Ерөнхий эрхлэгч Н.АРИУНТУЯА
Энэ дэлхийн хамгийн азтай хайгуулч гэгддэг Роберт Фрийдланд Монголын уул уурхайн 7 хоногийг (2023.10.09- 13) зорин ирж, онцлох зочны илтгэл танилцуулсан билээ. Оюутолгойн нээлтэд онцгой үүрэг гүйцэтгэсэн тэрээр дэлхийн хоёр дахь том зэсийн уурхай болно гэгдэж буй Камоа- Какулаг нээж, өдгөө ид хөгжүүлж байгаа юм. Фрийдландын илтгэлээс КамаоКакула ордын өндөр агуулга, өргөн далайцтай хөгжүүлэлтийн мэдээг Монголын уул уурхайнхан атаархангуй сонссон.
Камоа Какула хурдацтай бүтээн байгуулалтаараа Оюутолгойг хол хаяж, урд нь гишгэжээ. 3 жилийн өмнө барилгын ажлаа эхлүүлсэн КамаоКакулагийн үйлдвэрлэл 2021 онд эхэлсэн бол өдгөө уурхайд түшиглэсэн усан цахилгаан станц болон дэлхийн хамгийн том зэс хайлуулах үйлдвэрүүдийн нэгийг байгуулж байна. Үүгээр жишээлж, Оюутолгой дээр алдсан он жилүүд, алдагдсан боломжуудаа монголчууд хурдан нөхөөсэй гэсэн Фрийдландын үг Монголын төр засгийг төлөөлж ирсэн эрхмүүдэд тийм ч тааламжтай сонстоогүй нь лавтай. Бүтээн байгуулалтын далайц, хурдацыг тэрээр Конго улсын нээлттэй бодлогын хүрээнд гэж тодотгосон нь гадаадын хөрөнгө оруулагчдыг урин дуудчихаад хүрээд ирэхэд нь гаргадаг монголчуудын араншин, үг үйлдлийн зөрүүг илэрхийлсэн хэрэг байлаа. Дэлхийн хоёр дахь болон дөрөв дэх том уурхай болно гэгдэж буй Оюутолгой болон Камао- Какулагийн ордыг харьцуулсан нийтлэлийг Mining Insight шинэ дугаартаа нийтэллээ. Түүнчлэн Роберт Мартин Фрийдландын тавьсан илтгэлийг англиар нь хүргэж буйг хүлээн авна уу.
Уул уурхайн 7 хоногийн эхний өдрийг Фрийдланд онцгойруулсан бол сүүлийн өдрийг “Орано”-той зурах Хөрөнгө оруулалтын гэрээний ерөнхий нөхцөлийг тохиролцсон мэдээ “чимсэн” юм. 1994 онд Монголд орж ирсэн анхны хөрөнгө оруулагчдын нэг, Оюутолгойн нээлтэд өөрийн гэсэн гавьяатай Фрийдландад Монголын төр Алтангадас одон хүртээсэн бол 1997 онд орж ирсэн Францын хөрөнгө оруулагч “Орано” чилийтэл хүлээсэн 26 жилийн дараа Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж магадгүй мэдээлэл зарлагдсанаар гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд сонирхолтой давхцалтай 7 хоног байлаа. Франц Улсын Ерөнхийлөгч Э.Макрон өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсад төрийн айлчлал хийсний дараа хоёр улсын төрийн өмчийн оролцоотой ураны төсөл тойрсон үйл явц илт идэвхжсэн. Ердөө 5 сарын дотор Ерөнхий сайдын захирамжаар Ажлын хэсэг байгуулагдаж, Хөрөнгө оруулалтын гэрээ (ХоГ)-ний төсөл дээр талууд хэлэлцээ хийж, зарим нөхцөлийг урьдчилан зөвшилцсөнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийг Франц Улсад төрийн хариу айлчлал хийх үеэр протоколоор баталгаажуулж, түүнээс арваад хоногийн дараа “Орано Майнинг” компани (2023.10.24) тус протоколын дагуу өөрчилж шинэчилсэн ХоГ-ний төслөө Монголын талын Ажлын хэсэгт хүлээлгэн өгөөд байна. Ажлын хэсгийн дарга, Д.Амарбаясгалан сайдын хэлснээр Монгол Улсын Засгийн газар болон Францын "Орано Майнинг САС" компанийн хооронд байгуулах ХоГний төслийг 11 дүгээр сард Засгийн газар УИХ-д өргөн барина. УИХ-аас Ажлын хэсэг байгуулагдаж ажиллаад 12 дугаар сарын 15 гэхэд гэрээ батлагдах төлөвлөгөөтэй. Тэгж чадвал хөрөнгө оруулалт 2024 оны 1-2 дугаар улиралд багтан эхэлнэ гэсэн байр суурьтай байна. Ажлын хэсэг дэд ажлын хэсгүүдийг байгуулан, өдгөө гэрээний төсөл дээр ид сууж буй. Урьдчилан зөвшилцсөн цаг хугацааны хуваарь ийм шахуу агаад Ажлын хэсгийн хувьд цагийн зүү ер бусын хурдан эргэж байна. “Орано”-той байгуулах ХоГ тойрсон асуудлуудыг Mining Insight аравдугаар сарын дугаартаа хөндлөө.
Түүнчлэн Хөрөнгө оруулалтын гэрээ (ХоГ)- ний хэлэлцээр хийх Ажлын хэсгийн Санхүүгийн зөвлөхөөр ажиллаж буй MICC компанийн ТУЗ-ийн дарга Д.АчитЭрдэнээс авсан тодруулгыг хамтатган нийтлэв. Аравдугаар сарын Монголын уул уурхайн онцлох үйл явдал яах аргагүй Mining Week юм. Хоёр дахь жилдээ Монголын уул уурхайнхан бүтэн 5 өдрийн турш салбарын асуудлаа авч хэлэлцлээ. Монголд хамгийн их хуралддаг салбарыг тодруулбал магадгүй уул уурхай хол тасархай түрүүлэх байх. Уул уурхайд тулгарч буй бэрхшээл манай улсын нийт эдийн засагт уршиг тарьдаг тул тойрч суугаад ярилцахаас аргагүй биз. Харин үг хэвээр битгий үлдээсэй, үйлдэл болж хэрэгжээсэй гэсэн санаануудыг Mining Week-ээс түүснээ Mining Insight-ийнхан шинэ дугаартаа танилцуулж байна. Гарц шийдэл хайсан шинэлэг санаа, байр сууриудыг “Mining Week-ээс Онцлох санаа” булангаас тольдоорой. Түүнчлэн Зэс хайлуулах үйлдвэрийг яагаад Эрдэнэт үйлдвэрийн дэргэд байгуулах ёстойг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон танилцуулсан нь хамгийн содон илтгэлүүдийн нэг байсан. Сэдвийг дэлгэрүүлэн Г.Ёндон захиралтай ярилцсанаа Уншигч таны мэлмийд өргөн барьж байна.