Ерөнхий эрхлэгч Н.АРИУНТУЯА
Дорнын 12 жилийн он тооллоор бар жил өндөрлөж, туулай жил золгон ирж байна. Энэ дугаарт дэлгэрэнгүй тайлбарлан бичсэнчлэн Бар жил Монголын уул уурхайн салбарт онцгой утга агуулсан үйл явдлаар дүүрэн, ихээхэн ээдрээтэй нэгэн жил болж тэмдэглэгдэн үлдэж байна. Бар жилийг баялаг болгосон, бодлого шийдвэр нь салбарын хөгжилд ихээхэн нөлөөлөл үзүүлэх чухал байр сууринд хүрсэн, бас үйл явцыг манлайлж, хөтөлж буй тэрхүү хүмүүсийн дүрээр Mining Insight сэтгүүл бар жилийн отгон дугаарынхаа нүүрийг чимлээ.
“Сайжруулагч”, “Буян үйлдэгч” хэмээх ёгт нэр бүхий бар жилд Монголын орчин цагийн уул уурхайн 100 жилийн ой тохиов. Энэхүү ойн жил манай улсын уул уурхайн түүхэнд мөн л анх удаагийн тодотголтой, ул мөрөө сайнаар ч, саараар ч үлдээсэн онцгой, содон үйл явдлууд өрнөлөө.
Тэдгээрээс олны анхаарлын төвд орж, хүчээ авсан “Нүүрсний хулгай”-г эсэргүүцсэн жагсаал, түүний арын өрнөл зүй ёсоор онцлогдоно. Өвлийн ид хүйтнээр 17 хоног нийслэл хотын төв талбайд үргэлжилсэн эсэргүүцлийн хөдөлгөөн жилийн өмнө Ажлын хэсэг байгуулан сүртэй эхэлсэн уул уурхайн салбарын 100 жилийн баяр хөөрийн уур амьсгалыг царцааж орхисон. Жагсаал цуглаан гэнэт дүрэлзсэн шигээ гэнэтхэн намжсан ч үүний цаана өрнөсөн улс төрийн үйл явдал хийгээд өөрчлөлтийн хаялга намжих болоогүй, туулай жилд ч үргэлжлэн үр нөлөөгөө үзүүлсээр, нийгмийн амьдралыг доргиосоор байх нь.
Хэдийгээр шалтаг шалтгаан олон, ашиг сонирхол арвин байсан ч уул уурхайгаас бус Монголын улс төрөөс наад захын шударга ёсыг шаардсан нийгмийн бухимдал нь “нүүрсний хулгайн” гэх хэргийг өмнөх бүх шуугиант хэргийн жишгээр намжаах боломжгүйг харуулсан билээ. Цаашлаад нийгмийн нэхэл хатуу шахалт шаардлага Засгийн газрыг ч амар тайван байлгахгүй нь ойлгомжтой байлаа.
Энэ нь Засгийн газраас 2023 оныг онцгойлон авлигатай тэмцэх жил хэмээн зарласан үйл явцаар улам тодорхой болж байна. Монгол Улсын Засгийн газар 5 “Ш” хэмээн томьёолсон Авлигатай тэмцэх таван ажиллагааг хэрэгжүүлж, авлигыг таслан зогсоохоор ажиллахаа бар жил өндөрлөх сард мэдэгдсэн. Шүгэл, Шүүр, Шувуу, Шилжүүлэн авах, Шил гэх 5 ажиллагааны үр дүнд хавтгайрсан авлига, дээрмийг хумина гэсэн Засгийн газрын шийдвэр төгс мэдэгдэл араасаа олон үйл явцыг эрчимтэй дагуулахаар байна. Нүүрсний хулгайн мөрөөр авлигын схемийг дэлгэх ажил идэвхтэй өрнөж, энэ хүрээнд гол гэх буруутнууд нэрлэгдсэн ч тэгсхийгээд замхрах биз гэсэн ард олны итгэл алдарсан байдлыг Засгийн газрын мэдэгдэл эрс өөрчилж, найдвар, хүлээлт үүсгээд байна.
Эн тэргүүнд гуравдугаар сарын 15-нд эхлэх хаврын чуулганаар авлигын системийг улам бүр бэхжүүлж ирсэн улс төр, бизнес хоёрыг зааглах хуулийн төслийг Засгийн газраас өргөн барихаа Гүйцэтгэх засаглалын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэв.
Парламентын болон Засгийн газрын гишүүд гэр бүл, ах дүү, хамаатан саднаа төрд томилох, төрийн худалдан авалт, аливаа тендерт оролцох эрхийг хаасан хуулийг УИХ-аас батлан хэрэгжүүлж чадваас нүүрсний хулгайнх шиг авлигын системийг үүсгэсэн дур зоргоор байдалд эрх зүйн зохицуулалтын том хашлага, улаан гэрэл болох юм.
Нөгөө талаар мөрдөн байцаалтын шатандаа яваа нүүрсний хулгайн асуудал энэ жил шүүхэд очно. Нүүрсний хулгай гэх нэртэй нэгэнт тогтсон авлигын системийг нурааж, хэргийг шийдэж чадваас Засгийн газрын авлигатай тэмцэх манлайлал жинхэнэ утгаар хэрэгжих төдийгүй цаашдаа жишиг тогтож, авлига албан тушаалын гэмт хэргийг хазаарлахад дөхөм болно. Улмаар угтан ирсэн туулай жилд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбогдох болон Хөгжлийн банкны зэрэг авлигатай холбоотой хэргүүд шүүхээр шийдэгдэх хүлээлттэй байгаа.
Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн авлигатай тэмцэх шинэчлэлийн бодлого тунхаглаж байгаа шигээ амархан байхгүй, бүхий л үйл явдал сорих болно. Үүний сүүдэр нь шинэ төрлийн хямрал, зөрчил дагуулах, тогтворгүй байдал үүсгэж ч болзошгүй. Гэхдээ бүхэлд нь харвал 30 жил тогтсон авлигын системийг нураах нийгмийн хүсэл сонирхол, дэмжлэг өндөр байгаа нь хамгийн том потенциал юм.
Улс төр ийм өрнөлтэй байгаа бол уул уурхайн салбарынхан урьдын адил цуцалтгүй хөдөлмөрлөсөөр, бар жилд суурийг нь тавьсан цөөнгүй ажлынхаа үр шимийг туулай жилээс хүртэж эхлэхээр байна. Эдгээр чухал үйл явдал, онцгой бүтээн байгуулалтуудыг Mining Insight сэтгүүл ““MINE GER”-ийн Бар жилийн гол дүрүүд” хэмээх нийтлэлдээ онцолсон билээ.
Юуны өмнө энэ нь гуравдугаар сарын 13-нд нээгдэх Оюутолгойн гүний уурхайн олборлолтоор баталгаажина. Оюутолгойн гүний уурхайн олборлолт эхэлснээр экспорт огцом өсөж, тогтвортой үйлдвэрлэлд хүрэх 2027 оноос Монгол Улсын ДНБ хоёр дахин тэлэх юм.
Басхүү бар жилд баригдсан уул уурхайн төмөр замаар эхнээсээ экспорт хийгдэж эхлээд байгаа. Нүүрс тээвэр дээр тогтсон авлигын системийг хүссэн хүсээгүй жамаар нь нураах тавилантай экспортын төмөр замын ач холбогдлыг Mining Insight онцгойлон үзэж, хавтасны зурагтаа багтаасан билээ.