“Уул уурхайн 7 хоног” буюу “Mining week 2023”-ийн 3 дах өдрийн арга хэмжээний Онцгой зочин илтгэгчээр Дэлхийн нүүрсний ассоциацийн Ерөнхий захирал Мишель Манук оролцлоо. Тэрээр УУХҮЯ, “Монгол нүүрс” ассоциацийн урилгаар Монгол Улсад хүрэлцэн ирээд байгаа юм. Чуулган дээр түүний танилцуулсан “Нүүрсний ирээдүй ба өөрчлөгдөж байгаа дэлхий” илтгэлийг хүргэж байна.
Дэлхийн нүүрсний ассоциацийн Ерөнхий захирал Мишель Манук "Миний хувьд ашигт малтмалын салбарт 25 жил ажиллаж буй туршлагатай бөгөөд Монгол Улсад анх удаа ирж байна. Монгол Улсад өсөн нэмэгдэж буй боломжууд, ялангуяа зэс, бусад чухал эрдсийн боломж их байгаа нь тун гайхалтай. Түүнчлэн нүүрсний салбарт боломж өндөр байгаа нь таатай мэдээ юм.
Монгол Улсын хувьд дэлхийн нүүрсний салбарт өөрийн гэсэн статусыг бэхжүүлэх боломж нээлттэй. Монголын хувьд нүүрсний үйлдвэрлэл, экспортыг ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлэх боломжууд нь маш өндөр байна. Нүүрс нь Монгол Улсын эрчим хүчний эдийн засаг, худалдааны тэнцэлд чухал ач холбогдолтой зүйл. Монголын Засгийн газрын зүгээс нүүрсний чиглэлээр бодлогоо тодорхойлж, экспортоо нэмэгдүүлэхэд бусад орнуудтай эрчимтэй үйл ажиллагаа явуулж байна.
Дэлхий нийт байгаль орчны асуудал, нүүрсхүчлийн давхар ислийг бууруулахад нүүрсийг онцгойлон авч үзэж байгаа ч гэлээ нүүрсний өөрийн ач холбогдол ойрын 10 жил байтугай тэрнээс ч цааш хугацаанд ирээдүйтэй салбар гэдгийг хэлмээр байна. Энэхүү боломжийг бодит болгох чиглэлээр нүүрсний салбарынхан манлайлан ажиллах шаардлагатай байгаа.
2019 онд Дэлхийн нүүрсний ассоциациас ирэх 5 жилд баримтлах нүүрсний салбарын стратегийг гаргасан. Энэхүү стратеги 2025 он хүртэл хэрэгжинэ. Тус стратегид нүүрсний гол гол бүс нутгууд, тухайлбал Монгол Улсыг тодорхойлж, энэ хүрээнд хамтран ажиллаж нүүрсний салбарын хариуцлагатай оролцогч болгоно гэдгийг тодорхойлсон. Энэ хүрээнд нүүрс үйлдвэрлэгч бүхий л улс орнуудыг стратегидаа багтаан ажиллахад анхаарч байна. Дэлхийн нүүрсний ассоциацийн 2019 онд гаргасан уг стратегийн хүрээнд дэлхий дахинд нүүрс яагаад чухал ач холбогдолтой, яагаад хэрэгтэй гэдгийг таниулахад бидний гол үйл ажиллагааг чиглэж явна. Тиймээс Монгол Улс дэлхийн нүүрсний үйлдвэрлэлийн нэг хэсэг болж байгаа нь чухал. Өнөөдөр Монгол Улсын дуу хоолойг дэлхийн дуу хоолойтой нэгтгэн гаргах гэж байгаадаа баяртай байна.
Дэлхий нийт нүүрснээс хурдан хугацаанд татгалзах боломжгүй юм байна гэдгийг өнгөрсөн 2 жилийн хугацаа батлан харууллаа. 2021 оны сүүлч 2022 оны эхнээс өнөөг хүртэл үргэлжилж байгаа олон сорилтууд байна. Нүүрстэй яригдаж байгаа зүйл болгон үнэн зөв биш гэдгийг хэлэхийг хүсэж байна.
Өдгөө олон улсад сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр гүйцэтгэл бага байна. Европт хий хадгалах байгууламжууд хомсдолтой байгаа нь байгалийн хийн нийлүүлэлт зөвхөн нэг улсаас хамааралтай байж ирсэнтэй холбоотой. Бусад орнуудаас ханган нийлүүлэхэд тээврийн асуудлууд гарч ирсэн. Ийм нөхцөл байдалд сэргээгдэх эрчим хүчний хувьд 100 хувь найдвартай эх үүсвэр болж чадахгүй гэдэг нь тодорхой болж байна. Тэгэхээр дэлхий дахинд эрчим хүчний аюулгүй байдал нь хамгийн тэргүүлэх асуудал юм. Эдгээр үйл явцыг Дэлхийн нүүрс ассоциациас баримтжуулж байгаа.
Дэлхийн нүүрс ассоциацийн 2025 он хүртэлх стратегид эрчим хүчний аюулгүй байдал, эрчим хүчний найдвартай болоод хямд байдалд үйл ажиллагаагаа чиглүүлж байна. Тэгэхээр найдвартай талаасаа хамгийн гол эх үүсвэр нүүрс хэвээр байх болно. Эрчим хүчний шилжилт нь эдийн засаг, байгаль орчны зорилттой. Үүнтэй холбоотойгоор ирээдүйд шинээр гарч ирэх салбарт нүүрсний чиг үүрэг ямар оролцоотой байх талаар ч Дэлхийн нүүрс ассоциаци анхааралтай судалж, олон төрлийн үйл ажиллагаа явуулж байна. Нүүрс нь эрчим хүчний хомсдолоос сэргийлэхэд хамгийн чухал, найдвартай эх үүсвэр. Ялангуяа дулаан үйлдвэрлэхэд гол түүхий эд хэвээр байна.
Дэлхий дахинд юу болж байна вэ? Европын орнууд, жишээ нь Австри, Финланд, Франц, Итали, Германд, Нидерланд улс нүүрсний эсрэг байдаг боловч тэд эрчим хүчний олон асуудалтай тулгарч буй. Герман улс эрчим хүчний нүүрсний уурхайнуудаа сэргээн ажиллуулах шийдэлд хүрч байна. Европын хувьд одоогийн нүүрсний уурхайнуудаа өргөтгөх, нүүрсний эрчим хүчийг ашиглахад илүү чухал болж байгаа нь хий дамжуулах “Умардын урсгал” хоолойтой холбоотой. Түүнчлэн Их Британид 13.5ГБт эрчим хүчний үйлдвэрлэлийг бэлэн байдалд байлгах арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Швед улс гэхэд өөрийн эрчим хүчний зорилтыг 2040 он гэхэд 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр тодорхойлж байсан. Харин өнөөгийн нөхцөл байдал, хүндрэлээс хамаараад эрчим хүчээ нэг эх үүсвэрийн хэт хамаарахаас сэргийлж цөмийн эрчим хүчийг ашиглах арга зам, боломжуудыг нээсэн шинэ хуулийг баталлаа. Мөн тус улс нүүрсийг хариуцлагатай арга хэмжээг ашиглахаар бодлого зорилтоо тодорхойлсон.
Өмнөд Африк дотоодын эрчим хүчнийхээ 80 хувийг хангаж буй цахилгаан станцуудаа хаах боломжгүйг мэдэгдсэн. Өмнөд Африк эрчим хүчний хямралаас сэргийлэх, найдвартай байдлыг хангахын тулд нүүрсний цахилгаан эх үүсвэрүүдээ үргэлжлүүлэн ажиллуулах болсон.
Хятад улс нүүрсийг цэвэр, үр ашигтай байдлаар ашиглана гэдгээ БНХАУ-ын дарга Си Жинпин зарласан. Өөрөөр хэлбэл нүүрсийг хариуцлагатай арга барилаар ашиглах зорилтоо Хятад улс тодорхойлсон. Нөгөөтэйгүүр тус улсын хувьд гангийн үйлдвэрлэлээ нүүрсхүчлийн хийн ялгарлаас ангижруулж 0 болгоно гэж байгаа ч үүнд цаг хугацаа их шаардагдана. Тиймээс Монгол Улсын зүгээс нүүрсний экспорт баталгаатай, урт хугацаанд нийлүүлэлт үргэлжлэх боломжтой гэсэн үг. Энэ оны есдүгээр сард Монгол Улс коксжих нүүрсийг дэлхийн хоёр дахь том импортлогч Энэтхэг улсад нийлүүлэх гэрээ хэлэлцээрийг байгуулсан байна. Энэтхэг улсын гангийн үйлдвэрлэлийг гол түүхий эдийн нийлүүлэгч Монгол Улс болох боломжтойг харуулж байна. Мэдээж үүнийг бодит ажил болоход олон ажил хийх шаардлагатай болно.
Ер нь бол дэлхий хэмжээнд металлургийн, гангийн үйлдвэрлэл өргөжих төлөвтэй байгаа учир коксжих нүүрсний эрэлт хэрэгцээ өндөр байх нь ойлгомжтой. Хэрэв хүн төрөлхтөн нүүрсгүй бол ган, цемент, хөнгөн цагаан байхгүй. Ийм л нөхцөл байдал үүснэ гэдгийг бид бүхэн илүү ойлгох, нүүрсний ашиглалтыг илүү сайжруулах хэрэгтэй юм.
Австрали улсын Засгийн газраас нүүрс болон байгалийн хий нь одоогийн буй эрчим хүчний хомсдолыг шийдвэрлэхэд гол эх үүсвэр хэвээр байх болно гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл гамшиг тулгарах үед жор гэсэн байдлаар нүүрс ашиглагдаж байгаа юм. Энэтхэг улс нүүрсийг өөрийн эко систем гэж харж байна.
Нүүрс үр ашигтай зүйл үү? Цаашид нүүрсний хэрэглээ багасна гэж байгаа ч үнэндээ яг одоо дэлхийд нүүрсний салбар эргэн сэргэж буй үйл явцын гэрч та бид болж байна. Бодит байдал дээр эрчим хүчний гол эх үүсвэр нүүрс хэвээр байх магадлал маш өндөр байгаа гэдгийг тэмдэглэн хэлье. Дэлхийн хэмжээнд ямар ч шинэ бараа бүтээгдэхүүн гарч ирсэн ч гэсэн одоогоор түлшний түүхий эдийн хязгаарлалттай тулгарсаар л байна. Энэ бүгдийг харгалзан авч үзвэл нүүрс бол ойрын ирээдүйд чухал эрдэс, ач холбогдолтой ашигт малтмал байсаар байна. Энэ асуудал АНУ-ын Цагаан ордон, Конгресс болоод Сенатын танхимд ч яригдаж байгаа.
Нүүрс нь эдийн засгийн чухал салбар учир дэлхийн эдийн засагт ямарваа нэгэн хямрал үүсгэлгүйгээр нүүрснээс татгалзана, шилжинэ гэдэг боломжгүй юм. Тиймээс нүүрсийг уламжлалт байдлаар биш, зөвхөн шатаахаас гадна илүү шинэ шинэ ахисан түвшинд ашиглах, шинээ түлш болгож бүтээх шаардлагатай. Үүнийг шинээр гарч ирэх зах зээлүүд сайтар ойлгож, нүүрсийг ялгаварлахгүй байх хэрэгтэй. Нүүрс нь аюулгүй, эдийн засгийн тогтвортой байдал, геополитикийн нөхцөлд чухал ач холбогдолтой гэдэг нь улам тодорхой болж ирлээ. Энэ нь Монгол Улсын нүүрсний салбарт ихээхэн боломжийг бий болгоно гэж үзэж болно. Дэлхийн олон орны төлөөлөгчидтэй уулзаж байхад Монгол Улс нүүрсний стратегийн тоглогч бөгөөд зөвхөн экспортлогчоос илүү нөлөөтэй байх боломжтойг хүлээн зөвшөөрдөг. Дэлхийн эрчим хүчний шилжилтийн дүр зургаар Монголын сэргээгдэх эрчим хүчний өөрчлөлт магтууштай зүйл мөн. Гэхдээ энэхүү шилжилтийг хийх явцад нүүрсний эх үүсвэр хэрэгтэй.
Урт хугацааны төлөвлөлттэй байж нүүрсний хэрэгцээ, нөгөө талаараа уул уурхай дахь нүүрсний үйлдвэрлэлийг бууруулах хэрэгцээг харгалзан үзэж, гол нь шинэ технологи нэвтрүүлэх шаардлагатай юм. Нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах технологийг ашиглах, дотоодын нүүрсний хэрэглээнд дэвшилтэд технологийг нэвтрүүлэх төслүүд хөрөнгө оруулалт илүүтэй татаж байна. Монгол Улс нүүрсний салбарт шинэ технологиудыг нэвтрүүлснээр өөрийн эрчим хүчний хэрэгцээг хангах, байгаль орчинд үзүүлэх нөлөөллөө бууруулах бүрэн боломжтой. Монгол Улсын эдийн засгийн боломж нь байгалийн нөөц, эрдэс баялагтаа тулгуурладаг. Эдийн засгийн өсөлтөө хангахын тулд нүүрсний экспортоо нэмэгдүүлснээр тэрхүү орж ирэх орлого ашгаар эдийн засгаа төрөлжүүлэх нэн чухал гэдгийг дурдахыг хүсэж байна.
Нүүрс нь НҮБ-аас гаргасан Тогтвортой хөгжлийн зорилтуудтай ихээхэн хамааралтай түүхий эд. Тиймээс нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах, эрдэс баялгийг ашиглалтыг боловсронгуй болгох технологиудыг хөрөнгө оруулагчид онцолж байгаа. Олон улсын хөрөнгө оруулагчдын хувьд шинэ технологийн чиглэлээр түлхүү ажиллаж байна. Нүүрсний үр ашгийг сайжруулах технологид хөрөнгө оруулалт татах боломжтой бөгөөд улмаар Монгол Улсын уул уурхайн салбар нь дэлхийн даяр тавигдаж буй байгаль орчны зорилтуудтай нийцэх болно. Сэргээгдэх эрчим хүчийг нүүрсний эх үүсвэртэй хавсарснаар Монгол Улс дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлээ төрөлжүүлж, ингэснээр нэг эх үүсвэрийн хамаарлаа бууруулахын зэрэгцээ эрчим хүчний найдвартай хангамжийг баталгаажуулах юм.
Эдийн засгийн хөгжлийг байгалийн нөөцийг ашиглалгүйгээр хангах боломжгүй. Тиймээс бид бүхэн байгаль орчныг хамгаалахыг тэргүүлэх чиглэл болгож, ингэснээр байгалийн нөөцийг ашиглаж явах хэрэгтэй болж байна. Утаагүй түлш ашиглах, агаарын бохирдлыг бууруулах, нүүрсний тогтвортой шийдлүүдийг бий болгосноор Монгол Улс асар их нүүрсний нөөцөө хариуцлагатайгаар ашиглахаас гадна дэлхийн эрчим хүчний зорилт болон байгаль орчны тогтвортой байдлыг хангахад хувь нэмрээ оруулах боломжтой.
Дэлхийн нүүрсний ассоциаци 2025 он хүртэлх стратегид тодорхойлсноор дэлхийн хойд хэсгийн орнуудын хувьд тогтвортой байдалд 3 гол зүйлийг авч үзэж байна. Ялангуяа сэргээгдэх эрчим хүчийг 100 хувь тогтвортой байдал гэж харж байгаа ч боломжтой эсэх тал дээр олон асуулт гарч ирсэн. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор 2050 он гэхэд нүүрсхүчлийн хийг 0 балансад хүргэх зорилттой. Гэхдээ одоогийн өөрчлөлт, нөхцөл байдлаас хамаараад энэхүү зорилтод хүрэх үү үгүй гэдэг эргэлзээ бий болсон. Сэргээгдэх эрчим хүчний технологи нь нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах гол шийдэл гэж үзэж байсан ч тэдгээр технологиуд бэлэн болсон тохиолдолд боломжтой. Харин өнөөгийн өөрчлөлтөөр нүүрсийг хийжүүлэх, ус төрөгч гарган авах гэх мэт чиглэлийн технологиуд гарч ирж байгаа. Тэгэхээр өнөөдөр дэлхий дахин нүүрсний салбарыг 3 өөр “нүдээр” харж байна.
Одоо үндсэн 2 зах зээл байж байна. Нэг нь өндөр хөгжсөн, нөгөө нь шинээр гарч ирж байгаа буюу хөгжиж буй зах зээл гэж үзэж болно. Гол нь аль ч улс орны хувьд нөхцөл байдлыг илүү бодитой авч үзэж, ялангуяа сэргээгдэх эрчим хүч найдвартай биш тохиолдолд нүүрс найдвартай эх үүсвэр хэвээр байна. Тэр дундаа эрчим хүчний аюулгүй байдал талаас харах нь зүйтэй.
Дэлхийн нүүрс үйлдвэрлэгч орнуудын эсрэг популист хандлага анзаарагдаж байна. Нүүрсний эсрэг явагдаж буй үзэл суртал тэр болгон үндэслэлтэй биш. Мэдээж өөрчлөлт гарч байгаа. Улс орон болгон стратегиа эргэн харж байгаа. Сонголтуудаа боломжтой эсэхийг нягталж байна. Тэр дунд нүүрсний өндөр байр суурь эзэлсэн хэвээр гэдгийг цохон тэмдэглэе. Хамгийн гол нь бид бүхэн хариуцлагатай нүүрсний хэрэглээ гэдэг зүйлийг нийт нэмүү өртгийн сүлжээнд бий болгох хэрэгтэй. Хэдийгээр нүүрсний хэрэглээ тодорхой хэмжээгээр буурах боловч нөгөө талаараа эдийн засгийн өсөлтийг бий болгох, эрчим хүчний хямд, найдвартай, баталгаат байдлыг хангах ач холбогдолтой түүхий эд юм. Нүүрсний салбарын тоглогчдын хувьд технологийг дэмжих, нэвтрүүлэх шаардлагатай. Үүнийг “ирээдүйн нүүрс” гэж бид нэрлээд байгаа. Энэ нь юу вэ гэхээр нүүрснээс үүдэж байгаа бохирдлын 99 хувийг одоогийн процесс, технологийн хүрээнд бууруулах боломжтой. Орчин үеийн уул уурхайн салбар нь илүү үр ашигтай, аюулгүй болж, үүний зэрэгцээ тухайн улс орны баялгийг бүрдүүлэх, худалдааны тэнцлийг хангана. Ирээдүйн нүүрс гэж нэрлээд байгаа үзэл баримтлал нь эдийн засгийн хөгжлийг, нийгмийг урагшлах боломжийг бий болгохын зэрэгцээ байгаль орчныг хамгаалах зорилтуудыг зэрэгцүүлэн харгалзан үзэх үзэл баримтлал юм. Нүүрсний уламжлалт хэрэглээ шатаалтаас гадна дараа дараагийн шатны нүүрсний гаргаж байгаа бүтээгдэхүүний хэрэглээ нь ирээдүйд улам чухал болж байна. Өндөр хөгжилтэй орнууд цэвэр эрчим хүчний шилжилтэд нэн шаардлагатай критикал минералын үйлдвэрлэлд анхаарч байгаа бол тэрхүү үйлдвэрлэлд нүүрс чухал үүрэг гүйцэтгэх болно. Тиймээс бусад эрдэс баялгийн ашиглалттай зэрэгцүүлэн нүүрсний салбарыг авч явах болж байна.
Ирэх сард Дэлхийн нүүрсний ассоциациас шинэ брендээ зарлана. Энэ нь дэлхийн нүүрсний салбарын шинэ үйл явцыг тодорхойлох болно. Тодруулбал нүүрсний салбарт шинэ загвар бий болгож, нүүрсний технологи болон боломжуудыг тодорхойлж, ингэснээр дэлхий нүүрсний тогтвортой хэрэглээний эрсдэлийг бууруулахад хандсан арга хэмжээг ойрын үед Дэлхийн нүүрсний ассоциациас зохион байгуулна.
“Ирээдүйн нүүрс” аргачлалын хүрээнд нүүрснээс ямар ямар ашигтай бүтээгдэхүүн гарган авч болохыг авч үзэн, нүүрсийг уламжлалт байдлаар шатаадаг салбар бус, зөвхөн үйлдвэрлэгч, нийлүүлэгч байхаас илүүтэй дэлхийн байгаль орчин, эдийн засагт хариуцлагатай салбар болохоо харуулна.
Монгол Улсын нүүрсний салбар олон улсад өрсөлдөх чадвартай. Дэлхийн нүүрсний ассоциацийн “Ирээдүйн нүүрс” үзэл баримтлалын амбицыг дэмжин, энэхүү эвсэлд Монгол Улсыг элсэн орж, гишүүн болохыг уриалж байна.