Улаан металлын өрсөлдөөн

И.ХАЛИУНАА

Геологич, судлаач 

Дэлхий дахинаа өрнөсөн ногоон шилжилттэй холбоотой шинэ эрэлтээр зэсийн үнэ тэнгэрт тулахад ойрхон байна. Wood Mackenzie-ийн Металл, уул уурхайн дэд ерөнхийлөгч Робин Гриффин “Бид 2030 он хүртэл зэсийн нийлүүлэлтийн томоохон уналтыг таамаглаж байна” хэмээн 2023 оны эхээр өгсөн ярилцлагадаа дурдахдаа Перу улсад үргэлжилж буй эмх замбараагүй байдал, эрчим хүчний шилжилтээр зэсийн эрэлт нэмэгдсэнтэй холбон тайлбарласан юм. Зэсийн гол нийлүүлэгч болох Өмнөд Америк дахь улстөрийн хямрал газар авч, эрэлтийн дарамтаас үүдэн дэлхий даяар зэсийн хомсдол нүүрлэж байна. Дэлхийн эдийн засагчдын таамаглаж буйгаар зэсийн зах зээл асар их алдагдлын эрин үе рүү орж байна. Уг хямралыг шинэ уурхайнууд нээгдэхгүй байгаатай холбон үзэж байгаа юм. 

Зэсийн уурхайнуудын зөвшөөрөл сүүлийн 10 жилийн хамгийн доод түвшинд хүрсэн гэдгийг Goldman Sachs-ийн судалгааны баг онцолсон бөгөөд “2030 он гэхэд зэсийн эрэлтийг хангах цорын ганц арга зам бол тонн тутмын 13,000 ам.доллар үнэ” хэмээн дүгнэсэн. 2030 оноос эхлэн нүүрлэх зэсийн нийлүүлэлтийн хямрал, эрэлтийн шуурганд монголчуудыг бэлэн байж, өрсөлдөөнд бэлдэхийг Канадын бизнесмен, “Айвенхоу Майнз” компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Роберт Фрийдланд аравдугаар сард Улаанбаатар хотноо “Уул уурхайн 7 хоногт” онцгой зочноор уригдан, илтгэл тавихдаа дурдсан юм. Түүний компани Монгол оронд Оюутолгой ордын нээсний дараахан Конго улсад илрүүлсэн өндөр агуулга бүхий гайхамшигт том Камао-Какула орд, энэхүү төслийн хөгжүүлэлтийн талаар нийтлэлдээ өгүүлье.

ЗЭСИЙН ТЭНГЭРТЭЙ ДЭЛХИЙН ТОГЛОГЧ

Нэгэн цагт Монголын өмнийн говьд асар том Оюутолгой ордын хайгуул, уурхай болон хөгжүүлэлтийг хариуцаж явсан компани бол “Айвенхоу Майнз” юм. 1996-2012 онд анхны “Айвенхоу Майнз”, болон түүний охин компаниуд Монгол, Австрали, Хятад, Мьянмар, Өмнөд Солонгос, Фижи зэрэг улсад уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулж, оролцсон бөгөөд Хойд Америкийн Торонто, Нью-Йорк, NASDAQ хөрөнгийн биржид хувьцаагаа арилжаалах замаар томоохон хувьцаа эзэмшигчдийн баазыг бий болгосон түүхтэй. Одоогоос 29 жилийн өмнө “Индочайна Голдфилд” үүсгэн байгуулагдаж, 1999 онд “Айвенхоу Майнз” нэрээр олон нийтэд танигдсан. “Айвенхоу”-гийн Камоа-Какула цогцолбор нь дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй, хамгийн өндөр агуулгатай зэсийн уурхай бөгөөд ирэх оны IV улирал гэхэд ойролцоогоор 650 мянган тонн зэс олборлох төлөвлөгөөтэй байна. Мөн тус компанийн эзэмшлийн Платрифын уурхай, Кипуши болон Баруун Форланд төслүүдийн хамт зэсийн үлэмж нөөц агуулж буй.

АЙВЕНХОУ МОНГОЛД...

“Айвенхоу Майнз” анх 2000 онд Монголын нутагт хайгуул хийхдээ 12.4 км урт (7.7 миль), дэлхийд том ангилалд тооцогдох зэс, алтны ордын хүдэржилтийг өмнийн говийн бүсэд илрүүлсэн нь дараагийн арван жилд дэлхийд хамгийн эрчимтэй хөгжүүлэлт, хөрөнгө оруулалт хийсэн нээлтэд хүргэсэн юм. 1997 онд Ашигт малтмалын тухай хууль батлагдсаны дараа Монголд хайгуулын хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн Канадын Ванкуверт төвтэй “Айвенхоу Майнз” компани 2000 оны тавдугаар сард Оюутолгойн концессыг 100 хувь эзэмшихээр BHP Billiton компанитай гэрээ байгуулжээ. Тус компани 2000 оны 6-9 дугаар сард хайгуулын менежер Крис Вилсоны удирдлага дор нийт 8828 уртааш метр 24-109 цооног өрөмдсөн байна. Уг ажлын үр дүн нааштай гарч Төв болон Өмнөд Оюугийн ордоос зэсийн хоёрдогч баяжилтыг нэмж илрүүлжээ. Дараа нь “Айвенхоу Майнз Монголиа” Инк (IMMI) нэрээр Улаанбаатарт томоохон төлөөлөгчийн газраа нээж Дуглас Кирвинийг Ерөнхий захирлаар томилов. 2001 оны долдугаар сард Оюутолгойн талбайн баруун өмнөд бүсэд төслийн “Эврика” нээлтийн цооног болох ОТД-150 өрөмдлөг хийхээс өмнө 149 өрөмдлөгийн цооног өрөмдөж дуусгасан. Харин Монголын геологич Д.Гарамжав асар том ордын нээлтийн эхлэл болох өрөмдлөгийн 150 дугаар цооногийн байршлыг төлөвлөхөд гол үүрэг гүйцэтгэсэн байдаг. Хайгуулын судалгаа эрчимтэй өргөжиж 2006 онд “Айвенхоу Майнз” компани Оюутолгойн уурхайн бүтээн байгуулалт, ашиглалтын үйл ажиллагаанд хамтран ажиллахаар дэлхийн уул уурхайд тэргүүлэх “Рио Тинто” групптэй стратегийн түншлэл байгуулахаар тохиролцсоноор төслийн бүтээн байгуулалт эрчимжжээ. Ингэж 2011 онд Оюутолгойн ил уурхайн олборлолт өрнөсөн хэрэг. Монголд байгуулагдсан хамгийн том аж үйлдвэрийн цогцолбор болох зэс баяжуулах үйлдвэр 2013 онд олборлосон хүдрээ зэсийн баяжмал болгон боловсруулж эхэлсэн юм. Үүнээс жилийн өмнө Айвенхоу Майнз нь нэрээ Туркойз Хилл Ресурс ХХК болгон өөрчлөөд байв. Туркойз Хилл Ресурс-ээр дамжуулан Оюутолгойн уурхайн бүтээн байгуулалт, ашиглалтад үргэлжлүүлэн оролцож ирсэн бөгөөд 2022 оны арванхоёрдугаар сард Туркойз Хилл Ресурс ХХК-ийн бүрэн эзэмшлийг Рио Тинто авсан.

ШИНЭ ҮҮЦ

“Айвенхоу Майнз”, Хятадын Зижин Майнинг групп болон БНАКонго улсын Засгийн газрын хамтарсан Камоа-Какула уурхайн цогцолборыг дэлхийн хамгийн том хөгжүүлэлт хийгдэж буй, өндөр агуулгатай зэсийн төслөөр олон улсын уул уурхайн зөвлөх Wood Mackenzie нэрлэжээ. Уг төсөл нь Төв Африкийн зэсийн бүс Central African Copperbelt-д оршдог, газрын гадаргад ойрхон, давхарга хэлбэрийн зэсийн маш том орд. Камоа-Какула төсөл нь 1900-аад оны эхэн үеэс хойш Луалаба мужид томоохон зэсийн орд буюу дүүрэг илрүүлсэн анхны нээлт, тэгэхдээ бүр Төв Африкийн Зэсийн бүсийн Катанган хэсгийн нэмэлт зэсийн ордуудыг илрүүлэх хэтийн төлөвийг баталсан нээлт болсон юм. 1971-1975 онд Societé Internationale Des Mines du Zaïre нэрээр ажилладаг Тенке Фунгуруме консорциум нь Колвези хотоос баруун өмнө зүгт Замбийн хил хүртэл үргэлжилсэн газар нутагт анхан шатны хайгуул хийжээ. 1971 онд бүс нутгийн урсгал геохимийн хурдас дээжлэлтийн ажлыг нисдэг тэргээр гүйцэтгэсэн аж. 2003 онд “Айвенхоу Майнз” одоогийн Камоа-Какула төслийн зөвшөөрлийн талбай багтаасан томоохон газар эзэмшиж авсан байна. Улмаар геологийн нарийвчилсан хайгуулын ажлыг эхэлснээс хойш ашигт малтмалын нөөцийн тооцоог найман удаа шинэчилсэн бөгөөд сүүлд 2020 онд шинэчилжээ. Тооцоолсон хүдэр олборлолтын хүчин чадал жилд 18 сая тонн бөгөөд энэ төсөл дэлхийн хоёр дахь том зэсийн уурхай болох төлөвтэй байна. Оргил үедээ жилд 700 гаруй мянган тонн зэс үйлдвэрлэх тооцоо бий. Одоогийн байдлаар “Айвенхоу Майнз” (39.6 хувь), “Зижин Майнинг” (39.6 хувь), Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын Засгийн газар (20 хувь) хамтарсан Камоа Холдинг компани төслийг хөгжүүлж байгаа бол төслийн шууд бус 0.8 хувийг “Кристал Ривер” эзэмшиж байна.

КАМАО-КАКУЛА БА ОЮУТОЛГОЙ

Төв Африкийн Зэсийн бүсийн металлогени муж нь неопротерозойн Катанга сав газрын мета тунамал чулуулагт байрладаг. Хамгийн доод давхарга нь хэд хэдэн хязгаарлагдмал рифтийн сав газарт хуримтлагдсан бөгөөд хажуу талдаа өргөн уудам, органик бодисоор баялаг алевролит, занараар хучигдсан байдаг. Эдгээр страриграфийн нэгжийн хамтаар Төв Африкийн Зэсийн бүс дэх хүдрийн ордуудын дийлэнх хэсгийг агуулдаг металогени муж нь Замби ба Конго/Катаганы зэсийн бүс гэсэн хоёр өөр дүүрэгт хуваагддаг. Катанганы зэсийн бүсэд ихэвчлэн боржингийн шинж чанар бүхий гадарга дээрх метасубвулкан-тунамал дараалал бүхий олон янзын хэв гажилт болон хувирсан интрузивуудаас тогтсон нийлмэл суурь дээр байрладаг. Ордын геологийн тогтоцын хувьд Камоа-Какула төслийн талбайн дийлэнх хэсэг нь хойд-зүүн хойд зүгт чиглэлтэй хоёр томоохон структурын хоорондох өргөн, тэгш өндөрлөгт буюу Баруун Скарпын хагарал ба Кансоко трендийн хоорондох Камоа ба Макалугийн бөмбөгөр структурт төвлөрсөн өргөн атираат газар оршдог. Камао-Какулагийн хүдэржилт нь Гранд Конгломератын үе болон тунамал чулуулагт агуулагдана. Зэсийн хүдэржилт нь суперген, гипоген болон холимог гэсэн 3 төрөлтэй. КамоаКакула ордын хүдэржилтийг 27км×15км тэгш бус хэлбэртэй талбайд тогтоосон. Хүдэржилт нь ихэвчлэн давхрага хэлбэртэй бөгөөд үндсэндээ халькозин (Cu2S), борнит (Cu5FeS4), халькопирит (CuFeS2) бүхий босоо бүслүүртэй.

ОЮУТОЛГОЙН ТАЛААР ТОВЧ...

Монголын өмнөд хэсэгт орших Оюутолгойн зэс-алт-молибденийн порфирийн бүлэг ордууд нь нарийн, шугаман, 12 км урт, бараг тасралтгүй хүдэржилттэй. Өндөр агуулгатай кластерын үндсэн долоон орд нь одоогоор дэлхийд мэдэгдэж байгаа хамгийн том өндөр агуулгатай порфирийн зэсалтны ордуудын нэг бөгөөд палеозойн эрин үеийн хамгийн том орд юм. Оюутолгой ордын хүдрийн дүүрэг нь Палеозойн Гурвансайхан арлан нумын террейнд (Ламб болон Бадарч 1997) байрладаг. Энэ нь Төв Азийн ороген атираат бүсийн (CAOB) хэсэг (Zonenshain et al. 1990). Дүүргийн тогтоц нь Гурвансайханы дунд Палеозойн арлан нумын террейнд хамаарна. Зэс-алтны порфирийн хүдэржилт нь авгиттай базальтын лаавыг түрсэн хожуу Девоны кварцтай монцодиориттой (~372 сая жил) холбоотой. Порфирийн 7 тусдаа орд буюу хэтийн төлөвт талбайнууд нь 12км урт, хойд-баруун хойш сунаж тогтсон бөгөөд хойноос урагш ордуудыг Хюго Дамметт /Өмнөд, Хойд/, Төв, Шаантаг/Wedge, Баруун-Өмнөд, Өмнөд, Шинэ нээлт болон Херуга гэж нэрлэсэн байдгаас 5 хэсэгт нөөц тооцжээ. Оюутолгойн хүдэржилт нь Девоны сүүл үе (~372-370 сая сая) кварц-монцодиоритын олон давхцсан интрузивтэй холбоотой бөгөөд эрдэсжилт нь интрузивийн түрэлт, хувирлын янз бүрийн, үе шатуудаар тодорхойлогддог. Эрт үеийн А хэлбэрийн кварцын судалтай дайкууд нь калийн өөрчлөлттэй холбоотой Cu-Au эрдэсжилт, гол төлөв кварц-монзодиорит дахь К-хээрийн жонш, базальт агуулагч дахь биотит-магнетит зэрэгтэй холбоотой байдаг. “Уул уурхайн 7 хоног” чуулганаар Роберт Фрийдландын илтгэлд дурдсанаар өндөр агуулга бүхий асар том, олборлолт, үйлдвэрлэлийн хувьд хурдацтай хөгжүүлж байгаа Камоа-Какула нь Монголын зэсийн экспортын маш том өрсөлдөгч байж болох амбицтай. Оюутолгой болон КамоаКакула гэсэн зэсийн 2 том ордыг харьцуулсан үзүүлэлтийг дараах хүснэгтэд харуулж байна.


КАМАО-КАКУЛА ТӨСЛИЙН ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ХУРД

Үе шаттайгаар өргөжүүлснээр Камоа-Какула дэлхийн гурав дахь том зэсийн цогцолбор болох алсын хараатай. Төслийн хөгжүүлэлтийг 3 үе шаттай хийж байна. 2021 оны тавдугаар сард зэсийн баяжмалаа үйлдвэрлэж, үүнээс хоёр сарын дараа арилжааны үйлдвэрлэлээ эхлүүлсэн. Энэ жил шинэчилсэн урьдчилсан ТЭЗҮ-д тэмдэглэснээр төслийн гуравдугаар шатны өргөтгөл 2024 онд дуусна. Энэ үе шатанд Камоа-Какулагийн жилийн зэсийн үйлдвэрлэлийг арван жилийн дунджаар 650 мянган тоннд хүргэж нэмэгдүүлж, бэлэн мөнгөний зардал 1.22 доллар/ фунт болох тооцоололтой байна. Тус өргөтгөлийн хүрээнд жилд 500 мянган зэс хайлуулах үйлдвэрийг цогцолборын талбайд ашиглалтад оруулах, шууд цэврүүтэх зэс хайлах, Инга II усан цахилгаан станцын V турбиныг шинэчлэх зэрэг ажлууд багтжээ. Мөн уурхайн ашиглалтын насыг 9 жилээр уртасган 42 жил ашиглах нөөцийн хэтийн төлөвтэйг урьдчилсан ТЭЗҮ-д дурдсан байна. Камоа-Какула нь сэргээгдэх эрчим хүчний усан цахилгаанаар тэжээгддэг. Үйлдвэрлэсэн металлын нэгжид ноогдох хүлэмжийн хий ялгаруулалтаар дэлхийд хамгийн багад тооцогдох төлөвтэйг 2020 онд Канадын Миссисауга мужийн Hatch-ийн бие даасан аудитаар батлагдсан. Камоа-Какула дахь зэсийн уурхайн хүлэмжийн хийн ялгаруулалтыг (Хамрах хүрээ 1 ба 2) цэвэр тэглэнэ гэж Айвенхоу Майнз компани амлаад байгаа юм. Төгсгөлд нь, S&P Global-ын судалгаагаар өнөөдөр дэлхийн зэсийн хэрэгцээ 25 сая тонн, 2035 он гэхэд 50 сая тонн хүрч өсөх төлөв гарчээ. 2050 он гэхэд 53 сая тонн болж өссөөр байх төлөвтэй байгаа нь хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн дээд үзүүлэлт юм. 2050 он хүртэлх карбонгүй үйлдвэрлэлийн зорилтыг биелүүлэхийн тулд эрчим хүч, цахилгаан машины хэрэглээг 2035 он гэхэд өргөн цар хүрээтэй ашиглах шаардлагатай болно. 2035 онд зэсийн хомсдол 9.9 сая тоннд хүрч болзошгүй байна. Энэ нь одоо ашиглаж буй уурхайнуудын хүчин чадлыг нэмгдүүлэх, олборлосон зэсийг дахин боловсруулах өнөөгийн чиг хандлагыг үргэлжлүүлэхэд үндэслэсэн тооцоолол юм. Өөрөөр хэлбэл S&P Global-ын мэдээлсэн 2050 он гэхэд шаардагдах зэсийн нийлүүлэлт, эрэлтийн түвшнээс 20 хувиар дутна гэсэн үг. Зэсийн нийлүүлэлтийн цоорхойд монголчууд өрсөлдөөнд бэлдэх шаардлагатай. Үүний тулд дараа дараагийн Оюутолгойг эрж хайх, геологийн судалгааг эрчимжүүлэх, шинэ төслийн хөгжүүлэлтийг уурхайн шатанд бэлдэж эхлэхэд 2023 он гэдэг хожимдсон хугацаа байх вий. Өрсөлдөгчөө судлахдаа зах зээлээ, эрэлт нийлэлтийн шаардлага, ирээдүйн чиг хандлагыг хамтатган үзэх нь зүйтэй юм.

Майнинг Инсайт сэтгүүл, №10 (023)