Ерөнхий эрхлэгч Н.АРИУНТУЯА
Монголын уул уурхайн 100 жилийн төрсөн өдрийг тэмдэглэх гэж 1922 оны арванхоёрдугаар сарын 25-нд улс өөрийн мэдлийн уурхайтай болжээ. Орчин цагийн уул уурхайн салбар үүсэж хөгжих суурийг тавьсан цагийн тоолуурыг энэ өдрөөс эхлүүлдэг. Хөгжлийн түүхийг ийнхүү нэгэн зуунаар хэмжиж буй ч монголчууд таван мянган жилийн тэртээгээс металлын хүдэр олборлон боловсруулж, металлургийн үйлдвэрлэл хөгжүүлж байсан нь Монгол нутгаас олдсон археологийн олдвор, түүхийн эх сурвалжуудаар нотлогдсон үнэн юм.
100 жил гэж тоолох түүхийн хамгийн гол гэрч нь дээр дурдсан улсын анхны уурхай болох Налайхын нүүрсний орд. Анх хятад иргэд нүүрс олборлож байсан гэх Налайхын нүүрсний уурхайн ашиглалтыг Ардын Засгийн газраас улсын мэдэлд авах шийдвэр гаргаснаас хойш нийслэл хотын нэгэн зууны нүүрсний хэрэгцээг хангасаар өнөөдөртэй золгож байна. Энэ уурхай хамгийн бадрангуй түүхээ социализмын жилүүдэд бичсэн юм. Анхны гүний уурхай, уурхай руу тавьсан анхны засмал зам, анхны төмөр зам гээд анхдагчийн зам мөр бүхэн холбогдож байв. Гэвч Монгол оронд социалист дэглэм задран унахтай зэрэгцэн мянга гаруй хүн ажилладаг их уурхай ч ослоор нурсан гунигт түүхтэй. Налайхын уурхай балгас болсноор гар аргаар нүүрс олборлогчид шавж, хаагдалгүй орхигдсон уурхайн гашуун сургамжийг өгүүлэн нийслэл хотын хаяанд дүнсийн байна. Мандан бадарч, доройтон мөхсөн нэгэн уурхайн түүхийн төгсгөл ийм баргар боловч нийт уул уурхай энэ 100 жилд Монгол Улсын хөгжлийн тулгуур багана болон өндийжээ.
Монголын уул уурхайн 100 жил бол социалист системтэй, хойд хөрш ЗХУ-ын түүхий эдийн баазаас эрдэс баялгийн нөөц боломждоо тулгуурлан хөгжихийг эрмэлзэж яваа орчин цагийн уул уурхайн орон болсон түүх юм. Энэ 100 жил социализмаас ардчилал, хаалттай эдийн засгаас чөлөөт зах зээлийг сонгосон түүхэн шилжилтийг дамнажээ. Сүүлийн гучаад жил нь эдийн засгийн шинэ тогтолцоонд тохируулан уул уурхайн дүрмээ шинээр тогтоосон, дэлхийн уул уурхайн үйлдвэрлэлд албан ёсны оролцогч болсон шинэ үеийн Монголын түүх билээ. Ардчилал чөлөөт зах зээлийг сонгосон энэ мөчлөгт Монгол Улс орчин цагийн уул уурхайг ойлгохыг эрмэлзэн, эрдэс баялгийн нөөц боломжоо дэлхий даяар таниулахыг оролдон, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татахад чиглэсэн нээлттэй бодлого хэрэгжүүлснээр хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалт энэ салбарт төвлөрчээ. Салбарын хөгжил ч эрчимжиж, хөрөнгө оруулалт оргилдоо хүрч, алт, зэс, нүүрс, ураны хайгуулын томоохон нээлтүүд гарчээ. Гэхдээ энэ бүхний үндэс нь социализмаас үлдсэн өв байлаа. Тэртээх жилүүдэд илрүүлж нөөц тогтоосон орд уурхайнууд, мэргэжилтэй ажиллах хүчний томоохон бааз суурьтаа суурилан урагшлан хөгжсөн жилүүд юм. Энэ 100 жилд экспортын чиглэл хойд хөршөөс өмнөд хөршөө чиглэж өөрчлөгджээ. Зөвхөн хойд хөршийнхөө түүхий эдийн ханган нийлүүлэгч байх хувь заяанаас чөлөөлөгдөж, чөлөөт зах зээл, ардчиллын зарчмаар эрэлт нийлүүлэлтээ дагасан хэдий ч өмнөд хөршөөсөө экспортын хувьд 90 хувийн хараат болсон түүх юм. Энэ бол хөрш хоёр их гүрний дунд хавчуулагдан, өөрийн замаар явж буй Монголын нэгэн зууны түүх билээ.
Энэ хугацаанд хувийн хэвшлийн, төрийн өмчийн, төр хувийн хэвшлийн хамтарсан зэрэг өмчийн хэлбэрүүд зэрэгцэн оршихдоо хүний амьдралын нэгэн үеэс ч илүү цаг хугацааг туулан улс орныхоо хөгжилд нөлөөллөө үзүүлэх Оюутолгой, Тавантолгой зэрэг түүхэн төслүүдийг төрүүлжээ. Мөн дотоодын зах зээл дээр нэрээ тодоор бичүүлсэн МАК, “Монполимет”, “Болд төмөр Ерөө гол”, “Энержи Ресурс” зэрэг үндэсний уул уурхайн бизнесүүд өндийн босжээ. Бас XX зууны хоёрдугаар хагаст байгуулагдсан, манай орны хөгжил дэвшлийн түүхэнд томоохон байр суурьтай, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” нэгдэл, улс орныхоо гал голомтыг залгуулж, илч гэрлийг түгээсэн Багануур, Шарын гол, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайнууд нийгмийн байгууллын хувьд хоёр тогтолцоог туулан үүргээ гүйцэтгэсээр иржээ.
100 жилийн мөчлөгт Монголын уул уурхайнхан 50 мянгуулаа болж, 6 тэрбум ам.долларын экспортын орлого бүхий салбарыг бүтээсэн байна. ДНБий 25 хувь, экспортын бүтээгдэхүүний 93 хувийг бүрдүүлдэг тэргүүлэх байр суурийг эзэлжээ.
Энэ он жилүүдэд уул уурхайн түүхий эдийн үнэ огцом өссөнөөс үүдэлтэй нийгмийн баялаг нэмэгдсэнээр нийгмийн халамж нэрээр 10 хүрэхгүй жилийн дотор нийт ард түмэндээ дөрвөн тэрбум орчим долларыг бэлнээр тараажээ. Дагаад асар их хулгай, авлига, шамшигдуулалт дэлгэрсэн ч ерөнхий дүнгээрээ улсаа хөгжлийн шинэ шатанд гаргасан он цаг юм. Энэ бол Монголын уул уурхайн туулсан зам, алдаж оноо яваа түүх. Гэхдээ алдаагаа засаад урагшлах тавилантай билээ. Ийм түүхтэй Монголын уул уурхайнхан илүү сайхан ирээдүйг бүтээхийн төлөөх нэгэн зууны гарааг дэлхийн уул уурхайн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн эхлүүлж байна. Монголын геологи уул уурхайн салбарт хийсэн бүтээсэн зүйлтэй, хүндлэл хүлээх эрхтэй Хүн бүхэнд, эрдэс баялгийг эрэн хайх, олборлон боловсруулах, үндэсний хөгжлийн томоохон боломж болгон хувиргах үйл хэрэгт хөдөлмөр, зүтгэлээ зориулж яваа нийт уул уурхайн салбарынхан, үе үеийнхэнд 100 жилийн ойн мэнд хүргэе. Эрхэм уншигч Танд ч бас энэ мэндийг хамтатган дэвшүүлье.