Ураныг онцлох нь

Ерөнхий эрхлэгч Н.АРИУНТУЯА

Цөөнгүй зүйлийн давхцал дор хүлээлтэд орж, хэдэн жил нам гүм байсан Монголын ураны салбарт сүүлийн үед хөл хөдөлгөөн их байна. Үүнийг ойрын саруудад өрнөсөн үйл явцаас илүү тодорхой харж болох юм. Ураны хайгуулын төслүүд ашиглалтын зөвшөөрлөө авч, орд газрууд эргэлтэд орох нь гэгдсэн 2015 оныг олон талаар санагдуулах мэдээллүүдэд Уншигч таны анхаарлыг хандуулъя.

Үйл явдлыг хойноос нь дараалуулбал он гарсны дараахан Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2022.01.12) Цөмийн энергийн комиссын бүрэлдэхүүнийг өөрчлөн баталсан. Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулснаар (2021.11.12) цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энерги ашиглах бодлого Боловсрол, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудалд багтжээ. Ингэснээр Ерөнхий сайдын даргалдаг Цөмийн энергийн комисс Л.Энх-Амгалан сайдын мэдэлд очиж, бүрэлдэхүүнд нь УУХҮЯ, Эрчим хүчний яамдын сайд нар ороод байна. Цаашлаад Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, 2014 онд татан буулгасан цөмийн энергийн асуудал хариуцсан тохируулагч агентлагийг дахин байгуулах асуудал яригдаж байна. Үүнтэй зэрэгцэн Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах Ажлын хэсэг байгуулагдав. Мэдээж, Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай уялдуулна. Шинэ зохицуулалтууд ч яригдана.

Холбож харах бас нэг мэдээлэл гэвэл оны сүүлээр УИХ-аас баталсан “Шинэ сэргэлтийн бодлого” (2021.12.30). Эрчим хүчний салбарын шинэчлэлийн хүрээнд цөмийн болон ус төрөгчийн эрчим хүчний эх үүсвэр барьж байгуулах төрийн бодлогыг цаг алдалгүй тодорхойлно гэснийг гярхай уншигчид анзаарсан биз ээ. Монгол улс ураныг ашиглахдаа зөвхөн шар нунтгийн хэмжээнд боловсруулахаар төрийн бодлого, хууль тогтоомждоо заасан. Тэгвэл цөмийн эрчим хүчний эх үүсвэр барьж байгуулах чиглэлд бодлогоо шинээр тодорхойлох нь.

Одоо өөр нэг мэдээлэлд анхаарна уу. Энэ нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн (2021.12.15-18) айлчлалын үеэр Монголд цөмийн эрчим хүчний судалгааны төв байгуулах асуудал хоёр улсын төрийн тэргүүний түвшинд яригдсан явдал. “Росатом”-ын оролцоотойгоор манайд судалгааны төв байгуулах ажил өдгөө гэрээний шатанд явж байна. Бодлогын түвшинд үйл явдал ийн ар араасаа давхцан өрнөж буй бол ураны төслүүдийн хувьд ч хоцорсонгүй. Монгол Улсад ураны хэрэгжиж буй 3 төсөл бий. Хамгийн эхний төсөл болох Монгол Францын хамтарсан “Бадрах Энержи” компанийн туршилтын үйлдвэр (2021.07 сар) ашиглалтад ороод байна. Төслийн талбайн 1 блок дээр газар дор уусган олборлох технологиор шар нунтаг гаргаж эхэлсэн. Туршилтын үйлдвэрлэл 11 дүгээр сард дуусна. Түүний дараа хөрөнгө оруулалтын гэрээний асуудал яригдах нь. Тэгвэл өөр нэг төсөл нь Гурванбулагийн орд дээр ашиглалтын лиценз авах өргөдлөө АМГТГ-т өгөөд байна. Ингэснээр Монгол Хятадын хамтарсан “Эмээлт Майнз” ХХК-ийн төслийн ашиглалт эхэлнэ гэсэн хүлээлттэй байгаа юм. Харин Монгол Чехийн хамтарсан “Гурвансайхан” төсөл технологийн туршилт хийсэн, ашиглахад бэлэн хэдий ч иргэний нийгмээс лицензүүдийг нь цуцлуулахаар шүүхэд өгсөн тул зогсонги байдалд байна. Төслүүдийн цагийн зүү ийн хөдлөхтэй зэрэгцэн “Бадрах Энержи”- ийн туршилтын үйлдвэрлэлтэй холбоотойгоор ирэх 4-5 дугаар сард Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА)-ийн шинжээчид манай улсад ирж ажиллах юм. 2021 онд төлөвлөгдсөн ч хойшилсон энэ ажлаар манай улсын ураны салбарын суурь эрх зүйн орчин, олборлолтын технологи, аюулгүй байдлын стандарт, тээврийн сүлжээ зэрэг бүхий л дэд бүтцийн асуудал ОУАЭА-ийн хяналт, шаардлага, стандартад нийцэж буй эсэх нь тодорхой болно. Энэ бүхнийг нэгтгэн харвал ураны салбарт төрийн бодлого тодорхойлогдож, дэмжлэг бий болох нь гэж дүгнэж болохоор байна.

Бодлогын ийм нөхцөлд, дэлхий дахинаа цөмийн эрчим хүчний түүхий эдийн газар доорх байгалийн нөөц багасан буй үед, ураныг ногоон эрчим хүчний эх үүсвэрт тооцох эсэх талаар хүн төрөлхтөн ид маргалдаж байгаа энэ цагт Mining Insigt сэтгүүл Монголын ураны төслүүдийг онцлон, дэлгэрэнгүй мэдээллийг энэ сарын дугаартаа нийтэллээ. Мөн Оюутолгой төслийн гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний үе шатыг эхлүүлэх анхны тэсэлгээ хийх товчлуурыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Рио Тинто группын Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм нар дарсан түүхэн мөчийг онцолж байна. Ингэснээр Оюутолгойн гүний уурхай 2023 оны нэгдүгээр улирлаас бүрэн хүчин чадлаараа ажиллах нөхцөл бүрдэж байгаа юм. Ирээдүй нь улам гэрэлтэй байг. Энэ дашрамд Mining Insigt сэтгүүлийг сонгон уншиж буй эрхэм уншигч танд Сар шинийн босгон дээр сайны ерөөлийг өргөе. Цар тахлыг хумьсан сайхан өдрүүд угтан тосох болтугай гэж ерөөе.