Уул уурхайн салбарт нийгмийн элемeнт, хэмжигдэхүүн яагаад чухал вэ?

"Оюутолгой" ХХК-ийн Орон нутаг хариуцсан Ерөнхий менежер Г.СУГАР  

Монголын уул уурхайн салбарын 100 жилийн түүхэн ой энэ жил тохиож байна. Энэхүү зуун жилд уул уурхайн салбар өөрийн ололт амжилт, сургамж, туршлага дээр суурилан хөгжин дэвшиж ирсэн билээ. Гэхдээ салбарын хөгжил нь техник технологи, эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалт, борлуулалт зэрэгт илүүтэй төвлөрөхдөө зарим чухал хүчин зүйлсийг орхигдуулсаар ирсэн нь бас үнэн юм. Байгаль орчин, нийгмийн элементүүд нь уул уурхайн салбарын тэргүүлэх чиглэл байхын зэрэгцээ уул уурхайн компанийн гүйцэтгэлийг хэмжих чухал нэгэн шалгуур үзүүлэлт болдог. Тиймээс ч Монголын уул уурхайн салбар ирэх жилүүдэд байгаль орчин, нийгмийн тэргүүлэх чиглэлд түлхүү анхаарч, цогцоор хөгжүүлэхийг зорих ёстой юм. Энэхүү орон нутгийн харилцаа, нийгмийн гүйцэтгэлийн цогц системийн талаар санаа бодлоо хуваалцахыг зорилоо.
Уул уурхайн компанийн гүйцэтгэлийг хэмжих нийгмийн элемент

Уул уурхайн компанийн гүйцэтгэлийг хэмжих нийгмийн элемент нь “нийгмийн лиценз” буюу олон нийтийн дэмжлэгийг авах чухал хүчин зүйлсийн нэг юм. Энэ нь уул уурхайн компанийн Орон нутгийн харилцаа, нийгмийн гүйцэтгэлийн цогц системд хамаарна. Орон нутгийн харилцаа, нийгмийн гүйцэтгэл нь компанийн нийгмийн хариуцлагын үйл ажиллагаанаас давсан, өргөн хүрээний цогц систем, мэргэжлийн ур чадвар шаардсан үйл ажиллагаа. Орон нутгийн харилцаа, нийгмийн гүйцэтгэлийн систем нь хоорондоо уялдаа бүхий дараах хэд хэдэн бүрэлдэхүүн хэсэгтэй байдаг. Эдгээр бүрэлдэхүүн хэсэг нь уурхайн амьдралын мөчлөгийн (1. хайгуул, 2. нарийвчилсан судалгаа-ТЭЗҮ, 3. бүтээн байгуулалт, 4. ашиглалт, 5. хаалт 6. хаалтын дараах) 6 үе шатанд харилцан шүтэлцээтэйгээр хэрэгждэг.

1.Орон нутгийн харилцаа, хамтын ажиллагаа

Уурхайн үйл ажиллагаа явуулах газар эзэнгүй байна гэсэн ойлголт хэзээ ч байдаггүй. Алслагдсан зэлүүд газар байсан ч түүнд хамаарал бүхий хүмүүс байдаг. Иймээс ямар ч уул уурхайн компани нь үйл ажиллагаа явуулах газар, орон нутгийн иргэдийг тодорхойлж зураглах, дүн шинжилгээ хийх ажлыг нэн тэргүүнд зайлшгүй хийх шаардлагатай юм. Хайгуулын үе шатанд оролцогч талуудаа тодорхойлох, дүн шинжилгээ хийх зэрэг орон нутгийн харилцааны суурь ажлыг бүрэн хийгээгүйгээс дараагийн шатанд илүү их асуудал бэрхшээл үүсэх нь бий. Хайгуулын үе шат нь орон нутгийн харилцаанд нэн ач холбогдолтой үе. Учир нь орон нутагтай анхны сэтгэгдэл дээр суурилсан харилцаа энд үүсдэг. Энэ нь шийдвэрлэх үе бөгөөд чухам энэ үед л уурхайн орон нутгийн харилцааны ирээдүйн зураг зурагдана. Орон нутгийн харилцааны анхан шатны хүрээний ажилд дараах зүйлс багтдаг.

Үүнд:
• Оролцогч талуудыг тодорхойлох үнэлгээ, зураглал, дүн шинжилгээ
• Оролцогч талуудтай хамтран ажиллах түншлэлийн тогтолцоо
• Санал, гомдол, маргаан шийдвэрлэх механизм
• Эргэх холбоотой мэдээлэл солилцооны төлөвлөгөөмэдээллээр хангах, зөвлөлдөх, санал авах, тайлагнах. Баримтлах гол зарчмууд нь хүндэтгэлтэй, энгийн ойлгомжтой, хүртээмжтэй, хэрэглэхэд хялбар, бодитой, цаг үеэ олсон байх зэрэг байна. Эдгээр нь уурхайн үйл ажиллагааны хамгийн эхний шат болох хайгуулын үеэс авхуулаад бүхий л үе шатанд тасралтгүй явагдах үйл ажиллагаа юм.

2.Суурь мэдлэгийн сан

Энэ нь уурхайн үйл ажиллагаа явуулах газар орон нутаг, иргэдийн байгаль орчин, нийгэм, эдийн засгийн суурь нөхцөлийг судлах, тухайн суурь нөхцөл дээр уурхайн үйл ажиллагаа явуулахад орон нутгийн байгаль, нийгэм, эдийн засагт нь ямар нөлөө үзүүлэхийг үнэлэх, нөлөөллийг удирдах хяналтын үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох үйл явц юм. Энэ ажлыг хайгуулын, нарийвчилсан судалгаа, бүтээн байгуулалтын үеүдэд гүйцэтгэх нь илүү ач холбогдолтой. Үр дүнд нь үйл ажиллагаа явуулах орчин нөхцөлөө сайтар танин мэдэх, урт хугацаанд хамтран ажиллах орон нутгийн иргэдээ ойлгох, хамтран ажиллах чиглэлээ тогтоох, улмаар тогтвортой орон нутгийн харилцааг бий болгох суурь нөхцөлийг бүрдүүлэх, бодит мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах боломжтой болно. Гэхдээ суурь судалгаа, нөлөөллийг үнэлэх ажлыг нэг удаа хийгээд л орхихгүй. 5-10 жилийн давтамжтайгаар давтан гүйцэтгэж, тухайн орон нутагт бий болсон шинэ өөрчлөлтийн мэдээллээр суурь мэдээллээ шинэчлэх ёстой юм. Энэ нь хүний нийгэм хувьсах шинж чанартай, байнга өөрчлөгддөгтэй холбоотой бөгөөд гарсан өөрчлөлтийг үйл ажиллагаандаа тусгаад явдаг. Суурь мэдлэгийн санд дараах үйл ажиллагаанууд багтана.

Үүнд:
• Байгаль орчин, нийгэм, эдийн засгийн суурь судалгаа.
• Байгал орчин, нийгэм, эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ. Компанийн үйл ажиллагаанаас нийгэмд үүсэх нөлөөллийг үнэлэх.
• Нийгмийн эрсдэлийн үнэлгээ. Компанийн үйл ажиллагаанд бий болох нийгмийн эрсдэлийг үнэлэх.

3.Төлөвлөлт ба удирдлага:

Дээр дурдсан судалгаа, үнэлгээн дээр үндэслэн, орон нутгийн харилцаа, нийгмийн гүйцэтгэлийн үйл ажиллагааны чиглэлүүд тодорхой болно. Үүнд дараах 2 үндсэн чиглэл байна.

Нөлөөллийг удирдах, хянах: Нөлөөллийн үнэлгээ хийсний дараа тухайн орон нутагт үүсэх нийгэм, эдийн засгийн нөлөөллийг удирдах хяналтын арга хэмжээний төлөвлөлтөө гарган хэрэгжүүлнэ. Энэ хяналтын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх нь компанийн үүрэг. Үүнд шаардлагатай хөрөнгө, нөөцөө төлөвлөн хуваарилах шаардлагатай.
Орон нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах, үр өгөөжийг хүргэх: Уул уурхайн компанийн хувьд өөрийн үйл ажиллагаанаас үүдэлтэй нөлөөллийг зохицуулах, удирдах арга хэмжээг хэрэгжүүлэхээс гадна тухайн орон нутгийн тогтвортой хөгжилд бодитой хувь нэмрээ оруулах нь орон нутагтай сайн харилцааг бий болгох, улмаар нийгмийн лицензээ авах, хадгалахад үлэмж ач холбогдолтой. Энэхүү орон нутгийн хөгжлийн чиглэлд хамтран ажиллах талуудын хоорондын харилцааг Орон нутгийн гэрээгээр зохицуулдаг. Энэ нь урт хугацааны хамтын ажиллагаа, түншлэлийн тогтвортой үндэс юм. Хамтын ажиллагааны тогтолцоог бүрдүүлэхэд олон талт оролцоог хангасан, хүртээмжтэй сайн засаглалыг бий болгох, ил тод байдлыг хангах нь чухал.
Энэ ажлыг уурхайн нарийвчилсан судалгаа, бүтээн байгуулалт, ашиглалтын үе шатанд түлхүү хэрэгжүүлдэг. Үр дүнд нь уурхайн урт хугацааны төлөвлөлт болон орон нутгийн тогтвортой хөгжлийн урт хугацааны төлөвлөлт дээр суурилсан тогтвортой хамтын ажиллагаа бүрэлддэг. Энэ нь уурхайн хаалт болон хаалтын дараах үе шатны урт хугацааны төлөвлөлтийн суурь болж өгдөг. Мөн хайгуулын үед ч нөлөөллийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлдэг гэдгийг анхаарах хэрэгтэй.

4.Хяналт шинжилгээ, үнэлгээ, аудит:

Орон нутгийн харилцаа, нийгмийн гүйцэтгэлийн цогц системийн найвартай байдлыг хангах үүднээс дотоод хяналт, хөндлөнгийн үнэлгээ, аудитыг тогтмол хугацаанд хийдэг. Энэ нь гүйцэтгэж байгаа үйл ажиллагаагаа байнга сайжруулах боломжоор хангадаг бөгөөд уурхайн бүхий л шатанд хамаарна. Эдгээр нь Орон нутгийн харилцаа, нийгмийн гүйцэтгэлийн цогц системийн нийтлэг, суурь бүрэлдэхүүнүүд юм. Орон нутгийн харилцаа нь хүний харилцаанд суурилдаг тул субьектив шинж чанартай. Ийм учраас хатуу системчилж, загварчилж болдоггүйг онцлох нь зүйтэй байх. Орон нутгийн харилцааны асуудлыг шийдвэрлэх найдвартай нэг жор, эсвэл арга гэж байхгүй. Яагаад гэвэл орон нутаг болгонд өөр өөрийн өвөрмөц онцлог бий. Ийм учраас орон нутгийн харилцаа, нийгмийн гүйцэтгэлийн систем нь цаг хугацааны явцад улам хөгжсөөр, хөгжлийн явцдаа үе шаттайгаар шинэчлэгдэн, тасралтгүй сайжирсаар байгаа үйл явц юм.

Уурхайн компаниуд ийм нарийн төвөгтэй цогц системийг тууштай авч явах мэргэшсэн орон нутгийн харилцааны мэргэжилтэнтэй байдаг. Орон нутгийн харилцааны мэргэжилтэн нийгэм, орон нутгийн хөгжил, нийгмийн антропологи, эдийн засгийн чиглэлийн техник, мэргэжлийн ур чадваруудыг эзэмшсэн байх нь давуу тал болно. Энэ системийг бүх уурхайн компаниуд үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, орон нутгийн харилцааны ажилтнаа бэлтгэж ажиллуулбал өнөөгийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн нэмэртэй. “Оюутолгой” ХХК энэ системийг 20 гаруй жил хөгжүүлэн, үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, туршлага хуримтлуулж, энэ чиглэлээр мэргэшсэн багаа чадавхижуулсаар байна. Орон нутгийн харилцаа, нийгмийн гүйцэтгэл нь нийгмийн лицензийг авах, хадгалах, тогтвортой орон нутгийн харилцаа, хамтын ажиллагааг бий болгоход том үүрэг гүйцэтгэдэг. Ийм учраас төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд хамтран уул уурхайн салбарын орон нутгийн харилцаа, нийгмийн гүйцэтгэлийн тухай нэгдсэн ойлголтыг бий болгох, нэгдсэн тогтолцоог үе шаттай бүрдүүлэхэд дорвитой ажлууд хийх хэрэгтэй юм. 

Майнинг Инсайт Сэтгүүл, есдүгээр сар 2022 №09 (010) нийтлэгдэв.