Уламжлалт арга барилаараа бид 2030 он гэхэд ашигт малтмалын эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй.

Зөвхөн цэвэр эрчим хүчний салбарын тооцооллоор авч үзэхэд ирээдүйд эрдэс баялгийн эрэлт хэрэгцээ 500 дахин нэмэгдэхээр байна. Тэгвэл 20-30 жилийн дараа юу болох вэ? Хүн төрөлхтөн энэ чиглэлд юу хийж чадах, бас юуг хийж чадахгүй вэ гэдэг нь “Ирээдүйн эрдэс баялаг 2025 ” хурлын гол сэдвийн нэг байв. Энэ талаар оролцогчдын байр суурийг хүргэж байна. Мөн дэлхий дахинд цаашид өрсөлдөөн нэмэгдэх үү, хамтын ажиллагаа өргөжих үү гэсэн асуултын хариултыг сонирхуулъя. 

Ньюмонт группийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Том Палмер: 

Ашигт малтмалын эрэлт хэрэгцээ өндөр болж байна. Гэтэл уул уурхайн үйлдвэрлэл маш их хөрөнгө шаарддаг. Ирээдүйн эрэлт хэрэгцээг хангахын тулд түншлэл байгуулах ёстой. Эрсдэлүүдээ хуваалцах хэрэгтэй. Орон нутгийн иргэдтэй урт удаан хугацааны харилцаатай байх хэрэгтэйг бас мартаж болохгүй. Тэд нарт ч үр шим нь очих ёстой. Төр засагтай ч ажиллах учиртай. Төслүүдийг хэрхэн хэрэгжүүлэх боломжтойг төр засгаар тодорхойлуулах хэрэгтэй. Уламжлалт арга барилаараа бид 2030 он гэхэд ашигт малтмалын эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй. Манай компани зургаан жилийн “аянд” гарсан. Алтны ордуудын багцаа эмхэлж цэгцлэн, оновчтойгоор удирдах стратегиэ тодорхойлсон. Newcrest-ийг худалдан авч нэгтгэх зэргээр багцаа эрс өөрчилж байна. Цаашдаа зэсийн чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлнэ. Үүнд санхүү болон үйл ажиллагааны сахилга бат, төслөө зөв, оновчтой боловсруулж хэрэгжүүлэх чадвар, түншлэл маш чухал. Том төслүүдийг компани ганцаар хэрэгжүүлж чадахгүй. Үүнийг түншлэлээр шийдэж чадна. Зэсийн эрэлтийг аваад үзэхэд л асар их байна. Тиймээс бид шинэ уурхай байгуулах хэрэгтэй. Зэсийн олборлолтыг нэмэгдүүлэхийн тулд түншлэлээ өргөжүүлэх хэрэгтэй болно. 

Майнинг Инсайт сэтгүүл, Нэгдүгээр сар 2025, №01 (038)