Гашуунсухайт-Ганцмод боомтын 68 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2025.10.30) боллоо. Тус хуралдаанаар “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замыг барихтай холбогдуулан шийдвэр гарлаа. Энэхүү шийдвэрт,

“Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замыг хамтран барихтай холбоотойгоор БНХАУ-ын “Чайна энержи групп” компаниас ирүүлсэн хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, нүүрсний худалдаа, нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааг цогцоор шийдвэрлэх тухай хүсэлтийг судалж УИХ, Засгийн газарт танилцуулж, холбогдох хуулиуд, мөн УИХ-ын 2023 оны 68 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах, шаардлагатай тохиолдолд тусгайлсан хуулийн төсөл боловсруулж энэ оны арваннэгдүгээр сард багтаан шийдвэрлүүлэхийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарт тус тус даалгалаа." гэсэн байна. 

68 дугаар тогтоолын нэгдүгээр хэсэгт дараах найман зүйлийг тусгасан байна. 

1/1955 оны “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-т өөрчлөлт оруулах асуудлыг судалж, холбогдох арга хэмжээ авах;

2/Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр”-ийн хэрэгжилтийн хүрээнд бусад боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалт, хил холболтыг эрчимжүүлэх;

3/“Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг зураг төслийн дагуу Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хил доторх “Ганцмод” боомт хүртэлх төмөр замын суурь бүтэц эзэмшигч төрийн өмчит компаниар гүйцэтгүүлж, холбогдох зардлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас санхүүжүүлэх;  

4/Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хил доторх “Ганцмод” боомт хүртэлх төмөр замын суурь бүтэц эзэмшигч төрийн өмчит компани болон “Эрдэнэс Тавантолгой” ХК хооронд үе шаттайгаар жил бүр 20 сая тонноос доошгүй хэмжээний нүүрсийг харилцан ашигтай, тогтвортой, зах зээлийн зарчимд нийцүүлэн урт хугацааны худалдах, худалдан авах гэрээ байгуулахыг зөвшөөрөх;

5/энэ тогтоолын дагуу байгуулах аливаа гэрээг ашигт малтмал, түүхий эдээр төлөх нөхцөл /off-take/-өөр байгуулахгүй байх;

6/Тавантолгойн нүүрсний ордыг иж бүрэн ашиглах, олборлолт, тээвэрлэлт, экспортыг нэмэгдүүлж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, бусад уул уурхайн болон уул уурхайн бус бүтээгдэхүүн, бараа, түүхий эдийг тээвэрлэх боломжийг бүрдүүлэх;

7/энэ тогтоолын 1 дэх заалтын 3, 4 дэх дэд заалтад заасан арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг  сонгон шалгаруулж, хамтран ажиллах;

8/“Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор газар ашиглах асуудлыг шуурхай шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээ авах.