УИХ-ын дарга Г.Занданшатар (2022.12.05) нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспортын асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах саналыг дэмжиж, уг асуудалтай холбогдуулан УИХ-ын даргын захирамж гарган цэгцлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Тэрээр “Монгол Улсын Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 1-д “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж заасан. Хяналт шалгалтын түр хорооноос нээлттэй сонсгол явуулах шийдэл гаргана. Ард түмний баялгаас хулгай хийсэн хэнбугай ч болов хуулийн хатуу цээрлэл хүлээх ёстой. Уул уурхайн олборлолт явагддаг аймаг бүрийн төлөөллийг багтааж, нүүрсний хулгайн эсрэг нийтийн оролцоотойгоор тэмцсэнээр хөшигний цаана халаасан дотор өрнөдөг олон асуудлуудыг ил тод болгоно” гэж мэдэгдэв.