Жамсрангийн ОЮУНЧИМЭГ

“МоЭнКо” ХХКийн Дэд захирал 

Томилогдсон хугацаа: 2013 он

Монгол орны баруун бүсэд хийсэн уул уурхайн томоохон хөрөнгө оруулалт, тогтвортой үйл ажиллагаагаар салбартаа танигдсан “МоЭнКо” ХХКийг Ж.Оюунчимэг захирал арван хоёр дахь жилдээ удирдаж байна. Хүний өөрийн, их бага гэж ялгахгүйгээр, бусдын ажилд хүндэтгэлтэй, нухацтай ханддаг, тууштай байдлыг эрхэмлэдэг нь түүний гол зан чанар. Тэр ч чанараараа уул уурхайн томоохон төслийг удирдан, өнөөдрийн энтэй компанийн зэрэгт хүргэж хөгжүүлсэн биз ээ. 

Эрдэс баялгийн салбар олон улсын хөрөнгө оруулагчдыг соронздон татаж байсан он жилүүдэд тэрээр “МоЭнКо” компанийн гол төсөл болох Хөшөөтийн уурхайн хөгжүүлэлтийг гардан удирдсан юм. Тухайн үе бол эрдсийн экспортод нүүрс жин дарах болсон 2010-аад он. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнийн өөдрөг мөчлөг тохиосон хэдий ч дотоодод дэд бүтцийн хөгжил сул, нурмаг ачааг тээвэрлэх авто зам ч үгүй, тийм л бэрх байсан үе. Тиймээс уурхайг ашиглахаас өмнө улсын хил хүртэл 311 км хатуу хучилттай зам тавьсан нь олборлолт явуулахаас өмнө зам тавьсан эхний тохиолдол төдийгүй тус компанийн хамгийн том бүтээн байгуулалтын нэг. Түүнчлэн нүүрсний тонн бүрээр тооцон, орон нутагт хандив төвлөрүүлдэг, уурхай дагасан томоохон сууринг цогцоор нь нүүлгэн шилжүүлж шинэ багийн төв байгуулсан гээд анхдагч болохуйц туршлагуудыг хэрэгжүүлсэн юм. Ж.Оюунчимэг захирал Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуульд хууль зүйн магистр хамгаалж, мэргэжлийн гараагаа хуульчаар эхэлсэн. Гэхдээ Монголын уул уурхайн салбар гадаадын хөрөнгө оруулалтын анхаарлын төвд орж ирсэн 2000аад оны эхэн үеэс хөрөнгө оруулалтын эрх зүйн зөвлөхөөр ажиллаж эхэлснээр энэ салбартай ажил амьдралаа холбожээ.