“Монголын Алт” ( МАК ) ХХК-ийн Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал
Томилогдсон хугацаа: 2016 он
Монголын уул уурхайн салбарт олон олон анхдагчийн түүх бичиж яваа үндэсний тэргүүлэх компаниудын нэг бол “Монголын Алт”. Тус компанийн сүүлийн арван жилийн удирдлагын жолоог Н.Цэлмүүн атгаж яваа. Түүнийг үндэсний том компанийн чадварлаг өв залгамжлагч гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Тэрээр АНУын Валпарайсо их сургууль, Стэнфордын их сургууль, Харвардын Бизнесийн сургуулийг тус тус дүүргэсэн. Ажлын гараагаа ХХБнд зээлийн эдийн засагчаар эхэлсэн тэрээр удалгүй аавынхаа байгуулсан МАК компанид хамгийн доод албан тушаалаас ажиллаж эхэлжээ. Чадвараа ахиулж, туршлагажсаар 2010 оноос хойш салбаруудын захирлын албан тушаалд дэвшсэн байна. 2016 онд компанийнхаа Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирлаар томилогдсоноор цаашдын ирээдүйг нь жолоодох хүндтэй бөгөөд амаргүй сорилтын өмнө иржээ. Аавынхаа үйл хэргийг амжилттай үргэлжлүүлж буй Цэлмүүний манлайлал дор МАК улам бүр хүчирхэгжсээр байна.
Нарийнсухайтын 1 сая тонны хүчин чадалтай нүүрс баяжуулах үйлдвэр, Монголын нүүрсний экспортыг 17 сая тонноор нэмэгдүүлэх 5G сүлжээ, AGV дэвшилтэт технологид суурилсан ухаалаг гарцын систем бүхий “Шивээхүрэн” чингэлэгт тээврийн терминал зэрэг томоохон бүтээн байгуулалтууд Цэлмүүнтэй нэр холбогдоно. МАК уул уурхай төдийгүй, барилгын материалын үйлдвэрлэлд хүчээ сорьж, аж үйлдвэрлэлийн төслүүд хэрэгжүүлж эхэлснээр 450 сая ам.долларын гадагш чиглэх валютын урсгалыг эх орондоо үлдээсэн нь Н.Цэлмүүний амжилтуудын нэг. Түүний удирдлагын гол онцлог нь алсын хараатай бодлого хэрэгжүүлэх, тогтвортой стратеги боловсруулах чадварт оршдог. Өнөөдөр тэрээр уул уурхай төдийгүй барилга, аж үйлдвэрийн салбарт эмэгтэй удирдагчийн чадварыг батлан харуулж буй лидерүүдийн тэргүүн эгнээнд зогсож байна.





















