Ш.Бямбасүрэн: Манай улс анарыг экспортолдог үе байсан

Монгол Улсын эрдэс судлалын зөвлөх инженер, эрдэнийн чулуу шинжээч Ш.Бямбасүрэнтэй ярилцлаа.

Эрдэнийн чулуу шинжээч гэдэг нь Монголд нэлээд ховор нарийн мэргэжил болов уу. Та мэргэжлийнхээ онцлогийн талаар бидэнтэй хуваалцаач?

Ер нь монголчууд хамгийн үнэ цэнтэй сайхан зүйлээ эрдэнэ гэж дээш залж хүндэтгэн дээдэлдэг. Энэ хорвоо дэлхий үндсэндээ газар, шороо чулуунаас тогтдог. Тэрхүү чулуун дундаас маш ховор тогтоцтой, өнгө үзэмжтэй, ганган байдалтайг нь эрдэнийн чулуу гэж ялгадаг. Геологийн салбар дундаас миний сонгож мэргэшсэн чиглэл бол эрдэнийн чулуу. Эрдэнийн чулууг гарал үүслийнх нь хувьд 3 ангилж үздэг. Нэгдүгээрх нь байгаль дээр үүссэн чулуу. Хоёрт, синтетик буюу таримал чулуу. Өөрөөр хэлбэл, лабораторийн нөхцөлд үйлдвэрлэлийн аргаар талстжуулж, ургуулсан чулуу гэсэн үг. Гуравт хиймэл буюу дуураймал чулуу гэж ангилна. Эрдэнийн чулуу бол үнэтэй тул хүн бүхэн хэрэглэж чадахгүй. Тиймээс хүмүүсийн хэрэгцээнд зориулж үйлдвэрлэлийн аргаар чулууг гаргаж авдаг. Гадна талаасаа тухайн чулуу шиг харагдахаар ижил төстэй хийдэг. Дуураймал чулууны хувьд үнэ хямд, нийтлэг хэрэгцээг хангах зориулалттай. Гэтэл манайханд дуураймал учраас хэрэггүй гэсэн ойлголт бий. Аль ч улс орны үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаанд байгалийн үнэтэй чулуунуудаас гадна таримал, хиймэл чулуунууд байдаг.

Манай улс байгалийн үнэт чулуу нь хэр судлагдсан бэ? Мөн ямар үнэт чулуунууд түгээмэл байдаг вэ?

Монгол оронд 1950-иад оны сүүл, 1960-аад оны эхээс өнгөт чулууны хайгуулын анги анх байгуулагдсан юм. Тэр үеэс буюу 1960-1980-аад он хүртэлх 20-иод жилд хайгуул, судалгааны ажил эрчимтэй хийсэн. Тухайн үед эрдэнийн чулууны 160 орчим илэрц, орд нээсэн. Тэр дундаас хамгийн үнэтэй эрдэнийн чулууны орд нь усан биндэръяа. Сүхбаатарын усан биндэрьяагийн ордыг албан ёсоор ашиглаж байгаад одоо зогссон. Мөн анарын ордыг олон жил ашигласан. Анарыг олборлон, Зоос гоёлын үйлдвэрт авчирч, шигтгээ хийн, бүр экспортолдог байсан. Анар нь хар хүрнээс хар ногоон хүртэл өнгө нь нийтдээ 13 янзаар өөрчлөгдөн нэрлэгддэг маш сонин чулуу. Мөн Горхи-Тэрэлжийн орчимд болон Зүүнбаянгийн усан болор, утаат болорын ордуудыг 1950-иад оны үед ашиглаж байсан. Хөвсгөлд Цагаанчулуутын гантигийн орд, Шишгэдийн ногоон хашийн орд нээгдсэн. Хөвсгөлийн ногоон хашийн нөөцийг албан ёсоор зөвшөөрөл өгч ашиглаагүй ч зөвшөөрөлгүйгээр мэр сэр ашиглаж байна. Архангайн Тариатын шаврын цармыг албан ёсоор ашиглаж байсан. Тэнд нөөцтэй. Дорноговийн, Өвөрхангайн Арцбогдын мана, гартаамыг хувь хүмүүс түүдэг. 160 орчим эрдэнийн чулууны орд, илэрцийг ашиглах төрийн бодлого 1980-аад оноос хойш үндсэндээ тасарсан. Одоо бол эрдэнийн чулууны зах зээл ямар ч бодлого, зөвшөөрөлгүй, албан ёсоор ашиглах зөвшөөрөл аваагүй хувь хүмүүс болон компаниудын сонирхол дээр тогтож байна. Харамсалтай нь урд хөрш рүүгээ гаргаж зараад үндсэндээ дуусаж байна. Үүнийг бодлогын хэмжээнд барих, зохион байгуулах байгууллага, хүн алга.

Тэгвэл байгалийн үнэт чулуун дээрээ Монгол Улс ямар бодлого баримтлах ёстой вэ?

Чулууг эдийн засгийн болон үнэлгээ талаас нь хэд ангилдаг. Гоёлын, эрдэнийн чулуу, өнгөлгөөний чулуу гэсэн байдлаар 1, 2, 3, 4 зэрэглэлээр ангилсан байдаг. Үнэт чулууны ангилал нь үндсэндээ тунгалагшихаараа чулууны чанараар дээш, доошоо явдаг. Монголчуудын хэрэглээний түвшинд хамгийн их хэрэглэгдэг үнэтэй чулуу бол цагаан хаш. Олон улсын түвшинд ч үнэтэй байдаг. 1960-1980-аад онд эрдэнийн чулуугаа төлөвлөгөөтэйгөөр нээж, ашиглаж байлаа. Төлөвлөсөн бодлогоор бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хаалттай үйлдвэрүүдтэй байсан. Тэнд өнгөт чулууны цехтэй. Тэр цехэд олборлосон чулууг шигтгээ болгох болон хөөрөг хийдэг, гоёл чимэглэлийн бүтээгдэхүүн, зоос үйлдвэрлэдэг байлаа. Ямартай ч чулуугаар үйлдвэрлэл явуулж, ард түмнийхээ хэрэгцээг зохих хэмжээнд хангаад, экспортолж байсан. Одоо бол боловсруулалгүйгээр гадагш нь гаргаж байна. Хятадуудын хувьд үйлдвэрт хэрэгтэй чулуунуудаа ялгаж аваад, хэрэггүй чулууг нь буталж хиймэл чулуу болгоод буцаагаад бидэнд өндөр үнээр зарж байна. Энэ бол чулуугаа ашиглах төрийн бодлогын алдаа.

Манай улсад цаашид шинээр нээгдэх эрдэнийн чулууны нөөц боломж хэр вэ?

Манай орны хувьд геологийн судалгааг үндсэндээ 1:200,000 зураглалаар хийсэн. Иймээс эрдэнийн чулууны судлагдаагүй, орхигдсон талбай их. Өнөөдөр говьд ямар их үүц нээгдэж ашиглаж байгааг бид харж байна. Энэ газрын хөрсөн доор хаана, юу байгааг одоохондоо бид бүрэн дүүрэн судалж чадаагүй байна. Тиймээс боломж их бий.

Эрдэнийн чулуунд гарал үүслийн гэрчилгээ заавал хэрэгтэй юу?

Эрдэнийн чулууны хувьд хамгийн чухал зүйл нь гарал үүслийн гэрчилгээ. Миний хувьд одоо “Хөөрөг” дэлгүүрт эрдэнийн чулуу шинжээчээр ажилладаг. Манай дэлгүүрийн нэг давуу тал нь бүтээгдэхүүндээ гэрчилгээ олгодог. Манай дэлгүүрээс хөөрөг авлаа гэхэд эргэж ирээд засуулж, өөрчлүүлж болно. Цаашлаад өвлүүлж үлдээхдээ батламжаа дамжуулаад явчихна. Ямар нэг асуудал гарвал хариуцлагыг нь манайх хүлээнэ. Үүгээрээ бусдаас том ялгаа, давуу талтай. Би тэтгэвэрт гарахаасаа өмнө Улсын сорьцын албанд ажилладаг байсан. Сорьцын албанаас эрдэнийн чулууны гэрчилгээ олгодог байсан юм. Гэрчилгээ бол буух эзэнтэй буцах мөртэй байх найдвартай арга, хөрөнгийн баталгаа болдог.

Монголын байгалийн үнэт чулуунуудаас ямар чулуугаар хөөргийг гол төлөв хийж байна вэ?

Монголын байгалийн чулуу гэвэл ихэнхдээ мана, гартаам, хаш байна. Манайхны чүнчигноров гэж нэрлэдэг чулуу бол нэг төрлийн хаш чулуу. Түвдээр чүн гэдэг нь хангарди, чиг гэдэг нь бөөлжис, норов гэдэг нь эрдэнэ гэсэн үг. Тэгэхээр монголоор бол хангардийн бөөлжсөн эрдэнэ. Монголчууд хангардийг эрдэнээр бөөлждөг гэсэн утгаар нь бэлгэшээж чүнчигноров гэсэн байгаа юм. Ер нь ямар ч чулуугаар хөөрөг хийж болно. Тэр нь хувь хүний сонирхолтой л холбоотой.

Ярилцсанд баярлалаа.