90 дэх удаагийн PDAC юуг онцлов?

Э.ОДЖАРГАЛ

Түүхий эдийн хамгийн том хэрэглэгч Хятад дахин хөл хорио тогтоон, дэлхийн металлын эрэлтэд түгшүүр төрүүлсэн үед бөмбөрцгийн нөгөө талд уул уурхайн салбарынхан амны хаалтаа тайлж нүүр тулан уулзацгаасан юм. “Цар тахалтай өнгөрсөн хоёр жилд их зүйл өөрчлөгджээ. Олон хүн компаниа, компаниуд эзнээ сольсон байна. Тиймээс биечлэн уулзах, нүүр тулан ярилцах нь үнэхээр чухал” хэмээн Канадын хайгуулч, олборлогчдын холбооны (PDAC) Ерөнхийлөгч Алекс Кристофер ярьсан юм.
PDAC-ийн чуулганд анх удаа оролцсон Канадын Холбооны байгалийн нөөцийн сайд Жонатан Вилкинсон “Дэлхийн уул уурхайн салбарт тэргүүлэгч орон гэдгээрээ Канад хүлээн зөвшөөрөгдсөн. Байгаль орчин, нийгэм, засаглалын туршлагаараа бусад орноос ялгардаг. Ашигт малтмалын баялагт суурилсан улсын хувьд тогтвортой эдийн засгийн чухал хэсэг нь уул уурхайн үйл ажиллагаа юм. Тиймдээ ч Засгийн газраас олборлох салбар, ялангуяа критикал минералыг дэмжихэд анхаарч байна. “Канадын чухал ашигт малтмалын иж бүрэн хөтөлбөр” стратегийг хэрэгжүүлэхэд улсаас 3.8 тэрбум доллар төсөвлөсөн. Энэ нь Канадын чухал ашигт малтмалын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, энэ чиглэлд худалдааны түншүүдтэй харилцаа холбоогоо бэхжүүлэхэд ач холбогдолтой” хэмээн уул уурхайн бодлогоо танилцууллаа. Өнөө үе бол Канадын олборлох салбарын хувьд түүхэн үе гэж тэрээр тодорхойлоод “Уул уурхайн асар их боломж нээлттэй цаг үед бид бүхэн амьдарч байна. Боломжийг ашиглахын тулд шуурхайлж, идэвхтэй хамтран ажиллая” хэмээн PDAC-ийн зочдод уриаллаа. Чуулганы эзэн улс Канад 60 гаруй төрлийн ашигт малтмал, металл олборлодог. 200 гаруй уурхайтай. Дэлхийн уул уурхай, ашигт малтмалын компаниудын бараг тал хувь нь байрладаг. Тэдгээрийн зах зээлийн нийт үнэлгээ 520 тэрбум канад доллар. Ногоон шилжилтэд хамгийн их эрэлт хэрэгцээтэй 31 төрлийн чухал металлын нөөцийг эзэмшиж байна. Тухайн эрдсүүд дээр төрийн далбаагаа дүрсэлж үйлдвэрлэл, нийлүүлэлтээр тэргүүлэгч улс болох зорилтоо тунхагласан.
PDAC-ийн өмнө Канадын Засгийн газар нь никель, лити, кобальт, графит, зэс, газрын ховор элемент, цайр, уран, цагаан алтны бүлгийн металлын хайгуулын зардалд 30 хувийн татварын хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэжээ. АНУ-ын Геологийн албаны мэдээллээр, лити, газрын ховор элемент аль алиныг үйлдвэрлэдэггүй. Өнгөрсөн онд тус улс дэлхийн графитын 1%, никель 5%, кобальт 2.5%, зэсийн 2.8%-ийг тус тус нийлүүлжээ. Чухал ашигт малтмалын олборлолтоор дэлхийд эхний тавд ордог. Критикал минералын төслүүддээ хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх, хамгийн гол нь ханган нийлүүлэлтийн сүлжээ нэг улсаас хэт хамаарахын эсрэг АНУ, Европын Холбоотой хамтран ажиллаж байгаа. Ингэхдээ уурхайгаас эхлээд үйлдвэрлэл, дахин боловсруулалт хүртэлх эцсийн нийлүүлэлтийн сүлжээг бий болгохыг эрмэлзэж байна. Ашигт малтмалын нөөц, ESG-ийн (байгаль орчин, нийгэм, засаглал) маргашгүй нэр хүнд, уул уурхай, металлург, боловсруулалтын хүлээн зөвшөөрөгдсөн туршлагадаа тулгуурлан Канад улс чухал ашигт малтмалын хариуцлагатай, найдвартай нийлүүлэлтээр Хойд Америкт төдийгүй дэлхийд манлайлахаар зорьжээ.
Ирээдүйд зэсээс дутахгүй үүрэгтэй лити, кобальт, никель, мөн ураныг онцолсон хурлууд танхим дүүрэн өрнөсөн юм. Хэдийгээр металлд тооцогддоггүй ч уран нь цэвэр эрчим хүчний чиг хандлагаар хүчтэй яригдан, өнгөрсөн өвлийн хямралын дараа мэдэгдэхүйц сэргэсэн. Хүлэмжийн хий ялгаруулахгүй байх дэлхийн зорилт цөмийн эрчим хүчгүйгээр биелэхгүй гэж U3O8 корпорацийн Ерөнхийлөгч Ричард Спенсер үзэж байна. Дэлхийн ураны нөөцийн дийлэнхийг эзэмшдэг Оросын эсрэг олон улсын хориг, улс орнууд дотоодын нийлүүлэлтээ баталгаажуулах асуудлыг хөндсөн. Геополитикийн өнөөгийн тодорхойгүй байдалд Зүүн Европын орнууд Оросоос гадна уран олборлох боломжийг эрэлхийлж байгааг Earths & Urani - um-ийн Гүйцэтгэх захирал Том Дривас тэмдэглэв. “Зэс: Хамгийн гол ногоон металл” хуралдаанаар “Quebrada Blanca 2”, Kamoa Kakula төслийг онцолжээ. Энэ жилийн чуулганы даймонд ивээн тэтгэгчээр ажилласан Teck Resourc - es компани QB2 төслийг Чили улсад хэрэгжүүлж байгаа нь дэлхийн хамгийн том ашиглагдаагүй зэсийн нөөцийн нэг. Ашиглалтын зардал багатай. 28 жил уурхайлахаар тооцжээ. Баяжуулах үйлдвэр нь хоногт 140 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай. Уурхайн бүтээн байгуулалтын явц 90%- д дөхжээ. Энэ оны сүүлийн хагаст анхны үйлдвэрлэл эхэлнэ. Ингэснээр дэлхийн эхний таван үйлдвэрлэгчдийн тоонд багтана. Харин Kamoa Kakula бол Ivanhoe Mines, Хятадын Zijin Mining компани хамтран хэрэгжүүлж байгаа төсөл. Дэлхийн зэсийн хоёр дахь том, тэгэхдээ цогцолбор үйлдвэрлэл БНАКонго улсад босож байна.
2021-2022 онд шинээр үйлдвэрлэлээ эхлэх зэсийн гурван том төслийн хоёр нь эд. Ердөө чуулганы өмнөх өдрүүдэд Перу дахь Anglo American компанийн “Quellaveco” төслийн үйлдвэр анхны хүдрээ баяжуулжээ. Энэхүү 3 үйлдвэр ашиглалтад орсноор 2022 онд цэвэршүүлсэн зэсийн үйлдвэрлэл 3%-иар нэмэгдэх тооцоог Олон улсын зэсийн судалгааны групп (ICSG) гаргажээ. Томоохон үйлдвэрлэгч орнуудын тогтворгүй байдал зах зээлийн нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлж мэдэхээр байна. Чили улс Үндсэн хуулиа шинэчлэн найруулж байгаатай холбоотойгоор хууль эрх зүйн тодорхойгүй байдал үүсжээ. Перу улсад олон нийтийн эсэргүүцэл уул уурхайн үйл ажиллагаа, хайгуул, бүтээн байгуулалтын төслүүдийг тасалдуулах эрсдэлтэй байна. Аж үйлдвэрийн үндсэн металл болох зэсийн сүүлийн үеийн төлөвийг CRU танилцуулсан юм. Зэсийн судалгаа, стратеги хариуцсан захирал Ванесса Дэвидсон нь металлын ханш бараг 100 жилийн дээд цэгтээ хүрч, цэвэр эрчим хүчний шилжилтээр эрэлт “хязгааргүй” мэт харагдах ч болзошгүй хэд хэдэн хүндрэл байгааг сануулав. Хэрэглээгээрээ Хятад ноёрхсон байдал удаан үргэлжилнэ гэдэгтэй хатагтай Дэвидсон санал нийлэхгүй байна. 2025 оноос дэлхийн зэсийн эрэлтийн бүх өсөлт Хятадаас гадуур явагдах төлөвтэй. Зүүн Өмнөд Азийн орнууд, тухайлбал Энэтхэг хүчтэй өсөлт үзүүлнэ. Мөн Хойд Америк, Европт хэрэглээ нэмэгдэнэ. 2030 он хүртэл дэлхийн эдийн засгийг 2.1% өснө гэж тооцвол 5.3 сая тонн зэсийн хэрэгцээ шинээр гарна. Гэтэл төслүүд цөөн, хүдрийн агуулга буурсантай холбоотойгоор 2024 оноос зэсийн үйлдвэрлэлийн өсөлт удааширч болзошгүй. CRUийн судалгаагаар 2002 онд дэлхийн хэмжээнд зэсийн дундаж агуулга 0.8% байсан нь өнөө 0.57% болж буурчээ. 2030 он гэхэд эрэлт, нийлүүлэлтийн зөрүү 5.1 сая тонн болно. Үүнээс таван жилийн дараа 7.6 тэрбум тонноор хэмжигдэнэ гэсэн таамгийг хэллээ. Чухал металлуудын тоонд “ордоггүй” алтны олборлогч компаниуд цаашид ямар үүрэг гүйцэтгэх вэ гэсэн асуултын хариултыг Newmont компанийн Гүйцэтгэх захирал Том Палмер илтгэлээрээ өглөө.
Дэлхийн хамгийн том алт олборлогч компанийн туулсан 100 жилийн түүхийг эргэцүүлэн, дараагийн 100 жилд юу авчрах талаар санал бодлоо хуваалцсан. 1921 онд Newmont үүсэн байгуулагдсан цагаас дэлхий дахин ихээхэн өөрчлөгдсөн хэдий ч бизнест тулгарч буй өнөөгийн сорилтууд түүнийг “барьц алдуулж” мэдэхээр байгааг нуусангүй. Тэрээр “II дайны дараагаас тогтож ирсэн дэлхийн эдийн засгийн дэг журам үндсэндээ хоёрхон жилийн дотор орвонгоороо өөрчлөгдөж тодорхойгүй, тогтворгүй байдал үргэлжилсээр байна. Энэ нь тахлын үр дүн, Хятад дэлхийн хүчирхэг гүрэн болж гарч ирэх, Орос болон Украины дайн, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, тэгш бус байдлын үр дагавар уу гэдгийг хэлэхэд хэцүү” гэв. Гэхдээ ногоон шилжилтэд чухал биш байж болох ч тогтворгүй, эрсдэлтэй үед үргэлж үнэ цэнээ хадгалдаг металлыг цаашид олборлох нь тодорхой. PDAC 2022 чуулганы 7 хоногт Канадын Ultra Lithium-ийн охин компанийн 65 хувийг Хятадын лити, кали үйлдвэрлэгч Zangge Mining компани худалдаж авлаа. Энэ нь 50 сая ам.долларын хэлцэл юм. Ultra Lithium нь Аргентины литийн “Laguna Verde” төслийг хэрэгжүүлж байна. Алт, зэс, литийн олборлолтын бусад төслүүдийг ашиглах эрх бүхий Ultra Argentina охин компанийн дийлэнхийг Хятадын компани эзэмших болсон. Эл орд Аргентины Катамарка мужид орших дэлхийд алдартай литийн нөөцөөр нэн баялаг гурвалжинд оршдог.

2030 он гэхэд эрэлт, нийлүүлэлтийн зөрүү 5.1 сая тонн болно. Үүнээс таван жилийн дараа 7.6 тэрбум тонноор хэмжигдэнэ гэсэн таамгийг хэллээ.

Канад, Аргентин, АНУ-д литийн төслүүд Ultra Lithium хэрэгжүүлэх эрхийг эзэмшдэг. Ийм хэлэлцээрүүд өрнөж байх үед PDAC чуулган дээр тив тивийн төлөөлөгчид литийн зах зээлд төвлөрч байлаа. Цахилгаан машины үйлдвэрлэлийг дагаад энэ зах зээл хүчээ авсан. Дэлхийн литийн эрэлт нийлүүлэлтийн тэнцэлд 2020 онд мэдэгдэхүйц “илүүдэл” гарсан ба 2021 онд хомстол үүсэж, энэ жил үргэлжлэх төлөвтэй байна. Өнгөрсөн онд литийн хэрэглээ ойролцоогоор 48 хувиар өсөж, 505 мянган тоннд хүрчээ. 2022 оны эхээр нийлүүлэлт дутмагаас Хятадад литийн үнэ түүхэн дээд хэмжээнд 79.550 ам.долларт хүрч өссөн. 2025- 2030 онд эрэлт хурдацтай нэмэгдэх хандлагатай. Ойрын ирээдүйд литийн эрэлт 1000 хувь өснө гэх “үлэмж” тоог Канадын Холбооны байгалийн нөөцийн сайд өөрөө дурдсан. Тиймээс критикал минералын хайгуулыг түргэтгэх, литийн нөөцийг нээхээр улс орнууд бодлогоо чиглүүлж эхэлсэн хэрэг. АНУ-ын Эдийн засгийн өсөлт, эрчим хүч, байгаль орчны асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргын орлогч Хосе Фернандес “Хүлэмжийн хийг бууруулах зорилтыг биелүүлэхэд лити, никель, кобальт зэрэг чухал ач холбогдолтой ашигт малтмалын хэрэгцээ их байх болно. 2050 он гэхэд өнөөдрийн хэрэглэж байгаагаас 6 дахин их лити шаардлагатай” гэсэн юм. Тэрээр ногоон шилжилтийг хөгжилтэй орнуудын “өрсөлдөөн” хэмээн тодорхойлж байгаа ч критикал минералын нөөцийг илрүүлэхэд бүх улс орнууд “бооцоо” тавьж байна.

Чухал металлуудын эрэлт өсөж хэдий ч нийлүүлэлтийг хясах гол хүчин зүйл ESG байх болно

Судлаачдын анхааруулснаар ESG-ийн хатуу шалгуур, оролцогч талуудын илүү их шаардлагаас шалтгаалан төслийг хэрэгжүүлэхэд урт удаан хугацаа орно. Чухал металлуудын эрэлт өсөж буй хэдий ч нийлүүлэлтийг хясах гол хүчин зүйл ESG байх болно. Нэн тэргүүнд уугуул иргэдтэй ойлголцох асуудлаар зохистой, төгс шийдэлд хүрч чадсан улс үгүй байна. Монгол Улстай адил орон нутгийн иргэдийн ойлголцол, магад уул уурхайн үйл ажиллагааг эсэргүүцэх хөдөлгөөн бүхий л орнуудад тулгамдаж байна. Компанийн хариуцлагаас гадна улс төрийн оролцоо ч чухал. Нэн ач холбогдолтой эрдсүүдийн эрэлтийг хангахын тулд шинэ үйлдвэрлэл, уурхай шаардагдаж байна. Гэхдээ асар өндөр зардал шаарддаг уул уурхайн бүтээн байгуулалтын хөгжүүлэлтийн хугацаа нь санхүүжилт, хөрөнгө оруулалтын хүндрэлтэй тулгарах эрсдэл байгаа юм. Зэсийн ил уурхайг хөгжүүлэхэд дунджаар 12 жил, далд уурхайн бүтээн байгуулалтад 10.5 жил зарцуулах жишээний.

2025- 2030 онд эрэлт хурдацтай нэмэгдэх хандлагатай. Ойрын ирээдүйд литийн эрэлт 1000% өснө гэх “үлэмж” тоог Канадын Холбооны байгалийн нөөцийн сайд өөрөө дурдсан.

CRU үндсэн металлын 107 уурхайн бүтээн байгуулалтын тоо баримтад дүн шинжилгээ хийж үзэхэд ногоон талбайн төслүүд 50%-иар, илүү найдвартай гэж үздэг бор талбайн төслүүд барилгын анхны төсвөөс 34%-иар зардлаа хэтрүүлжээ. Ийм эрсдэлээс сэргийлж банкууд уул уурхайд оролцохоос болгоомжилж байна. Түүхий эдийн үнэ өндөр буй хэдий ч уул уурхайн салбар руу мөнгө орохгүй байгааг хөрөнгө оруулалтын банкирууд “Хөрөнгийн зах зээл ба эрдэс баялгийн салбар” хурлаар хэлэлцжээ. Зах зээлийн тодорхойгүй байдал цаашид үргэлжилбээс уул уурхайн төслүүд санхүүжилт татахад бэрхшээлтэй тулгарна. Торонтогийн хөрөнгийн биржээр татсан санхүүжилт өнгөрсөн жилийнхээс 60%-иар буурсныг TD Securities’ Global Mining Group-ийн тэргүүн Майкл Фаралла сануулсан. Тэгвэл BMO Capital Markets-ийн захирал Илан Бахар “Уул уурхайн салбарт орж ирэх хөрөнгийн урсгал ойрын хугацаанд өөдрөг биш ч дунд болон урт хугацаанд нэмэгдэх хандлагатай” гэж үзэж байна. Хайгуулын салбарт ч хөрөнгө оруулалт идэвх багатай байна. S&P Global-ийн илтгэлээр цар тахлын их уналтаас хойш сүүлийн хоёр жилд алт, зэс, литийн хайгуулын хөрөнгө оруулалт өсжээ. 2022 онд дэлхийн хайгуулын хөрөнгө оруулалтад зэс, алт давамгайлж буй. Шинэ ордод чиглэсэн хайгуулын хөтөлбөрүүд сэргэж байгаа ч геополитикийн тогтворгүй байдлаас үүдсэн болгоомжлол хайгуулд чиглэсэн хөрөнгө оруулалтыг хязгаарлаж байна. КОВИД 19-ийн дараах сэргэлтээр өнгөрсөн онд дэлхийн хайгуулын хөрөнгө оруулалт мэдэгдэхүйц өсөж 11.2 тэрбум ам.доллар давсан. Ийм өсөлт энэ онд ажиглагдахгүй. Гэхдээ 5-15 хувиар өснө гэж S&P Global-ын Уул уурхайн судалгааны захирал Марк Фергюсон таамаглаж байна. Сүүлийн хоёр жилд өрнөсөн асар их өөрчлөлт, түүнээс улбаалсан олон янзын асуудал хуримтлагдан, шийдлээ хүлээж буй нь PDAC-ийн хоёр өдөр үргэлжилсэн 60 орчим салбар хуралдаан, өргөн хүрээг хамарсан сэдэв, хэлэлцүүлгүүдээс анзаарагдсан. Ногоон шилжилт, критикал минералын эрэлтийг хангах эсэх, хөрөнгө санхүүжилтийн хүндрэл, ESG-ийн хатуу шалгуурыг давах, уугуул иргэдийн оролцооны зохистой шийдэл гэсэн сэдвүүд зонхиллоо.
Ашигт малтмалын хэрэглээ нь цаг уурын асуудалтай салшгүй холбогдох тул эрдэс металлын эрэл хайгуул хийгээд олборлоод зогсохгүй боловсруулж, цэвэршүүлэх дэд бүтцийг бий болгох шаардлагатай болж байна. Зарим нэгэн “дэлхийг аврах” хэмээн ногоон хувьсгалыг тодотгож байсан бол уул уурхайн салбарынхан нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулахын тулд одоогийнхоос илүү их металлыг үйлдвэрлэнэ гэсэн эсрэг тэсрэг өнцөг ч сонстов. Чухал металлууд нь цэвэр эрчим хүчний шилжилтийг идэвхжүүлэгч гэхээсээ илүү гацаа болох эрсдэл ч байна. Зөвхөн цахилгаан машины урт хугацааны төсөөллөөр чухал металлуудын эрэлтийг хангахуйц шинэ уурхай, үйлдвэрлэлийг яаравчлах, уул уурхайн төслүүдийг хөгжүүлэхэд зарцуулах урт удаан хугацаа нь санхүүжилт татахад хүндрэл үүсгэх зэргийг дурдаж байна. Эдгээрээс хамгийн том бэрхшээл бол ESG-ийн шалгуурыг компаниуд, төслүүд давах эсэх, уугуул иргэд болон орон нутгийн иргэдтэй ойлголцох асуудлыг чухалчлан ярилцсан юм.

Mайнинг Инсайт Сэтгүүл №06(007)