Г.БААТАР
АНУ-ын Геологийн албаны (USGS) урьдчилсан мэдээллээр, 2022 онд дэлхийн дахинд 190 мянган тонн кобальт олборложээ. Энэ нь өмнөх оныхоос 15 хувиар өссөн үзүүлэлт юм. Өнгөрсөн оны үзүүлэлтээр БНАКонго улс 130 мянган тонн кобальтын олборлолтоор хамгийн том үйлдвэрлэгч болсон байна. Дэлхийн нийт олборлолтын 68 хувийг бүрдүүлсэн гэсэн үг.
Кобальтын олборлолт нэмэгдсэн нь Конго, Индонезид шинэ төслүүд хэрэгжиж эхэлсэнтэй холбон USGS тайлбарлажээ.
2022 онд Индонез 10 мянган тонн, Орос 8900 тонн кобальт тус тус олборлосон байна. Дэлхий дахинаа кобальтын нэлээд хэсгийг зэс, эсвэл никелийн олборлолтын дайвар бүтээгдэхүүн болгон олборлодог аж. Харин Хятадын хувьд цэвэршүүлсэн кобальтын үйлдвэрлэлээр, мөн хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлсэн байна. Тус улс кобальтын хэрэглээний 80 хувийг батарейны үйлдвэрлэлд зарцуулжээ.