Ганболдын ЗОЛБАЯР

“Шувуун Хар Уул” ХХК-ийн Гүйцэтгэх захирал 

Томилогдсон хугацаа: 2014 он

Уул уурхайн салбарт мэдлэг, туршлага, тууштай хөдөлмөрөөрөө олон жил манлайлж яваа эмэгтэй удирдагчийн нэг бол “Шувуун ХарУул” ХХКийн Гүйцэтгэх захирал Ганболдын Золбаяр юм. Г.Золбаяр захирал 2006 онд уул уурхайн салбарт ажиллаж эхэлснээс хойш тасралтгүй туршлага хуримтлуулсаар, 2014 онд компанийнхаа Гүйцэтгэх захирлаар томилогджээ. Тэрээр уул уурхайн баяжуулалтын инженер мэргэжилтэй. Олон улсын болон хувийн хэвшлийн байгууллагад ажиллаж хуримтлуулсан туршлага нь салбартаа өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулах бат суурь нь болжээ. Хамт олныхоо нийгмийн асуудалд илүүтэй анхаарал хандуулж ажилладаг нь түүний онцлог. Компанийн стратеги нь аюулгүй, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийн зэрэгцээ орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, жижиг дунд бизнес болон малчдыг дэмжихэд чиглэж байна. 

Компанийн хэрэгжүүлж буй нийгмийн хариуцлагын томоохон ажлын нэг нь Завхан аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтарсан 14 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөл юм. Г.Золбаяр захирлын удирдлага дор хэрэгжсэн онцлох ажил нь “Баянхайрхан төсөл”. Хөрөнгө оруулагчид хийгээд банк санхүүгийн байгууллагуудын хувьд эрсдэлтэйд тооцогдон дэмжлэг авч чадаагүй тус төслийг зөвхөн өөрсдийн хүч бололцоонд тулгуурлан 10 жилийн хугацаанд тууштай хөдөлмөрлөсний үр дүнд амжилттай ашиглалтад оруулаад байна. Энэхүү төсөл нь нөөцийн хувьд жижиг боловч эдийн засгийн үр ашигтай ордуудыг бүрэн ашиглах боломжтойг харуулсан, салбартаа туршлага болсон онцлох жишээ юм. Тэрээр цаашид нөөц багатай ч эдийн засагтай боломжтой ордуудыг үр ашигтай ашиглах тогтвортой стратегийг хөгжүүлэхийг эрмэлзэж байгаа нь компанийн хөгжилд төдийгүй Монголын уул уурхайн салбар дахь ийм төрлийн төслүүдэд ирээдүйн гарц болох нь дамжиггүй.