"Биг Могул Фанд” компанийн Гүйцэтгэх захирал Б.Батмөнхтэй эрчим хүчний нүүрсний экспортын боломж, төслүүдийг хөгжүүлэх боломжийн талаар Mining Insight-ийн С.Болд-Эрдэнэ ярилцлаа.
Сүүлийн саруудад эрчим хүчний нүүрсний үнэ коксжих нүүрснээс дутахааргүй өсөж байна. Ийм үед манайх эрчим хүчний нүүрсээ экспортлох боломжийг эрэлхийлэх ёстой байх? Ийм боломж хэр байна вэ?
Одоогийн байдлаар бид багахан хэмжээний эрчим хүчний нүүрс экспортолж байна. Тавантолгой, Нарийнсухайтын бүлэг орд дээрх компаниудыг эс тооцвол бусад компаниудад эрчим хүчний нүүрс экспортлоход тээврийн асуудал тулгарч байна. Манай улсыг бүхэлд нь аваад үзвэл нутгийн төвөөс зүүн тийшээгээ хүрэн нүүрс ихтэй. Баруун тийшээгээ сайн чанарын нүүрстэй байдаг. Гэтэл Хятадын эрчим хүчний нүүрсний зах зээл нь зүүн хойд хэсэгтээ байдаг. Тэр зах зээлтэй ойр буюу манай зүүн аймгуудад хүрэн нүүрсний ашиглалтад бэлэн 10-аад орд байдаг. Дунджаар 3500-4500 ккал-тай, зузаан давхаргатай, Хятадын нүүрсний шаардлагыг бүрэн хангах сайн чанарын нүүрстэй ордууд. Бичигтийн боомтоор экспортлох боломжтой. Эдгээр төслийн экспортлох хүчин чадлыг баримжаагаар тооцоод үзвэл эхний ээлжинд 15-16 сая тонн. Хятадын талаас авто зам, төмөр замаар холбоод дэд бүтцээ бэлдчихсэн байгаа. Үүн дээр Дорноговь аймагт байгаа антрицит, эрчим хүчний зориулалттай, экспортлох боломжтой нүүрсний уурхайнуудын хүчин чадал гэхэд 20 сая тонн хавьцаа байна. Ханги, ЗамынҮүд боомтоор экспортлох боломжтой ч боомтын хүчин чадал, тээвэрлэлтийн зохион байгуулалт зэргээс ихээхэн хамаарна.
Мэдээж эрчим хүчний нүүрсний экспорт коксжих нүүрстэй харьцуулахад өндөр ашигтай байж чадахгүй. Гэхдээ л экспортын шинэ бүтээгдэхүүн, шинэ орлого. Өөрийнхөө мэдэж байгаагаар бодож үзэхэд нэг тонн нүүрсийг 300 юаниар зарна гэхэд 20 сая тонн эрчим хүчний нүүрсний орлого 900 сая, бараг нэг тэрбум ам.доллар болно. Энэ нь алтны экспортоос илүү дүн юм.
Хятад Улс манай эрчим хүчний нүүрсийг авах хэрэгцээ, сонирхол хэр байгаа бол? Цаашлаад ОХУ-ын нүүрснээс татгалзаж байгаа Япон, БНСУ-д эрчим хүчний нүүрс нийлүүлэх боломжтой юу?
Мэдээж Хятадад сонирхол, хэрэгцээ шаардлага хангалттай байгаа. Хамгийн гол нь бид багагүй хэмжээний нүүрсийг маш тогтвортойгоор нийлүүлж сурах хэрэгтэй. Учир нь Хятадын нүүрсний цахилгаан станцууд янз бүрийн нүүрс хэрэглэдэг. Тэр бүрт таарсан нүүрсээ олон газраас худалдаж авдаг. Гэтэл нэг хэсэг нь нүүрсээ нийлүүлж чадахаа больчихвол тэнд том асуудал үүснэ. Хятадын дундаж станцуудын хэрэглээ жилийн 4-5 сая тонн нүүрс байгаа. Манай нийлүүлэх боломжтой 20 сая тонн гэдэг нь 4-5 станцыг хангах хэмжээний нүүрс.
Хилийн цаана байгаа Хятадын станцууд манай нүүрсийг авахгүй бол энэ их хэмжээний эрчим хүчний нүүрсийг хэн ч авахгүй, хэн ч тоохгүй.
Хамгийн гол хандлага нь тогтвортой нийлүүлэгчтэй л харьцах сонирхолтой байдаг. Нэг сая тонн нүүрс нийлүүлэх гэрээ хийчихээд дотоодын өчнөөн шалтаг тоочоод 100 мянгыг л нийлүүлдэг компанитай Хятадын станцууд хамтрах сонирхол үнэхээр байхгүй. Станцынхаа үйл ажиллагааг эрсдэлд оруулна гэсэн үг. Харин Хятадаас цаашаа зарж чадах эсэхийг хэлж мэдэхгүй байна. Мэдээж Япон, Өмнөд Солонгост манайхаас нүүрс авъя гэвэл сонирхол байгаа. Гэхдээ тээвэрлэлтийн асуудал хүнд шүү дээ. Манайхаас нүүрс Хятадын хил давахад ийм хэцүү байхад дахиад далайн боомт хүртэл явна гэхэд бүр л хэцүү байх нь ойлгомжтой. Хамгийн чухал нь болох Хятадын зүүн хойд хэсэг, далайн боомт хавийн төмөр замын сүлжээний ачаалал асар өндөр байдаг. Энэ бүх асуудлыг даваад гарлаа гэхэд зардал нь талийж өгөх байх. Өнөөдрийнх шиг үнэ өндөр, эрэлт хэрэгцээ их байгаа үед байж болох ч дунд, урт хугацаандаа тогтвортой экспорт болж чадах эсэхийг хэлж мэдэхгүй байна.
Эрчим хүчний нүүрс “од” болж байгаа энэ үед бид түүнийгээ бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй гэсэн үг байх нь, тийм үү?
Ер нь эрчим хүчний нүүрсний ордыг ашиглах шалгарсан ганц арга нь цахилгаан станц барьж, эрчим хүч үйлдвэрлэх шүү дээ. Манайд маш их хэмжээний эрчим хүчний нүүрс байна. Нүүрсний геологийн таамаг нөөц 173 тэрбум, нарийвчилсан хайгуулаар 37 тэрбум тонн нөөц тогтоогдсон. Үүний дийлэнх нь хүрэн нүүрс буюу эрчим хүчний нүүрс. Одоогоор эдийн засгийн эргэлтэд оруулж чадаагүй байна. 2017 оны байдлаар 50 орчим нүүрсний уурхай идэвхтэй ажиллаж буйгаас хүрэн нүүрсний уурхай 20 байгаа. 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай нь 7 аж ахуйн нэгжийн 8 уурхай байна. Үлдсэн нь дотоодын хувийн өмчит, хамтарсан хөрөнгө оруулалттай, төрийн өмчит гээд ялгарна. 150 орчим тэрбум тонн хүрэн нүүрсний нөөцөөсөө жилдээ 7-хон сая тонн нүүрс олборлож, дотоодын станцууддаа хэрэглэдэг. Үлдсэн нь эдийн засгийн эргэлтэд орж чадахгүй, шороо болоод хэвтэж байна гэсэн үг. Гэтэл энэ их нөөцийг нээхийн тулд социализмын үеэс эхлээд маш их хөрөнгө оруулалт хийж, хайгуул хийсэн. Ялангуяа сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалтын чамгүй хэсэг нүүрсний салбарт орсон байдаг.
Миний өөрийн тооцоо, олж авсан мэдээллээр 30- 50 сая тонн нөөцтэй нүүрсний жижиг ордуудыг нээж, ашиглалтад бэлэн болгоход дунджаар 15-20 тэрбум төгрөг хайгуулын ажилд зарцуулсан байдаг юм. Энэ бол 10 гаруй жилийн өмнөх тооцоо шүү. Ингээд бодохоор хэр их мөнгө үр ашиггүй, үнэ цэнгүй болоод өнгөрч байгааг харж болно.
Ийм их хэмжээний хөрөнгө оруулалт, цаг хугацаа, хөдөлмөр шингэсэн ордуудын ихэнх нь ашиглалтад бэлтгэгдсэн ч олборлолт эхлүүлж, борлуулалтаа хийж чадахгүй байна. Манай тогтоогдсон эрчим хүчний нүүрсний ордуудын нүүрсний илчлэг дунджаар 3000-4500 ккал байгаа учир Хятадын станцууд авах сонирхолтой. Гэвч орон зай, логистикийн хувьд зардал өндөр учир гацчихсан. Олон арван саяар нь экспортолж чадахгүй. Тэгэхээр уурхайнууддаа түшиглээд цахилгаан станц байгуулж, эрчим хүч нийлүүлэх нь зөв зам. Ер нь эрчим хүчний нүүрсний ордын хажууд цахилгаан станц байгуулах нь хамгийн үр ашигтай байдаг.
Нүүрсний ордуудыг түшиглэсэн цахилгаан станц барина гээд өчнөөн жил ярьсан. Ганцыг ч барьж чадаагүй байна?
Хүрэн нүүрсний сав газруудыг харвал төвийн болон зүүн өмнөд бүсийн Төв, Дундговь, Дорнод, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутгаар 3500- 4500 ккал-тай орд олон байгаа. Зарим нь дэд бүтэцтэйгээ ойрхон. Зарим нь бүр ямар ч дэд бүтэцгүй. Тэгэхээр энэ бүс нутгийн ордуудыг эзэмшиж буй компаниуд цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэхээр багагүй ажил хийж гүйцэтгэчихээд байна. Өнгөрсөн жилийн мэдээгээр Эрчим хүчний зохицуулах хорооноос эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөшөөрөл авсан компани бараг 20-иод байна. Энэ онд гэхэд 4 компани тусгай зөвшөөрлөө авсан. Гэтэл 2021-2023 он гэхэд 5-6 тусгай зөвшөөрлийнх нь хугацаа дуусаж байна. Өөрөөр хэлбэл аль 10 гаруй жилийн өмнө л ЦС барих нь зөв гэж шийдээд төслөө бэлтгээд явсан ч үр дүнд хүрэлгүй эхнээсээ хугацаа нь дуусаж байна гэсэн үг. Зөвхөн нэг компанид гэхэд 6.6 ГВт хүчин чадалтай цахилгаан станц барих зөвшөөрөл байна. Бодь группынх 600 МВт, Багануур 700МВт, Цайдам нуурынх 600 МВт гээд 18 компанийн төсөл байна. Нялга-Чойрын бассейнд байгаа 8 төсөл гэхэд нийт 7400 МВт хүчин чадалтай.
Эдгээр төслийн давуу тал, сул тал, хийгдсэн бэлтгэл ажлууд гээд нэлээд судалгаа тооцоо хийж үзсэн. Давуу талууд гэвэл бүх төсөл баталгаажсан нөөц сайтай. Цахилгаан үйлдвэрлэх нэгжийн өртөг дэлхийн зах зээлд хүчтэй өрсөлдөхүйц байна. 1 кВт/ц эрчим хүчийг борлуулах үнэ нь 6-7 цент хавьцаа байгаа. Гэтэл манай импортын үнэ гэхэд үүнээс багадаа 2 дахин өндөр. Оюутолгой бол бүр сэргээгдэх эрчим хүчний үнээр авдаг. Оросоос ид ачааллын үед авдаг болохоор бүр ч өндөр үнэтэй. Нөөц сайтай учраас хүчин чадлаа өргөжүүлэх боломж сайтай. Мөн экспортын зах зээл буюу Хятад руу гаргах боломжтой, дэд бүтэцтэйгээ ойрхон. Хоорондоо холбогдоод явахад бүрэн боломжтой. Ихэнх төсөл усны асуудлаа шийдчихсэн. Гадаргын ус сайтай газар нутагт байршдаг. Дулааных биш учир ус бага хэрэглэхээс гадна хэрэглэсэн усаа дахин ашиглах технологийг сонгочихсон. Мэдээж сул талууд бас бий. Санхүүгийн эх үүсвэр олоход хэцүү. Хоёрдугаарт, дотоодын зах зээлийн хязгаарлагдмал байдал. Ганц төсөл нь 600 МВт үйлдвэрлэхэд л одоогийн дотоодын хэрэгцээгээ хангачихна. Өөрөөр хэлбэл дотоодын зах зээлд зориулагдсан биш. Эцэст нь эрчим хүчний салбарын нэгдсэн бодлогогүй, эрчим хүчний экспортын бодлогогүй, хууль эрхзүйн орчингүй байдал нь нөлөөлж байна. Нэг цонхны, нэг хаалганы бодлого байхгүйгээс төслүүд хоорондоо өрсөлдөх байдлаар бие биеэ унагаадаг. Эцэст нь бараг бүгд шахуу манай дотоодын компаниуд учир мега төсөл хэрэгжүүлж байсан бодитой туршлагагүйгээс алдаа их гаргаж байна.
Энэ бүх сул тал, алдааг засаад нөхөөд явбал маш өргөн боломжтой гэж бодож байгаа. Энэ бүх төслийг нэгтгэсэн нэг том мега төсөл болгоё гэсэн санаагаа хуваалцаач. Үнэхээр тийм боломжтой юу?
Түрүүний хэлсэн Нялга-Чойрын сав газарт байгаа 10 орчим төсөл бол ТЭЗҮ хийгдсэн, усны судалгаагаа хийсэн гээд ихэнх нь хэрэгжихэд бэлэн болчихсон. Энэ бүх бэлтгэл ажлыг хангахад их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Энэ бол Монголын л мөнгө. Тиймээс энэ их мөнгө, цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулсан төслүүдийг амь оруулах шаардлагатай байна. Өмнөх шигээ тус тусдаа яваад амжилт олохгүй нь ойлгомжтой болсон. Цаашид станцуудаа нэгтгээд “Супер Холдинг” компани байгуулах боломжтой. Доороо 8 цахилгаан станц бүхий 8 охин компанитай гэсэн үг.
Жилдээ 7.4 ГВт-ын суурилагдсан хүчин чадалтай, эрчим хүч үйлдвэрлэгч компани. “Супер холдинг” компаниараа дамжуулж, Хятадын талтай ажиллаж, хөрөнгө оруулалтаа босгоно, эрчим хүчээ борлуулна.
Өндөр хүчин чадлын ЦДАШ байхгүй болохоор Хятадтай, нарийн хэлбэл эрчим хүч худалдан авах компанитай хамтраад 8 станцаа холбосон шугам барьж, экспортлох өндөр хүчин чадалтай үндсэн шугамаа барих боломжтой. Өөрөөр хэлбэл 8 станц маань үндсэн магистралтайгаа холбогдоод эрчим хүчээ өгч, толгой компани нь тэр шугамаар борлуулдаг болно гэсэн үг. Үндсэн магистралыг толгой компани нь Хятадын дамжуулах сүлжээтэй хамтарсан компани байгуулах замаар барьж, эзэмшиж болно. Худалдан авагч нь Хятад. Эрчим хүч үйлдвэрлэгч буюу цахилгаан станцууд маань үндсэн магистралыг эзэмшигч дамжуулагч компанидаа эрчим хүчээ зарж, дамжуулагч компани маань Хятад руу зардаг ийм үндсэн схемээр ажиллах нь зөв гэж бодоод бидний хэсэг нөхөд концепц боловсруулаад явж байна. Хятадын талаас бидэнд эртнээс нэг зүйлийг сануулж хэлж ирсэн. Тус тусдаа төслүүд оруулж ирэхээ болих хэрэгтэй гэдгийг. Хятадын нэг компани дээр хоёр төсөл очиж, нэг нэгнийгээ унагах байдал үүссэн. Бид Засгийн газрын бодлогоор нэгдсэн “Супер холдинг” компани байгуулж, бүх төслүүдээ доороо байршуулаад хятадуудтай нэгдсэн бодлогоор яривал энэ төсөл арай өөр түвшинд очиж хэрэгжих магадлал нэмэгдэнэ гэсэн итгэл найдвар байна.
10 гаруй жилийн өмнө нэлээд хэдэн станц баригдчих юм шиг л хүчтэй ярьж байсныг бүгд мэднэ. Шинэлэг зүйл нь “Супер холдинг” компани юм байна. Яагаад “Супер холдинг” компани байгуулъя гэх болсон юм? Сул талаа хааж чадах юм уу? Европын эрчим хүчний хямралтай холбоотойгоор дахин гаргаж ирж байна уу?
Шууд тэгж ойлгож болохгүй. Энэ бол явж байсан концепц. Сүүлийн үед илүү эрчимтэйсудалгаа, хөгжүүлэлт хийж байгаа болохоос гэнэт гаргаж ирсэн санаа биш. Бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Хятад бол төрийн өмчит компани дээр суурилсан эдийн засагтай улс. Төрийн бодлогоор томоохон төслүүдийг хэрэгжүүлдэг. Бид Хятадын бүх бизнесийн дээр төр байдаг гэдгийг ойлгодоггүй. Төсөл хэрэгжүүлэх гэсэн хэдэн компани хэсэг бүлгээрээ Хятадын компаниудтай уулзаад яваад л байдаг. Төдийлөн ахиц гардаггүй. Шалтгаан нь ийм стратегийн төслүүд Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо, түүний дээр байдаг Засгийн газрын хэмжээнд шийдэгддэг. Компанийн түвшинд хэзээ ч шийдэгддэггүй. Хоёрдугаарт, хөрш зэргэлдээ улс, эдийн засгийн хамтын ажиллагаа нь хөгжөөгүй улсад төсөл хэрэгжүүлэхийн тулд хоёр улсын төр нь хоорондоо ярилцаж байж л шийдэгдэнэ. Тийм учраас энэ шинэ концепцыг гаргаж, хувийн төслүүдээ нэгтгэн холдинг хэлбэрт оруулж, үндсэндээ төр төртэйгээ ярих хэмжээний төсөл болгож хувиргаж байж л шийдэгдэх юм. Монголын хувийн компани Хятадын төртэй очиж хэлэлцээ хийж чадахгүй. Монголын төр Хятадын төртэй ярилцаж энэ асуудал шийдэгдэж, төсөл хэрэгжинэ. Тийм учраас ийм санаачилга гарсан хэрэг.
Герман, Европ эргээд нүүрсний станцуудаа сэргээж байна. Парисын хэлэлцээний дараа нүүрсний төслүүдийг санхүүжүүлэх их хүнд болсон. Энэ байдал сулрах хандлагатай байгаа нь танай төсөлд урагшлах боломж олгох болов уу?
Уг нь эрчим хүчний нүүрсэнд тогтоосон хатуу бодлого зөөлөрвөл сайн хэрэг. Гэхдээ хувь хүнийхээ хувьд энэ тал дээр арай өөр бодолтой байдаг. Дэлхийн агаар мандлыг бохирдуулж, нүүрсхүчлийн хийг хамгийн ихээр ялгаруулж байгаа нь хэн юм? Бид лав биш. Монгол лав биш. Бидэнд хамгийн хямдхан эрчим хүчний эх үүсвэр байна. Үүнийгээ ашиглаж чадахгүй, дотоодын эрчим хүчний хэрэгцээгээ ч бүрэн хангаж чадахгүй байгаа нь үнэн. Монгол Улс үйлдвэржинэ, хөгжинө гэж ярихын өмнө бидэнд хямд, найдвартай эрчим хүч хэрэгтэй. Бидний ялгаруулж байгаа нүүрсхүчлийн хий АНУ, Хятад, Германы хажууд юу ч биш. Бид ердөө 6-7-хон сая тонн нүүрс л түлдэг. Өнөөдөр хамгийн цэвэр, өндөр технологи бүхий станцын хувилбарууд гараад ирчихсэн. Бидэнд эх үүсвэр нь хангалттай байхад нар, салхиар “амьдар” гээд байж болохгүй. Цаашлаад яривал нар, салхины эрчим хүч системийн аюулгүй байдлыг хангаж, гол ачаалал авах хэмжээнд байж чадахгүй. Нар, салхины станцын сөрөг нөлөө ямар байхыг одоо ч тодорхой хэлж чадахгүй байна. Хятадын зарим газарт салхин станцын сэнсүүд олон тоогоор тавьсны дараа цөлжилт эрчимтэй өрнөж байгаа жишээ байж л байна. Бид байгаа зүйл дээрээ суурилж, үндсэн хэрэглээгээ хангах, цаашлаад экспортын бүтээгдэхүүн болгомоор байна.
Өмнө нь олгогдсон тусгай зөвшөөрөл бүхий төслүүд яагаад амжилттай хэрэгжсэнгүй вэ?
Нэгдүгээрт, бид хятадуудтай ажиллаж сураагүйгээс болсон. Хоёрдугаарт, мега төсөл хэрэгжүүлэх туршлага дутсан байх. Гуравдугаарт, гол зах зээл, худалдан авагчийнхаа онцлогийг ерөөсөө ойлгоогүй. Хятадын компанитай гэрээ байгуулаад л болчихно гээд баахан гүйсэн. Хятад бол эрчим хүчний импортын төслийг том, жижиг гэхгүй маш чухалчилж үздэг. 600 МВт эрчим хүч импортолно гэхэд жижигхэн мэт боловч олон талаас нь харж, судалж, тооцоолдог. Хятад манайхыг маш эрсдэлтэй орон гэж боддог. Хөрөнгө чинээ, хүч чадал муутай компаниуд тус тусдаа жижиг хүчин чадалтай станц барина гээд байхаар эргэлзэж таарна. Үүнээс гадна дээрх төслүүдийг хэрэгжүүлэхэд хамгийн багадаа 85 хувийн санхүүжилтийг Хятадын төрийн өмчит компаниуд гаргахаар яригдаж байсан. Тэр компаниуд нь үндсэндээ Хятадын Засгийн газрын концессын зээл дээр суурилж санхүүжилт хийнэ гэсэн модельтой байсан юм. Үүний эцсийн шийдвэрийг Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо, Засгийн газар нь гаргана. Гэтэл тэдний нүдээр харахаар дамжуулах шугамаас нь эхлээд дутуу зүйл маш олон харагдсан байх. Үйлдвэрлэсэн эрчим хүчнийхээ зарим хэсгийг нь дотооддоо зарна, үлдсэнийг Хятадад зарна гэсэн нөхдүүд байсан нь Хятадын албаны хүмүүст итгэл төрүүлэхгүй байсан болов уу.
Нөгөө талдаа дээрх 8 төслийг бүгдийг нь Монголын Засгийн газар дэмжээд байгаа юм уу гэдэг эргэлзээ байсан. Эрчим хүчний яамны сайд солигдох бүрд Хятадын талд очиж байсан мэдээлэл өөрчлөгдөж байсан. Шинэ сайд нь шинэ төсөл санал болгоод яваад байсан нь Хятадын Засгийн газрын хувьд болгоомжлоход хүргэсэн байх. Тийм ч учраас дотроо учраа олоод иртэл чинь аль нэгийг нь тусгайлан дэмжих боломжгүй гэдэг хандлагаа албан бусаар манай төрийнхөнд ч, хувийн компаниудад ч гаргаж байсан юм билээ. Харин нөгөө жижиг 8-10 төсөл нь дотооддоо нэгдээд ирэхээр Хятадын Засгийн газрын сонирхлыг татахуйц эрчим хүчний үйлдвэрлэл ярих боломжтой болж байгаа юм. 7.4 ГВт бол Хятадын хувьд маш том биш ч сонирхол татахуйц хэмжээ. Тийм болохоор Монголын Засгийн газар санаачилгаа аваад дотоодын компаниудаа нэгтгээд Хятадын Засгийн газартай нэг цонхны бодлогоор харилцах нь төсөл үр дүнд хүрэх боломжтой гэж харж байгаа юм. Төр нь оролцоод Хятадын төртэй ижил тэнцүү хэмжээнд оролцоотой болчихвол Хятадын хувьд манай талаас болгоомжлох болгоомжлол багасна.
Хэрэв хэрэгждэг бол сайхан л санаачилга байна. Ялангуяа эдийн засаг ийм хүнд нөхцөлд байгаа, ганц том төсөл Оюутолгойн бүтээн байгуулалт хэрэгжээд үндсэндээ дуусаж байгаа үед дараагийн мега төсөл хэрэгжээд эхэлбэл улсдаа төдийгүй хувийн хэвшлийнхэнд дахин нэг шат ахих том боломж байх?
Яг тийм. Яагаад одоо ярих цаг вэ гэдэг чинь хамгийн чухал. Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал хамгийн чухал. Засгийн газарт ч шалтгаан хэрэгтэй. Одоо бэлэн болсон мега төсөл алга. Дараагийн Оюутолгойг хэзээ олохыг бүү мэд. Бэлэн байгаа уул уурхайн бусад төсөл нь Оюутолгой шиг хэмжээний биш. Оюутолгой гэж ганцхан мега төсөл манай эдийн засгийг 10 гаруй жилд огцом тэллээ. Том мега төсөл хэрэгжвэл ямар том өөрчлөлт гардгийг бид харлаа шүү дээ. Тэгэхээр дараагийн том төсөл эрчим хүчний салбарт байх нь ойлгомжтой байх.
8 төслийн хэмжээнд яривал нийт цахилгаан станцуудад орох хөрөнгө оруулалт нь 7.4 тэрбум ам.доллар. Оюутолгойн гүний уурхайн хөрөнгө оруулалт чинь өдий дайных байх шүү.
Нүүрсний ордуудынх нь нийлбэр нөөц нь 5.7 тэрбум тонн. Уурхайнуудын хөгжүүлэлтэд орох хөрөнгө оруулалт нь багадаа тэрбум ам.доллар байна. Зөвхөн хөрөнгө оруулалтыг нь ярихад шүү дээ. Үүнээс гадна 26-27 орчим сая тонн нүүрс олборлоно гэхээр өнөөдрийн олборлож буй эрчим хүчний нүүрсний хэмжээнээс 4 дахин том гэсэн үг. 4800 орчим тогтвортой, нарийн мэргэжлийн ажлын байр бий болно. Цаашлаад эдгээр цахилгаан станц бүгд суурилагдсан хүчин чадлаараа ажиллаад эхэлбэл жилдээ 30.6 тэрбум кв/ц эрчим хүч үйлдвэрлэж, 1 кв/ц-ийг нь 10 центээр экспортоллоо гэхэд жилдээ 3 тэрбум ам.долларын орлого олох шинэ бүтээгдэхүүн. Өнөөгийн “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр” хоёрын экспортын орлогыг нийлүүлснээс ч илүү орлого. Ингэхээр дараагийн том мега төсөл байхгүй юу. Эрчим хүчний экспортын нэгдсэн бодлоготой болно. Ямар нэг жижиг өрсөлдөөн байхгүй. Дараа дараагийн цахилгаан станцын төсөл хэрэгжих бүрэн боломжтой болчихно. Эрчим хүчээ энэ шугамдаа нийлүүлээд явчихна.
Эдийн засгийг солонгоруулна, экспортын шинэ бүтээгдэхүүн, орлоготой болно гэж олон жил ярьсны бодит биелэл энэ төсөл болох боломжтой. Одоогоор үхмэл гэж болохуйц хөрөнгийг л олон тэрбум долларын орлого олохуйц эерэг нөлөө үзүүлэхүйц төсөл болгож хувиргана. Хил хэсэг хугацаанд хаагдаж, нүүрсээ зарж чадахгүй болонгуут л валютын урсгал татарч, эдийн засагт хүнд цохилт болж байна. “Рио Тинто”- той муудалцангуут л хөрөнгө оруулалт зогсож, төгрөгийн ханш огцом савлаж байна. Нүүрсний экспорт, Оюутолгойгоос хамааралтай байдлаа бууруулах, орлогын тогтвортой сувагтай байхад энэ төсөл чухал нөлөөтэй. Эрчим хүчний үйлдвэрлэл, экспорт гэдэг түүхий эдийн зах зээлийн үнийн савлагаанаас хамааралтай экспортын хажууд маш тогтвортой байдаг давуу талтай. Урт хугацааны тогтвортой гэрээн дээр суурилдаг болохоор.
Нэлээд олон жилийн өмнө НҮБ-аас Хятад Улсад хүний эрхийн асуудлыг хөндөж тавьж байсан даа. Тухайн үед хятадууд нэг л зүйлийг өөдөөс нь хэлсэн байдаг. Энэ нэг тэрбум хүний хүний эрхийн асуудлыг шийдвэрлэх, хангах ёстойг бид ойлгож байна. Гэхдээ эхлээд ард түмнээ тэжээх хэрэгтэй байна. Хятад хүн бүрийг оройн хоолтой, ажилтай байлгах нь бидний эхний зорилт гэж ярьдаг. Манайхтай яг л адилхан. Манайд ч гэсэн дулаан байхгүй, ирэх өвлийг хөлдөхгүй давж чадах эсэх нь ч тодорхойгүй л байна шүү дээ. Хангалттай хямд эрчим хүчгүй болохоор үнэгүй шахуу нүүрсээ түлж, утаандаа хордоод байгаа нь үнэн биз дээ. Өнгөрсөн 100, 200 жил нүүрсхүчлийн хийг их хэмжээгээр үйлдвэрлэж, дэлхий ертөнцийг бохирдуулсан өдгөөгийн өндөр хөгжилтэй улсуудын яриа л гэж боддог. Өнөөдөр харин ч хотоос гадна станц барьж, хотоо утаагүй болгож, хотын иргэдэд амьдрах таатай орчин, бизнес эрхлэгчдийг хямд эрчим хүчээр хангах нь манай улсын зорилго биз дээ.
7.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт гэхээр том сонстож байна. Гэтэл манайд орох ГШХО улам л буурч, Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт дуусвал бүр 00 зааж ч магадгүй болсон. Гадаадын хөрөнгө оруулагчид ч манайхыг сонирхохоо больсон ийм үед энэ хэмжээний хөрөнгө оруулалт татах боломжтой гэж үү?
Хэрэв хамгийн том асуудлаа давчихвал хөрөнгө оруулалт татахад тийм ч хэцүү биш.
Хамгийн том асуудал хоёр улсын Засгийн газрын хэмжээнд тохиролцох. Улмаар хамтарсан компани “Супер Холдинг” компаниа байгуулбал IPO хийх, бонд гаргах гээд олон боломж бий болно.
Нөгөө талаас одоогийн судлагдаж, тогтоогдсон асар их нүүрсний нөөц эдийн засгийн эргэлтэд орно. Бид гадаадын хөрөнгө оруулалт татна гээд яриад л байна. Алт, ховор элементийн хайгуул хийж, хөрөнгө оруулалт татна л гэдэг. Гэтэл өмнө нь, 10 жилийн өмнө орж ирсэн хөрөнгө оруулалтын үр дүн ямар байгааг, хөрөнгө оруулагчдад ямар өгөөж өгснийг эргээд нэг харах хэрэгтэй. Монголд орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалтын 90 гаруй хувь нь уул уурхайн салбарт орсон. Түүний дийлэнх нь Оюутолгойд хамааралтай. Үлдсэн багахан хэсэг нь бусад салбар, хайгуулд орсон. Нүүрсний салбарт орсон хөрөнгө оруулалтын үр өгөөж ямар байсан гээд бодвол коксжих нүүрсний ганц хоёр төсөл л үр ашгаа буцааж өгсөн, бусад нь газар дор үлдчихсэн гэхэд болно. Аль 10 жилийн өмнө Тайландын том компанийн худалдаж авсан нүүрсний ордууд одоо болтол ашиглагдаагүй хэвтэж л байна.
Ингээд харахаар манай уул уурхайн салбарт орж ирсэн гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд цөөн хэдийг нь эс тооцвол хоосон гарах нь элбэг байхад бид дахин хөрөнгө оруулаач ээ, манайх ийм өгөөжтэй гэж урьж залахад утгагүй болж байгаа биз. Мэдээж хэрэг зах зээлийн нөхцөл байдал, Хятадын нөхцөл байдал гээд эрсдэлтэй зүйл олон байгаа. Гэхдээ ядаж хөрөнгө оруулагчдын оруулсан хөрөнгөөр тогтоогдсон нөөц, орд төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд төр ийм бодлого хэрэгжүүлж байгаа шүү гэдэг оролдлого, чармайлт гаргах хэрэгтэй биз дээ. Тэгж байж гадаадын хөрөнгө оруулагчдад ядаж нэг бодол төрөх байлгүй дээ. Хоёрдугаарт, эрчим хүчний нүүрсний төслүүд, цахилгаан станцуудад дотоодын хөрөнгө оруулалт ихээр орсон байдаг.
Бид урьд нь хятадуудыг ойлгоогүйгээс алдсан байх гэж байна. Тэгвэл өнөөдөр Хятад Улс энэ төслийг сонирхох нөхцөл нь бүрдсэн гэж бодож байна уу? Нөхцөл байдал 10 жилийн өмнөхөөс өөрчлөгдсөн үү?
Хятад Улс нүүрсхүчлийн хий ихээр ялгаруулдаг гэдгээрээ олон улсын өмнө хүнд байдалтай байгаа. Тиймээс ч Carbon zero бодлогыг эрчимтэй хэрэгжүүлэхийг хичээж байна. Бид Монголоос эрчим хүч авч байгаа гэдэг нь нэг давуу тал болж магадгүй. Хоёрдугаарт, Хятад Улс Парисын хэлэлцээрээс болоод нүүрсний станцад хөрөнгө оруулж чадахгүй гэж ойлгох нь хэт өрөөсгөл. Хэрэв тэд хүсвэл нэг компанидаа чиглэл өгөөд л санхүүжилт, техник технологийг нь шийдчихнэ. Ийм тохиолдол энд тэнд гарч л байна. Хамгийн гол нь Засгийн газруудын түвшинд ойлголцож, нэг цонхоор ярилцаж, нэг шийдвэрээр явах нь чухал. Тохиролцож чадвал манай эрчим хүчний үнэ өрсөлдөх боломжтой үнэ. Монголоос нэг цагт 24 мянган МВт эрчим хүч дамжуулан авах бололцоотой гэж Хятадын инженерүүд тооцоолсон юм билээ. Монголоос эрчим хүч авах цэгээ ч тодорхойлсон байдаг. Замын-Үүдийн баруун болон зүүн талаар ЦДАШ тавьж авах боломжтой. Хятадууд манайхаас нэг аваад сурчих юм бол энэ наймаа гацаж зогстолоо удна.
Хятадын төрийн өмчит компаниудынх нь хувь оролцоо байна, түүгээрээ дамжуулж тогтвортой үйлдвэрлэл нийлүүлэлтийг хангахаа бодно. Хятадын хувьд тодорхой хэмжээгээр Засгийн газрын оролцоотой төсөл байвал илүү бодитойгоор хандана.
Ер нь өндөр хүчин чадлын 800 кВ-тын ЦДАШ ороод ирэхэд л энэ төслүүд амьдарчихна. Эдийн засгийн үр өгөөжгүй болчихсон эрчим хүчний нүүрсний төслүүдийг бүгдийг нь амь оруулах ганц боломж нь ЦДАШ бүхий станц байх. Ямар ч төслүүдийг хэрэгжүүлэхэд Засгийн газрын оролцоо бодит дэмжлэг хэрэгтэй. Одоогийн гэр хороололд орон сууцны шинэ хорооллууд барилаа гэхэд Засгийн газар, хотоос дулааны үндсэн шугамыг нь тавьж өгөөд, орон сууцны компаниуд нь тэр шугам руу холбох ажлаа хийдэг биз дээ. Хэрэв дулааны шугамыг нь тавихгүй бол тэр орон сууцны хороолол үнэ цэнгүй. Үүнтэй л адил. Тийм болохоор хувийн хэвшлийн компаниуд нь санаачилга гаргаад нэгдэн нийлж ажиллая гэж байхад Засгийн газар бодитойгоор дэмжлэг үзүүлбэл үр дүнд хүрч л таарна.
Майнинг Инсайт Сэтгүүл, 2022 №07,08 (008,009) нийтлэгдэв.