“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал
Томилогдсон хугацаа: 2017 он
Түүнээс эрч хүч мэдрэгддэг. Үг яриа, биеийн хэлэмж бүгдээс нь. Өндөр технологийн үйлдвэр цогцлоох нүсэр бүтээн байгуулалтыг ийм л эрч хүчтэй эмэгтэй удирдаж чадах байх гэх бодол эрхгүй төрөхөөр. “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит компанийг Д.Алтанцэцэг захирал найм дахь жилдээ удирдаж байна. Дорнын говийн нүцгэн талд өдгөө үйлдвэрийн цогцолборын эхний байгууламжууд сүндэрлэн босож байна. Манай улсад 1960аад онд хаагдсан Нефть боловсруулах үйлдвэрийг дахин байгуулах шийдвэр гарснаар 2017 онд шав тавьсан юм. Инженерчлэлийн нарийн төвөгтэй барилга угсралт, олон улсын гэрээ хэлэлцээр, сонгон шалгаруулалт, гадаад дотоодын мэргэжилтэн, ажилтнууд гээд төслийн олон талт ажлыг тэрээр удирдан зохион байгуулж байна.
Цар тахал дэгдэн улс орнууд хил гаалиа хааж, хөрөнгө оруулалт хомстон, валютын ханш савласан он жилүүдэд төр, засгийн эргэж буцсан шийдвэр, нийгмийн хүлээлт, олны “хэл ам” дунд нүсэр төслийг авч явах амаргүй. Гэхдээ эх орноо түлш шатахууны үйлдвэртэй болгочих гэсэн чин эрмэлзэл нь түүнийг бэрхшээлийн өмнө сөхрүүлээгүй юм. Тэрээр эдийн засгийн ухаан, инженерийн ур чадварт Германд суралцсан. Баруунд боловсрол эзэмшсэн анхдагчдын нэг. Эрдэс баялгийн салбарт тууштай хөдөлмөрлөж яваа цөөн эмэгтэй мэргэжилтний төлөөлөл. Монгол Улс газрын тос олборлон, ордуудын ашиглалт эрчимжих үед тэрээр дэлхийн уул уурхайн эрдэмтдийн өлгий Фрайбергийн Техникийн их сургууль, Уул уурхайн академийг зорьжээ. Докторын зэрэг хамгаалсан сэдэв нь “Монголын газрын тосыг боловсруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх загварчилсан судалгаа”. Өөрийн автор бүхий энэ төслийн үр дүнг үзэж, “Монгол” брэндийн бензин дотооддоо үйлдвэрлэнэ гэдэгт тэр итгэн, шантралгүй хөдөлмөрлөсөөр явна.





















