Ойдовын БАТЧИМЭГ

“Баялаг Энержи Ресурс” ХХКийн Гүйцэтгэх захирал 

Томилогдсон хугацаа: 2018 он

О.Батчимэг бол уул уурхайн салбарын гэрээт оператор компанийн үйл ажиллагааг амжилттай удирдаж байгаа цөөн эмэгтэй Гүйцэтгэх захирлуудын нэг юм. Тэрээр уул уурхайн олборлолтын чиглэлээр ажилладаг “Баялаг Энержи Ресурс” компанийг 7 дахь жилдээ удирдаж байна. Сүүлийн жилүүдэд Монголын уул уурхайн салбарт, тэр дундаа нүүрсний экспортын чиглэлд өсөлт эрчимжихийн хэрээр туслан гүйцэтгэгч компаниудын оролцоо үлэмж нэмэгдэж байна. Тэдгээрийн дунд “Баялаг Энержи Ресурс” онцгой байр суурь эзэлдэг. Тус компани нь “Өсөх зоос” ХХКийн хамаарал бүхий компани. “Өсөх зоос” нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумд байрлах Хүрэншандын уурхайг эзэмшдэг бөгөөд “Баялаг Энержи Ресурс” уг ордын олборлолтыг хэрэгжүүлдэг. Өнгөрсөн хугацаанд тус уурхайгаас 23 сая тонн нүүрс экспортолсон амжилт үзүүлээд байна. 

2023 онд хилийн ШивээхүрэнСэхээ боомтын хил дамнасан төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажилд үндсэн гүйцэтгэгчээр ажилласан туршлагатай. “Баялаг Энержи Ресурс” 2018 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш тасралтгүй “ТОП100 аж ахуйн нэгж”ээр шалгарч буй бөгөөд жил бүр амжилтаа ахиулан, үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байна. О.Батчимэг захирал компанийнхаа үйл ажиллагааг байгаль орчны зөв менежментийн тогтолцоонд тулгуурлан явуулж, байгалийн баялгийг зүй зохистой ашиглаж, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалахыг эрхэм зорилгоо болгодог. Тэдний компани орчны тохижилт, нөхөн сэргээлтийн зориулалтаар 10 төрлийн 6000 гаруй мод, бут сөөг тарьж, 30 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийсэн нь байгаль хамгааллын ажилд ихээхэн ач холбогдол өгдгийн илрэл юм.