Путины хоолойнууд

Ерөнхий эрхлэгч Н.АРИУНТУЯА

Бээжингийн өвлийн олимпын нээлтийн үеэр БНХАУ болон ОХУ байгалийн хийн “Сибирийн хүч-3” буюу Алс Дорнодын маршрутын шинэ гэрээ байгуулсан нь онцлох үйл явдлын нэг юм.

Тэгвэл Оросын байгалийн хийг Хятадад нийлүүлэх хоёр дахь гэрээг үзэглэсэнтэй зэрэгцэн ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн ТЭЗҮ-ийг эцэслээд байна. Тэмдэглэлд нь Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нар гарын үсэг зурав. Дүгнэлт техникийн хувьд хэрэгжих боломжтой, эдийн засгийн хувьд үр өгөөжтэй гэж гарчээ.

Европын хийн зах зээлд тэргүүлэх байр суурь эзлэхийн төлөөх АНУ-ын стратеги, цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих Европын орнуудын шийдвэр нь ОХУ-ын байгалийн хийн ноёрхлыг сулруулж эхэлсний улмаас алсын хараагаа БНХАУ, Зүүн Азид чиглүүлээд байгаа билээ. Эхний гэрээ нь “Сибирийн хүч-1”. Энэ хоолойгоор 2020 оноос хий нийлүүлж эхэлсний хувьд ОХУ нь Хятадын зах зээл дээр шинэхэн тоглогч. Гэсэн хэдий ч богино хугацаанд эхлэл улам нягтарч буйн илрэл дээр дурдсан “Сибирийн хүч-3” гэрээ юм. ОХУ-ын хувьд байгалийн хийн зах зээлээ тэлж ашиг орлогоо нэмэгдүүлэх, БНХАУ-ын хувьд байгалийн хийн өсөн нэмэгдэж буй эрэлтээ хангах, импортын эх үүсвэрээ төрөлжүүлэх, тээврийн найдвартай байдлаа хангах хэрэгцээ шаардлага нь Монголоор дамжин Хятадад байгалийн хий нийлүүлэх Сибирийн хүч-2 хийн хоолойн ач холбогдлыг шинэ өөр түвшинд гаргаж ирж байна.

Хоёр улсын хийн хоолойг нутаг дэвсгэрээрээ дамжуулах санаачилга гучаад жилийн тэртээ Монголын талаас анх гарсан юм. Өнгөрсөн хугацаанд хоёр хөршийн судалж үзнэ гэсэн байр сууринаас хэтэрч байгаагүй уг санаачилга хэрэгжих үндэслэл өнөөгийн нөхцөлд илүү бодитойгоор тавигдаад байна. Гэхдээ хийн хоолой Монгол Улсаар дамжих асуудалд БНХАУ өнөөг хүртэл “судлах шаардлагатай” гэдгээс өөр байр суурь илэрхийлж байсангүй. Хоёр хөршийн хооронд ч энэ төсөлтэй холбоотой тодорхой гэрээ, хэлэлцээр хийгдэж байгаагүй. Хоёр улсын бодлогын ямар ч баримт бичигт багтаагүй, зөвхөн манай улсын “Алсын хараа 2050”- д суусан зорилго. Гэхдээ сүүлийн жилүүдэд Монгол, Орос хоёр талын хүрээнд үйл явц нэлээд идэвжсэн. Хоёр ч меморандум байгуулж, маршрутаа тогтон, ТЭЗС хийсэн, сая ТЭЗҮ-гээ эцэслэв. Энэ хоолойн Монгол Улсын хил доторх хэсэг нь “Союз Восток” нэртэй. Путины хоолойнууд, тэр дундаа “Сибирийн хүч-1, 2, 3” төслүүд, цаашлаад байгалийн хийн салбар дахь олон улсын сөргөлдөөний талаарх сэдвийг Майнинг Инсайт сэтгүүл хоёрдугаар сарын дугаартаа онцолж байна.

Гэвч сүүлийн өдрүүдэд өрнөж буй олон улс, бүс нутгийн хурцадмал байдал дэлхийн дэг журмыг хэрхэн өөрчлөхийг таамаглашгүй. ОХУ, Украйны зөрчил хурцадсаар улмаар ОХУ Украйныг халдан түрэмгийлж эхэлснээр барууны орнууд ОХУ-ын эсрэг хоригоо улам чангатгаж эхэллээ. Тэр дунд “Умард урсгал-2”-ыг тууштай дэмжиж ирсэн Герман улс төгсгөлийн шатанд нь төслийн бүтээн байгуулалтыг зогсоох шийдвэр гаргав. Европын зах зээл дэх Оросын асар том боломж ийнхүү царцаж байна. Эцэст нь ОХУ дэлхийн санхүү, эдийн засгийн системээс бүрэн тусгаарлагдаж магадгүй болов. 

Тэгвэл хамтын ажиллагаатай улс орнууд, тэр тусмаа хөрш орнуудад ихээхэн сөрөг үр дагавартай байх нь тодорхой юм. Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын нэгэн чухал мөчлөг өндөрлөж байна. Үүнтэй зэрэгцэн бүтээн байгуулалтыг удирдсан Гүйцэтгэх захирал Армандо Торрес халаагаа өгөх нь. Сонирхолтой давхцал гэвэл Монголын хамгийн том төслийн залуурыг атгасан эрхэм ажлаа өгч буй бол өөр нэг эрхэм бас нэг том төслийг удирдахаар Монголд ирээд байгаа юм. Сэргээгдэх эрчим хүчнээс илүү хямд, ханган нийлүүлэлт нь илүү тогтвортой гэгдэж, цөмийн эрчим хүч анхаарлын төвд дахин орж ирж буй энэ цагт 1 тэрбум долларын хөрөнгө оруулалт бүхий Монголын ураны төсөл шар нунтаг экспортлох гараан дээр ирээд байна. Том төслийн хамгийн чухал, басхүү эрсдэл өндөр үеийг дуусгаад удирдагч нь буцаж байхад өөр нэг том төсөл мөн тийм шатандаа шинэ удирдагчаа хүлээн авч буй энэхүү томилгоог шинэ дугаартаа онцоллоо.

Армандогийн хувьд Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын эрч хүчтэй залуу түүхийг бүтээсэн эрхэм. Түүнтэй хийсэн ярилцлагыг Майнинг Инсайт гуравдугаар сарын дугаартаа задлах юм. Дараагийн чухал сэдвээр Ерөнхий сайдын урд хөршид хийсэн айлчлал, араас нь хөвөрч буй асуудлуудыг хөндөж байна. Энэ талаар “Ерөнхий сайдын айлчлалын үр дүн юу байв?” нийтлэлээс дэлгэрүүлэн уншина уу.