Гашуунсухайт-Ганцмод боомт дамнасан төмөр замын ажлыг эрчимжүүлэх Санамж бичиг байгуулжээ

Монгол Улсын "Тавантолгой төмөр зам" ХХК болон БНХАУ-ын “Чайна энержи интернэшнл” ХХК, "Баошен төмөр зам" ХХК нь Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэх зорилгоор Санамж бичиг үзэглэжээ.

Гарын үсэг зурах үйл ажиллагааны үеэр Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Н.Мягмар "Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын ажлаар Монгол Улсад зочилж буй БНХАУ-ын “Чайна Энержи интернэйшнл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ву Чуань болон бусад төлөөлөгчдөд талархал илэрхийлээд хил холболтын төмөр замын ТЭЗҮ-ийг боловсруулахтай холбоотой харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулахад гар бие оролцсон төлөөлөгчдийн зүтгэл өндөр" болохыг тэмдэглэн хэлжээ. Мөн тэрээр энэхүү санамж бичгийг байгуулах ажлыг удирдан зохион байгуулж, гүн туслалцаа үзүүлсэн ЗТХЯ-ны ТЗДТБХЗГ-ын дарга М.Энхболдоор ахлуулсан Ажлын хэсэгт гүн талархал илэрхийлсэн байна.

БНХАУ-ын "Чайна Энержи интернэйшнл" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ву Чуань Монгол Улсын Засгийн газар, ЗТХЯ болон “Тавантолгой төмөр зам” компани нь хил холболтын асуудалд өндөр ач холбогдол өгч ажиллаж буйд талархал илэрхийлээд Хятадын Засгийн газар, тус улсын Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны зүгээс уг ажилд онцгойлон анхаарч ажиллаж байгааг онцолжээ.

Харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулснаар Монгол Улсын Сангийн яам, ЗТХЯ, БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо хооронд байгуулсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын холболтын тухай харилцан ойлголцлын Санамж бичиг, мөн “Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам болон нүүрс худалдах, худалдан авах талаар хамтран ажиллах ерөнхий хэлэлцээр”-ийн холбогдох шаардлагуудыг хэрэгжүүлэх бүрэн боломж бүрдэнэ гэж талууд үзэж байна