2024 онд литийн үнэ огцом буурна

Э.ОД

Австралийн Засгийн газрын улирал тутмын тайланд дурдсанаар, ирэх жил литийн үнэ 61 200 ам.доллар, харин 2024 онд 45 800 ам.доллар болж буурах төлөвтэй. Хэдийгээр литийн эрэлт өндөр ч харьцангуй төлөвшөөгүй тус зах зээлийн тодорхой бус байдал ирэх 2 жил үргэлжлэх магадлалтай гэж үзжээ. Австрали болон бусад орнууд литийн үйлдвэрлэлээ өргөжүүлж буй бөгөөд үүнд багагүй хугацаа орно гэдгийг шинжээчид анхааруулж байна. Өөрөөр хэлбэл литийн бодит эрэлтийг хангахуйц үйлдвэрлэл ирэх жилүүдэд ч дутагдалтай хэвээр байна гэсэн үг.
Энэ онд дэлхийн литийн үйлдвэрлэл 691 мянган тонн байх бол ирэх жил 32 хувиар нэмэгдэж 915 мянган тонн хүрэх таамгийг Австралийн Засгийн газрын энэхүү тайланд дэвшүүлжээ. Харин 2024 он гэхэд анх удаа литийн үйлдвэрлэл 1 сая тонн давж мэднэ.

Тухайн үед дэлхийн нийт үйлдвэрлэлийн талыг буюу 470 мянган тонн литийг Австрали дангаар үйлдвэрлэх төлөвтэй. Тус улсад Mineral Resources, Ganfeng Lihtium’s компанийн хамтарсан литийн Mt Marion уурхай, Liontown компанийн Kathleen Valley төсөл хэрэгжиж байна. Мөн ирэх оны эхний хагаст Core Lithium’s Finniss төслийн литийн үйлдвэрлэл эхэлнэ.

Дэлхийн үйлдвэрлэл огцом нэмэгдэхэд нөлөөлөх хэд хэдэн шинэ төслүүд бусад орнуудад хэрэгжиж байгаа юм. Чилийн SQM, Albemarle компаниудын олборлолт өргөтгөж байна. Төрийн Codelco компани Salar de Maricunga төслийн талбайд явуулж байгаа литийн хайгуулын ажил 2023 онд өндөрлөнө. Аргентинд Allkem, Livent болон Minera Exar төслүүдийн литийн үйлдвэрлэлд бэлтгэж байна. Гана улсад Piedmont Lithium компани Ewoyaa төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан ба ирэх оны төгсгөлд олборлолтоо эхлүүлэх аж. Австрид European Lithium компани Вена хотоос 270 км зай орших литийн төсөлдөө хөрөнгө оруулалт татаж байна.

Тэгвэл дэлхийн литийн хамгийн том үйлдвэрлэгч болоод хэрэглэгч улс Хятадын зах зээл дээр өнгөрсөн долоо хоногт литийн үнэ тавдугаар сараас хойш анх удаа буурав. Энэ сарын эхний хагсын байдлаар тус улсад литийн үнэ 81 мянган ам.доллар байжээ. Оны эхнээс хойш тухайн металлын үнээс 170 хувь өссөн.