14/14-ийн зохицуулалт: Уул уурхайн компаниудад үзүүлж буй нөлөө

Б.БАЯРТОГТОХ

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар өнгөрсөн онд баталж, энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн билээ. Шинэчлэн найруулсан хууль нь 13 бүлэг, 166 зүйл заалттай. Шинэ хууль зайнаас ажиллах, туслах малчин, ажлын цаг, уурхайчдын жасаа зэрэг хөдөлмөрийн зах зээлд шинээр бий болсон харилцаануудыг нарийн зохицуулж өгснөөрөө онцлогтой. Жасаа буюу уурхайчид олон хоногоор байрлан ажиллах ээлжийн зохицуулалтыг хуульд анх удаагаа хатуу тогтоон өгч 14 хоног ажиллаж, 14 хоног амрахаар тусгасан юм. Монголын уул уурхайн компаниудын жасааг хэрэгжүүлж ажилладаг нийтлэг хугацаа нь 28/14, 20/10, 14/7 хоног байсан билээ. Хөдөлмөрийн тухай шинэ хууль хэрэгжиж эхэлснээр энэхүү нөхцөл байдал үндсэндээ өөрчлөгдөөд байна. Хуулийн заалтыг хэрэгжүүлэхийн тулд ихэнх уурхайн хувьд дахин нэг ээлж нэмэх шаардлагатай болоод байгаа. Нийтдээ 50 мянга гаруй ажлын байр уул уурхайн салбарт шинээр бий болно гэсэн тооцоолол бий. Хуулийн хэрэгжилттэй холбогдуулан уул уурхайн зарим компаниуд ямар өөрчлөлт хийж байгааг тодрууллаа. Компаниудад Хөдөлмөрийн тухай хуулийг бүрэн хэрэгжүүлэхэд зургаан сарын хугацаа өгсөн бөгөөд энэ оны хоёрдугаар хагас хүртэл бэлтгэл ажил үргэлжлэх юм. Уул уурхайн компаниудын хувьд нэн тэргүүнд шинэ ажилтнаа бэлтгэх, сургах шаардлага гарч байгаа. Үүнээс гадна байрлуулах байр, үйлдвэрийн өргөтгөлийн асуудал ч хөндөгдөж байгаа бөгөөд эдгээр нь компаниудын төлөвлөлтөд байгаагүй шинэ зардал юм.


Степ Голд Лимитэд

Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Степ Голд лимитэд” компанийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор нийт ажлын байрны тоог 15 хувиар нэмэгдүүлэхээр болжээ. Тус компанийн хувьд өмнө нь ажилтнуудын ээлж солилцоо 20/10 байсан. Ажилчдын цалинд өөрчлөлт ороогүй бөгөөд цалинг хэвээр хадгалах бодлого хэрэгжүүлж байгаа гэж “Степ Голд лимитэд” компанийн зүгээс мэдэгдлээ. Компанийн үндсэн ажилчдын дундаж цалин 3.8 сая төгрөг бол туслан гүйцэтгэгч компаниудын ажилчдын дундаж цалин 2.2 сая төгрөг аж. Тус компанийн туслан гүйцэтгэгчээр 100 хувь монгол компаниуд ажилладаг байна. “Алтан Цагаан Овоо” төслийн хэмжээнд үндсэн болон туслан гүйцэтгэгч компани нийт 400 гаруй ажилтантай. Түүний 75 хувь нь орон нутгийн иргэд. Цаашид “Алтан Цагаан Овоо” төслийн хоёр дахь шатны үйлдвэр ашиглалтад орсноор ажиллах хүчний тоо 300 гаруйгаар нэмэгдэх юм.

Эрдэнэс Тавантолгой

“Эрдэнэс Тавантолгой” компанийн уртын ээлж 14:14 хоног. Тиймээс шинээр ээлж нэмэгдэхгүй. Тус компаниас 2021-2025 онд хэрэгжүүлэх “А6-20” бизнес төлөвлөгөөний хүрээнд 20 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Үүний хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” үндсэн болон охин компани, гэрээт, туслан гүйцэтгэгч компаниудын хэмжээнд энэ онд нийт 700 гаруй ажлын байр шинээр зарлалаа. Үүний дийлэнх нь нарийн мэргэжил шаардсан ажлын байр байгаа юм. Тухайлбал, баяжуулалтын инженер, зураг төслийн инженер, чанарын инженер, барилга угсралтын инженер гэх мэт орон тоонд шинэ ажилтан элсүүлж эхэллээ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс 124 ажлын байр шинээр зарласан бөгөөд үүний 88 нь үндсэн ажлын байр, үлдсэн 36 нь хөлсөөр ажиллах ажлын байр юм. Охин болон хараат компаниудын хувьд 296, туслан гүйцэтгэгч болон гэрээт компаниуд 286 ажлын байр тус тус зарласан байна. Шөнийн цагийн нэмэгдэлд өөрчлөлт гарч байгааг компанийн зүгээс онцолсон юм. Ингэснээр компанийн дундаж цалин 25 хувиар өсөж байгаа аж. “Эрдэнэс Тавантолгой” компанийн дундаж цалин 2.6 сая-2.8 сая төгрөг байна. Хөдөлмөрийн хууль хэрэгжихтэй холбоотойгоор дотоод дүрэм журмаа шинэчлэх, ажилтнуудтайгаа байгуулах хөдөлмөрийн гэрээг төрөлжүүлэн, загваруудыг батлах ажлыг мөн тус компани эхлүүлжээ.


Монголын Алт

Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилттэй холбогдуулан МАК-ийн орон тоо 25-30 хувиар нэмэгдэх бөгөөд хамгийн багадаа 500 гаруй ажилтныг шинээр авч ажиллуулахаар болсон байна. МАК-ийн Хүний нөөц, сургалтын төвөөс нээлттэй ажлын байрны өдөрлөгийг Нийслэлийн Хөдөлмөр, эрхлэлтийн газартай хамтран ирэх сард зохион байгуулахаар болсон. Энэ үеэр МАК Евроцемент болон Нарийнсухайтын уурхай, МАК Евровиндоор, МАК Евроблок зэрэг компани 750 гаруй нээлттэй ажлын байрны танилцуулга хийх юм. Уул уурхай, аж үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа МАК-ийн үйлдвэр, уурхайд ажиллах ажилтны сард авах цалин 25-30 хувиар буурах тооцооллыг компанийн зүгээс танилцуулсан. Ажиллах хоног багассан нь цалингийн үнэлгээнд ийнхүү нөлөөлж байгаа аж. Компани дөрвөн ээлжээр ажиллахтай холбоотойгоор тус компанийн цалин хөлс болон бусад зардал хамгийн багадаа 10 орчим хувиар өсөх тооцоо гарчээ.

Оюутолгой

“Оюутолгой” компани оны эхний хоёр сарын байдлаар 170 нээлттэй ажлын байр шинээр зарлажээ. Ажил амралтын тэгш хуваарийг хэрэгжүүлэхийн тулд тус компани эхний ээлжинд үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нэн шаардлагатай шинэ ажилтнуудыг сонгон шалгаруулж авах, сургах ажлыг эхлүүлэх юм. Шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуульд заасан уртын ээлж буюу ажил үүрэг гүйцэтгэх 14 хоног, амрах 14 хоногийн ээлжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Оюутолгой” компани энэ онд ойролцоогоор 500 ажлын байрыг үе шаттайгаар зарлахаар төлөвлөж байна. Энэ нь ойролцоогоор тус компанийн нийт ажилтны 15 орчим хувь юм. Ихээхэн эрэлттэй байгаа ажлын байрууд нь тоног төхөөрөмжийн оператор, засварчин болон инженер техникийн ажилтны ажлын байрууд байна. Уртын ээлжээр ажиллахтай холбоотойгоор ажилтнуудын сард ажиллах цаг багасаж байгаагаас үл хамааран “Оюутолгой” компани ажилтнуудынхаа сарын үндсэн цалинг хэвээр хадгалах шийдвэр гаргажээ. Харин уртын ээлжинд шилжсэнээр ажилтнуудын цалин хөлс ямар ажлын байранд ажиллаж байгаагаас хамааран зарим ажилтнуудын өмнө авч байсан цалин хөлс нь нэмэгдэх эсхүл ижил түвшинд хадгалах, тодорхой хувиар буурах зэрэг өөр өөр нөлөөлөлтэй байгаа аж. Ажилтнуудын хувьд өмнө ажиллаж байснаасаа 30 хувиар бага ажиллах юм байна. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжүүлэлттэй холбоотойгоор энэ оны хувьд “Оюутолгой”-н ажиллах хүчний зардал ойролцоогоор 13 хувиар нэмэгдэх төлөвтэй байна.