагаар 12 хонодог болсон. Энэ нь аж ахуйн нэгжүүдэд багагүй дэмжлэг болж байгаа болов уу. Түүнчлэн цахим систем нэвтрүүлж, тайланг цахимаар авдаг болгосноор үйл ажиллагааг хялбар бас хэмнэлттэй болгосон.

Хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох ажил ямар үе, шаттай хэрэгжиж байна вэ? Цахимаар олгох үйл ажиллагаа, технологийн шинэчлэл 2022 онд хэр урагштай байв. Та ажлаа авснаас хойш энэ чиглэлд ямар үр дүн гарсан бол? Болж байгаа, мөн тулгарч буй саад бэрхшээл юу байна?

Хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгоход хэл ам их гардаг байсныг нээлттэй, ил тод болгох зорилгоор сонгон шалгаруулалтын журмыг энэ жил салбарын яамнаас шинэчлэн баталсан. Хайгуулын тусгай зөвшөөрлийн тухайд тоо нь буурч, түүхэн доод хэмжээнд хүрээд байгаа. Хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох үйл явцыг зогсоосон байсныг яам, агентлаг хамтран Засгийн газарт танилцуулж, ҮАБЗ-өөр хэлэлцүүлэн дэмжлэг авснаар энэ оны арваннэгдүгээр сараас зарлаж эхэлсэн. АМГТГ-ын барьж буй бодлого бол сонгон шалгаруулалтын талбайг замбараагүй олноор нь зарлахгүй, тодорхой шалгууртайгаар хандаж байгаа. Тухайлбал сумын нийт газар нутгийн 15- аас дээш хувьд нь тусгай зөвшөөрөл олгосон бол дахиж олгохгүй гэсэн ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан. Үүний дагуу АМГТГ-аас арваннэгдүгээр сард хайгуулын 100 тусгай зөвшөөрөл олгохоор зарлаад байна. 2022 он гарснаас хойш цуцлагдсан 137 тусгай зөвшөөрлийн 97 нь хугацаа дуусаж хүчингүй болсон, ашиглалтын тусгай зөвшөөрөл рүү шилжсэн. Тэр дотроо 47 нь төлбөр төлөөгүй, байгаль орчныг сүйтгэсэн, нөхөн сэргээлт хийгээгүй гэсэн үндэслэлээр цуцлагдсан. Мөн Газрын тосны 14 талбайг шинээр зарлахаар Салбарын яамнаас зөвшөөрөл авсан. Саяхан 5 талбай дээр олон улсын тендер зарласан.

Сонгон шалгаруулалтаар 100 тусгай зөвшөөрлийн талбай зарласан гэхээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхол, хандлага хэр байна вэ? Хайгуулын тусгай зөвшөөрөл авлаа гэхэд орон нутагт үйл ажиллагаагаа эхлүүлж чадахгүй байх вий гэдэг айдас хүчтэй байгаа.

Тийм болгоомжлол бий. Энэ байдал шууд өнөөдөр, маргааш бүрэн дүүрэн шийдэгдэх асуудал биш юм. Орон нутагтай илүү сайн харилцаа үүсгэх мэдээллээр хангах, нэгдсэн ойлголттой болгохын тулд аймаг дахь АМГТГ-ын салбаруудыг байгуулж байгаа. Өөр нэг шийдэл нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөр 330 суманд буюу Орон нутгийн хөгжлийн санд жигд хуваарилагддаг байсныг одоо бол тусгай зөвшөөрөл бүхий аймаг, суманд нь хуваарилах болсон. Мөн Засгийн газраас аймгуудад шууд чиглэл очсон нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд нэгэнт улсаас тусгай зөвшөөрөл олгосон л бол төрийн албан хаагчид дэмжиж ажиллах ёстой. Захиргааны талаасаа ч, эдийн засгийн талаасаа ч, мөн ил тод нээлттэй байх талын ажлуудыг ингэж давхар хийж эхлүүлээд байгаа болохоор яваандаа, энэ жил биш гэхэд 2-3 жилийн дараа нэлээд цэгцрэх болов уу. Орон нутагт хэлэлцүүлэг хийх үеэр энэ шийдлийг эсэргүүцэх хүмүүс гарч байсан. Гэхдээ аж ахуйн нэгж, төрийн албан хаагчид, малчид, иргэний хөдөлгөөнийхөн хамтдаа ярилцсан. Газар дээр нь хүмүүст нөхцөл байдлыг хэлж ойлгуулаад, байгаль орчны байцаагчид кадастрын систем рүү орох эрхийг нь өгч учрыг тайлбарлаад явахад иргэд эерэгээр хүлээж авч байна лээ. Говь-Алтай аймгийн нэг малчин “Та нар анхнаасаа ингээд хүрч ирээд, хууль журмаа яриад тайлбарлаад, мэдээллээ өгдөг бол бид юу гэж эсэргүүцэх юм бэ” гэж байсан. Манай аж ахуйн нэгжүүдэд ч бас асуудал байна. Эхлээд мэдээллээ өгдөггүй, ажлаа тайлбарладаггүй, түүнээс болоод хардлага сэрдлэг, үл итгэлцэл үүсдэг. Орон нутгийн иргэдтэй байнга уулзаж, мэдээлэл өгч, ажил төлөвлөгөөгөө танилцуулж, нутгийн залуусыг ажлаар хангах, татан оролцуулах тухайгаа хэлээд, тодорхой тайлбарлаад явбал уг нь ойлголцож болмоор харагддаг. Ийм харилцаа олон жил тасарсан учраас орон нутгийн иргэд хардаж сэрддэг байдал бий болчихлоо шүү дээ.

Геологи хайгуулын салбарт өнгөрсөн хугацаанд хэчнээн хөрөнгө оруулалт орсон бэ? Үр дүн нь ямар байсан бол?

Монгол Улсын хэмжээнд 1997 оноос хойш хувийн хөрөнгө оруулалтаар хайгуулын ажилд нийт 2.98 их наяд төгрөгийг зарцуулаад байна. 1997 оноос хойш хувийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын үр дүнд металл ашигт малтмалын 14 төрлөөр нийт 1128 орд, металл бус ашигт малтмалын 25 төрлөөр нийт 347 орд түгээмэл тархацтай ашигт малтмалын 9 төрлөөр нийт 341, шатах ашигт малтмалын 3 төрлөөр нийт 13 ордыг хүлээн авч Монгол Улсын эрдэс баялгийн санд бүртгээд байна. ЭБМЗ-өөр 1997 оноос хойш 2022 он хүртэлх хугацаанд нийт 3216 нөөцийн тайлан хэлэлцэгдсэн байна.

ХАЙЛУУР ЖОНШ БОЛ МОНГОЛЫН СТРАТЕГИЙН АШИГТ МАЛТМАЛ

Дэлхийн зах зээлд критикал минерал, чухал ач холбогдолтой эрдэс металлууд ихээхэн анхаарал татаж байна. Үүнтэй холбоотой хуулийн заалт Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд орж байгаа юу? Мөн энэ талын судалгаа шинжилгээ, геологи хайгуулын ажил манайд хэр хийгдэж байгаа вэ?

Өмнө нь манайд энэ чиглэлээр хайгуул судалгаа бага хийгдсэн. Газрын ховор элементийн хувьд судалгаа шинжилгээ, лабораторийн зардал өндөр. Хөрөнгө оруулалтын зардал өндөртэй тул манай улсад төдийлэн хөгжиж чадаагүй. Одоо дэлхий дахинд эрчим хүчний хувьсал өрнөж байна. Ногоон шилжилт, уур амьсгалын өөрчлөлт энэ бүхнийг илүү хурдасгахаар байна. Ер нь дэлхий нийтийн уул уурхайн хөгжлийн чиг хандлага эрчим хүчний эх үүсвэрээ солиход чиглэж байгаа. Улс орнууд эрдэс баялгийн салбар, үйлдвэрлэл, түүхий эдийн хэрэглээ, нийлүүлэлтийн сүлжээгээ шинээр харах, дахин төлөвлөхөд хүрч байна. Үүнтэй холбоотойгоор дэлхийн улс орнууд критикал минералын стратеги, бодлогоо шинэчлэн боловсруулж байна. Тухайлбал, Саудын Араб гэхэд критикал минералын орд нээсэн тохиолдолд тухайн компанийн хайгуулын зардлыг улсаас өгнө гэх жишээтэй. Иймэрхүү бодлого зохицуулалтын зүйлс манай Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд яригдаж байгаа. Стратегийн орд гэдэг ойлголтыг халж, шинээр стратегийн ашигт малтмал гэж оруулж байгаа. Чухал ашигт малтмалд хүч, анхаарал тавья, улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төслүүдийг хандуулъя гэсэн бодлого явж байгаа. Шинэчилсэн хуулиар Засгийн газар стратегийн ашигт малтмалын жагсаалтыг нарийвчлан тогтоох байх. Он гараад хуулийн хэлэлцүүлэг эхэлнэ. Гэхдээ барууны орнуудын критикал минералууд нь дандаа хэрэглээ талаасаа тодорхойлсон жагсаалт байдаг. Монгол Улсын хувьд хэрэглэгч биш, аж үйлдвэр хөгжөөгүй, ханган нийлүүлэгч орон. Тэр утгаараа бодолцох зүйлс бий. Тухайлбал, манай улсын стратегийн ашигт малтмалд хайлуур жоншийг оруулах ёстой гэж боддог.

Хайлуур жонш яагаад манай орны хувьд стратегийн ашигт малтмал байх ёстой гэж?

Хайлуур жонш нь маш чухал түүхий эдийн нэг. Манай хөрш Хятад, Орос нь ашигт малтмалын нөөц ихтэй орнууд. Хятад хайлуур жонштой боловч нөөц нь шавхагдаж байгаа тул хайлуур жоншийг стратегийн түүхий эд гэж үздэг. Орос мөн л ашигт малтмалаар баялаг орон боловч хайлуур жоншгүй. Орос, Украины бүх металлургийн үйлдвэрүүд Монголын хайлуур жоншийг ашигладаг. Манайхаас жонш авахгүй бол металлургийн үйлдвэрүүд нь ажиллахгүй гэсэн үг. Тиймээс Монголын хувьд хайлуур жонш маш чухал түүхий эд. Гэхдээ манайд бодлого алдагдчихсан. Жоншны ордын өөрийнх нь онцлог бий. Цул том орд гэж байхгүй, дандаа судлын төдий ордууд болохоор нөөц багатай, олон жижиг сарнимал. Иймээс дэд бүтэц талаасаа төвөгтэй. Улс өөрөө бодлогоор жоншны үйлдвэрлэлээ авч явахгүй бол нэг компани авч явах боломжгүй гэдэг нь өнгөрсөн туршлагаас харагдсан. Миний бодлоор “Эрдэнэс Монгол” ч юм уу авч явах ёстой.

“Монголросцветмет” компани хайлуур жоншны үйлдвэрлэлийг социализмын үеэс авч явсан аж ахуйн нэгж шүү дээ?

Уг нь тийм байсан. Хамгийн анх оросууд хайлуур жоншийг Монголоос импортлохын тулд “Монголросцветмет”-ийг байгуулсан. 2014-2015 онд түүхий эдийн зах зээл муудахад дагаад жоншны ханш унасан. Тэр үеэс “Монголросцветмет” ашгаа бодоод төмрийн салбарт орсон.

Дэлхий дахинд ногоон хувьсгал, эрчим хүчний шилжилтэд шаардлагатай металлуудын эрэлт өссөөр, дагаад хайгуулын хөрөнгө оруулалт нь нэмэгдэж байна. Гэтэл манай улсад хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо түүхэн доод түвшиндээ хүрснийг түрүүнд ярилаа. Монголд эдгээр металлуудын нөөц бололцоо хэр бий вэ?

Геологийн нөхцөл талаасаа манай улсад боломж харьцангуй өндөр. Өнгөрсөн онд 84 орныг харьцуулсан эрдэс баялгийн хэтийн төлөвийн индексээр Монгол нь Орос болон Казахстаны дунд эрэмбэлэгдсэн байна. ГШХО-ыг маш ихээр татаж, уул уурхайн салбарыг амжилттай хөгжүүлж яваа улс бол Казахстан юм. Монгол Улс эрдэс баялгийн потенциалаар ийм орноос дээгүүр гадаад орчинд үнэлэгдэж байна. Гэхдээ геологийн потенциал гэдэг нэг л тал. Дэд бүтцийн хөгжил, улсын эдийн засаг, улс төрийн нөхцөл гээд олон шалгуур бий. Гол нь Монголд боломж байна, харин боломжоо ашиглаж чадах уу, үгүй юу гэдэгт асуудал нь байгаа. 1990 оноос ардчилсан нийгэмд шилжсэн ч чөлөөт зах зээлийн боломжийг манай улс бүрэн дүүрэн ашиглаж чадаагүй. Боломж бол байсан. Монгол бол дэлхийд байхгүй баян улс гэж зарим хүмүүс ярьдаг ч тийм биш. Дунджаас дээгүүр болохоос баян улсад тооцогдохгүй. Гол нь байгаа юмаа сайн ашиглах хэрэгтэй. Наад зах нь нүүрсээ баяжуулдаг болох хэрэгтэй байна. Төмрөө баяжмалаар бус ширэм болгож үйлдвэрлээд экспортолбол маш их боломж байгаа.

Манай газрын ховор элементийн ордууд яагаад ашиглалтад ордоггүй юм бэ? Ашиглалтын тусгай зөвшөөрлөө аваад цөөнгүй жил боллоо?

Газрын ховор элементийн бүлэг 15 элементээс бүрддэг. Тэдгээр элементийг баяжуулах маш хэцүү, олон дамжлагатай. Эхлээд хүнд хөнгөнөөр нь, дараа нь нэг нэгээр нь ялгана. Хэтрүүлэн хэлэхэд 20 гаруй үйлдвэр шаардлагатай. Газрын ховор элементийг ашиглах технологи нь ярвигтай, тун нарийн. Орд болгонд өөрийн технологи ашиглагддаг. Жишээ нь зэс гэхэд хөвүүлэн баяжуулах нэг л технологитой. Гэтэл 15 нэр төрлийн элементийг ялгахын тулд наанадаж 15 төрлийн урвалж хэрэглэнэ. Үүний цаана байгаль орчны асуудал хэцүү. Тэр олон урвалжийг саармагжуулна гэвэл Монголд өндөр өртөгтэй тусна. Байгаль орчны, технологийн, дэд бүтцийн гээд бэрхшээл цөөнгүй. Компаниуд дангаараа хүчрэхгүйгээ ойлгосон байх. Эхнээсээ улсад 34 хувиа өгье, улс бодлогоор авч явахгүй бол дийлэхгүй юм байна гэсэн байдалтай байна. Манай улсад газрын ховор элеметийн ордын хүдрийг баяжуулах технологийн хувьд судлагдсан нь Лугийн гол, Мушгиа худаг болон Хотгорын ордууд. Халзан бүрэгтэйн ховор металлын ордын хүдрийн дээжид гадаад, дотоодын судлаачид удаа дараа баяжуулалтын туршилт гүйцэтгэсэн. Одоогоор хараахан боломжийн үр дүнд хүрч чадаагүй. Газрын ховор элементийг ялгах, хүдэр баяжуулах, боловсруулах технологи зэрэг асуудлууд тодорхойгүй байгаад байна. Иймд цаашид төрөөс баримтлах бодлогыг тодорхой болгох, эрх зүйн орчныг сайжруулах, хайгуулын тусгай зөвшөөрлийг нэмэгдүүлэх зэрэг зайлшгүй хийх ажлууд байна.

2011 онд ХБНГУ-ын Канцлер Ангела Меркел Монгол Улсад айлчлах үеэр “Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай” хэлэлцээрийг байгуулсан. Тухайн үед газрын ховор элементийн чиглэлд хамтарч ажиллах асуудлууд яригдаж байсан ч тодорхой үр дүн гараагүй?

Тэр үед Хятад газрын ховор элементдээ квот тогтоож нийлүүлэлтээ зогсоосон үе. Европ газрын ховор элементээс хамаарал ихтэй. Хэдий улс орнууд тохирч болох ч хамтрах эсэхээ тусгай зөвшөөрөл эзэмшигчид л шийднэ шүү дээ. Тухайлбал Германаас орж ирэх хөрөнгө оруулагч олдоогүй л дээ.

Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлалаар газрын ховор элементийн чиглэлд судалгаа шинжилгээ хийх асуудал яригдлаа?

БНСУ-ын талаас газрын ховор элементийн судалгааны төв байгуулах саналтай байгаа. Лаборатори тал дээр илүү ажиллах сонирхолтой юм билээ. Гэхдээ манай улсын хувьд өмнө хэлсэнчлэн нэгдсэн бодлого гаргах шаардлага бий. Нүүрс гэхэд анхнаасаа бодлогоор биш зах зээлээ дагасан. Явцын дунд араас нь бодлого гаргаад цэгцлэх гээд явж байгаа. Газрын ховор элементийн тухайд эхнээсээ бодлогоо гаргаад явах боломж байна. Энэ асуудлыг “Эрдэнэс Монгол” нэгдэл дээр Х.Бадамсүрэн захирал хариуцаж байгаа.

БАЯЖУУЛАЛТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ШИНЭЭР ТУСГАГДАЖ БАЙНА

Шинэчлэн боловсруулаад байгаа Ашигт малтмалын тухай хуулийн төслийн гол үзэл баримтлал нь юу вэ, өмнөхөөсөө ялгаатай ямар шинэчлэлүүд тусгалаа олов?

Ашигт малтмалын тухай хууль бол их том хууль. Манай эдийн засгийг авч яваа хамгийн гол салбарын хууль болохоор ашиг сонирхол өндөртэй. Гадаад дотоодын сонирхол их. Гэхдээ шинэчлэх зайлшгүй шаардлагатай болсон. Өмнө нь байгаагүй томоохон өөрчлөлт гэвэл уурхайн хаалтын зохицуулалт орж ирж байгаа. Уурхайн хаалтыг зохион байгуулах, баталгаа гаргах зохицуулалтууд тусгагдаж байгаа. Мөн хайгуул, ашиглалтын гэсэн тусгай зөвшөөрөл дээр баяжуулах гэсэн шинэ тусгай зөвшөөрөл орж ирж байна. Сүүлийн үед уурхайгүй боловч хүдэр худалдан авч баяжуулах үйлдвэрүүд олноор байгуулагдсан тул үүнийг зохицуулах зорилгоор баяжуулалтын тусгай зөвшөөрөл олгоно. Түүнчлэн НЭЗҮ буюу нийгэм эдийн засгийн үнэлгээ, ESG буюу байгаль орчин, нийгэм, засаглалын ойлголтууд тусгагдаж байгаа. Уул уурхай нь техник технологи болон эдийн засаг талаасаа яаж нөлөөлөхөөс гадна орон нутагт, улсад хэчнээн ажлын байр гаргах, дэд бүтцийг байгуулахад хэр хэмжээний хөрөнгө зарцуулах, уурхай хаагдсаны дараа орон нутагт ямар үр нөлөө үлдэх гэх мэт нийгмийн асуудлууд эдгээр ойлголтын дор орж байгаа. Хэлэлцүүлгийн явцад нэр томьёо өөрчлөгдөх, илүү задраад, тодорхой болоод явах байх.

Дараа дараагийн Оюутолгой, Эрдэнэтийг олж нээх, хөрөнгө оруулагчдад хандсан, чиглэсэн ямар өөрчлөлт, шинэчлэл тусгагдаж байгаа вэ?

Зэс, нүүрс дээр АМНАТ-ийг цэгцэлж, байгаа хууль тогтоомжоо тогтвортой байлгахад гол анхаарал хандуулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хэрхэн хамгаалдгаа харуулах ёстой. Манайд хөрөнгө оруулахын тулд хуучин хөрөнгө оруулагчдаас мэдээлэл авна. Монголчууд ойлгомжгүй, тогтворгүй гэсэн сэтгэгдэл, уур амьсгалыг өөрчилж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудлыг чухалчилна.

Нүүрсний арилжааг цахимаар явуулахаар болж байна. Олон жил яригдсан Эрдэс баялгийн биржийн эрх зүйн орчин тодорхой боллоо. Үүнтэй холбоотой одоо ямар үйл явц өрнөж байна вэ?

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль ирэх оны долдугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ. Тэр хүртэл түр журам нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжүүлнэ. Эхний ээлжинд түр журамд төрийн өмчит компаниуд заавал орно. Хувийн компаниуд бол заавал биш. Өөрсдөө бэлтгэлээ хангаад оролцох боломжтой. “Энержи Ресурс” компани оролцоод явна гэсэн. Шинэ хууль учир хэрэгжилтийн явцад хүндрэл гарч магадгүй. Гэлээ ч манай улс эрдэс баялгийн бирж рүү шилжихээс өөр аргагүй. Биржээр арилжаалснаар аль аль талдаа ил тод болно. Хүмүүсийн одоогийн бухимдал нэг талаараа буурна. Хаадаг, нуудаг, хямд үнээр борлуулдаг, нууц гэрээ байгуулдаг бүх асуудал биржээр арилжаалагдаад ирэхээр байхгүй болно.

Алтны тушаалтыг нэмэгдүүлэх зорилгоор алтанд ногдуулж буй Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 2.5 хувийн хөнгөлөлтийг үргэлжлүүлсэн хуулийн үйлчлэл энэ оноор дуусгавар болно. Хугацааг сунгах болов уу?

Үүнийг Засгийн газар дээр шийднэ. Бид саналаа өгсөн байгаа. Алтны хувьд үндсэн ордуудын ашиглалт эхэлж байна. Говь-Алтай аймагт Хан-Алтай ордын ажил эхэллээ. “Степпе голд” компанийн төсөл явж байна. Завхан аймагт “Баян Айраг” компанийн төсөл бий. Үндсэн ордын тухайд хугацаа шаарддаг. Шороон орд нь шууд үр дүнгээ өгдөг учир ойрын 1-2 жилийн дотор ач холбогдолтой байна байх.

Ярилцсанд баярлалаа.

Майнинг Инсайт сэтгүүл №12 (013), Арванхоёрдугаар сар 2022