Тавантолгой, Хармагтайн бүлэг орд оршдог Цогтцэций суман дахь уул уурхайн үйл ажиллагааны үр өгөөж, байгаль орчинд үзүүлэх нөлөө, компаниудын нийгмийн хариуцлага, сумын хөгжил, орон нутгийн иргэдийн нийгмийн асуудлаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг дарга Г.Бацмаатай Mining Insight-ийн Э.Оджаргал ярилцлаа.
Цогтцэций суманд уул уурхайн ямар үйл ажиллагаа хамаарч байна вэ?
Өнөөдөр суманд төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой”, орон нутгийн “Тавантолгой”, хувийн хэвшлийн “Энержи Ресурс” компани уул уурхайн үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр төслийг дагаад туслах, гэрээт олон компани ажилладаг. Хоёр чиглэлд төмөр зам, гурван чиглэлд авто зам бүтээн байгуулж байна. Ерөнхийдөө уул уурхай, дэд бүтцийн нүсэр бүтээн байгуулалт хосолсон сум. Хармагтайн бүлэг орд газарт хайгуулын шатны төсөл хэрэгжиж байна.
Монгол Улсын нүүрсний гол үйлдвэрлэл, экспорт явагддаг сумын хувьд өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдлыг тодорхойлбол?
Цогтцэций суманд албан ёсны бүртгэлтэй үндсэн 9000 гаруй хүн амтай. Үүнээс гадна уул уурхайн компаниудын ажилчид байна. Хөдөлгөөнт хүн ам нэлээд нэмэгдсэн. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын тээвэрт явдаг хүнд даацын 10 гаруй мянган машин бүгд манай сумаар дайран өнгөрдөг. Мөн тээвэрчид ихээр төвлөрсөн “2 дахь км” гэдэг газар бий. Барагцаалбал 25-30 мянган хүн шилжилт хөдөлгөөнтэй амьдарч байна. Үүнийг дагаад хувийн хэвшлийн зочид буудал, хоолны гээд үйлчилгээний газрууд ажилладаг. Уул уурхайтай сум гэхэд нийгэм, эдийн засгийн хөгжлийн тухайд хангалттай гэж орон нутгийн төрийн байгууллагын зүгээс харахгүй байна. Өнөөдөр Цогтцэций сум ерөнхий боловсролын хоёр сургуультай. Нийт 1080 хүүхдийн суудалтай хэр нь 2800 хүүхэд суралцдаг. Нийт 800 хүүхдийн хүрэлцээтэй дөрвөн цэцэрлэгт 1000 гаруй хүүхэд хүмүүждэг. Цаана нь олон хүүхэд цэцэрлэггүй өнжиж байна. Арваад жилийн өмнөөс уул уурхайн үйл ажиллагаа эхлэхэд сумын нэг ч иргэн эсэргүүцэж бүтээн байгуулалтыг зогсоож байсангүй. Уул уурхайн төслийн БОНҮ танилцуулахад сумын иргэд бүгд саналаа хэлдэг, дэмжиж ирсэн. Компаниуд бүтээн байгуулалт хийхдээ ирээдүйд үйлдвэрлэл бий болно, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангана, суманд хөгжил ирнэ гэж ярьдаг ч яг бодит байдал дээр биелж байгаа нь эргэлзээтэй. Уул уурхайд мал, малчид шахагдсан. Газар нутаг, бэлчээргүй. Томоохон бүтээн байгуулалт, төслүүд хэрэгжиж буйн үр шим, өгөөжийг сумын иргэд хангалттай хүртэж чадахгүй байгаа гэж хардаг.
Геологи, уул уурхайн компаниуд сумын хөгжилд оруулж буй бодитой хөрөнгө оруулалт, хувь нэмэр?
Бодитой хэрэгжсэн, тодорхой жишээ бий. Энэ жил “Энержи Ресурс” компанийн 15 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн хугацаанд тус компани орон нутагт нисэх онгоцны буудал барьсан. Авто зам тавьсан. Сургууль, цэцэрлэгийн цогцолбор байгуулсан. 500 айлын орон сууц ашиглалтад оруулсан байна. Орон сууц, сургууль, цэцэрлэгийг барьж байгуулаад орон нутагт хүлээлгээд өгсөн. Монгол залуучууд өөрсдийн гараар, хүч хөдөлмөрөөр босгосон бүтээн байгуулалт. Дээрээс нь Цогтцэций сумыг цэвэр усаар хангаж байна. Цэвэрлэх байгууламжтай болгосон. Бид сумын гэрэл цахилгаанаа бас авдаг. Хувийн хэвшлийн компани нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаа явуулж, ажилчдаа тогтвор суурьшилтай ажиллаж амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлж, бүх асуудлуудыг цогцоор шийдвэрлэсэн. Тус компани орон нутгийн иргэдийг дандаа сургаж ажилд авдаг онцлог байна. Тэр байтугай эмэгтэйчүүдийг том оврын (дамп) машины оператороор сургаж ажилд авдаг. Орон нутгийн өмчит Тавантолгой бол Цогтцэций сумын ууган уурхай. Орон нутагтаа ногдол ашиг тараадаг шилэн үйл ажиллагаатай, улсын хэмжээнд ногдол ашиг олголтоор тэргүүлдэг компаниудын нэг. Тиймдээ ч сумын төсвийн орлогын дийлэнхийг бүрдүүлдэг. Энэ хөрөнгөөр манай сумын ард иргэд амьдарч байна. “Эрдэнэс Тавантолгой” компани 2018 оноос Өмнөговь аймагтай Хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Гэрээний хүрээнд тодорхой ажлуудыг хийж ирсэн. Төрийн өмчит компани гэдэг утгаараа хамаагүй мөнгө зарцуулж болдоггүй. Тус компани сүүлийн үед Цогтцэций суманд авто замууд сайн барьж байна. Уурхайн кемп болон сумыг холбосон авто зам тавилаа. Сумын төвд 3-4 км авто зам барьж хүлээлгэн өгсөн. Энэ жил 1.7км зам барина гээд жил болгон бүтээн байгуулалт хийж байна. Харин компанийн хувьд 14/14 хоногийн ростерын ажилчидтай. Улаанбаатар хотоос, бусад газруудаас ирж ажиллаад буцдаг. Засгийн газрын “Хөдөөгийн сэргэлт” бодлогын хүрээнд компани ажилчдаа орон нутагт суурьшуулна гэхээр сумын сургууль, цэцэрлэгийн багтаамж хүрэлцэхгүй, орон сууц байхгүй.
Ингэхэд компаниуд орон нутагтай хэрхэн хамтарч ажиллаж байна? Хамтын ажиллагааны гэрээг хэчнээн компанитай байгуулаад байгаа вэ? Гэрээний хэрэгжилт, биелэлтэд яаж анхаардаг уу?
Стратегийн ач холбогдол бүхий орд гэдэг утгаараа “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс” компаниуд Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээг Өмнөговь аймагтай байгуулдаг. Энэ гэрээний дагуу сумтай ажиллах төлөвлөгөө гаргаж баталдаг. Төлөвлөгөөнд сум, уурхай хоёр тухайн жил нийгмийн хариуцлагын хүрээнд хийх ажлуудаатусгадаг. Хэрэгжилтийг Хамтын ажиллагааны гэрээг дүгнэх хорооны хурлаар хэлэлцэж, дараа жилийн ажлын төлөвлөгөөг баталдаг. Уг хороо нь аймгаас 3, сумаас 3 (сумын удирдлага, төрийн бус байгууллага), компаниас 3 гэсэн нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй. Цар тахлын нөхцөл байдалд хийгдээгүй ажлууд байсан. Төрийн хэмнэлтийн тухай хуулиар санхүүжүүлэхийг хориглосон заалтуудтай холбоотойгоор төрийн өмчит компаниудын зарим ажлууд биелэгдээгүй. Сумын зүгээс аль болох нийгмийн хариуцлагын ажлуудын шаардлагыг компаниудад тавьдаг. Нэг хэсэг төрийн өмчит компаниудад онц байдал тогтоон БЭТ томилж улсад орлого төвлөрүүлэх үүрэг өгсөн. Энэ нөхцөл байдлаас шалтгаалан төлөвлөсөн ажлуудаас тодорхой нь хэрэгжиж чадаагүй. Эдгээр ажлыг сумын зүгээс компаниудтай зөвшилцөөд ирэх оны төлөвлөгөөнд тусгахаар болсон. Давхардсан тоогоор 20 гаруй аж ахуйн нэгж сумтай Хамтын ажиллагааны гэрээтэй байна. Энэ жил гэрээ байгуулах компанийн тоо нэмэгдэнэ.
Яагаад?
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч жижиг, том гэлтгүй компани бүртэй заавал Хамтын ажиллагааны гэрээг сум байгуулдаг. Ажлуудаа аль болох давхцуулахгүйгээр гэрээнүүдэд тусгаж компаниуддаа хуваарилчихдаг. Энэ жил бүр ч олон компани Хамтын ажиллагааны гэрээ хийх юм. Учир нь 2024 онд Цогтцэций сумын 100 жилийн ой тохионо. Тэмдэглэлт ойгоо “100 бүтээлч ажил”- аар угтах зорилт дэвшүүлсэн. Сумын иргэдээс авсан саналуудаа эрэмбэлж, уул уурхайн компани болон бусад аж ахуйн нэгжүүдэд санал хүргүүлээд байгаа. Ойгоор хандив бус компаниуд бүтээлч, үлдэцтэй ажил суманд хийж өгөөсэй гэсэн санал тавьсан. Компаниуд эхнээсээ саналыг хүлээн авч Хамтын ажиллагааны гэрээг сумтай байгуулахдаа 100 жилийн ойд зориулсан бүтээлч ажлуудаа тусгаж байна. Тухайлбал “Монголын төмөр зам”, “Тавантолгой төмөр зам” компаниуд Цогтцэций сумтай гэрээ байгуулахаар төслөө ирүүлсэн.
Ер нь уул уурхайн компани гэхээр л сумын, эсвэл багийн дарга, малчид дур дураар янз бүрийн хүсэлт тавьдаг асуудлыг цэгцэлж, хамтын ажиллагааг албажуулан гэрээний хүрээнд үйл ажиллагаа явуулах бодлого барьж байна.
Уул уурхайн хамгийн том компаниудтай хамтран ажилладаг туршлага талаасаа Цогтцэций сум Хармагтай төсөлтэй цаашид магадгүй алдаа дутагдлаа давтахгүй, сайн шийдлээ ахиулахад анхаарч ажиллах байх? Уг төслийг хэрэгжүүлэгч компани нийгмийн хариуцлагаар суманд ажлууд хийж байгаа юу?
Хармагтайн бүлэг орд газарт лиценз эзэмшигч “Оюут Улаан” компани хайгуулын үйл ажиллагаа явуулж байна. Олон жилийн турш энэ төслийг хэрэгжүүлж яваа. Тус компани Цогтцэций сумтай Хамтын ажиллагааны гэрээ байгуулдаг. Жил болгон тогтмол гэрээгээ шинэчилдэг. Нийгмийн хариуцлагаар орд газар байрладаг Билэгт багийн 30 дугаар цэцэрлэгийн бүх ангийг жил бүр нэг нэгээр нь шинэчлэн засварлаж, тохижуулаад энэ жил дуусна. Есдүгээр сард цэцэрлэгийн 2 ангийг тохижуулаад хүлээлгэн өгч байна. Хүүхдийн эрүүл ахуйн стандарт хангасан тоглоом, ор дэрний хэрэгсэл, ерөөс цэцэрлэгийн ангид шаардлагатай бүхий л зүйлийг Австрали улсаас авчран тохижуулж байгаа юм. Хүүхдүүдийг сургуульд орох үед мөн ангийг нь тохижуулж өгнө. Төсөл хэрэгжиж буй орон нутгийнхаа багийн хүүхдүүдийг анхнаас нь дэмжин хөрөнгө оруулж ирсэн компани юм. Ирээдүйд багийн хүүхдүүд ЕБС төгсөх үед нь мэргэжлийн чиг баримжаа олгох, компанидаа ажилд авах асуудал ч яригдаж байгаа. Тус компани мөн багийн малчдад чиглэсэн ажлуудыг хийж байна. Ашиглалт, борлуулалтын үйл ажиллагаа эхлээгүй ч гэсэн хамтын ажиллагааны гэрээгээ орон нутагт дүгнүүлдэг, төлөвлөсөн ажлуудаа хэрэгжүүлснээ тогтмол тайлагнадаг, нийгмийн хариуцлагын маш сайн туршлагатай компани.
Суманд уул уурхайн компани нэмэгдэж байна уу?
Хармагтайн бүлэг орд газарт “Эрдэнэс Силвер Ресурс” компани лиценз эзэмшигч болж нэмэгдсэн.
Орон нутгийн нийгэм, эдийн засагт хийсэн хөрөнгө оруулалт, нийгмийн хариуцлагын ажлуудынхаа талаар компаниуд нутгийн иргэдэд таниулах, тайлбарлах мэдээллийг хийдэг үү?
Өнгөрсөн жил “Эрдэнэс Тавантолгой“, “Энержи Ресурс” компани ажлын тайлангаа орон нутгийн иргэдэд танилцуулсан. Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, компани ажлын байраа зарлаж, өмнөх жилд хэрэгжүүлсэн ажлуудаа тайлагнасан. Энэ нь сүүлийн жилүүдэд уул уурхайн компаниудын идэвхтэй хийж байгаа ажлуудын нэг. 2023 онд сумын зүгээс Халамжийн мэргэжилтнээ бүх компаниудын Хүний нөөцийн удирдлагуудтай холбож, заавал Нээлттэй хаалганы өдөр зохион байгуулах сар бүрийн хуваарь гаргах, компаниуд ажлын байрны зарыг сумын хэмжээнд мэдээлэх шаардлага тавьсан. Компаниуд хэдэн хүнийг ажлын байраар хангасан мэдээллийг иргэд хамгийн ихээр сонирхдог. Тиймээс уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн ажлыг тайланг танилцуулахын зэрэгцээ хэчнээн, ямар ажлын байр зарлагдсан, сумаас хэдэн хүн ажилд орсон талаар мэдээлдэг. Энэ чиглэлийн мэдээг сумын зүгээс ихээхэн анхаарч, иргэдийг мэдээллээр ханган ажиллаж байна.
Шинээр ажлын байр бий болгосон ямар үзүүлэлт байна вэ?
2022 онд “Эрдэнэс Тавантолгой” компанийн өдөрлөгт сумын 2-3 мянган иргэн оролцсон. Өндөр тоо шүү. Ийм тооны анкет цугласан юм. Компани анкетуудыг шүүж, дараа нь мэдээлэл өгсөн. Иргэдийг ажилд авахад тухайн суманд шилжиж ирсэн байх гэсэн шаардлага тавигддаг. Суманд шилжиж ирээд шууд Улсын бүртгэл хийлгээд уурхайд ажилд орсон тохиолдол гарсан. Уурхайд ажилласан туршлагатай бэлтгэгдсэн боловсон хүчнийг ажилд авсан. Ийм алдаагаа бид энэ жил давтахгүйн тулд суманд шилжиж ирээд 6 сараас доошгүй болсон иргэдийг ажилд авах саналыг “Эрдэнэс Тавантолгой” компанид гаргаад байна. Уг иргэн үүнээс өмнө сумын Хөдөлмөр халамжийн хэлтэст ажилд орох хүсэлт анкет, бичиг баримтаа бүрдүүлж өгсөн байх. Сар болгон компаниас зарласан ажлын байр болон ажилд орсон иргэдийн тоон мэдээллийг сумын Хөдөлмөрийн мэргэжилтэнд өгөх. Ийм зохицуулалтыг сумын зүгээс тавьж байна. Хэд хэдэн уурхайтай болохоор нутагтаа ажиллана гэсэн зорилтоор сумын хүүхдүүд маань ихэнхдээ уул уурхайн мэргэжлээр суралцдаг. Нутагтаа ирээд ажилд орох гээд анкет өгөхөөр тодорхой жилийн туршлагатай байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Ингээд хүүхдүүд мэргэжлээрээ ажиллаж чадахгүйд хүрдэг.
Таны харж буй шийдэл?
Мэдээж, сумын олон залуучууд уурхай, төмөр замын бүтээн байгуулалт дээр ажиллаж байна. Гэхдээ сумын үндсэн иргэд ажилтай байна уу гэвэл хангалтгүй. Нутгийн уугуул иргэд угаагч, цэвэрлэгч, харуул, жолооч гэх мэт үйлчилгээний ажилд ороод байдаг. Шалтгааныг нь судалж үзээд сумынхаа иргэдийн мэргэжил, ирээдүй хойч хүүхдүүдэд чанартай боловсрол эзэмшүүлэхэд анхаарах хэрэгтэй юм байна. Энэ тал дээр “Оюутолгой” компаниас Ханбогд суманд хийж хэрэгжүүлж байгаа ажилтай манай сумын ИТХ-ын Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хорооны төлөөлөгчид танилцан туршлага судаллаа. “Дэлхийн иргэд Ханбогдоос” гэсэн маш том зорилт тавьсан байна билээ. Ялгаагүй уул уурхайтай Цогтцэций сумын хувьд мөн хүүхдүүддээ өндөр боловсрол эзэмшүүлэх чиглэлд ажиллах ёстой гэж үзэж байна. Үүнтэй холбогдуулан сурагчдаа хүлээн авч, сумынхаа бүтээн байгуулалтуудыг танилцуулах арга хэмжээг удаа дараа хийж байна. Цогтцэций сумыг 51 хүн амтай хот болгох 2042 он хүртэл хэрэгжих Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдсан. “Шинэ суурьшлын бүс”-д бүтээн байгуулалтын ажлууд хийгдэхээр бэлтгэж байгаа. Төмөр замууд баригдаж байна. Тавантолгойн орд газарт ДЦС баригдахаар яригддаг. Замын, барилгын, дулааны, цахилгааны инженерүүд ирээдүйд Цогтцэций суманд хэрэгтэй. Тиймээс сумынхаа хүүхдүүдийг инженерийн мэргэжил сонгож суралцахыг, эзэмшихийг зөвлөж байна. Ажлын байрны Нээлттэй өдөрлөг зохион байгуулахдаа сумын ерөнхий боловсролын 9-12 дугаар ангийн сурагчдад компанийн давуу тал, ирээдүйд шаардагдах ажил мэргэжлийг таниулан сурталчлах хэрэгтэй юм байна. Төгсөх ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлээр цаашид сум анхаарч ажиллана.
Уул уурхайн компаниуд сумаас худалдан авалт хийдэг байх?
Наймдугаар сарын 25-нд Цогтцэций сумын ИТХ боллоо. Тус хурал дээр “Эрдэнэс Тавантолгой” компани мэдээлэлдээ 2016 оноос хойш 8 тэрбум төгрөгийн худалдан авалт орон нутгаас хийснээ дурдсан. Худалдан авалтын 40 хувийг барилгын материал бүрдүүлсэн байна. Ерөнхийдөө сумаас, иргэдийн зүгээс тодорхой шаардлагуудыг компаниудад тавьж ирсэн. Тухайлбал, Жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийг чадавхжуулах. Уурхайгаас худалдан аввах бараа бүтээгдэхүүний жагсаалтыг суманд гаргаж өгөх. Мэдээж 2-3 том уурхайн хэрэгцээг сум дангаар хангаж чадахгүй. Миний харж буйгаар, одоогийн өрхийн үйлдвэрлэлийг ЖДҮ, жижиг дунд үйлдвэрлэлээ том үйлдвэр болгодог юм уу, ингэж чадавхжуулахад хувь нэмэр оруулах ажлыг уул уурхайн компаниуд хийх хэрэгтэй. Энэ асуудалд компаниудын хандлага хангалтгүй байна гэж үздэг. Гэхдээ аль аль талдаа асуудлууд бий. Сумын иргэд мах, сүү, хүнсний бүтээгдэхүүнээ уурхайд худалдан нийлүүлэх гэхээр лабораторийн асуудал тулгардаг. Хүнсний лаборатори суманд байдаггүй учир олон хүний эрүүл мэнд хариуцаж байгаа уурхайнуудын хувьд баталгаат шинжилгээний бичигтэй хүнс авдаг. Манай сум энэ жил мал эмнэлгийн лабораторийг шинээр барьж эхэлсэн. Ашиглалтад ороход тус лабораторид мах, хүнсээ шинжлэх боломжтой болно.
Тэгвэл сумын ЖДҮ-чид ямар бараа бүтээгдэхүүн түлхүү худалддаг юм бэ?
Сая Цогтцэций сумын төсвийг тодотгох хурлаар Бизнес инкубатор төвийн барилгын төсвийг суулгасан. Өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүсийг нэг дор төвлөрүүлэх, стандартын шаардлага хангасан барилга барих зорилттой ажил юм. Энд өрхөөр үйлдвэрлэдэг хэрчсэн гурил, нарийн боов, ажлын хувцас, гар урлал гэх мэт бараа бүтээгдэхүүний захиалгаа авдаг, нийлүүлдэг, худалддаг боломжийг бий болгохоор бид олон жил ярьж, мөрийн хөтөлбөртөө ч тусгасан. Цаашдаа дадлагажуулах, мэргэших ажлуудыг хийх нь зүйтэй гэж харж байна. Сумын ЖДҮ-чдийг олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцуулах, үйлдвэрлэлийн технологи техникийн дэвшлийг таниулах, ижил төстэй үйлдвэрлэлийн туршлага судлуулах ажлуудыг энэ намраас сум зохион байгуулна. Манай суманд эмэгтэйчүүдийн “Хонь Агаа” урлан бий. Дэлгүүртэй байсан ч ажил нь түр зогссон. Энэ ажлыг үргэлжлүүлж сумаас ЖДҮ-ийг дэмжих хүрээнд “Цогтцэцийд үйлдвэрлэв” гэсэн дэлгүүр нээхээр төлөвлөж байна. Уг дэлгүүрт сумын иргэд, ЖДҮ-чид өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ борлуулах нөхцөл бүрдэнэ.
Цогтцэций нь улс, аймгийн төсөвт орлого төвлөрүүлдэг сум. Энэ жил бүрдүүлэх зорилтот хэмжээ хэд вэ?
Улсаас татаас авдаггүй, харин улс, аймгийн төсөвт орлого төвлөрүүлдэг сум. Өнгөрсөн жил 29 тэрбум төгрөг бүрдүүлэх байсныг 32 тэрбумд хүргэж давуулан биелүүлсэн. Энэ жил 50 тэрбум төгрөг бүрдүүлэх үүрэгтэй байсан бол сая тодотголоор 55 тэрбум болж нэмэгдсэн. Үүнээс 47 тэрбумыг нь улс, аймгийн төсөвт төвлөрүүлнэ. Үлдсэн 3 тэрбумыг нь орон нутгаас цалинждаг байгууллагууддаа тавиад таардаг. Тэгэхээр юугаараа сумынхаа айл өрхийн цахилгаан, нийгмийн дэд бүтцийн асуудлуудын алийг нь шийдэх үү гээд зовлон байна. Тиймээс л Цогтцэций сумын нийгмийн асуудлыг Засгийн газраас авч үзээсэй гэж боддог доо.
Тулгамдаж буй асуудал, байгаль орчны өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ? Боломжит шийдлийн талаарх өөрийн санал бодол, байр суурийг илэрхийлнэ үү?
Бүтээн байгуулалтуудыг дагаад олон хүн суманд амьдардаг. Гэтэл байгаль орчинд сөргөөр нөлөөллөх асуудал маш их. Дээрээс нь тоосжилтын асуудлаа шийдэж чадахгүй байна. Ийм нөхцөл байдалд амьдарч байгаа нутгийн иргэдийн эрүүл мэндийн асуудал хурцаар тавигдаж байгаа. Ихэнх нь тоосны харшилтай, амьсгалын замын өвчлөл өндөр. Зовлон тоочвол барагдахгүй. БОАЖЯны Ажлын хэсэг суманд ирж, үүрэг даалгавар өгсөн. “Эрдэнэс Тавантолгой” компаниас 1 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж Цогтцэций сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өглөө. Энэ тоног төхөөрөмжөө ашиглаад сумын иргэдээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар төлөвлөж байна. “Шинэ суурьшлын бүс”-д “Эрдэнэс Тавантолгой” компани оффис, сургууль цэцэрлэг, орон сууцны барилгын газраа авлаа. Бүтээн байгуулалтуудаа маш хурдан хийгээсэй л гэж хүлээж байна. Сургууль цэцэрлэгүүд ашиглалтад түргэн ороосой. Манай суманд ерөнхий боловсролын гурав дахь сургуулийн барилга царцсан. Энэ 960 хүүхдийн сургуулийн барилгын асуудлаар бид БШУЯ-нд очиж уулзсан, Ажлын хэсэг суманд ирсэн. Одоо ч бахь л байдгаараа. Үнэндээ сум дангаараа нийгмийн асуудлууд хөөцөлдөөд, тоосжилтыг бууруулах зэрэг уул уурхайн компаниудад шаардлага тавиад хүчирдэггүй. Тэгэхээр төрийн түвшинд онцгой анхаарч ажилламаар санагддаг. Сумын иргэдийн нийгмийн асуудал хамгийн ихээр тулгамдаж байна. Улсын эдийн засагт чухал байр суурь эзэлдэг Цогтцэций сумынхаа асуудлыг төр засгийн анхааралд авч, шийдвэрлэхэд дорвитой төсөв хөрөнгө суулгаж, байгаль орчин болон эрүүл мэндийн чиглэлээр онцгой анхаараасай гэж хүсдэг. Уул уурхай, малчин хоёр зэрэгцэн амьдрах нь гарцаагүй. Тиймээс цөөн хэдэн малчдынхаа асуудлыг уул уурхайтай уялдуулан хамтдаа хөгжих гарц, гаргалгаатай бодлогыг барьж ажиллах нь зүйтэй болов уу. Жишээлбэл, малын бэлчээрийг хаших. Өндөр ашиг шимтэй, цөөн тооны малтай. Сүү, махаа уурхайд нийлүүлчихдэг. Уул уурхайтай малчид хоршин, зохицон амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд сум, орон нутаг анхаарч ажиллах хэрэгтэй. Мал, малчин, уурхайг хэрхэн уялдуулах талаар Ерөнхийлөгчийн санаачилгаар судалгааны ажил эхэлж байгаад баяртай байна.
Ярилцсанд баярлалаа.
Майнинг Инсайт сэтгүүл, №07, 08 (020, 021)