- Мэдлэгийн суурийг бий болгож, түүнийг хэрэгжүүлэх замаар хариуцлагатай уул уурхайг хөгжүүлнэ –
Монгол Улсын уул уурхайн салбарын тогтолцооны загварыг нийгмийн системийн инженерчлэлийн аргаар боловсруулах, зорилтот өөрчлөлтийг нэвтрүүлэхэд шаардлагатай мэдлэгийн суурийг бий болгох, түүнийг хэрэгжүүлэх замаар хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд оролцогч талуудын хамтын ажиллагааны суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилготой 3 үе шат бүхий төслийг “Монголын бизнесийн зөвлөл”-ийн санаачилгаар “Залуу судлаачдыг дэмжих сан” НҮТББ, “Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо” НҮТББ, “Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын Холбоо” ГҮТББ зэрэг хувийн хэвшлийн байгууллагууд хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн эхний үе шатны “Уул уурхайн салбарын харилцааг зохицуулж буй хууль, дүрэм, журмуудад системийн шинжилгээ хийх нь” ажлын онцлог, шинжилгээний аргачлал, судалгааны явцын талаар “Залуу судлаачдыг дэмжих сан” НҮТББ-ын тэргүүн Д.Жаргалсайханаас тодрууллаа.
Энэхүү шинжилгээ судалгааг хийх болсон учир шалтгаанаас яриагаа эхэлье.
Манай эрдэс баялгийн салбарын үйл ажиллагааг янз бүрийн өнцгөөс харж хийсэн олон судалгаа байдаг. Харин салбарын үйл ажиллагааг бүхлээр нь загварчилж улмаар уг үйл ажиллагааг зохицуулдаг бүх хууль тогтоомжуудыг иж бүрнээр судалсан, түүний үндсэн дээр асуудлыг үүсгэдэг шалтгааныг арилгахад чиглэсэн тогтолцооны судалгаа шинжилгээ урьд өмнө хийгдээгүи гэж хэлж болно. Энэ “цоорхой”-г нөхөх зорилгоор бид “Нийгэмд өгөөжтэй уул уурхайн салбар” төслийн эхний үе шатны “Уул уурхайн салбарын харилцааг зохицуулж буй хууль, дүрэм, журмуудад системийн шинжилгээ ” гэдэг ажлыг эхлүүлээд байна. Өнөөдөр уул уурхайн салбарын нийгэмд үзүүлж буй эерэг болон сөрөг нөлөөний талаар нэгдсэн ойлголтгүй, хэмжүүр гэж үгүй байна. Уул ус ухдаг төнхдөг, байгаль орчин сүйтгэдэг гэсэн ойлголт нийгэмд түгээмэл, түүн дээр үндэслэсэн иргэдийн шүүмжлэл, дайралт салбарын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа нь илт байна. Иргэд социализмын үеийн хэвшмэл ойлголтуудаасаа салаагүй, улс төрийн тогтолцоо нь сонгуулийн мөчлөгт захирагддаг, намууд Үндсэн хуульдаа захирагддаггүй, популист “амлалт” өгдөг зэрэг олон хүчин зүйлийн улмаас салбарын үйл ажиллагааг зохицуулдаг хууль, журмуудад давхардал, хийдэл олноор үүсч маргаан, зөрчилдөөнд хүргэж байна. Хуулийг зохицуулах зорилгоор батлан гаргадаг нөгөө талаар хууль нь асуудлыг шийдэх ёстой шийдэл юм. Тэгвэл уул уурхай салбарын эрх зүйн зохицуулалт оновчтой байна уу? Ашигт малтмалын тухай хууль болон бусад холбогдох хуулиар асуудлуудыг яаж шийдэх гээд байна вэ? Өнөөдөр манай улсын уул уурхайн салбарын үйл ажиллагааг шууд болон шууд бусаар зохицуулдаг 80 гаруй хуультай. Энэ удаагийн судалгаагаар эхлээд эдгээр хуулийг нэг бүрчлэн Үндсэн хуулийн зарчимтай хэр нийцэлтэйг бид шинжлэх юм. Уул уурхайн салбарын хууль болгоныг Үндсэн хуулийн үзэл баримтлалын зарчим, хэв шинжүүд болон системийн зарчмуудаар “дурандана” гэсэн үг. Ийм цогц шинжилгээ судалгаа Монголд анх удаа хийгдэж буй гэж ойлгож болно. Энэхүү шинжилгээ нь Монгол Улсын уул уурхайн салбарын үйл ажиллагааг зохицуулж буй үндсэн болон холбогдох хуулиуд, нийт дүрэм, журмуудад байгаа системийн доголдлуудыг илрүүлэхээс гадна уул уурхайн байгууллага үйл ажиллагаандаа баримталбал зохих Монгол Улсын Үндсэн хуулиар тодорхойлсон зарчмууд болон Байгаль орчин, нийгэм, засаглалын олон улсын зарчмыг нэгтгэн тодорхойлж, тэдгээр зарчмуудтай харьцуулан мөрдөгдөж байгаа дүрэм, журмын хүрээнд үүссэн үл нийцлийг тодорхойлох ажил бас хийгдэх юм.
Уул уурхайн төслүүд гацах, зогсох томоохон асуудал, шалтгааны нэг бол иргэдийн шүүмжлэл, орон нутгийн эсэргүүцэл компаниудын нийгмийн хариуцлага хангалтгүйгээс энэ бүхэн үүсэж байна уу?
Уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгчдийн нийгмийн хариуцлага, мэдлэг, ур чадвар султай холбоотой үүсдэг асуудлууд бас байгаа. Жишээлбэл, уул уурхайн олон компаниуд өөрийнхөө үйл ажиллагаагаар нийгэмдээ бүтээж байгаа үнэ цэнийг бүрэн мэддэггүйн улмаас улстөрчид, иргэний нийгмийн байгууллагуудтай харьцахдаа өөрсдийгөө орон нутгийн иргэдийг ажлаар хангадаг, улсад татвар төлдөг, экспорт хийдэг гэсэн тайлбар хэлэхээс цаашгүй байдаг. Салбарынхан маань нийгэмд бүтээж буй үр өгөөж, үнэ цэнийн талаар өөрсдөө ойлголтгүй байна шүү дээ. Гэтэл судлаад үзэх юм бол бүтээж байгаа үр өгөөж нь маш өргөн хүрээг, олон салбаруудыг хамардаг. Ийм мэдлэг, мэдээлэл компаниудад байхгүй байгаа нь асуудал, бэрхшээл үүсэх нэг шалтгаан болдог.
Шинжилгээний аргачлалын онцлог нь юу вэ? Уламжлалт судалгаануудаас ямар ялгаатай вэ?
Энэ удаагийн шинжилгээ судалгааг хийхдээ уламжлалт аргаас нэлээд ялгаатай шинэлэг аргаар буюу Системийн инженерийн аргачлалаар гүйцэтгэж байна. Энэ нь олон оролцогч талуудтай нарийн төвөгтэй үйл ажиллагаануудыг уялдуулах, зохион байгуулахад төвлөрсөн салбар хоорондын инженерийн ухаан бөгөөд нийгмийн системийн инженерчлэл нь цэгцтэй сэтгэлгээний алгоритм болон суурь зарчмууд дээр суурилж бий болсон. Уул уурхайн салбарын үйл ажиллагаанд оролцогч талуудын тоо олон, хоорондоо нарийн төвөгтэй харилцан уялдаатайгаар явагддаг тул бид энэ аргачлалаар уул уурхайн салбарын үйл ажиллагааг зохицуулж буй үндсэн, холбогдох хуулиуд, дүрэм журмуудад системийн шинжилгээ оношилгоо хийж, доголдлыг тодорхойлж байгаа юм. Мөн энэ аргачлалыг ашиглан уул уурхайн салбарын тогтолцооны загварыг боловсруулах, зорилтот өөрчлөлтийг нэвтрүүлэхэд шаардлагатай мэдлэгийн суурийг бий болгох, шаардлагатай шийдлүүдийг хөгжүүлэх замаар хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд оролцогч талуудын хамтын ажиллагааны суурь нөхцөлийг бүрдүүлэхийг зорин ажиллаж байна.
Судалгааны явц хэр байгаа бол?
Үнэндээ ийм том цар хүрээтэй үйл ажиллагаанд асуудал үүсгээд байгаа зөрчил, доголдол хаана байгааг мэдэх нь тийм ч амархан ажил биш юм. Хэн нэгэн мэргэжилтэн, хуульч, эсвэл доктор профессор зэрэгтэй хүний хувийн ойлголт, туршлага, мэдлэг дээр тулгуурлан ийм цар хүрээтэй, олон оролцогчтой судалгааны ажлыг гүйцэтгэх нь тун өрөөсгөл үр дүнд хүргэх аюултай тул бид эхний ээлжинд судалгааны багийг бүрдүүлж буй бүх судлаачдын хүлээн зөвшөөрөхүйц үйл ажиллагааны жишиг загвар, шалгуур хэв шинжүүдийг эхний ээлжинд судлан гаргахаар ажиллаж байна. Энэ нь судалгааны суурь болох учир хамгийн чухал ажил юм. “Уул уурхайн салбарын харилцааг зохицуулж буй хууль, дүрэм, журмуудад системийн шинжилгээ хийх” ажлын явц нэлээд урагштай байна гэж миний зүгээс үзэж байгаа.
Баг хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй вэ?
Одоогоор 20 гаруй хүнтэй баг ажиллаж байна.
Сонирхолтой онцлог тал нь судалгааг өөр өөр мэргэжлийн судлаачидтай хамтран боловсруулна гэсэн?
Уул уурхайн салбарын дам нөлөө маш өргөн хүрээтэй. Эрүүл мэндийн салбараас эхлээд боловсрол, барилга, аж үйлдвэр, хүнс гээд уялддаггүй, холбогдохгүй салбар байхгүй. Тиймээс нийгмийн бүхий л төлөөллийг энэхүү шинжилгээ судалгаанд оролцуулах боломжийг нээлттэй байлгах учиртай. Жишээ нь: хуульчид бол өөрсдийн мэргэжлийн өнцгөөс л хуулийг тайлбарлах байх. Харин тухайн хуулийн үйлчлэл, зохицуулалт нь иргэд, нийгмийн харилцаанд оролцогч бүх талуудад бодитой мэдрэгдэнэ. Тиймээс оюуны өмчийн газраар баталгаажуулсан “Хууль, дүрэм, журамд системийн шинжилгээ хийх аргачлал”-ыг ашиглан судалгааны ажлыг 10 гаруй өөр өөр чиглэлийн судлаачидтай хамтран гүйцэтгэж байгаагаараа онцлог.
Энэхүү ажлаас хүлээж буй үр дүн юу вэ?
Юуны түрүүнд мэдлэгийн суурийг бий болгож байгаа гэж ойлгох хэрэгтэй. Энэхүү ажлаар, ойролцоогоор 200-300-гаас дээш баримт бичигт шинжилгээ хийж, доголдлыг тодорхойлсон судалгааны баримт бичиг боловсруулагдана.
Яг ийм аргачлал хэлбэрээр хийгдсэн шинжилгээний ажлуудаасаа сонирхуулахгүй юу?
Хуулийг уншаад л ойлгочихдог гэж ярьдаг. Харамсалтай нь хуулийг ойлгож танин мэдэхийн тулд уншихаас гадна судлах хэрэгтэй. Хуулийн үг бүр, нэр томьёоны утгыг шинжилж танин мэдсэнээр тухайн хуулийн тухай нарийвчилсан ойлголттой болно. Ийм танин мэдэхүйн аргачлалаар манай сан Хүний эрхийн Үндэсний Комиссын захиалгаар Үндсэн хуулийн 2 дугаар бүлэгт орсон хүний эрхийн нэр томьёонд тодорхойлолт боловсруулах нь” судалгааны ажлыг гүйцэтгээд байна. 16 судлаачдийн бүрэлдэхүүнтэй баг Үндсэн хуулийн бүхэл бүтэн нэг бүлгийг тусгайлан авч, тухайн бүлэгт тусгагдсан 18 нэгж эрхийг задалж, хуульд бичигдсэн үг бүр дээр шинжилгээ судалгааг гүйцэтгэж байна.
Энэ өргөн цар хүрээтэй, чухал өч холбогдолтой шинжилгээ судалгааны ажлыг төрийн байгууллага, салбарын яам агентлагийн зүгээс хэрхэн дэмжин ажиллаж байгаа вэ?
Үнэнийг хэлэхэд идэвх оролцоо сул. УУХҮЯ дээр дарга нарын үүдийг “сахиж” суудаг. АМГТГны мэргэжилтнүүдийг сургаж мэргэшүүлье гэхээр хойрго хандаж байна. Уг нь мөнгө санхүүжилт “гуйсан” ажил биш л дээ.
Ярилцсанд баярлалаа.
Майнинг Инсайт сэтгүүл, Нэгдүгээр сар 2024