Ганболдын ЭРДЭНЭТУЯА

МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал 

Томилогдсон хугацаа: 2022 он

Өчигдөр хөдөө орон нутагт уурхайгаар явж, өнөөдөр нийслэлд хурал чуулганд илтгэл тавьж, магад маргааш нөгөөдөр нь хилийн чанадад Монголынхоо уул уурхайг хөрөнгө оруулагчдад сурталчлан таниулах ажлыг хийнэ. Их ажлын зэрэгцээ эзэгтэйн, ээжийн “үүргээ” бас орхигдуулж болохгүй. Энэ бол түүний сүүлийн 3 жилийн ажил, амьдралын хэмнэл юм. МУИСд суралцаж, экологич мэргэжил эзэмшсэн Г.Эрдэнэтуяа Монголын уул уурхайн оргил мөчлөг, бас хамгийн уналттай он жилүүдэд салбартаа тэргүүлэгч компаниудад ажиллаж, бэлтгэгдэн туршлагажжээ. Олон улсын аудитор болтлоо мэргэжилдээ өсөж, барууны уурхайн стандарт, соёлоос ч суралцсан. Салбарынхаа сайнтай муутай нь тулаад үзсэн мэргэжилтэн. Харин одоо МУУҮАийг удирдан, эх орны эдийн засгийг үүрч яваа уул уурхайн компаниудын дуу хоолой болж, эрх ашгийг хамгаалахын төлөө эвлүүлэн нэгтгэж явна. 

Анхны эмэгтэй Гүйцэтгэх захирлынхаа удирдлага дор МУУҮА өмнө хэзээ ч байгаагүй өргөн хүрээнд яамд, төрийн болон төрийн бус байгууллага, орон нутаг гээд асар олон оролцогч талтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. Г.Эрдэнэтуяа салбараа төлөөлөн маш олон Ажлын хэсэгт ажилладаг. Уул уурхайг нийгэмд хүлээн зөвшөөрүүлж, ойлгуулахад чиглэсэн олон санал санаачилгыг хэрэгжүүлж байна. “Хариуцлагатай уул уурхайн кодекс”, “Тогтвортой уул уурхайн төлөө стандарт” уул уурхайн салбарт амжилттайгаар нэвтэрч байна. Салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд чиглэсэн “Ирээдүйн инженер”, салбарын хурлуудыг нэгэн дээвэр дор нэгтгэсэн “Уул уурхайн 7 хоног”, ханган нийлүүлэгчдийн хамгийн том экспо болж буй “Mining Pro”, орон нутагт ил тод мэдээллийг хүргэх “Бүсийн чуулган”ууд. Түүний манлайлан хэрэгжүүлж буй эдгээр ажлууд салбарт шинэ хандлага, шинэ соёлыг түгээн, уул уурхайг хариуцлагажуулахад хувь нэмрээ оруулсаар байна.