Нармандахын МӨНХНАСАН

"Монполимет" группийн ТУЗ-ийн дарга

Томилогдсон хугацаа: 2012 он

2014 онд 260 сая ам.долларын “Монцемент” төслийн гэрээг Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай үзэглэснээс хойш нэг жилийн дотор 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай цогц үйлдвэр ашиглалтад орж, бүтээн байгуулалт нь бүрэн дууссан билээ. Ингэснээр Монголдоо анх удаа Eвроп стандартын хуурай аргын технологи бүхий хаягдал халуун хийгээр эрчим хүч үйлдвэрлэн, түүнийгээ ашигладаг WHR системийг нэвтрүүлсэн үйлдвэр ашиглалтад орсон юм. Уг технологийг нутагшуулсан нь өндрөөр үнэлэгдэж, олон улсын 200 гаруй төслөөс шалгаран ЕСБХБ-ны “Тогтвортой хөгжлийн шагнал” авчээ. Энэ бүхэн Н.Мөнхнасангийн удирдлага, зохион байгуулалттай холбоотой байсан юм. Н.Мөнхнасан АНУ-д макро эдийн засаг, санхүүгийн инженерээр бакалавр болон магистраа хамгаалсан. 

Ажлын гараагаа Монголбанкнаас эхлүүлэн улмаар АНУ-ын Вашингтон дахь Дэлхийн Банкны төв салбар хүртэл дэвшсэн юм. Энд ажиллах хугацаандаа Монголыг хариуцсан багт нэгдэж, Монгол дахь салбар руу томилогджээ. Улс орнуудын эдийн засгийн уналт, сэргэлтэд дүн шинжилгээ хийж ажиллахдаа санхүүгийн хараат бус байдал хэчнээн чухлыг гүн гүнзгий ойлгосон байна. Энэ л туршлагадаа тулгуурлан, ээжийнхээ босгосон компанийг эдийн засгийн хувьд төрөлжүүлэн, тогтвортой хөгжүүлэхээр сэтгэл шулууджээ. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд “Монполимет” хариуцлагатай уул уурхайд шилдгийн нэг нь байж, нөхөн сэргээлтэд 10 гаруй сая ам.доллар зарцуулж, олборлосон талбайгаа 90ээс дээш хувьтай нөхөн сэргээж иржээ. Түүнчлэн жендэрийн тэгш байдлыг эрхэмлэж, эмэгтэйчүүдийн оролцоог дэмждэгээрээ ихээхэн онцлогтой компани. Өдгөө Н.Мөнхнасан найман салбарт группийнхээ үйл ажиллагааг тэлж 1000 гаруй залуусыг манлайлан ажиллаж байна.